“Лондон” дахь Чингисийн хөшөө Монгол руу ачигдлаа

2014 оны 03-р сарын 17 өдөр, 02 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a7e9dba81c9e38f9original

    Лондон дахь Чингисийн хөшөөг өнгөрөгч долоо хоногт Монгол руу ачуулсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Ингэснээр холын Англид байрлах Чингисийн хөшөө удахгүй Монголд ирнэ гэсэн үг юм. Тэр дундаа нийслэл хотын төв цэгт байрлах талаар албаны зарим хүмүүс ярьж байна.

Буриадын уран барималч Даши Намдаковыни бүтээсэн Чингис хааны тус хөшөө нь Лондонгийн “Halcyon” галлерейд байрлаад аль хэдийн хоёр жилийг үджээ. Чингис хааны хөшөөг хамгийн анх Марбле нуман хаалганы ойролцоо сүндэрлүүлж нээлтийг нь сүр дуулиантай хийж байсан.

Харин удалгүй Английн парламентын зарим нэг гишүүдийн шүүмжлэлээс болж “Halcyon” галлерейд очсон юм. Уг нь тус хөшөөг Олимп болон Паралимпын тоглолтыг угтан Лондон хотын хөшөөний фестивалд зориулж тэнд аваачсан гэдэг. Английн парламентын зарим гишүүд уг хөшөөг олон зуун хүнийг үхэлд хүргэж, геноцид үйлдсэн эзлэн түрэмгийлэгчийнх. Тиймээс Лондон хотын зүрхэнд байрлуулж болохгүй хэмээн шүүмжилж байв. Тухайн үед Английн парламентийн дарга Роберт Дэвис “Урлагийн бүтээл ямар нэг санааг илэрхийлж, тэр нь хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнөх сэдэв болох үедээ алдартай болдог. Чингис хааны хөшөө бол сайн бүтээл” гээд Чингис хаанын түүхэнд бүтээсэн гавьяаг хэлж барин арай хийн Лондонд үлдээж чадсан түүхтэй.

Харин 1,5 метр өндөртэй тус хөшөөг ад үзэж байгааг дуулсан Лондон дахь монголчууд энэ хөшөөг фестиваль дууссаны дараа Монголд авчрах тухай ярьж эхэлсэн. Харин сая нэг ажил хэрэг болгож байгаа нь энэ аж. Уг хөшөөг Буриадын талаас бэлэглэлийн журмаар монголчуудад бэлэглэж байгаа юм байна. Хөшөөг Монголд авчраад хаана байрлуулахыг НИТХ энэ сард хуралдаж шийднэ. Ер нь тус хөшөөг талбайн урд талын цэцэрлэгт байрлуулах эхний шийдвэр гарсан гэнэ. Харин эцэслэн НИТХ-аар батлах аж. Сүүлийн үед уг хөшөөг “Мон Уран”-ны Б.Наранхүү болон Женко Х.Баттулга хоёрын нэг нь худалдаж авсан гэх яриа тархсан. Гэхдээ хэн нь ч худалдаж авсан бай Чингисийн хөшөө Монголд ирэх нь гарцаагүй боллоо. Мөн удахгүй энэ талаар холбогдох албаны хүмүүс тайлбар хийх аж.

7c33f6ec2af2882aoriginal

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх