Үзэл бодлынхоо төлөө бүжиглээрэй

2014 оны 03-р сарын 12 өдөр, 01 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4523

“Глоб Интернэшнл” төвөөс 15 жилийн ойн баяртаа зориулан залуучуудын дунд орчин үеийн бүжгийн тэмцээн зарлажээ. Энэ тэмцээн нь цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Интернэт өнөөдөр монголчуудын, тэр дундаа хүүхэд, залуусын амьдралын салшгүй хэсэг болжээ. Нийгмийн сүлжээ тив тивийн хүүхэд залуустай цаг хугацаа, орон зай үл харгалзан танилцаж, мэдээлэл солилцох, мэдлэг олох, олон хэлээр ярьдаг олон оронд олон найз нөхөдтэй болох орон зайг бүрдүүлж өгдөг. Интернэт дэх найзууд бие биеэ зүс үл таних боловч үзэл бодол, санаа бодлоороо нэг нэгнээ дэмжиж, нэг нэгэндээ урам зориг өгч, заримдаа шүүмжлэлтэй ханддаг. Аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах нь амьдарч буй нийгэм, орчноо сайжруулах, нэг нэгнийхээ алдаатай бодлыг засч залруулах, заримдаа буруу хэрэг хийхээс ч сэргийлж болно. Үүний тулд бид заавал хараал хэлж, муухай, бүдүүлэг, доромж үг ашиглахын хэрэггүй. Чамайг хүн доромжилбол чи баярлахгүй шүү дээ. Нөхөрсөг шүүмжлэл байгаа цагт соёлтой мэтгэлцээн байдаг. Үнэндээ бол зарим хүнд шүүмжлэл таалагддаггүй. Иймд дэлхийн ардчилсан орнуудад иргэндээ аливаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэхдээ нэрээ нууцлахыг хуулиар хүлээн зөвшөөрдөг. Учир нь үүнийг хувь хүний нууцын нэг хэсэг гэж үздэг. Харамсалтай нь, зарим хүн цахим ертөнцийн хил хязгааргүй орон зайг хэтрүүлэн ашиглаж, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, бүдүүлэг үг хэллэгээр дайрч давшлан гомдоох болжээ. Зарим нь санаатайгаар, зарим нь санамсаргүйгээр НАЙЗЫНХАА нэр төрд халдан гутааж байна. Энэ бол сайн бус муу зүйл. Энэ нь Монгол Улсын хуулиар хориотой учир шийтгэл хүлээлгэдэг. Манай улс хүнийхээ нэр төрийг эрхэмлэдэг, хамгаалдаг ардчилсан улс шүү дээ. Иймд бүгдээрээ цахим ертөнц дэх НАЙЗ-ыгаа гомдоохгүй, доромжлохгүй, хүндэтгэн харьцаж, тэднийхээ үзэл бодолд хүлээцтэй, тэвчээртэй хандая! Энэ бол орчин үеийн, өөрийгөө хүндэтгэдэг, ухамсартай, соёлтой, боловсон иргэний шинж билээ.

Тэгэхээр үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, ялангуяа цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхээ хамгаалахын тулд нэгдэцгээе! Хүн өөрийнхөө үзэл бодлыг бичих, зурах, бүжиглэх, дуулах гээд бүхий л хэлбэрээр илэрхийлж болно. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрхийн үнэт зүйл. Энэ эрхийг хязгаарлаж эхэлвээс бидний бусад бүх эрх, эрх чөлөө бас хязгаарлагдана. Хятад, Хойт Солонгос, Латин Америк, Африк, Арабын зарим оронд хүмүүс нь Интернэт ашиглах, түүнийг ашиглан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй байдаг. Бид ийм байдлыг хүсэхгүй шүү дээ. Гэвч бид өнөөгийнхөө эрх чөлөөг хэтрүүлэн ашиглавал Засгийн газраас хориг хязгаар тавьж, хатуу хяналт тогтоож болзошгүй.

Үүнийг хүсэхгүй бол бүгдээрээ эвлэлдэн нэгдэе! Иймээс бид та бүхэнд бүжгээр дамжуулан Интернэтэд найзтай байх эрх, ингэхдээ найзаа гомдоохгүй байх, мөн цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхээ хамгаалахыг уриалах сайхан боломж олгож байна. Тэмцээнд бүжиглэх сонирхолтой сурагч, оюутан, залуучууд багаар, хамтлагаараа оролцоно. Баг, хамтлагт байх хүний тоонд хязгаар тогтоохгүй. Тэмцээнд оролцохын тулд манай НАЙЗ бүлэгт элсч, оролцох эрхээ авна.

Тэмцээнд оролцох баг нь өөрийн болон бүтээлийн нэртэй байна. Уралдааныг мэргэжлийн шүүгчид дүгнэж, 3 хамтлагийг шалгаруулан, манай байгууллагын 15 жилийн ойд зориулсан “НАЙЗ” арга хэмжээний үеэр олны хүртээл болгоно. Шалгарсан багуудын бүтээлийг видео болгон, манай байгууллагын цахим хуудас, YouTube-д байрлуулна.

Шалгаруулалтыг 2014 оны гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах юм. Шагналын хэмжээний хувьд, I байр нэг 400,000 төг, II байр нэг 300,000 төг, III байр нэг 200,000 төг байх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.globeinter.org.mn цахим хуудас болон Глоб Интернэшнл төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудас болон “НАЙЗ” бүлгээс авна уу. Мөн тэндээс цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхийн тухай мэдээлэл авч болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх