Амьдрал дундаа алдаж онож яваа олон аавын хүү, ээжийн охид уншаасай гэсэндээ мөхөс би энэхүү захидал хэлбэртэй өгүүллэгийг бичлээ.
Чи минь уг нь харандаа. Харин би харандаа биш ч өнөөдөр хань чамдаа анх удаагаа захидал бичлээ.
Чиний бичсэн бүхнийг шимтэн уншдаг номын чинь анхны уншигч, чамд л зориулж банштай цай чаначихаад дахин дахин буцалгасаар банш нь цайгаа уучихлаа гээд уймарч суугаа намхан бор бүсгүйг санаж байна уу.
Одоо 02 цаг. Чи минь бас л ирээгүй байгааг бодоход намхан тэр бүсгүй мартагдсан ч байж болох юм.
Анх удаа чамайг согтуу ирэхэд би урьд нь хэзээ ч чи тийм байхыг хараагүй болохоор унаж тустлаа инээсэн. Хөл дээрээ арайхийн тогтож ядан байгаа нь хөлд орж байгаа хүүхэд шиг, эсвэл тэнцэж байгаа унага шиг хөөрхөн харагдсан. Үг хэлж байгаа нь хүртэл манай цонхон доор өвөлждөг байсан нэг хөөрхөн бор шувуу шиг шулганаад л…
“Миний хайр, нар сар минь, намрын болсон жимс, хаврын энхрий цэцэг минь” гээд л…
Харин дараа нь чамайг согтуухан ирэхэд би баярлаагүй, баярлаагүй болохоор инээгээгүй.
Зүгээр л дуугүйхэн орондоо орж архины эхүүн үнэр ханхийтэл үнэртэх чиний тэвэрт хярсан бүжин шиг хэвтээд үүр цайлгасан.
Гуравдахиа согтуу ирэхэд чинь би уйлсан, чи санаж байгаа байх. Чамаас зөвхөн архины биш эмэгтэй хүний хямдхан нялуун сүрчиг үнэртэж байсан.
Цаашлаад дөрөвдэх тавдах тэгээд л тоогоо алдсан. Уйлж, гуйж, хашгичиж, хөөж, бас гэрээсээ явж хүртэл үзсэн. Гэхдээ л эмэгтэй хүний сэтгэл юутай зөөлөн.
Нэг их борооны дараа сайхан нар гардаг шиг уужимхан амьсгаа авч санаа алдаад л уучилчихна.
Гэвч чи шөнө дундын нам гүмийг эвдэж хамт босгосон амьдралынхаа цагаахан хуудсанууд дээр гуйвж дайвсан мөрөөрөө муруй сарийхан зураг зурж, угтах маргаашийн шинэ талбар бүхэн дээр бэх асгасан юм шиг тод толбо үлдээсэн. Чиний алдаа бүхнийг уучилсаар, “Дахиж уухгүй ээ, чамдаа амлая” гэх тоолонд чинь итгэсээр одоо миний бие дийлэхгүй нь.
Учир нь би бас миний итгэл баллуур аж.
Муруй сарий, буруу зөрүү бүхнийг чинь уучлан уучилсаар итгэл гэдэг баллуур цэцгийн ганц үр шиг өчүүхэн болжээ.
Хамаг орчлонгийн сайн мууг зурсаар харандаа ч элэгддэг, алдааг арилгаж алхааг нь зассаар баллуур ч элэгддэг ийм богинохон амьдрал дунд хань минь чамдаа ганцхан үг хэлье.
Ирээдүй гэж хэрвээ байгаа бол “И” үсгийг нь зээлдэж, “Тэнэг” гэж согтуудаа хэлсэн үгний чинь “Т” үсгийг үлдээж, “Ганцхан удаа” гэсэн гуйлтын чинь “Г” үсгийг зөвшөөрч, “Энхрий минь” гэж эрхлүүлж дууддаг “Э” үсгийг хайрлаж, лааны гэрэлд олон шөнө уйлуулсныг чинь сүүлчийн удаа сануулан “Л” үсгийг эс арилгаад ИТГЭЛ гэдэг нандин ганц үгээр энэ захидлаа дуусгая.
Ахиад согтуу алхсан мөрийг чинь, арилгах бие надад үлдсэнгүй.
Сэтгэл байвал ганц ширхэг үрнээс ч цэцэг ургадаг юм хань минь.
Хүндэтгэсэн бас хүлээсэн: бяцхан нэгэн баллуур.
/Б.Болормаа/