Нарс модны үнэр ханхалсан орхигдсон байшинд хэт том хүрэн царсан ширээ, түүнээс дутахааргүй том тас хар өнгөөр будсан сандал, хананд өлгөөтэй сахалтай хүний хөргийг эс тооцвол энд өөр юу ч байхгүй.
Царсан ширээн дээр эгнэн жагссан өөр хоорондоо яг ижил нэлээд хэдэн модон цэргүүд байх бөгөөд тэднийг урласан мужаан нь мартчихсан юмуу эсвэл залхуу нь хүрсэн үү бүү мэд/нэгээс бусдад нь/ гарт нь ямар ч буу үзэгдэхгүй бөгөөд тэднийг зөвхөн өмссөн малгай, дүрэмт хувцсаар нь л цэрэг гэж танихаар ажээ. Харин сайн ажиглаваас тэд бүгд хөл, гар, чих, нүд, хамартай ч зөвхөн амгүй бүтээгджээ.
Жагссан цэргүүдийн урд талд гартаа буу барьсан цорын ганц эрхэм ямар нэг зүйл хэлэх гээд чадахгүй буутай гараа дэмий л савчуулна. Учир нь түүнд ч бас ам байхгүй. Түүний юу бодож, юу ярьж байгааг хэн ч сонсохгүй мөртлөө бүгд л толгой дохин хүлээн зөвшөөрнө. Модон цэргүүд түүний нүд рүү эсвэл гар луу биш зөвхөн гартаа барьсан буу рүү нь нүд салгалгүй ширтэнэ. Магадгүй буутай эрхэм амгүй гэдгээ мэддэгүй ч байж болох юм.
Тэр бусдаас арай өөр өнгөтэй ажээ, бусад модон цэргүүдийг зүлгүүрдчихээд будаагүй байхад яагаад ч юм түүнийг будаад гарт буу бариулсныг үзэхэд модон цэргүүдийг урласан хүн түүнд арай их цаг зарцуулжээ…
Буутай эрхэм гараа савчуулсаар ядарсан бололтой гараа буулгаад хананд өлгөөтэй сахалтай хүний хөрөг рүү цоо ширтчихэв. Тэр өөрийгөө түүнтэй харьцуулж байгаа бололтой толгойгоо, нүдээ, хамраа тэмтэрч үзсэнээ ам байхгүйгээ мэдсэн бололтой ихэд уурсан урьдын адил баахан гараа савчууллаа. Удалгүй тэр нэг зүйл сэтгэсэн бололтой түүнийг гараа савчуулаад зогсож байхад үргэлж л хүлээн зөвшөөрөн толгой дохиж байдаг нэг цэргийг гарган түүний гарт /хаанаас олсоныг бүү мэд/ жижигхэн хадаас өглөө. Тэр хамрын доод хэсэг рүү болон хөрөг рүү заагаад ямар нэгэн зүйл ойлгуулах гэж ядна. Цэрэг ч учрыг ойлгохгүй баахан мунгинсанаа сая л нэг ойлгов бололтой түүний хамрын доод хэсэгт хөндлөн зураас татлаа.
Одоо орхигдсон байшингийн нам гүм байдал үгүй болж ганцхан хүний дуу хадах боллоо. Харин түүний буутай гараа савчуулах нь өөрчлөгдсөнгүй. Тэр өдөржингөө өөрийн бууны хүч чадлын тухай болон бусад хүмүүсд ам хэрэггүй тухай номлоно…
Буутай эрхэм ширээний хажууд байрлах сандал ширээний тавцангаас нэлээд доогуур байсныг өөрийн хэмжээнд үл таарна хэмээн үзэж сандлыг ширээн дээр гаргаж түүн дээр сууна.
Тэр сандал түүнд дэндүү томджээ.
Энэ байдлаар нэлээд хугацаа өнгөрлөө. Цэргүүдийн дохион зангаагаар ойлголцох чадвар ч нэмэгджээ. Нэгэн шөнө зальжин нүдтэй нэгэн цэрэг бусдыгаа уриалан цуглуулав. Тэд дохио зангаагаар ярьж байсан болохоор буутай эрхэм сонссонгүй, учир нь тэр ширээнээс дэндүү дээр заларсан билээ.
Зальжин цэрэг дохио зангаагаар бусаддаа ийн ойлгуулав.
Буутай эрхэм биднийг дэндүү дарангуйлж байна, түүний бууг нь булаан авах хэрэгтэй, тэр буугүйгээр юу ч биш, Та бүхэн надад туслах ёстой, Хэрвээ та бүхэн надад тусалбал би бүх цэргүүдэд ам зорж өгөөд, дуртай өнгөөр чинь будах болно хэмээн амлав. Цэргүүдийн ихэнх нь үүнийг дэмжив. Харин цөөн хэдэн цэрэг түүний сүр хүчинд итгэсээр байлаа.
Ингээд нэгэн өдөр “Буу булаах” ажиллагаа явагдав. Буутай эрхмийн гараа савчуулан, сүр хүчийн тухай номлолоо айлдаж байх тэр агшинд тэд бүгд зэрэг дайран түүнийг унагалаа…
Жагссан цэргүүдийн урд талд зогсох зальжин эрийн гарт буу мөн жижигхэн хадаас харагдана. Ширээн дээр байсан сандлыг буулгасан бөгөөд буутай эрхэм/одоо буугүй болсон/-ийг сандлын хөлд хүлжээ.
Тэр амласан ёсоор бүгдэд нь ам зорж бас олон өнгийн будаг олж өглөө…
Ягаан, улаан, хар, цагаан гэх мэт төрөл бүрийн өнгөтэй цэргүүд зогсоо зайгүй шулганалдана. Урьд ганц хүн ярьж түүнийг хэн ч сонсдоггүй байсан бол одоо бүгдээрээ ярьж хэн ч хэн нэгнээ сонсохоо больжээ. Гэхдээ буу зальжин цэргийн гарт байсан хэвээр байлаа…
Хэдий хугацаа өнгөрснийг бүү мэд нэгэн өдөр буун дуу тасхийлээ. Бүгд цочирдон буун дуу гарсан тэр зүг рүү харвал, гартаа буу барьсан цэрэг зальжин инээмсэглэн зосох бөгөөд урьд өмнө дуулдаж байгаагүй өндөр дуугаар ийн өгүүлэв.
Бид бүгд дэндүү их ярьж байна, хэн нэгэн удирдах ёстой юм байна. Би… би өнөөдрөөс Та бүхнийг удирдах болно хэмээн гараа савчуулан хэллээ…
Цэргүүд урьдын адил нэгэн эгнээнд жагсана. Тэдний урд талд буу барьсан зальжин цэрэг зогсох бөгөөд тэрээр өөрийгөө Цэрэг гэж дуудахыг хориглон “Эрхэм”-ээ гэж дуудахыг санал болгов. Цэргүүдийн зарим нь дэмжин алга ташихад цөөхөн хэд нь эсэргүүцэв. Шинэ буутай эрхэм тэдгээр цөөн цэргүүдийн амыг нь цаасаар хаах тушаал гаргалаа.
Яагаад гэвэл тэд дэндүү их ярьж байна гэж үзсэн учраас…
Одоо байдал өөр болжээ. Нэг хүн ярьж бусад нь сонсохгүй биш, бүгдээрээ ярьж бусад нь сонсохгүй биш, нэг хэсэг нь ярьж бусад нь сонсохгүй болжээ.
Буутай Эрхэм нэг шийдвэр гаргалаа… буулгасан сандлын дахин ширээн дээр тавьж түүн дээр зөвхөн цаасаар амаа таглуулаагүй цэргүүд амьдрах эрхийг олголоо.
Тэр сандал тэдэнд дэндүү томджээ…