“Загалмайлсан эцэг” киноноос сурсан карьерийн 10 зөвлөмж

2014 оны 03-р сарын 11 өдөр, 05 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-12

Амралтын сүүлийн өдрийг нийтлэл бичихэд бүтнээр нь зориулаад байсан намайг уруу татсан хүн бол ээж маань. Гэхдээ татгалзахын аргагүй санал байсан учир би зөвшөөрч орхисон. Тэр бол “Загалмайлсан эцэг” киноны гурван ангийг/Бараг 10 цаг гээд бод доо?/ бүтнээр нь үзэх байлаа. Нэгэнт байдал ийм болсон хойно хажуудаа дэвтэр, үзэг тавьж байгаад киноны туршид чухал санагдсан санаануудаа тэмдэглэж аваад хартал юу болсон гээч? Карьераа амжилттай үргэлжлүүлэхээр, дээшлүүлэхээр бэлтгэж байгаа бүх хүнд тохирох зөвлөгөөг биччихсэн байсан шүү. Загалмайлсан эцгээс зөвхөн чамд шивнэж буй 10 чухал үгийг одоо дамжуулъя.
1. Яг юу бодож байгаагаа гадны хүнд хэзээ ч бүү хэл
Гэр бүл, ажлынхан, дотны найзаасаа бусад хүмүүст дотроо юу бодож байгаагаа бүү хэл. Мэдээж цухуйлгаж болно л доо. Гэхдээ хэт дэлгэрэнгүй, нээлттэй, ний нуугүй ярьж хэзээ ч болохгүй шүү. Ажил дээрээ яригдсан асуудлуудыг ч гэсэн “түүхий”-гээрээ байхад нь өөр хүмүүст дэлгээд хэрэггүй. Гайхуулмаар байсан ч тэвчээрэй.

2. Чадахгүй зүйлээ бүү амла
Ялангуяа ажлын харилцаан дээр. Хэрвээ чи амжихгүй, чадахгүй бол эртхэн шударгаар хэлж өөр хүнд шилжүүлээрэй. Чамаас болоод ажлын үйл явц, жижигхэн хэсэг ч доголдох ёсгүй.

3. Хувийн сэтгэл хөдлөлөө ажилдаа бүү оролцуул. Энэ чинь зүгээр л бизнес шүү дээ!
Гомдмоор, уйлмаар, хэн нэгнээр аргадуулмаар үе олон гардаг. Яагаад гэвэл чи амьдралынхаа ихэнх хэсгийг ажлын байран дээрээ өнгөрүүлж байна шүү дээ. Гэхдээ зарим үед хамтран ажиллагсадтайгаа хэчнээн дотно байдгаа мартан өөртөө “Энэ чинь ажил шүү дээ” гэж хэлж сураарай. Чи зүгээр л ажлаа хийж байгаа!

4. Хэнийг ч бүү үзэн яд, өрсөлдөгчөө ч гэсэн
Өрсөлдөгчөө үзэн ядах үедээ чи буруу шийдвэр, мэдрэмжтэй болсон байдаг. Эрүүл ухаанаар шийдвэрлээгүй үед ихэнхдээ алдаа л гардаг шүү дээ. Тиймээс уур чинь хүрч байсан бусдад дургүй хүрэлгүйгээр, үзэн ядалгүйгээр тунгааж чаддаг болоорой.

5. Эцсийн мөч хүртэл бүхнийг эвээр шийдэхийг оролд
“Загалмайлсан эцэг” киноноос сурсан өөр нэгэн гайхалтай зүйл бол энэ. Тэд асуудлыг жинхэнэ мафийн аргаар шийддэг ч гэлээ хэлэлцээр явагдаж, гарцыг хайж байх үедээ үргэлж эв эеийг баримталдаг. Ямар ч хүнтэй шүү.

6. Бусдын ар тал, найдвар нь болохдоо дуртай бай
Бусад хүн надаас хамаараад байхад тийм ч дуртай байдаггүй хүний нэг л дээ, би. Гэхдээ гурван ангит, гайхалтай киног үзээд энэ бодол минь сууриараа ганхаж байна. Учир нь бусад хүний найдаж болох хүн байна гэдэг нь нөлөөллөөс гадна итгэл хүлээж буй “амттай” чанар юм билээ.

7. Итгэлийг чинь олоогүй газарт хоёр дахиа бүү итгэ
Итгэлийг чинь дааж чадаагүй хамтран ажиллагсаддаа итгэсээр л байхыг оруулаагүй юм шүү. Сэтгэлд чинь хүрээгүй, хариуцлага алдсан байхад түүнээс өөр газар байхгүй мэт ахин хандсаар л байхыг болиулахын тулд үүнийг багтааж байна. Нээрээ шүү, яг адилхан үйлчилгээ эрхэлж буй олон газар байгаа. Харин чи бол аль ч тохиолдолд үйлчлүүлэгчийн эрхээ эдлэх ёстой шүү дээ. Ямар гуйж юмаа хийлгэж байгаа биш!

8. Бусдын саналыг асуу, гэхдээ өөрийнхөөрөө шийд
Тухайн ажлыг чи өөрөө гардан хийж байгаа тохиолдолд мөрдөх гол дүрэм. Яагаад гэвэл эцсийн хариуцлагыг чи л хүлээнэ.

9. Хамгийн баян хүн гэдэг нь олон бөгөөд хүчирхэг найзуудтай хүнийг хэлдэг гэдгийг санаарай
Өөрийн хүчээр бүхнийг бий болгож, авч явна гэдэг гарцаагүй магтууштай чанар. Гэхдээ чи бусадтай хамтарвал, ялангуяа хүчирхэг, зорилготой хүмүүстэй нийлвэл илүү хол, илүү удаан явах боломжтой болдог.

10. Гэр бүл бол амьдралын хамгийн чухал зүйл
Гэлээ гэсэн ч, гэр бүл бол амьдралын үндсэн чухал зүйл. Магадгүй хамгийн амжилттай карьераас ч илүү чухал байж мэднэ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх