Хорвоо дээр хоёр зүйл л ерөөсөө байхгүй. Чамайг шалгуурыг нь төдийлөн сайн хангаагүй байхад 100% тэтгэлэг олгох сургууль эсвэл огт тэтгэлэг өгдөггүй сургууль хоёр. Яагаад гэвэл бүх сургууль гадаад оюутнаар хүрээгээ тэлэхийг хүсдэг ба тавьсан шаардлагад нийцсэн л бол аль болох тэтгэлэг олгохыг зорьдог.
Харин яг энэ үед л бидний сэтгэлийн чин зориг, цуцашгүй чанар, тууштай хөдөлмөр бас англи хэлний мэдлэг маань хэрэг болдог юм даа. Гэхдээ тэтгэлэг өгдөг гээд хүсээгүй мэргэжил, сургуульдаа очих нь хамгийн утгагүй хэрэг юм шүү. Чухам ямар мэргэжил чамд тохирохыг шийдсэний дараа л гадаадад сурахаар хөөцөлдөөрэй. Сонголтонд чинь туслах зорилгоор Гоолингоо 5 чиглэлийг санал болгож байна.
1. Хэрвээ чи хувцас загварын чиглэлээр сурахыг хүсдэг бол:
Бид Италийг зөвлөж байна. Алдартай брендүүдийг үүсгэн байгуулсан загвар зохион бүтээгчид бүгд л анх Италид дэлгүүрээ нээсэн байдаг. Хэдийгээр дэлхий дахинаа түгэж, зуун зуун салбараа нээсэн байдаг ч тэд эхний дэлгүүрээ л төвөө болгож, үнэ цэнэтэй хэвээр нь авч үлддэг юм. Яагаад гэвэл Итали өөрөө хувцас загвар, урам зоригийн “ордон”. Үлгэрт амьдарч чадах хүмүүс л ийшээ зорьж очдог. Хамгийн гол нь энд жил бүр Миланы загварын долоо хоног зохиогддог шүү дээ. Мэдээж жинхэнэ паста, пиццаг үргэлж амтлана гэдгээ мартаж болохгүй. Хажууханд чинь аялал жуулчлалын төв цэг болсон Ром ч байгаа. Их сургуулийн төлбөр нь чиглэлээсээ хамаараад дунджаар 10,000-30,000 евро хүртэл байдаг. Тэтгэлэг авахын тулд түвшин тогтоох шалтгалтанд тэнцэх хэмжээний Итали хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Итали хэлийг дор хаяж 600 цаг үзсэн байх шаардлагатай юм. Мөн хувцас загвар, урлагийн чиглэлээр урьд нь хийж байсан ажлуудаа танилцуулвал сургууль нь бүр ч дуртай байдаг аж. Одоогоор Монголд Итали руу тэтгэлэгтэй сургуульд зуучилдаг “Нью Таширo” ХХК үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. http://newtashiro.tripod.com/
2. Хэрвээ та аялал жуулчлал, уул уурхайн чиглэлээр сурахыг хүсдэг бол:
Бид Австралийг зөвлөж байна. Тэдний гол салбар нь газар тариалан, хөдөө аж ахуй ч гэлээ сүүлийн жилүүдэд уул уурхай, аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч эхэлсэн. Ялангуяа энэ тал дээр ид хөгжиж буй манайх шиг орноос оюутан элсүүлж, мэргэжилтэн бэлтгэх сонирхол цаг үргэлж байдаг. Хэрвээ хэлний мэдлэг сайн бол бэлтгэлгүйгээр шууд сургуульдаа элсэж, өндөр цалинтай цагийн ажилд ч орох боломжтой. Хичээл, ажил хоёрыг хослуулангаа алдарт Сиднейн театрт дуурь үзэж, нарлаг цаг агаарын дор цэцэрлэгээр зугаалангаа “Немогийн эрэлд”-тэй таараарай. Харин монголоос Австрали руу сурахад хамгийн хямдаар зуучилдаг, энэ чиглэлээр дагнасан гэж хэлж болох байгууллага бол “Гэгээн Ундарга холбоо” ТББ юм.
https://gegeen.wordpress.com/
3. Хэрвээ та урлагийн чиглэлээр сурахыг хүсдэг бол:
Бид Австри болон Германыг зөвлөж байна. Хавчуургатай талх шиг хоорондоо холбоотой энэ хоёр орон бол дэлхийн хамгийн аюулгүй, амар тайван, чанартай хүнс, сайн боловсрол, цагаа яс барьдаг хүмүүсийн орон. Мөн архитектор, хөгжим, урлагийн түүх, уран зураг гээд хобби байсан зүйлийг чинь мэргэжил болтол нь хөгжүүлж чадах дэлхийн шилдэг сургуулиудтай. Хөгшин Европын төв хэсэгт байрладаг учир Франц, Итали, Чех, Швейцарь, Словак, Унгар гээд олон улс руу хямд зардлаар аялж болно. Австрид сурахаар зориглосон найз маань Бээжин рүү явж визэнд орсноос гадна очсон хойноо ажил хийж, авсан цалингаараа амьдрана гээд л хоёр жилийн өмнө явчихсан. Сонгосон сургууль нь төлбөргүй улсын сургууль байсан болохоор аргагүй л дээ. Инстаграмаас найзынхаа өдөр бүрийг ямар хөгжилтэй, өгөөжтэй өнгөрөөж байгааг харах бүрт түүний явахаар зориглосон нь хичнээн ухаалаг шийдвэр байсныг ойлгодог шүү. Австри улс дах монгол оюутны холбооны вебсайт энэ байна.
http://www.amox.or.at/index
4. Хэрвээ та нийгмийн шинжлэх ухаан болон бизнес, менежментээр сурахыг хүсдэг бол:
Бид Америкийг зөвлөж байна. 2011-2012 оны хооронд Америкт суралцахаар очсон гадаад оюутны тоо 764, 500-д хүрсэн гэх баримт бий. Ялангуяа ихэнх нь Нью-Йорк, Калифорни, Техас мужид байрлах сургуулиудад өргөдлөө өгсөн аж. Сэтгүүл, сэтгэл зүйгээр магистраа хамгаалах, бизнес болон менежментээр бакалаврт сурахад хамгийн тохиромжтой. Гол нь тэтгэлэг авахын тулд TOEFL, IELTS, SAT шалгалтуудад өндөр оноо авсан байх, мартагдашгүй эссег цор ганц хувь бичих чадвар хэрэгтэй. Коллеж, сургуулиудын мэдээллийг эндээс аваарай.
http://amsa.mn//
http://colleges.usnews.rankingsandreviews.com/best-colleges/carnegie-mellon-university-3242
5. Хэрвээ та шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр сурахыг хүсдэг бол:
Бид Япон улсыг зөвлөж байна. Япон руу тэтгэлэгтэйгээр сурах хэд хэдэн арга бий.
• Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
Их сургуулийн үндсэн оюутан, судлаач оюутан, техникийн коллежийн оюутан, мэргэжлийн сургуулийн оюутан гэсэн дөрвөн төрлөөр элсэлтээ авдаг хөтөлбөр бий. Сүүлийн жилүүдэд нийгмийн шинжлэх ухааны төрлөөр шалгалт өгдөг хүмүүс маш их болсон учир байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр тэтгэлэг авахад арай илүү боломжтой гэж үзэж болно.
http://www.mn.emb-japan.go.jp/
• Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр
Өглөө эртлэн сэрж айлуудад сонин түгээнгээ хүссэн мэргэжлээрээ сурах боломжийг энэ тэтгэлэг олгодог. Ажилласан цалингаараа эргээд амьдрах зардал, сургуулийн төлбөрөө өгнө гэсэн үг гэх үү дээ.
http://www.mongolia-japan.mn/services/
Дор гадаадын их, дээд сургуулиудын талаар мэдээлэл өгдөг блогуудыг жагсаалаа.
1. http://11agroup4eva.blogspot.com/
2. http://mglausnsw.wordpress.com/
3. http://www.bilguun.mn/
4. http://edu.gegeen.mn/