Өндөр карьертай, ажил хэрэгч, бизнес хатагтай болохыг хүсдэг хорин настнууд олон бий. Чи ч бас тэдний нэг үү? Том зорилгын төлөө зөвхөн боловсрол, мэдлэгтээ анхаарах нь хангалтгүй. Яг дээрх шиг мөрөөдөлтэйгөөр эхлээд ажлын байраа олон сольж, нэг байрандаа хэдэн арван жил шигдэж, дээд албан тушаалтандаа дургүйлхсээр өдөр хоногийг өнгөрүүлдэг нийтлэг үзэгдлийн нэг хэсэг болохгүйн тулд өөртөө суулгах ёстой наад захын зан чанаруудыг чинь жагсааж байна:
1. Энэ компани надад юу өгөх вэ биш, би энэ компанид юу өгч чадах вэ гэж өөрөөсөө асуу
Анхны албан тушаал чинь чиний авьяас чадварын дэргэд хэтэрхий жижиг санагдаж, гологдож магадгүй. “Би үүнээс илүү цалин авч, илүү эрх мэдэлтэй ажиллах эрхтэй хүн” гэж бодогдож л байгаа байх. Гэхдээ компани болгон залуу боловсон хүчнүүдийг дэмжихийн тулд оршин тогтнодоггүй. Тэд ашиг орлого олж, өсөн дэвшихийн тулд л оршин тогтнодог. Энэ зорилгод нь тусалж чадах, бас өөрийнх нь мөрөөдөл компанийн зорилготой уялдах хүмүүсийг л удирдлага сонгож аажим аажмаар тушаал дэвшүүлдэг. Яг одоо чамаар мэргэжлийн чадвар шаардаагүй, бичиг цаас эмхэлж, хүмүүст юм хүргэж өгөх төдий ажил хийлгэсэн ч түүнийг нь тултал нь, хариуцлагатай, хүлээж байснаас нь илүү үр дүнтэй хийж, үйлдлээрээ л өөрийгөө өсөх ёстой гэдгээ харуулх хэрэгтэй. “Ажил л хүнийг голдог” гэдэг үг үнэний ортой бөгөөд чамлаж хийсэн ажил чинь чамайг том ажил даалгасан ч итгэж болохооргүй хүн гэдгийг л харуулна. Өндөр албан тушаалд очсоны дараа одоо хийж байгаа ажлаасаа суралцсан зүйлс чинь чамд хэрэг болсоор байх болно.
2. Бүх ээжүүд чиний ээж биш
Дээд албан тушаалтнууд бидний ээж, аав шиг хүн байх тохиолдол олон бий. Тэд хэдий чамд зааж сургах ёстой боловч хэтэрхий дотночилж, чадахгүй, таалагдахгүй байгаа юм бүхэндээ гомдоллож болохгүй. Чамд өөрийн төрсөн охин шигээ л хандаж байсан ч эрхлэх, тунирхахаасаа өмнө энэ бол ажил хэрэгч харилцаа гэдгийг сайн ухамсарлаарай. Чи л өөрийнхөө аз жаргалын өмнө хариуцлага хүлээнэ.
3. Ажлын шүүмжлэлийг бүү дотночилж тусгаж ав
Карьерын замналын туршид чи маш, бүр маш олон шүүмжлэлд өртөх болно. Үүндээ бэлтгэлтэй байж, бүтэлгүйтсэн бол “Бүхнийг баллаад хаячихлаа” гэж биш “Би энэ удаад алдаа гаргалаа” гэж бодож сураарай. Дарга чинь чамд ах, эгч шиг чинь дотно, хүндлэлтэй санагддаг байсан ч тэдний хэлсэн хатуу үгийг “гомдож” хүлээж авч огтхон ч болохгүй. Учир нь “гомдох” бол ажлаас гадуурх ойр харилцаануудад л байж болох зүйл. Бид гомдсон үедээ тэр хүнээр уучлал гуйлгуулах тухай л бодож чаддаг бөгөөд хэлсэн үгийг нь ухамсарлахаа хоёрт тавьдаг. Тиймээс ажлын үр дүнд чинь өгсөн шүүмжлэлүүдийн хувьд тэднийг тусгаж авч, эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шулуунаар хэлж учраа олоорой.
4. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хүн болгонтой тааруулж бүү харьц
Наснаасаа болоод бусдад шаардлага тавихаас айх хэрэггүй. “Жаахан мөртлөө хэнхэг”, “Насаа мэдэхгүй цор цор хийдэг” гэсэн яриаг чамаас насаар илүү, албан тушаал өндөртэй хүмүүс гаргаж л байг. Тэгсэн ч чи багийн ажиллагааг хойш татсан, эсвэл амласандаа хүрэхгүй байгаа хүмүүст ажил хэрэгч, шулуун шударга хүсэлт тавьсан хэвээр байх ёстой. Мэдээж зан сайтай, эелдэг, боловсон хүнийг л хамт олон нь хүлээн зөвшөөрөх боловч эцсийн дүндээ хариуцлагатай, зарчимч нэгэн хүндлэл хүлээдэг. 60 хувь нь чамайг хүндэлдэг, үгийг чинь сонсдог байхад л чи баг дундаа лидер гэсэн үг. 100 хувь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бусдад л зөвхөн таалагдах зүйлийг бүү хийгээрэй.
5. Чиний карьерын замнал чамаас бусдад нь утгагүй сонсогдож байсан ч зүгээр
Одооноос эхлэн бүрэн ухамсарлах ёстой сүүлийн зүйл бол чиний мөрөөдлөөр амьдраагүй хүмүүсийн үгийг бүү сонс. Мөрөөдөл чинь чамд л бүрэн утга учиртай, биелэх боломжтой санагдаж, итгэл төрж байвал болох нь тэр.