С.Эрдэнэ : Өвлийн ойд \өгүүллэг\

2014 оны 02-р сарын 28 өдөр, 09 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
89

 

Норжмаа, уул өөд мацсанаа халууцан чандган малгайгаа авахад хүү янзаар тайрсан үснээс нь үл мэдэг уур савсаж байлаа. Очир, халуу оргисон бяцхан гараас нь хөтлөн зүтгэж явснаа эргэж хараад,
– Сайхан байгаа биз? гэж «сайхан» гэсэн хариу сонсох хүний ёсоор нүүр дүүрэн мишилзэн асуухад Норжмаа
– Сайхан, харин жаахан амармаар байна гэв. Хоёул бүдүүн хожуулын цас арилгаж зэрэгцэн суулаа. Богд уулын Зайсангийн амны ойд нам гүм, моддын ёроолд цас сэвсийж, цатгалан тоншуул хааяа нэг тог тог тоншоод ямар нэг анир чимээ чагнаархана. Норжмаа, Очирын мөрийг түшин нүдээ аниад амьсгаагаа дарж ядан байвч хоёр хацар нь жаргалтайяа улаа бутарч, хамрын нь самсаа дахь хар мэнгэ үл мэдэг чичирхийлэн тод зурагтай, зузаан уруул нь эрхлэнгүй жуумалзана. Хоёул нэг хэсэг дуугүй түшилцэн суулаа.
Норжмаагийн амьсгаа дарагдав. Очир чандган малгайгий нь өмсгөж.
–Норжмаа чи харж байна уу? гээд уул өөд заав
– Тээр доор, энэ бүдүүн хушны доод мөчрийн чиг аавын гэрийн улаан хиур харагдаж байна.
– Аан! Тийм байна,
– Аав минь дээ хөөрхий. Энэ уулын амыг гучин жил сахилаа. Ой хамгаалагчийн ажлыг олдошгүй сайхан ажил гэдэг юм. Том болоод ойн цагдаа болно гэхээр минь их баярладаг сан. Нээрээн би ойн цагдаа болно гэж боддог байжээ.
– Тэгээд болохгүй яасан юм бэ?
– Болноо, болно. Жилийн дараа инженер нэртэйгээс биш нэг ёсондоо ой хамгаалагч болоод л ирнэ дээ. Ой минь! Хангай минь! гээд Очир сүүрс алдав. Норжмаа гарыг нь татаж хацартаа наагаад,
– Ойтой чинь би чамайг хардалтай ч биш дээ гэв. Тоншуул тог-тог, тог-тог. Улаанбаатарын төмөр замын буудалд илчит тэрэг бүүг-бүүг. Дахиад л нам гүм. Очир, Норжмааг сэрэмжлүүлэн түлхэж, хориод алхмын цаана байгаа нэгэн баглагар хар ногоон хушийг заан,
– Бүү хөдлөөрэй хур буулаа! гэв.
– Юу гэнээ? гэж шивгэнэн асуухад
– Хур шувуу. Өдийд их соргог байдаг юм гэв. Хур гэдэг нь ХУШНЫ үзүүр хавьцаа нэгэн бахим мөчрийн цас унагаж суугаа оготор өргөн сүүлтэй том хар шувуу ажээ.
– Ямар учиртай Шувуу юм бэ? Норжмаагийн зүрх түг-түг-түг Тоншуул тог-тог-тог.
– Аав. Миний бага байхад хавар хурын наадам үзүүлнэ гэж өглөө үүрээр дагуулаад л гарч өгдөг сөн. Хур, яг нарнаар наадна. Нэг ёсондоо хуримаа хийж байгаа нь тэр. Хурын нааддаг мод гэж тусдаа бий. Хаа нэгтээ ойн цоорхойд ганцаараа содон, эрт нар үздэг мод. Тийм модыг олно гэдэг бас амаргүй ажил. Хур тойрч гүйсэн жимтэй боллоо гэхэд тэр маань урд жилийн гологдсон мод байж мэднэ. За тэгээд аав бид хоёр хэдэн өдөр уул ойгоор мацаж байж, сая хурын наадам олж үзнэ. Чи энэ шувуу наадах үедээ ямар сайхан болдог гэж санана. Хамгийн түрүүнд азарган хур ганцаараа бууж ирээд сүүлээ тогос шиг дэлгээд, хүзүүгээ сунгаад дуудаж гарна. Гүррр-рр. Тэгснээ тагнайгаа ташна. Тиг-тяг-тяг. Цаадуул нь ч дараа дараагаар бууж ирээд тавуул, зургуул, арвуул болж ирээд л наадмаа эхэлнэ. Олон цагаан дэвүүр дэлгэсэн юм шиг сүүлнүүдээ өглөөний наранд солонгоруулаад, одоо тойроод л гүйлдэж гарна даа. Дуу гэдэг ч ёстой ойн хөгжим, лусын эзэн товшуур бариад хаврын тухай магтаал хэлж байна уу гэмээр.
Наадаж байх үедээ ухаан байхгүй. Алъя гэсэн ч хүн хэдээр нь ч алж болно. Норжмаа чи хар л даа сайхан шувуу шүү. Би түүнийг дуудаадхая гээд Очир цорвойлгон гүр-гүр-гүррр гэхэд хур юун дуу билээ гэсэн шиг хүзүү сунган нэгэнтээ эргэж хушны цас бутарган нисэн одов. Норжмаа хүүхэд шиг баярлан үл мэдэг завсартай тэгш цагаан шүдээ яралзуулан инээж,
– Сайхан шувуу байна Очир минь! Би өвлийн ой ямар байдгийг бүр мартчихжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа ангийнхантайгаа Хүрэл тогоот, энэ баруун Богинын аманд цанаар гулгаж ойд зугаалдаг байсан. Оюутан болсноос хойш дөрвөн жилд хотоос гарсангүй. Хэн хүн Богд уулын ойд очиж зугаалъя гэвэл ямар хүүхэд биш дээ л гэх байсан байх. Одоо харин хүүхдээрээ болчих шиг. Чамтай танилцаагүйсэн бол хотдоо л зугаалж яваа
– Би ч гэсэн шинэ жилээр их сургуулийн багт наадамд очихдоо ийм хүүхэнтэй танилцчих юм гэж даанч бодоогүй дээ.
– Чи бид хоёр зан зангаа их түргэн авалцсан шүү|
– Тиймээ, заримдаа ч гайхмаар.
– Эртээр танайд ирэхдээ улаан туг хийсгэж ирээд юун ч сүржин юм бэ дээ гэж бодсоныг яана. Аав чинь яг миний аав шиг сайхан хүн ээ дээ.
– Тиймээ. Хамгийн сайн юм нь энэ ой мод, уул усандаа үнэн хайртай даа. Тэгээд ёстой арван хуруу шиг мэднэ. Дархалсан уулын ой хамгаалагчийн ажил уу? Өдөржин ой модоор хэснэ шүү дээ. Манайхны дотор учир мэдэхгүй хүн ч олон. Ёстой ойн хулгайч гэмээр хүмүүс бий. Аав, хавар л их зүдэрдэг юм. Хүүхдүүд ууланд гараад түймэр тавьчих гэнэ. Томчуул нь ч ялгаагүй. Аав морио эмээллээд өдөржин дурандаж сууна. Ой руу зүгэлсэн нэг хэдэн хүнийг арай чүү буцаахаар нөгөө хэд гараад ирнэ. Зарим нь өөрийнхөө газар нутаг дээр явж, юу хийхээ чамаар заалгахгүй энээ тэрээ гэж элдэв хоёроор аашилна. Аав заримдаа бүр гутарчихдаг юм. Энэ зун амралтаараа ирээд байсан чинь аав нэг өдөр баахан төмөр лааз, архины шил, энэ тэр хог новш үүрсэн хар юмыг туугаад ирлээ. Тэр хэдийг хог новш тараалаа гэж зэмлэхээр нь буу үүрсэн мануухай гэх мэтээр доромжилж гарч гэнэ. Тэгэхээр нь мань хүн тэссэнгүй, цагтаа би буу бариад та нарын төлөө байлдаж явсан, наадах новшоо авч зайлахгүй бол хөлийг чинь хуга буудна уурлахаараа нэг уурлажээ. Цаадуул нь үнэхээр буудаж мэдэх өвгөн байна гэж айсан хэрэг биз. Хөөрхий аав минь больж явна даа.
– Харахад ануухнаараа өвгөн шүү.
– Ой, миний цусыг сэлбэж байна гэдэг юм Үнэн байхаа. Жаахан дээшээ явах уу?
–Тэгье.
Хоёул хөтлөлцөөд Богд уулын дунд биеийн шигүү ой өөд авирлаа. Нар хэвийжээ. Ойн ёроолын цасан дээр нарны цагаан зурвас, моддын хөх сүүдэр алаглана. Дээшлэх тутам зуу зуун наст хуш мод олширч тэдний ивгээл нөмөрт ургасан шинэсний цагдуул шүргэлэн, хааяа хус улиас тэндхэнээ айлсан бөөгнөрчээ. Энэ битүү хар ойд Норжмаа ганцхан айдас хүрэх боловч хажууд нь энэ ойн эзэн мэт далтай сайхан залуу, сэтгэлт нөхөр нь хамгаалж явна
гэж бодоход тун ч аятайхан.
–Очироо, баавгай хүрээд ирвэл яанаа?
– Энд баавгай байхгүй.
– Аа чоно?
–Чоно бол ч чи бид хоёроос сүүлээ хавчаад л зугтаана л даа.
Нэг бяцхан хар хэрэм моддын сүүдэр дээгүүр харайсаар пийс хийн дуугарч нүцгэн мөчирт шинэс модонд зурсхийн гарав.
– Хэрэм дуугардаг юмаа.
– Тэгэлгүй яахав. Бусаддаа чимээ өгч байна гээд анчинд чимээ өгчиж байгаа нь тэр.
Хөөрхий минь!
Норжмаа хэрэмний гарсан модон дор очиж дээш өлийн хөөрхөн хэрэм нааш ир, нааш ир гэж хүүхэд шиг дэвхрэн өхөөрдөж байгаад эргэтэл Очир далдын хар малгай өмссөн шиг алга болжээ. Норжмаа “Нуугдаж тоглох нь ээ” гэж инээд алдан
– Би чамайг одоохон олно доо гээд ойн зузаан цас манаргаж моддыг тойрон сүлжиж гүйв. Гэвч Очир ор сураггүй.
Зогсоод чагнаархав. Таг чиг. Гүйсэндээ болоод зүрх түгшин цохилно. Гэтэл бас айсандаа болоод,
- Очоор чи хаана байнаа! Хоолой нь чичирсхийв. алга. Таг чиг байсан ойд мод чахран хавирч бас ямар нэг амьтан чаад чаад хийнэ.
– Очоор!
– Аан! Би энд байнаа! гээд Очир тэртээ ширэнгэ дотроос инээсээр гарч ирэв. -
– Чи яасан хатуу тоглоомтой юм бэ? Очир гүйж хүрч ирээд Норжмааг тэврэн халуу оргитол хацрыг нь илбэн таалан,
– Мод тойроод гүйж яваагий нь. Туулайн бүжин шиг гэж өхөөрдөн өгүүлэхэд Норжмаа уяран хайрын нулимсаа барьж ядан нүдээ цавчлан цавчлан байв.
Очир, хэрэмний хуш дор цас арилгаж хуурай гишүү түүж ирээд гал түлж идэх уух юмаа гаргаад тухлан суулаа.
– Аав багаас минь эр хүний хээрийн амьдрал таниулж хал үзүүлсэн юм. Намрын сүүлчээр зүүн тийш Заан Тэрэлж хүртэл анд дагуулж явна. Цас орсон хөвчийн царманд түүдэг галын дэргэд ой мод, ан гөрөөсний тухай үлгэр шиг юм сонсож хоноглох ч сайхан шүү. Жишээ нь чи бид хоёулаа сайн морьтой Хэрлэн, Туулын эхний их ян хөвчид гарчихаад өвлийн шөнө түүдэг галын дэргэд баавгайн арьс дэвсчихсэн…
–Очир минь чи зохиол шиг ярих юмаа. Ярь ярь
– Хүн, байгалийн сайхныг ойлгож, хүслэн болгож ярихад илүүдэх юм байхгүй. Үнэндээ ч цэцэг бол зүгээр цэцэг, мод бол зүгээр нэг мод биш л дээ. Хүн өнгөн
сайхныг амархан мэддэг. Гэтэл ойн амьдрал гэж хүн амьдралаас дутуугүй сонин юм бий. Ой мод өөрийн хэл өөрийн дуутай. Үхэх, төрөх тэмцэлдэх байгалийн жам бий шүү. Модны хэл мэднэ гэвэл солиорлоо гэх нь лав. Гэтэл энэ өвлийн ойн нам гүмийн дунд ч аль нэг мод хэлж байгааг ойлгох гэх юм уу юу хэлж байгаагий нь дотроо бодож олж болох юм. Жишээ нь тээр цаана байгаа хөгшин хушийг харж байна уу? Насыг иь би ойролцоогоор тааж ч магадгүй. Тэр яахав. Бусад модноос юугаараа ялгаатайгий нь чи сайн хар даа.
Норжмаа, нүдээ онийлгон байж тэр модыг нэг хэсэг ажиглаад
- Мэдэхгүй. Их бүдүүн, хугархай мөчир олонтой байна.
-Тиймээ. Гэхдээ хамгийн гол нь үндэс нь газраа зангилаа зангилаагаараа гараад ирснийг харав уу?
– Харлаа. Яагаад тэр вэ?
– Урдхан талд нь ургаа хар чулуу байна уу?
– Тийм байна.
– Олон жилийн турш, тэр мод чулуу хоёр тэмцэлджээ. Гаднаас нь харахад хөөрхий хөгшин хуш дийлдэж байгаа юм шиг байна. Гэвч газар доор юу болж байгааг бүү мэд шүү дээ. Магадгүй хушны үндэс чулууг сэндийлж, сархиаг болтол нэвт цохисон ч байж мэднэ.
– Модны үндэс чулууг үү дээ?
– Тиймээ, Тэгээд хөгшин хуш олон жилийн тэмцэлдээнд туйлдаад уйлж ёолж байна гэж бод л доо.
– Норжмаа хөгшин хушны уйлж ёолж байгааг сонсох гэсэн шиг нүдээ аньж хэсэг чагнаархан,
– Хачин юмаа. Түрүүн чиний нуугдаад байхад мод шүдээ хавирах шиг болсон шүү.
– Зөв, зөв. Чи минь ингээд л яваад байвал модтой ярьдаг болно. Оросын зохиолч Куприний «Олеся» гэдэг өгүүллэгт нэг тийм бүсгүй гардаг юм. Хойтон би институтээ төгсөөд ирнэ. Чи минь их сургуулиа төгсөнө, тэгээд хоёулаа Тосонцэнгэлийн юм уу, Дулаан хааны модны үйлдвэрт очиж ажиллана шүү.
–Тэгнээ.
– Хоёулаа ойн цоорхойд давирхай үнэртсэн дүнзэн байшин бариад сууна. Тэгээд л завтай цагтаа ой тайгаар хэсээд байна даа. Бал бурам үнэртсэн зуны ойд тэнгэрт од гэрэлтсэн цэлмэгхэн шөнө, дуунд гардаг хоёр ангир шиг…
– Очир минь дээ!.. Очир минь…
– Норжмаа минь орой болохоос урьтаж хоёулаа тээр халзангийн наахнуур ороогоод буцъя.
Цээний жалга гэж үргэлж буга байдаг газар бий. Зун цээнийн цэцэг дүүрэн ургаад холоос ногоон ой дунд яв ягаан толбо шиг харагддаг юм.
– Тэгье. Буга согоо дайралдвал мөн сайхнаа! Хоёул, галаа цасаар дарж унтраагаад
юмаа хийж цааш хөдөллөө. Энэ ой одоо Норжмаад нэг шавааралдсан мод биш, хачин сонин амьдралаар дүүрэн ертөнц болжээ. Ой модтой ярьж чадах болно гэдэг үнэхээр ид шидтэй бөгөөд хүсүүштэй юм байдаг байж. Үүргэвч үүрч өргөн суран бүсэндээ чинжаал хутга зүүгээд, гараас нь хөтлөн алхалж яваа энэ өндөр хөх залуу байгалийн нууцыг нэвт харах эрдэмтэн, гоо үзэсгэлэн, эрэлхэг зориг хосолсон мэт санагдаад хайр хүрч бахархал төрнө,
– Очироо, тэр Цээнийн жалгад чинь буга согоо байгаасай тиймээ?
– Тиймээ, байх ёстой.
– Өвлийн ойд ийм сайхан байх юм гэж би ер санасангүй,
– Цагаан чандган малгайтаар хамар дээрээ мэнгэтэй хандгайн тугал шиг гэрэлтсэн бор нүдтэй ийм хөөрхөн хүүхэнтэй явахад… Ой минь! Хангай минь!
– Хи хи хи. Хандгайн тугал тийм сайхан нүдтэй байдаг юм уу?
- Яг тийм. Тээр жилийн хавар би арваад настай байсансбайх. Аав, ойн түймэрт яваад ирэхдээ хандгайн өнчин тугал авчирсан юм. Галд ээрэгдчихээд байхад нь авсан гэдэг. Би тэжээлээ. Өдөрт хэд услаад, бургасны навч идүүлээд байсан чинь түргэн том болсныг хэлэх үү. Яг чинийх шиг гэрэлтсэн бор нүдтэй их номхон амьтансан. Тэгсэн чинь намар ууландаа зугтаагаад явчихсан шүү. Одоо томоо хандгай болчихсон хангай хөвчийнхөө альхан талд явдаг бол доо.
— Цээнийн жалганд зогсож байвал нь чи таних уу?
– Таньж ч магадгүй. Энүүхэн хадыг тойронгуут л Цээнийн жалга.
Очир Норжмаа хоёр хадыг тойроод нэгэн бүлэг ширэнгэ дундуур туулан гартал өмнөхөн талд нь ямар нэг юм нүдэж цавчих чимээ гарав.
Хаданд тулсан жалганы мөрөгцөг рүү өнгийн харвал гучаад алхмын цаана нэг хүн багавтархан согооны хөлдүү биеийг алхин цавчиж байв. Норжмаа хирдхийн цочсондоо заяатай л дуу алдсангүй. Ангийн хулгайч согооны толгойг тас цавчиж хаяад, нэг хааг нь салгах гэж чухам үсэрч бууж байна. Хажууд нь явган чарга таар шуудай хэвтэнэ, Очир үүргэвчээ авч тавиад сайн ажиглав. Тэр этгээд согоог лав хэд хоногийн өмнө алжээ. Буу зэвсэг ил харагдах гэх юм алга.
– Ямар аймаар амьтан бэ! Эндээс бушуухан холдъё гэж Норжмаа хоолой чичрүүлэн шивнэв. Очир, «Яах вэ? Буцаж хэл хүргэтэл энэ золиг оргүй алга болчихож мэднэ. Энд нь баръя гэхэд улайрсан амьтан сүхээ бариад дайрвал нь ганц муу хутгатай би яах билээ?» гэж эргэлзсэнээ гэнэт «Ойн буг! Муу хар хулгайч! Норжмаагийн минь хамаг сайхан бодол хүслийг баллаж орхилоо» гэж барьж болшгүй занал хорсол оргилон Норжмааг цаашаа бай гэж зангаад урагшаа хэд алхаж,
– Хөөе чи наадах сүхээ орхиод хүрээд ир! гэж зандрахад сайхь эр цочсондоо навтасхийн эргэ харлаа. Тийм олиггүй биш боловч сахал үсэндээ дарагдсан ер бусын царайтай тэр хүн цог шиг гялалзах онигор нүдээ нэг хэсэг гөлрөөд,
–Чи надаар яах гээв? гэж агдгасхийв.
– Яах нь чамд хамаагүй. Наадах сүхээ хаяад яв гэсэн газар яв!
Хулгайч сүхээ барьсаар Очирын өөдөөс хэд биеэ хураан зогсов. Эсгий гутлын түрийг эргүүлж цоо шинэхэн нэхий хүрэм өмссөн тэр салгалан чичирч байх нь ихэд хорссон буюу айсны тэмдэг ажээ. Очир түүнийг сүрдүүлэх санаатай,
– Самбуу энэ гайхлыг бууныхаа хараанаас бүү салгаарай! гэхэд хулгайч,
– Үхсэний чинь Самбуу, гичийтэйгээ хоёулханаа явж байж гээд бас алхам урагш алхав. Очир нэгэнт ухрах замгүй болсныг мэдээд өөдөөс нь мөн хэд алхаж бүсэн дэх чинжаалаа суга татан далайгаад
– Дахиад нэг алхвал төвөнхөд чинь хутга зооно. Алдахгүй шүү. Наад сүхээ хая! гэж маш зоримог хатуугаар захиран хэлсэнд сайхь эр түдгэлзснээ сүхээ цасанд хаяад
– За гайгүй дээ. Өст хүн өлийн даваан дээр гэдэг үг бий шүү! гээд уул руу алхлав.
Очир Норжмаад үүргэвчээ ав гэж дохиод хойноос нь дагав. Цээнийн жалганаас буга согоо олж харна гэж горьдож явсан хөөрхий Норжмаа сүнс зайлтал айж аан гэж дуугарах тэнхэлгүй хацар дээгүүрээ нулимс урсган дагжин чичирч явлаа.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх