оюутны бүтээл

Бичсэн: gana. Ангилал: Оюутан

Чимээ

Цус, нус, нулимс дагуулах архины чимээ Чихэнд үргэлж хэрүүлийн чимээ сонсогдоно. Дуугай байгаач гуйя. Намайг битгий дагаач чимээ чи. Тэр цаг хугацаандаа үлдэж, тэр орчиндоо бүү шингээч. Намайг ингэж зовоох учраа хэлээч. Тас харанхуйн дундах харанхуй гэрэлтэж байхад, уух архины лонхонд чи шингээстэй. Архи чи  эцгийн минь цээжинд ноёрхож, чиний чимээ миний чихэнд хоногшжээ. Баруун гартаа намайг хөтөлж, зүүн гартаа цүнх хувцасаа барьж нүднийх нь аяганд багтахгүй халих нулимсаараа энгэрээ норгох миний ижий хаашаа явахаа ч мэдэхгүй нөмөр бараадан алхана. Орон гэрээсээ хөөгдөн, зодуур зүдүүрийг даахаа больсон ижийд минь хорвоо дэндүү харам хандаж. Сэмэрч яваа сэтгэлийг нь урж, тасдаж дахин эдгэрхээргүй болтол нь хөндсөн тэр хүн миний эцэг. Архичин нэртэй ард хоцорсон эхнэр хүүхдээ лонхтой хар усаар сольсонн тэр хүн бол миний эцэг. Би ээжийнхээ зовлонг лаатай ширээний ард толгой гудайлган суух эрүүл саруул ухаантай байгаа аавд хэлж барагдахааргүй тэр их гомдоллын үгс, өөрийн хувь тавиланг буруутгах сэтгэлийн шаналалыг нь тэгэхэд мэдэрсэн юм. Аав ээжийн минь жаргалтай үе ассан лаа бөхтэй адил хурдан өнгөрчээ. Хааяа би мартахыг хүсдэггүй. Өвлийн хүйтэнд дан цамцтай ижийг минь гудамжинд зогсоож аминаас нь тасарсан амь намайг хаалга нээвэл цохиод авахад бэлэн тэр нүдний харц, амнаас нь хаалтгүй урсах сүрдүүлгийн үгсийг мартахыг хүсдэггүй. Айдсандаа дарлуулсан би хуруугаа ч хөдөлгөх эрхгүй. Хундагаар нь биш лонхоор нь  гудрах боолчлогдсон нийгмийн үлдэгдэл шиг эцгийгээ би үзэн ядаж байна. Тасралтгүй үргэлжилнээ энэ бүхэн чамайг байгаа цагт. Яагаад гэвэл чи ялагч. Цаг хугацааны аясаар лонхондоо чи эцгийг минь, орон гэрийг минь, хайртай ээжийг минь хүртэл залгиж үр удмыг нь таслах чимээгүй дайны ялагч нь чи. Хаа ч явсан дагах танил чимээ. Чишшш чимээгүй өөр нэгэн чимээ. Аз жаргал, инээд хөөр, баяр баяслыг авчрах сүүний чимээ Тэр цонхыг би ширтэх дуртай. Тэндээс гэр бүлийн аз жаргал харагддаг. Цонхны ард өрнөх тэдний амьдрал  атаархалыг минь төрүүлж гомдлыг минь сэдрээдэг. Ажлаасаа ирэх аавдаа очин үнсүүлэх тэр охин. Гутал хувцасыг нь ч тайлуулахгүй тоглох гэж яарах сэтгэл нь үсрэн дэвхцэх байдлаас нь ил харагдана. Түүний аав орой болгон гэртээ сүү авчирдаг. Харин манай аав.. Инээнэ инээнэ бас дахин инээнэ тэд. Өдөр бүр жаргалтайгаар инээнэ. Эцэг эх хоёрынхоо өвөр дээр ээлжлэн эрхлэх охин аавынхаа авчирдаг сүү шиг цагаахан байхад нас чацуухан би аавын өвөрт байдаг архи шиг цэвдэг нэгэн болон өсч байгаагаа өөрөө мэдэрдэг. Магадгүй аав маань орж ирэхдээ архи биш сүү өвөртлөн ирдэг байсан бол бид хоёр найзууд ч байх байсан юм билүү. Гэр бүлээсээ ичдэг болохоор би түүнтэй дуугарахыг  хүсдэггүй. Баярын өдрүүдээр ширээн дээр нь  сүү байнга байж харагддаг. Манай гадаа өрөөстэй байдаг шил тэдний гадаа нэг ширхэг ч үзэгддэггүй. Зөвхөн Монфреш гэсэн сүүний хайрцаг өрөөстэй. Би архины төрлийг сайн мэднэ үү гэхээс биш сүүг сайн мэдэхгүй.  Би даарч байна. Айдас нөмөрсөн байшин дэндүү хүйтэн. Хүйтэн хөндий хоосон орон зай дунд дулаацах булан үлдсэнгүй. Хааяа хааяахан тэдний цонх руу ширтэж бүлээцнэ. Наснаасаа эрт хүүхэд насаа гээж байгаа би цонхны ардах амттанд  шунасангүй. Миний зүүдэнд л үзэгддэг тэр баяр баясгалант амьдралд шунасан юм. Сүүн замналаар явах амьдрал чи хаалгаа надад нээгээч. Гэр бүлийг минь амьдын тамд унагах архи чи тамруу яваач. Эргэж би хармааргүй байна. Тэнд тэр чимээ дахин гарна.

Юм бүхэн чимээтэй. Архи, сүү хоёр айл бүрт өөр өөр чимээтэй ирнэ, өөр өөр чимээг өгнө.

Сэтгүүлч-3 О.Ганчимэг

Хятад  хүн үү? Золбин нохой юу?

Монголчууд бид хятад хүн гэхээр л муу хэлэхээс биш сайнаар яарина гэдэг бол ховор тохиолдол билээ. Хэрвээ машин зам дээр Монгол хүн дайруулаад юм уу гэмтээд хэвтэж байвал та очоод туслах уу хараад өнгөрөх үү? Хэрвээ Хятад хүн машин зам дээр дайруулаад юм уу гэмтээд хэвтэж байвал та очоод туслах уу хараад инээгээд зөрөх үү? Та яах вэ өөрөөсөө асуугаад үз. Эсрэгээр нь бодоод үзий мөн дээрх тохиолдолд Хятад хүн Монгол хүнийг аврах болов уу? хятад хүн нохойг аврах болов уу? Золбин ч бай тэжээвэр ч бай нохой нохойгоо зам дээр шархдаад хэвтэж байхад үүлдэр харалгүйгээр очоод хамгаалаад зогсдог гэдгийг та мэдэх үү гэж би уншигч таниас асууя. Хүн хүнийгээ хайрлах хайр, амьтан адгуус бие биенийгээ хайрлах хайр өөр өөр ойлголт гэдэгт та санал нийлэх үү гэж би уншигч таниас асууя. Хятад хүнийг бид хайрлах нь битий хэл харахаас нүд хорсдог. Хэрвээ таны хүү охин хятад хүнтэй ханилаад ач гаргавал та түүнийг хайрлах уу инээдэмтэй хэдий ч та хайрлах л хэрэг гарна нөгөө талаар хайрлахгүй ч байж мэднэ энэ таны эрхийн асуудал. Хэрвээ хятад хүн, золбин нохой хоёр үхлийн зам дээр таниас тусламж хүсвэл та алийн очиж аврах вэ? Монголчууд бидний хэдэн хувь нь Хятадыг очиж аврах бол… Миний бие Хятад хүнийг өмөөрсөндөө, хайрласандаа, уншигч та бүхнийг хайрлаад өгөөч гэсэндээ ийнхүү бичсэнгүй…

Сэтгүүлч-3 Б.Энхсанаа

Агуу хүний нэрээр сургуулиа овоглосон нь

Дэжидийн Жигжид энэ хүний тухай бичих гэвэл Монгол Улсад Кино Урлаг үүсч хөгжсөн үүх түүхийг мөн хамтад нь бичих болж байна. Яагаад гэвэл түүний намтар, түүний амьдрал Монголын Кино Урлагтай салшгүй холбоотойгоор үл барам аль нэгийг нь орхигдуулбал өрөөсөн далавчтай жигүүртэн лугаа адил болох буй за. Жигжид гуай 1919 оны 5-р сарын 10-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Зөөлөнгийн Хүрээ гэдэг газар төрсөн. 1934 онд хотод ирж багш нарыг бэлтгэх сургуульд орсон. 1937 онд Багшийн сургуулийн багш, зохиолч Төмөрийн Нацагдоржийн Кино үйлдвэрт найруулагчаар томилогдон ирэхдээ өөрийн сургуулиас сонгон авчирсан 7 хүүхдийн нэг нь Жигжид гуай. Арван хэдхэн насандаа тулгынх нь чулууг анх тавилцаж явсан Монголын Кино Урлаг хэмээх энэ агуу их айлын гал голомт одоог хүртэл бадамлан ассаар иржээ. Тэрбээр Зөвлөлтийн мэргэжилтэн оператор Алексей Лебедевийн дагалдан болжээ. Амьдралынх нь хамгийн том алтан боломж ингэж л түүнд олдсон юм. Лебедевийн туслахаар ажиллахдаа богино хэмжээний баримтат кинонуудын зураг авахад оролцож улмаар 1939 онд “ Шинэ хуучин Улаанбаатар” баримтат киноны зургийг бие даан авснаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэрээр “Цогт тайж” 2 ангит түүхэн кинонд оператороор ажиллаж 24-н насандаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Урлагийн гавьяат зүтгэлтний цол хэмээх эрхэм алдрыг хүртсэн. 1957 онд “Ардын элч” киног бие даан найруулсан үеэс кино найруулагчийн ажил хийх болсон. Тэрбээр “Ардын элч”, “Үер”, “Өглөө” кинонуудыг мэргэжлийн өндөр түвшинд найруулан бүтээсний учир 1969 онд Монгол Улсын Төрийн шагнал санал асуулгаар 20-р зууны Манлай найруулагчаар шалгарсан.  Жигжид агсны урын сангаар аялвал жараад баримтат кинонд оператороор, арав гаруй бүрэн хэмжээний уран сайханы кинонд найруулагчаар, зургаан бүрэн хэмжээний кинонд оператороор, зөвлөлтийн уран сайханы хэдэн арван киноны найруулагчаар тус тус ажилласан. Зураглаачаар ажилласан нь: 1942 онд “Морин тэрэг танкист”, 1945 онд “Цогт тайж”, 1954 онд “Шинэ жил”, 1955 онд “Гэм нь урдаа”, 1956 онд “Манлай аялгуу”, 1957 онд “Сэрэлт” кинонууд. Найруулагчаар ажилласан нь: 1959 онд “Ардын элч”, 1962 онд “Түмний нэг”, 1965 онд “Хүний мөр”, 1966 онд “Үер”, 1967 онд “Улаанбаатарт байгаа миний аав”, 1968 онд “Өглөө”, 1970 онд “Хүргэн хүү”, 1971 онд “Тэмцэл”, 1974 онд “Хөдөөгийн баясгалан”, 1976 онд “Хүний төлөө”,1977 онд “Хөх ногооны униар”, 1978 онд “Газрын жигүүр”, 1980 онд “Өнөр бүл”, 1982 онд “Жаргал даахгүйн зовлон”, 1984 онд “Ард Аюуш” кинонууд. Тэрээр Монголын Кино Урлагт түүх-хувьсгалын сэдэвт киноны арга барилыг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Найруулагч хүн бүр арга барил, сонирхдог сэдэв, уран бүтээлээ туурвих өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жигжид бол ард түмний тэмцэл, улс төрийн амьдралд гарсан түүхт их явдлууд, ах дүүгийн найрамдалт холбоо зэрэг томоохон сэдвүүдийг сонирхож энэ тухай кинондоо хөндөж тавидаг нэгэн. Монголын кинонд эдгээр сэдвүүдийг голчлон харуулдаг байсныг манай найруулагчийн уран бүтээлүүд тодхон харуулна. Түүний бүтээлүүдийг үзээд сэтгэл нь хөдлөөгүй, догдлоогүй, нэгийг тунгааж бодоогүй Монгол хүн үгүй бизээ. Тэрээр сэтгэл дотроо багтахгүй оргилсон их хүсэлтэй. Тэрхүү хүсэлдээ хөтлөгдөн өнгөрснөөс ирээдүй рүү тэмүүлж, илүү боловсронгуй маргаашийг төсөөлж, Кино Урлагийн урсах цустай наран, асгарах нулимстай саран адил хамтдаа оршдог билээ. Жигжид гуайн хамгийн ихээр баярласан үйл явдал нь 1984 онд түүний ууган хүү Биндэр нь Бүх Холбоотны Кино Урлагийн дээд сургуулийг операторын мэргэжлээр төгсөж ирсэн явдал. Энэ хүний арвин туршлага, хийсэн бүтээснийхээ хувьд үе үеийн уран бүтээлчдэд багш нь байсан юм. Түүний үйл хөдлөл, үг хэл нь тухайн үеийн залууст үлгэр жишээ болж байсан юм. Анх туслах оператороос эхлээд зууны манлай кино найруулагч хүртэлх урт бөгөөд ээдрээ бартаатай замыг оюун билэг, авьяас чадлынхаа хүчээр даван туулж хэзээ ч балрашгүй, мартагдашгүйгээр нэрээ мөнхлөн мөрөө үлдээсэн. Энэ агуу хүний нэрээр сургуулиа овоглосон нь ийм учиртай.

Нүглийн амьдрал

 Та өөрийн амьдарч байгаа нийгэм рүүгээ өнгийгээд нэг хардаа. Тэнд юу харагдаж байна вэ? Ийшээ харсан хэн ч болов сайн сайхан зүйл харагдаж байна гэж үг дуугардаггүй. Чимээгүйхэн шүлсээ гүд гүд хийн залгиж өөрийн амьдарч буй орчноо хэрхэн нүглээр дүүрч буйг хардаг. Тэд бузар булай, хий хоосон амлалт, болохгүй байгаа зүйлийг өөрчилнө гэж худал  яридаг хүмүүс. Зүгээр л хийж чадахгүй харахаас өөр зүйлгүй шимэгч амьтад болон хувирсан адгууснууд. Гэвч эдгээр зэрлэг амьтдыг бид өөрийн гараар бий болгож хүний биеийг сорох үүд хаалгыг нээж өгсөн. Адгуус болсноо ч мэдээгүй нүгэл нүгэлдээ хутгалдаж, өөрсдийгөө хуурагсад. Тэд амьдралыг зүүд зэрэглээ мэт санаж хөнгөн хийсвэр хандаж болхи хөдлөдөг. Амьдралын үйлдэл дунд өөрсдөө төөрч учраа олж чадахгүй болохоороо бурханаас  тусламж гуйж гараа сунгадаг. Хүн хүнээ бариж иддэг энэ амьдралд хэн нэгэн өөрийгөө идүүлэхгүйн тулд өөрөөсөө сул нэгнийг өгөөшөө болгодог. Өгөөшийн олоход маш амархан. Эхлээд өөрийнхөө орчин тойронд байгаа хүмүүсийг судалж чамаас илүү, мөн сул дорой харагдаж буй нэгнийг олж өөртөө тат. Үүний дараа түүнийг өөрөөсөө илүү гэдгийг итгүүлэн бүхий л талаар хуурч, хэрэг болсон үед гарзанд гаргахад бэлэн болгосон байх шаардлагатай. Ингээд л чиний өмнөөс өөрийгөө золиослогч нэгэн бий боллоо. Амьдрал хүнийг ийм адгуус болгон хувиргаж чадаж байгаа нь үнэхээр гайхалтай бас бахдууштай. Гэвч тэр нэг зүйлийг мартсан. Хүн адгуус болсон ч түүнд өөрийн гэсэн оюун ухаан нуугдаж дотроосоо өөрийгөө идэж, боловсронгуй нэгэн болохыг хүссэн. Түүнд юу хэрэгтэй гэж? Тэр нүглийн амьдралд амьдарч түүнийг өөрийнхөө чадлаар жаахан ч гэсэн үүрч хуваалцахыг хүссэн гэж үү? Энэ учир шалтгааны хариултанд хязгааргүй тодорхойлолт байдаг юм. Амьдрал өөрөө тоглоом байдаг болохоор түүнд тоглуулж амьдрах уу? Өөрөө тоглож амьдрах уу? гэдгээ чи сонгох ёстой.

Би хайрлуулах хүнтэй

 Би айж байна. Хэн нэгний хайрыг мэдрэхгүй тамд унана гэхээс түгшүүрт автаж байна. Миний айдас намайг зовоож өдөр бүр бодолд автуулж бяцхан зүрхийг минь хүчтэй зохилуулна. Намайг хайрлаж чадахгүй, тэжээж дийлэхгүй гэж хэн нэгэн таньд хэлээгүй биз дээ. Эх хүн болсон болохоор үрээ та тамлахгүй, хайрлана гэж бодож байна. Битүүхэн дотроо айж хааяа хааяа уйлдагыг та мэдэрдэг үү? Үр чинь болсондоо хязгааргүй баярласан ч хэрэв намайг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ? гэж бурханаас асуудагыг сонссон уу? Таны минь намайг гэсэн сэтгэл юунаас ч илүү эрхэм байсан болохоор би бүхнийг мэдэрч байна. Намайг гэсэн сэтгэлийг өөрийнхөө зөн совингоор мэдэрч байна. Энэ хүний миний ээж. Би хэнээс ч гуйх эрхгүй гэдгээ мэдэж байгаа ч яг одоо бурханаас ахин чимээгүйхэн шивнэн хүслээ хэлнэ. Миний совин худлаа биш байгаасаа гэж надаж, бурханаас гуйна. Тиймээ бурхан надад таны үр болох амьдрал хайрласан болохоор би түүнд итгэдэг. Намайг хайрлуулах хүн заяасан болохоор би түүнд баярладаг.  Хайрлуулах хүнтэй байна гэдэг аз жаргалтай амьдралын эхлэл. Амьдрал бэлэглэж байгаа ээжийгээ хамгийн түрүүнд харахыг хүсэж, энгэрт нь  наалдаж, цагаахан сүүгээ амтлахыг хүсэж байгааг миний ээж мэддэг болов уу? Бяцхан хуруугаараа ээж таныхаа нүүрийг илбэн, өөдөөс чинь инээмсэглэж байгаад зүрхэнд чинь хайртай гэж шивнэхийг минь та мэдрэн, над руу мишээж байна гэж би зүүдлэн тонгочиж байна. Надад дуу дуулан намайг уяраан унтуулах гэж хичээж байгааг үр чинь мэдэж баярлана. Хэдхэн сарын дараа таныхаа царайг харж, үр чинь болон мэндлэж, зүүд минь бодит амьдрал болно гэхээр хамгаас их баярлаж байна. Миний ээжээ…

Сэтгүүл-3 Ч.Одонтуул

 

Төгсөгчидтэй хийсэн ярилцлага

Бичсэн: eoseara. Ангилал: Төгсөгчид

.Жигжидийн нэрэмжит КУДС нь анх 1998 онд  байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.  Үүнээс хойш одоог хүртэл дэлгэцийн урлагт томоохон байр суурь эзэлж байгаа боловсон хүчинг бэлтгэн гаргаж байна. Ингээд КУДС-ийн үе үеийн төгсөгчдийн амьдрал, уран бүтээл нь сургуультайгаа  хэрхэн холбогдож байсан тухай сонирхон ярилцсан юм.
  • Агаанноров жүжигчин “МҮОНТ-ийн сэтгүүлч”
  • Хэдээс хэдэн оны хооронд КУДС-д суралцаж байсан бэ ?
  • 1999-2003 оны  хооронд Кино драмын ангийг Б.Мөнхдорж багшийн удирдлагаар төгссөн.
  • Таныг сурч байх үед ямар сургалтын системтэй байсан бэ?
  • Оросын Станиславскийн системийг манай багш нар баримталж байсан нь тэр үед шинэлэг зүйл байсан бөгөөд бид нар ажлын байр дээр гараад тэр нь амьдралтай илүү ойр байсан. Манай сургуулийн багш нар олон жилийн дадлага туршалага дээрээ үндэслэн энэ системээр зааж байсан юм боловуу гэж би хувьдаа боддог.
  • Сургуулиа төгсөөд ажил дээр гарахад ямар хүндрэл тулгарч байсан бэ ?
  • Би сургуулиа төгссөн намраа МҮОНРТ-ийн “Үдшийн нэвтрүүлэг”-ийн  алба буюу “Гэрэлтэй цонх”-д ажилд орж байсан.  Ажлын байранд гараад бусдаас нээх дутагдах мэргэжлээрээ гологдох асуудал гарч байгаагүй. 3, 4-р курсдээ хангалттай дадлага хийсэн байсан. Манай сургуулийг төгссөн оюутнуудын хувьд гологдож шилэгдэх  зүйл нээх их анзаарагддаггүй. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 30-40 хувь нь КУДС-ийн оюутнууд байдагт би бахархаж явдаг.
  • Жүжигчин гэдэг мэргэжлийн талаар?
  • Жүжигчин  гэдэг мэргэжил  хүнийг хүн болгон төлөвшүүлж хүн байх утга учрыг зааж илүү их таниулж өгдөг талбар юм боловуу гэж боддог. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ баяртай байдаг.
  • КУДС-ийг төгссөн оюутнуудын  байр суурийн талаар таны бодол ?
  • Хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Тэр дундаа жүжигчин гэдэг мэргэжлийг тийм амар эзэмшдэггүй. Маш их хөлс хүч шаардагддаг мэргэжил юм.
  • Д.Дэлгэрсайхан  Жүжигчин “Маск продакшн”
  •  Анх сургуульд элсэн орж байсан үеэ дурсвал?
  •     Би анх 1999 онд КУДС-д “Кино драм”-ын ангид элсэн орж байсан. Манай анги МУАЖ Д.Мэндбаяр багшийнхаа анхны шавь нар болон төсгөж байсан.
  •     Уран бүтээлийнхээ гарааг ямар бүтээлээр эхэлж байсан бэ ?
  •     Би 4-р курсд байхдаа TV5 телевизийн орчуулгийн кинонд дуу оруулагч жүжигчнээр анх эхэлж байсан. Хоёр жил гаран ажиллаж байгаад MN25 телевизэд 360 градус хошин мэдээллийн хөтөлбөрт чөлөөт уран бүтээл хийж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл хошин урлагийн” Маск” продакшнд жүжигчнээр ажиллаж байна.
  •     КУДС-ийн онцлогийг дурьдвал ?
  •     КУДС-д суралцаж байх үед жүжигчин хүн ямар байх ёстой, юуг илүү эрхэм болгох ёстой гэдгийг  манай багш  нар бид нарт маш сайн ойлгуулж өгсөн. Хүн ямарваа нэгэн мэргэжил эзэмшихдээ тэрэндээ илүү хайртай байж,  өдөр болгон дурлах ёстой. Би жүжигчнийхээ мэргэжилд хайртай, хайртай учраас би энэ мэргэжлийг эзэмшин сурсан. Тэгээд өдий зэрэгтэй явж байгаадаа баярладаг.
  •     Сургуулийнхаа үе үеийн төгсөгчдөд хандаж юу гэж хэлэх вэ ?
  •     Юуны өмнө надад энэ мэргэжлийг заан сургасан бүх багш нартаа жүжигчин хүн гэдэг энгийн хүмүүстэй яаж харьцах талаар заан сургаж байсанд  их баярлаж явдаг. Төгсөгчдийн хувьд КУДС-ийг өндөрт өргөж явах ёстойгоо мартах учиргүй.
  •     Пүрэвжав  “TV5 телевизийн сэтгүүлч”
  •     Хэдэн онд ямар мэргэжлээр төгссөн бэ ?
  •   2011 онд сэтгүүлч мэргэжлийг эзэмшин төгссөн.
  •     Төгсөөд хаана ажиллаж байна вэ ?
  •     Төгсөөд  TV5 телевизэд нэвтрүүлэгч, кинонд дуу оруулагч давхар мэргэжлээр ажиллаж байна.
  •     Сургуулийнхаа талаар таны бодол ?
  •     Манай сургуулийн хувьд биднийг чанартай,  чадалтай боловсон хүчин бэлтгэн гаргаж  чаддаг  гайхалтай сургууль байгаа.
  •     Багш нарын талаар дурьдвал ?
  •     Олон сайхан доктар профессор багш нар, олонд танигдсан мэргэжлийн жүжигчин нараар хичээл заалгаж төгссөндөө бахархаж баярлаж явдаг. Хаана ч очсон бахдам хэлж чаддаг. Бидэнд хамаг юмаа зориулж  зааж өгсөн багш нарынхаа ачаар бид нар өнөөдөр бүх зүйлийг хийж чадаж байна.
  •     Мэргэжлийнхээ  болон сургуулийнхаа онцлогийн талаар ?
  •     Бусад сургуулийг бодвол манай сургуулийг төгссөн оюутнууд ажлын байр дээр гараад  хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэж чаддагаараа онцлогтой.
  •     Төвшинтөр “Дурсамж хамтлагийн гишүүн”
  •     Сургуульд анх элсэн орсон тухай яриагаа эхлье
  •     Би анх 1999 онд  “баримтат кино найруулагч”-ийн ангид  элсэн орж 2003 онд төгссөн 
  •   Таны суралцаж байх үеийн  КУДС-ийн сургалтын систем багш нарын онцлогийн тухай ?
  •     КУДС нь кино телевиз талдаа дагнасан учир тэр талдаа илүү чанартай сургалттай. Өгөөж нь илүү хүртээмжтэй байдаг. Багш нар оюутнуудаа бүх талаар нь хөгжүүлж шахаж өгдөг байсан.
  •     Төгсөөд ажлын байр хэр олдоцтой байдаг вэ ?
  •   Ер нь телевиз продакшнд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь манай сургуулийг төгссөн оюутнууд залуучууд байдаг. Ихэнх нь хувийн студи байгуулаад уран бүтээлээ хийгээд явж байгаа.
  •     Таны мэргэжлийн онцлог юу вэ ?
  •    Найруулагч хүний онцлог бол маш сонирхолтой. Өдөр болгон өөр өөр амьдарч, цаг минут тутам өөрийг сэтгэж, өдөр бүхэн өөр хүн шиг амьдарч байдагаараа онцлогтой.
  •     КУДС-ийн юугаар нь бахархаж явдаг вэ ?
  •   Анх элсэж ороод кордороор  нь явахад зурагтаар хардаг байсан багш нарын зураг тэдний амьдарч ажиллаж байсан бүх түүх байдаг байсан.  Хичээл ордог багш нарыгаа харахад их сүрдмээр бахархмаар байдаг.
  •     н.Энхбаяр “ETV телевизийн зураглаачийн албаны дарга”
  •    КУДС-ийг хэдэн онд ямар багшийн удирдлага дор төгссөн бэ ?
  •    Анх  2002 онд “Кино зураглаач”-ийн ангид элсэн орж  Ш.Ооёо багшийн удирдлага дор төгссөн.
  •     Кудс-ийг яагаад сонгох болсон бэ ?
  •     Кино гэдэг миний багын хүсэл мөрөөдөл байсан тийм учраас түүнтэйгээ холбоотойгоор кино  хийнэ гэж зорьж орж байсан.
  •     Суралцаж байх үеийн сургалт хэр байсан бэ ?
  •     Ерөнхийдөө багш нараас их зүйл шалтгаалдаг. Манай Ооёо багш бол дадлага сайн хийлгэдэг бөгөөд  мэргэжлийн талдаа онол, практикийг хослуулан зааж байсан.
  •     Сургуулиас олж авсан туршлага ажил дээр  гараад хэр нөлөөлж байна вэ ?
  •     Нөлөөлөлгүй яахав практик дээр илүү сурч байсан болохоор ажил дээр гарахад хялбар дөхөм байсан. Учир нь урлагийн сургуульд сурсан болохоор их задарсан шинэ урсгал чиглэлийг ойлгож мэдэрдэг болсон бөгөөд анхны гэсэн соргог бүтээлүүдийг манай сургуулийн төгсөгчид гаргаж байгаа нь их бахархмаар зүйл юм.
  • О.Ганчимэг