Театрт биеэ хэрхэн авч явах вэ?

2014 оны 03-р сарын 27 өдөр, 01 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bc7b7d7b4b8178870f9217520a62f4e73801a7a4

Сонгодог урлагийн тоглолт үзэхээр театр зорихыг дээд зиндааныхны эсвэл зөвхөн сонгодог урлаг ойлгодог хүмүүст зориулсан хэмээн үзэх нь бий. Сонгодог урлагийг бүр 16-р зууны сүүл үеэс эхтэй гэж үздэг. Дуурь нь анхандаа ихэс, дээдсийн хүрээнд зохион байгуулдаг зугаа цэнгэл байсан ажээ. Улмаар 1637 онд Венец хотноо анхны театр байгуулагдсанаар олны хүртээл болж эхэлсэн байна. Харин манай орны хувьд 1927 онд “Ардын цэнгэлдэх хүрээлэн”-г барьж байгуулснаар дуурийн урлагийг хөгжүүлэх суурь тавигдсан хэдий ч жүжгийн зохиолын хувьд олигтой зохиол хараахан төрөн гараагүй байв. 1931 онд дуурийн урлагийг мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор “Ардын цэнгэлдэх хүрээлэн”-г өргөтгөж, Улсын төв театрыг байгуулсан байна. 1942 онд Д.Нацагдоржийн зохиолоор сэдэвлэн Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар “Учиртай гурван толгой” хэмээх дуурийг тавьсан нь Монгол улсын хувьд анхдагч бүтээл болсон ба театрын урлагт дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл нь болсон юм. 1940-өөд онд театрыг хөгжүүлэхэд төрөөс ихээхэн анхаарч, боловсон хүчнийг бэлтгэхээр 1950-иад оны дунд үеэс ЗХУ-д нарийн мэргэжлээр суралцуулах болов.

Ийнхүү хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бүрэн утгаараа бүрэлдэн бий болох нөхцөл бүрдсэн байна. 1963 оноос Улсын Драмын театр, Улсын Дуурь Бүжгийн театр гэх бие даасан хоёр театрыг байгуулсан билээ. Ийнхүү Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж, 1963 оны 5 дугаар сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн түүхтэй. Манай улсад сонгодог урлаг Азидаа толгой цохих хэмжээний урлаг болтлоо хөгжихөд сонгодог урлагаар дэлхийд тэргүүлдэг хойд хөрш ЗХУ-д боловсон хүчнээ бэлтгэж байсантай шууд холбоотой.

Одоо ч манай сонгодог урлагийн үзэгчдийн дийлэнх нь социализмын үед ЗХУ болоод баруун Европын орнуудад боловсрол эзэмшсэн хүмүүс, урлагийнхан, тэдний гэр бүл, найз нөхөд гэх зэргээр хязгаарлагдмал хүрээтэй нь ажиглагддаг. Сүүлийн үед манай улсад үндэсний хөрөнгөтнүүд олноороо төрөн гарсантай холбоотой сонгодог урлагыг элит давхрагын урлаг гэсэн ойлголттой, тэр давхрагад хамрагдахыг хүссэн улс төрч, бизнесменүүдийн гэр бүл зэрэг сонгодог урлагыг үздэг, сонсдог үзэгчдийн хүрээ тэлж байна.

Социализмын үед их, дээд сургуулиуд, тэр дундаа “хотын гангачуудын” гэж нэрлэгддэг байсан Орос хэлний Багшийн дээд сургуулийн багш, оюутнууд Дуурийн театртай шефийн холбоотой ажиллаж, үзэгчгүй шахам мөртлөө төлөвлөгөөт тоглолт хийдэг байсан Дуурийн театрын суудлыг дүүргэдэг байсан билээ. Энэ нь нэг талдаа захиргаадалт мэт боловч нөгөө талдаа нэгэнт үзвэрийн билетний үнийг оюутны стипендээс нь суулгаад авчих тул аргагүйн эрхэнд үзсээр сонгодог урлагийн фанат болсон олон хүн байдгийг бодоход үзэгчээ бэлдэх шилдэг арга байсан гэж бас хэлж болмоор. Энэ аргыг одооны урлагийн чиглэлийн бүх сургуулиудад хэрэгжүүлмээр санагддаг.

Ингээд энэхүү гайхамшигт урлагийн амтанд орсон хүн хэзээ ч орхиж чаддаггүй, мөн театр гэдэг энэ гайхамшигт өргөөний хаалгаар орж ирэхээс эхлээд дуусах хүртэл нь дагах ёстой бичигдээгүй хуулиудад хүссэн хүсээгүй захирагдах шаардлагатай болдог тул тэнд баримталдаг хэв маяг, үзэгч олны дунд биеэ хэрхэн зөв авч явах талаар өөрийн үзсэн дуулсанаас үзэгчидтэй хуваалцах гэсэн юм. Учир нь дуурь болон бүжгэн жүжгүүд нь үзэгчдэд оюуны таашаал болон гоо зүйн өндөр мэдрэмж, урлагийн боловсрол олгодог юм.

Тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирж өөрийгөө бэлдэн тухайн өдрийн театрын галерейтэй танилцаж суудлаа эзэлдэг.​

​Тасалбарыг эрэгтэй нь шалгуулж ордог бөгөөд ямагт эмэгтэйгээ түрүүлж оруулдаг.

​Үзэгч өлгүүрт хувцасаа заавал өгөх бөгөөд таны хувцас өлгүүргүй байх нь бүдүүлэг хэрэг болно.

​Үзэгч үзвэр үзэхээр орохдоо зөвхөн өлгүүрийн хажуугийн толинд өөрийгөө харж цэгнэн хувцасаа янзалдаг.

​Эмэгтэйчүүд театрт очихдоо театрын цүнх буюу жижиг цүнх барих ёстой.

​Театрын танхим гол танхим, лоож, бэльэтаж гэсэн гурван хэсгээс бүрддэг. Лоожид сууж байгаа бол урд талын хөндлөвч хаалтан дээр гараа тавьдаггүй. Мөн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй хөлөө ачиж суудаггүй.

Та суудалдаа хүрэхийн тулд хүмүүсийн өмнүүр явах шаардлагатай бол нүүрээ харуулан хүмүүстэй зөрөх хэрэгтэй. Сууж байгаа бол орж ирж байгаа хүнд босч хойшоо налж зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.

Үзвэр үзэхээр орохдоо аль болохоор юм идэхгүй байх. Ялангуяа сажигнасан дуутай, ууттай, үнэртэй зүйлс авч орохгүй байх.

Содон, нялуун үнэртэй сүрчиг хэтрүүлж хэрэглэхгүй байх.

Мөн үзвэрийн үед аль болохоор зургийн аппарат, гэрэл гэнэт гаргадаг зүйлс хэрэглэхгүй байх. Энэ нь балетийн үед хамаатай, ялангуяа анхаарлаа төвлөрүүлээд бүжиж байгаа тэдэнд энд тэндээс гэнэт гэрэл гялс хийхэд анхаарал сарниж алдах, унах, үүнээс болж гэмтэх зэрэг эрсдэл их байдаг гэдэг.

Дуурь, балет үзэхдээ та хэнтэй ч хамт явж болно. Харин тогтвортой сууж сураагүй балчир хүүхэд, удаан суухаараа унтаад хурхирдаг хүн, гар утсаараа байнга оролддог хүн, чимээгүй сууж чаддаггүй хүн, ямар нэг тоглолт үзэхээрээ дагаж дуулах, эсвэл бүжиглэх гэж оролддог хүмүүстэй хамт явахгүй байсан нь дээр. Учир нь тоглолтын дундуур бусдын амар тайван байдлыг алдагдуулж, асуудал үүсгэж болзошгүй юм.

Ёслолын хувцас өмсөх нь нийтлэг жишиг хэдий ч өнөө үед энгийн хэрнээ ихэмсэг хувцаслахад л хангалттай. Тоглолт болгон өөр өөрийн өнгө аястай байдаг бөгөөд үүнээсээ шалтгаалан зарим үзвэрүүд онцлогт нь тохируулан хувцаслахыг зөвлөсөн байдаг. Тийм учраас үзвэрийнхээ онцлогийг нь лавлаж байгаарай. Тухайлбал, манай дуурийн театр “Кристиан Диор”-ын хатагтай Батчулуунтай хамтран Кармен болон Дон Кихотын улаан, хар хосолсон үдэш, хар цагаан хосолсон үдэш зэрэг арга хэмжээнүүдийг эмэгтэйчүүдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр хэрэгжүүлж байсан жишээнүүд бий.

Үзвэр эхлэхээс өмнө гар утас, дуут төхөөрөмжүүдээ унтраах эсвэл дуугуй болгох хэрэгтэй. Найтаалгах, нусаа татах зэрэг санамсаргүй зүйлс нь таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Иймээс тоглолтон дээр амны алчуур авч ирэх хэрэгтэй.

Алга ташилт бол хамгийн том соёл. Алгаа гурван янзаар ташдаг. Хагас – Англи маягийн эхэмсэг ташилт, Дунд, Бүтэн буюу эмоцитой, орос маягийн ташилт. Эхлэл, жүжигчид ёслох агшин, төгсгөл энэ үед мэдээж алга ташина. Алга ташихдаа ихэвчлэн зүүн гарыг хагас атган алганы хэсгийг дээш харуулан баруун гарын дөрвөн хуруугаар ташина. Үзэгчийг алгаа хэр нугалсан байгаагаар болон хэр гараа өргөж ташиж байгаагаар тоглолтыг хэрхэн үнэлж байгааг мэдэх боломжтой. Балетын үед үзэгчид гайхалтай бүжиг бүрийн дараа болон хосоороо үзүүлсэн бүжгийн дараа, эсвэл гоцлол бүжгийн дараа алга ташина. Бүжигчин нэг хөл дээрээ удаан эргэх юм уу, уналгүйгээр агаарт эргэлт хийж чадсан үед үзэгчид бүжгийн дундуур алга таших тохиолдол гардаг. Харин дуурийн үзэгчид тэр бүр алга ташдаггүй, зөвхөн гайхалтай дуулалтын дараа л ташдаг.

Тоглолт дууссаны дараа, хөшиг хаагдсан ч бушуухан шиг гарах гэж яарах хэрэггүй. Учир нь удирдаач болон жүжигчид тайзан дээр гарч ирэн ёслохыг хүлээх хэрэгтэй. Эхлээд туслах дүрүүд, түүний дараа гол дүрүүд, хамгийн сүүлд удирдаач ёсолно. Дуустал нь тэдэнд баяр хүргэхээ мартуузай.

Ингээд эцэст нь “Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг” хэмээх үгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Хамгийн гол нь тоглолтын дараа та үнэхээр таашаал авч чадсан эсэх нь чухал юм шүү. Ингээд та бүхэн санал бодлоо хуваалцаарай.

- See more at: http://mongolcom.mn/read/1153#sthash.pRD8RqYz.dpuf

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх