Төгсөгчидтэй хийсэн ярилцлага
.Жигжидийн нэрэмжит КУДС нь анх 1998 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш одоог хүртэл дэлгэцийн урлагт томоохон байр суурь эзэлж байгаа боловсон хүчинг бэлтгэн гаргаж байна. Ингээд КУДС-ийн үе үеийн төгсөгчдийн амьдрал, уран бүтээл нь сургуультайгаа хэрхэн холбогдож байсан тухай сонирхон ярилцсан юм.
- Агаанноров жүжигчин “МҮОНТ-ийн сэтгүүлч”
- Хэдээс хэдэн оны хооронд КУДС-д суралцаж байсан бэ ?
- 1999-2003 оны хооронд Кино драмын ангийг Б.Мөнхдорж багшийн удирдлагаар төгссөн.
- Таныг сурч байх үед ямар сургалтын системтэй байсан бэ?
- Оросын Станиславскийн системийг манай багш нар баримталж байсан нь тэр үед шинэлэг зүйл байсан бөгөөд бид нар ажлын байр дээр гараад тэр нь амьдралтай илүү ойр байсан. Манай сургуулийн багш нар олон жилийн дадлага туршалага дээрээ үндэслэн энэ системээр зааж байсан юм боловуу гэж би хувьдаа боддог.
- Сургуулиа төгсөөд ажил дээр гарахад ямар хүндрэл тулгарч байсан бэ ?
- Би сургуулиа төгссөн намраа МҮОНРТ-ийн “Үдшийн нэвтрүүлэг”-ийн алба буюу “Гэрэлтэй цонх”-д ажилд орж байсан. Ажлын байранд гараад бусдаас нээх дутагдах мэргэжлээрээ гологдох асуудал гарч байгаагүй. 3, 4-р курсдээ хангалттай дадлага хийсэн байсан. Манай сургуулийг төгссөн оюутнуудын хувьд гологдож шилэгдэх зүйл нээх их анзаарагддаггүй. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 30-40 хувь нь КУДС-ийн оюутнууд байдагт би бахархаж явдаг.
- Жүжигчин гэдэг мэргэжлийн талаар?
- Жүжигчин гэдэг мэргэжил хүнийг хүн болгон төлөвшүүлж хүн байх утга учрыг зааж илүү их таниулж өгдөг талбар юм боловуу гэж боддог. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ баяртай байдаг.
- КУДС-ийг төгссөн оюутнуудын байр суурийн талаар таны бодол ?
- Хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Тэр дундаа жүжигчин гэдэг мэргэжлийг тийм амар эзэмшдэггүй. Маш их хөлс хүч шаардагддаг мэргэжил юм.
- Д.Дэлгэрсайхан Жүжигчин “Маск продакшн”
- Анх сургуульд элсэн орж байсан үеэ дурсвал?
- Би анх 1999 онд КУДС-д “Кино драм”-ын ангид элсэн орж байсан. Манай анги МУАЖ Д.Мэндбаяр багшийнхаа анхны шавь нар болон төсгөж байсан.
- Уран бүтээлийнхээ гарааг ямар бүтээлээр эхэлж байсан бэ ?
- Би 4-р курсд байхдаа TV5 телевизийн орчуулгийн кинонд дуу оруулагч жүжигчнээр анх эхэлж байсан. Хоёр жил гаран ажиллаж байгаад MN25 телевизэд 360 градус хошин мэдээллийн хөтөлбөрт чөлөөт уран бүтээл хийж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл хошин урлагийн” Маск” продакшнд жүжигчнээр ажиллаж байна.
- КУДС-ийн онцлогийг дурьдвал ?
- КУДС-д суралцаж байх үед жүжигчин хүн ямар байх ёстой, юуг илүү эрхэм болгох ёстой гэдгийг манай багш нар бид нарт маш сайн ойлгуулж өгсөн. Хүн ямарваа нэгэн мэргэжил эзэмшихдээ тэрэндээ илүү хайртай байж, өдөр болгон дурлах ёстой. Би жүжигчнийхээ мэргэжилд хайртай, хайртай учраас би энэ мэргэжлийг эзэмшин сурсан. Тэгээд өдий зэрэгтэй явж байгаадаа баярладаг.
- Сургуулийнхаа үе үеийн төгсөгчдөд хандаж юу гэж хэлэх вэ ?
- Юуны өмнө надад энэ мэргэжлийг заан сургасан бүх багш нартаа жүжигчин хүн гэдэг энгийн хүмүүстэй яаж харьцах талаар заан сургаж байсанд их баярлаж явдаг. Төгсөгчдийн хувьд КУДС-ийг өндөрт өргөж явах ёстойгоо мартах учиргүй.
- Пүрэвжав “TV5 телевизийн сэтгүүлч”
- Хэдэн онд ямар мэргэжлээр төгссөн бэ ?
- 2011 онд сэтгүүлч мэргэжлийг эзэмшин төгссөн.
- Төгсөөд хаана ажиллаж байна вэ ?
- Төгсөөд TV5 телевизэд нэвтрүүлэгч, кинонд дуу оруулагч давхар мэргэжлээр ажиллаж байна.
- Сургуулийнхаа талаар таны бодол ?
- Манай сургуулийн хувьд биднийг чанартай, чадалтай боловсон хүчин бэлтгэн гаргаж чаддаг гайхалтай сургууль байгаа.
- Багш нарын талаар дурьдвал ?
- Олон сайхан доктар профессор багш нар, олонд танигдсан мэргэжлийн жүжигчин нараар хичээл заалгаж төгссөндөө бахархаж баярлаж явдаг. Хаана ч очсон бахдам хэлж чаддаг. Бидэнд хамаг юмаа зориулж зааж өгсөн багш нарынхаа ачаар бид нар өнөөдөр бүх зүйлийг хийж чадаж байна.
- Мэргэжлийнхээ болон сургуулийнхаа онцлогийн талаар ?
- Бусад сургуулийг бодвол манай сургуулийг төгссөн оюутнууд ажлын байр дээр гараад хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэж чаддагаараа онцлогтой.
- Төвшинтөр “Дурсамж хамтлагийн гишүүн”
- Сургуульд анх элсэн орсон тухай яриагаа эхлье
- Би анх 1999 онд “баримтат кино найруулагч”-ийн ангид элсэн орж 2003 онд төгссөн
- Таны суралцаж байх үеийн КУДС-ийн сургалтын систем багш нарын онцлогийн тухай ?
- КУДС нь кино телевиз талдаа дагнасан учир тэр талдаа илүү чанартай сургалттай. Өгөөж нь илүү хүртээмжтэй байдаг. Багш нар оюутнуудаа бүх талаар нь хөгжүүлж шахаж өгдөг байсан.
- Төгсөөд ажлын байр хэр олдоцтой байдаг вэ ?
- Ер нь телевиз продакшнд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь манай сургуулийг төгссөн оюутнууд залуучууд байдаг. Ихэнх нь хувийн студи байгуулаад уран бүтээлээ хийгээд явж байгаа.
- Таны мэргэжлийн онцлог юу вэ ?
- Найруулагч хүний онцлог бол маш сонирхолтой. Өдөр болгон өөр өөр амьдарч, цаг минут тутам өөрийг сэтгэж, өдөр бүхэн өөр хүн шиг амьдарч байдагаараа онцлогтой.
- КУДС-ийн юугаар нь бахархаж явдаг вэ ?
- Анх элсэж ороод кордороор нь явахад зурагтаар хардаг байсан багш нарын зураг тэдний амьдарч ажиллаж байсан бүх түүх байдаг байсан. Хичээл ордог багш нарыгаа харахад их сүрдмээр бахархмаар байдаг.
- н.Энхбаяр “ETV телевизийн зураглаачийн албаны дарга”
- КУДС-ийг хэдэн онд ямар багшийн удирдлага дор төгссөн бэ ?
- Анх 2002 онд “Кино зураглаач”-ийн ангид элсэн орж Ш.Ооёо багшийн удирдлага дор төгссөн.
- Кудс-ийг яагаад сонгох болсон бэ ?
- Кино гэдэг миний багын хүсэл мөрөөдөл байсан тийм учраас түүнтэйгээ холбоотойгоор кино хийнэ гэж зорьж орж байсан.
- Суралцаж байх үеийн сургалт хэр байсан бэ ?
- Ерөнхийдөө багш нараас их зүйл шалтгаалдаг. Манай Ооёо багш бол дадлага сайн хийлгэдэг бөгөөд мэргэжлийн талдаа онол, практикийг хослуулан зааж байсан.
- Сургуулиас олж авсан туршлага ажил дээр гараад хэр нөлөөлж байна вэ ?
- Нөлөөлөлгүй яахав практик дээр илүү сурч байсан болохоор ажил дээр гарахад хялбар дөхөм байсан. Учир нь урлагийн сургуульд сурсан болохоор их задарсан шинэ урсгал чиглэлийг ойлгож мэдэрдэг болсон бөгөөд анхны гэсэн соргог бүтээлүүдийг манай сургуулийн төгсөгчид гаргаж байгаа нь их бахархмаар зүйл юм.
- О.Ганчимэг
