Биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтдаг.Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд заахдаа: Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна:
4.1.1. эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;
4.1.2. аман зохиол;
4.1.3. ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга барил;
4.1.4. хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага;
4.1.5. хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил;
4.1.6. үндэсний хөгжмийн зэмсгийг урлах,хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил;
4.1.7. ардын уламжлалт бүжиг, бий, биелгээ;
4.1.8. уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авъяастны ур чадварын арга барил;
4.1.9. ардын гар урлалын дэг сургууль;
4.1.10. ардын ёс заншил, зан үйлийн уламжлал;
4.1.11. эрдэм ухааны уламжлал;
4.1.12. ардын бэлгэдэх ёсны уламжлал.
ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгалах тухай конвенц”-д биет бус өвийг тодорхойлохдоо: “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зөншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. Биет бус өв нь дараах хэлбэртэй байна.
1. Соёлын биет бус өвийг тээгч хэлийг оролцуулан аман уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэрүүд;
2. Урлагийн тоглолт үзүүлбэрүүд;
3. Заншил, зан үйл, баяр ёслол;
4. Байгаль болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншлууд;
5. Уламжлалт гар урлал;
Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү конвенцийн зорилгод олон олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ.