Богд хаант улс дахин мандсан нь буюу цагаантан их хүрээг чөлөөлсөн нь

2014 оны 03-р сарын 11 өдөр, 04 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
147545054185bd7903b5a4b2b910e1327823cb5b

Богд хаант Монгол улсыг байгуулахад өмөг түшиг болж байсан Хаант Орос улаан хувьсгалаар унан дотроо үймэж бутрах үеийг далимдуулан хэдхэн жилийн өмнө байлдаж олсон тусгаар тогтнолыг нь устгасан хятадын цэргийн эрхшээлээс ангижрахын тулд хэнийг ч болов түшиглэхэд бэлэн байв. Богд гэгээн ч энэ бодлыг хуваалцаж байсны дээр хятадын хар цэргийг зайлуулж, тусламж хүссэн бичгийг баруун солгойгүй улаан, цагаан орос, америк, япон гээд итгэж найдсан бүхэн рүүгээ явуулж байсан нь монголчуудад үнэхээр хүнд хэцүү цаг үе таарсны илрэл биз ээ.

Энэ үед Богдын зөвшөөрлөөр монголчуудын зарим нь улаан цэрэгт түрэгдсэн Унгерний цагаан цэргийг нутаг хязгаартаа оруулан, хөрөнгө хүчээр тусалж эхлэв. Унгерн бол хар залуугаасаа монголчуудад элгэмсүү, жүүдүүдийг үзэн ядах хүмүүжилтэй нэгэн байв. Түүний хувьд ертөнцийн хөгжлөөс сугаран хоцорч, барууны улс төрчид ч, болыыевикууд ч тоож тооцохоо больсон монголчууд ертөнцийг хурмастын галаар хуйхлан ариусгах ерөөлтэй ч агуу тавилан, хэрэгжүүлэх хугацаагаа ухаарахгүй суугаа тул чухам тэднийг дагуулж манлайлах их хувь заяатай гэж өөрийгөө итгэдэг байжээ. Чухам ийм итгэл үнэмжшлийнхээ улмаас монголын баруун хязгаарт болсон Ховдыг чөлөөлөх тулааны үеэр хаа холын Дагуураас 400 мод газрыг алс дорнодын тайга, монголын уудмыг тэр чигт нь морьтой явган туулахдаа хөнжил пүүгээ, солих хувцас, хоол хүнс ч үгүй ирж, Дамбийжанцангийн цэрэгт нийлж “хятадуудыг ниргэх төлөвлөгөөтэй байсан” гэж тэр үед монголд зорчиж байсан Бурдуковын тэмдэглэлд өгүүлсэн байдаг.

Барон Унгерн ийнхүү монголын хязгаараар орж ирэхэд тэргүүн зэргийн тайж Лувсанцэвээн мэйрэн Дугаржав Тогтох тайж буриад Жамболан нар угтан тосож, эхний удаад монгол буриад 200 гаад хүнийг цэрэгт нь элсүүлэв. Үүний дараа тэрбээр цэргийн хагасыг ачаа хөсгийн хамт Онон голд үлдээгээд, үлдсэн хэсгийг авч хятад цэргийг хөөн зайлуулахаар Нийслэл хүрээний зүг хөдөлжээ. Цагаантан 1920 оны 10 дугаар сарын 19-нд Баянзүрх уулын хавьд ирж Хүрээг зүүн талаас нь довтолхоор зэхжээ. Ингэхдээ Хүрээний нэгэн дүүрэг бараг дан ганц хятадууд суудаг Наймаа хотруу чиглүүлсэн байна. Энд сүүлийн хэдэн жилийн туршид хятадын амбан яам байрлаж, түшмэл цэрэг худалдаачин гар урчууд амьдардаг, элдэв албан газар, хуаран, банкууд контор, худалдааны томоохон пүүсүүдийн агуулах сав бөөгнөрсөн газар байв. 10 дугаар сарын 26-нд анх хятад цэргийг довтолсон бөгөөд Хүрээг эзлэхийн төлөө түүний хийсэн хэд хэдэн удаагийн дайралт бүтэлгүй болж, тэнд байсан хятадын генерал Го Силинь, Чу Лужан нарын цэргийг зайлуулж чадсангүй. Эдгээр байлдаанд хүн, хүчний багагүй хохирол хүлээсэн барон Нийслэл Хүрээг орхин, гол хучээ авч Тэрэлжийн голд хүрч очжээ.

Цагаантнууд Нийслэл Хүрээг авахаар завдсаны улмаас хятад цэргийн удирдлага монголын эрх баригчдыг айлган сүрдүүлэх болсноор үл барам, гоминданы засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Чен И-ийн заавраар нэн болчимгүй алхам хийж, Унгернтэй сүлбэлдэв хэмээн Богд гэгээн хийгээд нөлөө бүхий зарим томоохон ноёдыг барьж хорьжээ. Нутгийн монголчууд зугтан дүрвэж Сөгнөгөр, Тэрэлж зэрэг ойр хавийн ууланд гарч бүгсэн байна. Богд гэгээнтнийг бараа бологсодоос нь тусгаарлаж, ордноос нь гаргаад Дамнуурчин дахь Чен И-ийн өргөөнөөс холгүй нэгэн хятад байшинд аваачжээ. Тэгээд “Ээ харцгаа, Бид бурханы хувилгааныг нь баривчиллаа. Тэгэхээр бүх юм бидний гарт гэдгийг мэдэж ав. Бид яасан ч дур” гэж харуулахыг хүссэн авч үр дүн нь тэс өөрөөр эргэв. Монголчууд айх биш, харин ч хирдхийн хөмхий зуулдав. Нийслэл Хүрээнд орох, гарах явдлыг чандлан цагдаж байсны улмаас худалдааны ажил зогссон ба Хүрээ, Хиагтын хоорондын утсан холбоо тасарчээ. Энэ бүхний улмаас монголын нийслэл хот гадаад ертөнцөөс таслагдсан мэт болжээ.

Богд гэгээнтнийг баривчилсан булай явдал өөрт нь ёстой “загатнасан газар маажив” гэгч болсонд олзуурхсан Унгерн хотыг яаран дайрахгүй байхаар шийдэв. Гэхдээ Унгерн монголын нийслэлийг эзлэх бэлтгэлээ шуурхайлан хийж, олон зуун монгол, буриад залуучуудыг цэрэгтээ дайчлан, хүчээ сэлбэж чаджээ. Гэхдээ Богдыг Хүрээнд биеэрээ байгаа үед монгол цэргүүдэд найдаж болохгүй байсан нь мэдээж тул гэгээнтнийг суйлж чөлөөлөх санааг сэдэж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг өөрийн шадар Жамбалонтай цуггаа боловсруулжээ. Үүнийг хэрэгжүүлэх хүн олсон нь Туваан гэгч Хүрээнд цуутай, овтой сэргэлэн залуу байв. Түүнд Богдын төлөө амь хайргүй зүтгэх 60 орчим төвдүүд тусалснаар ажиллагаа амжилттай болж, Богд гэгээнтнийг хатны нь хамт Богд уулан дахь Манзуширын хийдэд залав. Энэ мэдээг барон сонсоод царай нь баяраар гийж, “Одоо Хүрээ биднийх боллоо” гэж уулга алдсан гэдэг. Үүний дараа тэрбээр бүх цэргээ хороо, ангийн зохион байгуулалтанд оруулж, монголын цэрэг, захиргааны түр Засгийн Газар гэгчийг байгуулав. Тэрбээр Нийслэл Хүрээг дайрах бэлтгэл болгон өмнө зүгийн утсан холбоог тасалж, мөн зүгийн алба нийлүүлэх өртөөний агт адууг хөөж аваачсан бөгөөд ерөөс Хүрээ, Бээжинг холбосон замыг боож тасалснаар, хятад цэргийн хүч нэмэх, хүнс хоолоор хангах боломжийг үгуй хийжээ. Үүний зэрэщээ, сэтгэлзүйн бэлтгэлийгч нэгэн адил хийж, зөвхөн тагнан мэдэхтөдийгүй элдэв цуурхал тараах зорилгоор монголчуудыг тагнуул туршуул болгон хотод илгээж байв. Энэ үед Унгерний цэргийн тоог 13000 хүртэл өсгөн нэмсэн, мөн нэмэгдэл хүч хүлээж байгаа гэсэн цуурхал хотод тарж хятадуудыг багагүй түгшээх болжээ.

Гэтэл үнэн хэрэгтээ Хүрээг дайрах эхэн үедээ Унгерний цэргийн too орос, монгол нийлсэн 2000 орчим хүнтэй байсан бөгөөд түүнээсээ цэргийн сан хамгаалах нэг хороо, Хүрээг авмащ Чойрт үүрлэсэн хятад цэргийг хөөн байлдах Дугар мэйрэнгийн хороо цэргийг тус тус нөөцөд үлдээн, бусад хүчээр Нийслэл Хүрээг дайрахаар Унгерн төлөвлөсөн байна. Хятад цэрэг нэгэн адил байлдах бэлтгэлээ хийж 3000 орчим хятад иргэнийг морин цэргийн генерал Го Силиний цэрэгт дайчлан авсан бөгөөд нийслэл Хүрээг тойруулан хамгаалалт байгуулаад хориглон суужээ. Тухайн үед халх монгол дахь гамингуудын нийт цэргийн тоо албан дайчилгаагаар татагдсан хятад иргэдийн хамт 15000-д хүрсэн бөгөөд 6-7 мянга нь Нийслэл Хүрээнд байв. Тэднээс тэн хагасаас илүү нь морьт цэрэг болохоос гадна хятад цэрэг зэвсэг хэрэглэл, холбоо, хувцас, хүнсээр сайтар хангагдсан байна. Ийнхүү хятад цэрэг нь оросын цагаантнуудаас хүн хүчээр хэд дахин давуу байсан хэдий ч Хүрээг цэргийн хүчээр тогтоон барих чадвар нь төдийлөн сайнгүй байв.

Цагаантан болон гамин цэргийн байлдаан 1921 оны 1 дүгээр сарын 24-нөөс 2 дугаар сарын 4-нийг дуустал завсарлагатайгаар үргэлжилснээс гол тулалдаан нь 2 дугаар сарын 2, 3-нд болжээ. Энэ үед Унгерний цэргийн довтолгоонд хүч түрэгдсэн хятад цэргийн ангиуд Хүрээнээс ухран гарч эхэлсэн бөгөөд хятад түшмэл Чен И тэргүүтэй цэргийн удирдлагынхан Толгойтын даваагаар давж, Угтаал Гурван уртыг чиглэн зугтсан байна. Мөн тэднийг дагалдан цахар Самбуу тэргүүтэй цэргийн үлдэгдэл Шар Хөвийн дөрөлж чиглэн оджээ. Ийнхүү хятад цэргийн ихэнх нь хойд зүгийг, ойролцоогоор 3000-аад хүнтэй үлдсэн хэсэг нь урд зүгийг чиглэжээ. 2-р сарын 4-нд хятад цэргийн 200 гаад хүнтэй сүүлчийн анги Хүрээг орхисноор монголын нийслэлийг цагаантан эзлэн авчээ. Гэвч хаа сайгүй мянга мянган бээрийн говь, талын уудамд өөрсдөд нь өширч зүхсэн хотол олон монголчууд дунд өлсөж, турж үхэх аюул нүүрлэснийг ясаараа мэдэрч, дахин ялагдвал амь гарах ямар ч найдваргүйгээ ойлгосон цэргүүдийнхээ сэтгэл санааны улангасалд тулгуурласан хятад генерал Чу Лицяны удирдсан гамин цэрэг эргэн Хүрээ рүү дайрч улайран тулалдсан байна. Гамингууд эхэлж цохигдон гараад огг санаагүй байтал Хүрээнд буцаж тулж ирсэн нь Хүрээнийхний хувьд чухам үүлгүй тэнгэрээс аянга гээч болов. Унгерн шилмэл зуутуудаа авч санд мэнд тосон хөдлөхдөө, яарч адган тагнуул илгээгүйгээс дайсны асар том армитай зөрж “хий самардсан” тул эхлээд зэвсэг даах монгол орос бүхнийг хаман хөдөлгөсөн байна.

Цар хэмжээгээрээ монголын нутагг сүүлийн хоёр зуун жил үзэгдээгүй, түүхчдийн бараг мэддэггүй байлдаан энд болж, багахан зайд арван таван мянга гаруй хүн халз тулгарсан нь дундад зууны үеийн аюумшигт алалдааныг санагдуулахаар байжээ. Унгерн ийнхүү Хүрээний ойр болсон тулалдаанд оролцсон дайчдынхаа тоог 66 зуут буюу 5 мянга орчим хүн гэж тоймлосон нь түүний хүчирхэгжилтийн оргил байв. Чухам Богд гэгээнтнийг гамингын гараас салгасан нь түүний нэр хүндийг огцом дээшлүүлж, монголчууд ч цэрэг цуухад нь олноор нийлсний гавьяа энэ байв. Тэрбээр үүнээс олон цэрэг хэзээ ч захирч байгаагүй билээ. Нийслэл Хүрээнд дээд тэнгэрээс аврал эрэн залбирч, мөргөлүйлдэв. Ойрхитолгойндээрламнаргарчторгонхадгаар даллан, хар хорыг арилган, ачлал ивээлээ хайрлахыг тэнгэр бурханаас аргадан гуйж, бөөлж цамнан ялалтыг хурайлж байжээ. Эцсийн бүлэгт Барон Унгерний удирдсан монгол, орос, буриад цэргүүдийн ялалтаар Монгол орныг эзэрхийлсэн хятадын цэрэг сүйрлийн цохилт авсан юм.

Энэхүү байлдаанаас Унгерн янз бүрийн винтов 4000, 15 их буу, олон тооны пулёмет, ихээхэн хэмжээний хоол хүнс, хувцас хэрэглэл, хамгийн гол нь бараг 9 сая долларын нөөцтэй хятадын армийн мөнгөн санг олзлон авчээ. Ийнхүү Унгерн өөрөөсөө хэд дахин давуу хүчийг хөөн зайлуулж, Хүрээг эзлэн авахад тухайн үед хятад цэргийн удирдлага зохион байгуулалт суларч, байлдах чадвараа алдан, эмх замбараагүй байдалд орсон нь гол шалтгаан болохын чацуу цагаантны цэрэгт явсан монголчуудаас хятад цэргийн эсрэг арга мэх, сүр хүчийг хэрэглэн, баатарлагаар тэмцэж ялсан явдал чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Үүний дараагаар Унгерн гамин цэргийн эсрэгЧойрын байлдааны ажиллагааг биечлэн удирджээ. 1921 оны 3-р сарын сүүлээр Чойрын сүмийн ойролцоо гамин, цагаантны хооронд сүүлчийн тулалдаан болж хятад цэрэг ихээхэн хохирол хүлээн бутцохигдов. Эндэхийн “Ястсайр” гэдэггазар олонжил өнгөрсөнхойно өгөршсөн яс зунд нь цайрч, өвөлд нь нүдэнд торохуйц цасан хунгар довонтон харагдцаг болсон гэдэг. Хятад цэргийн генерал Чу Лицян өөрөө, мөн Го Сунлин морин цэрэгтэйгээ хятад руу гарч амжсан ч явган цэрэг нь бараг толгой дараалан хядагджээ. Барагцаалбал 4 мянга гаруй гамин цэрэг энд ясаа тавьжээ. Ийнхүү хагас жилийн өмнө монголд Сюй Шүжаны удирдан ирсэн 15 мянган хүнтэй арми ийнхүү бүрэн устсаныг тэр үед Бээжинд үндэсний хэмжээний гамшиг гэж үзсэн юм. Чойроос хятадын хил хүртэлх тал үхсэн гамингаар “дүүрчээ”. Унгерн энэ хүрээд жолоогоо эргүүлсэн бөгөөд Бээжин эндээс Хүрээнээс илүү ойр, ердөө л 600 мод газар байлаа. Дундад иргэн улсын нийслэлд энэ уед “галзуу барон Бээжинд ирэх нь” хэмээн үй олноороо айн сандарч байсан гэдэг.

Эдгээр байлдаанаар хятад цэргээс олзолсон буу зэвсэг мөнгөн санхүүгийн нөөцтэй болсон Унгерн 2-р сарын 21-нд Богд гэгээнийг хаан ширээнд дахин залж таван яамыг байгуулан Богд Хаант Монгол улсын төрийг сэргээснээ албан ёсоор зарласан ажгуу. Үүнээс хойш монголчууд улаан, цагаангүй газар бүр гамин цэргийг цохиж хөөсөн ч чухамхүу монголд элгэмсүү галзуу барон Богд гэгээний хүсэлтээр Хүрээг хятадуудаас чөлөөлөөгүй бол, монгол орныг зөвхөн улаан хувьсгалын нүдээр харж байсан болыиевикуудын талаас ч, Хаант Орос дараагаар Зөвлөлт засагтай далдуур геополитикоо тохирсон Япон зэрэг улсаас ч хятадын эсрэг дэмжлэг авах бололцоогүй байсан тул монголчуудын цаашдын хувь заяаг тун баргар байх байсанд эргэлзэх хэрэггүй байв.

Монголтой хувь заяагаа холбосон Унгерн тус улсын төсөв, санхүү, худалдаа, армийн байдалд сэтгэл зовж, үндэсний банк байгуулах, зоос цутгах зэрэг нилээд ажил төлөвлөж, Хүрээнд цэргийн сургууль нээн, Налайхын нүүрс олборлолтыг ч нэмэгдүүлэх ажлыг хийсэн авч бүх юм ганц зорилгод тухайлан түүний удирдсан Азийн морин дивизийн хангалтанд чиглэж иржээ. Хоёр жилийн самуунд доройтсон ядуу оронд барон хэдийгээр санаа нь сайхан ч, сачийд нь ахадсан ачаа болж монголыг хятадуудаас чөлөөлж өгсний буулт хатуудах талдаа орсон юм. Нийслэлээс алслагдах тутам цагаантны отрядууд ердөө л нөгөө их замын дээрэмчид гэдгээс ялгаагүй болж, айл амьтан тонож дээрэмдэн эх захаа алдсаныг зохицуулах нь бароны чадал чинээнээс нэгэнт ахадсан хэрэг болсон байна…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх