Ц.Хулан: Би магтаалд дуртай, харин тэр магтаалыг жаахан сэвшээ салхи, хүчтэй шуурга гэж үзээд түүндээ элэгдэхгүй ноён нуруутай байх ёстой

2014 оны 03-р сарын 28 өдөр, 01 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
527-1395890924Hulan1

Таныг нэгэн ярилцлагадаа “Би үе үе буцалдаг, галт уул шиг дурладаг″ гэж ярьсныг би уншиж байсан юм байна. Хоёулаа ярилцлагаа энэ үеийн оргилсон сэтгэгдлээс эхэлье. Та одоо ч гэсэн буцалсаар явна уу?

-Энэ миний нэлээд хэдэн жилийн өмнө өгч байсан ярилцлагадаа хэлсэн үг л дээ. Миний хувьд энэ үед хүн төрөлхтний жишиг, ертөнцийн жамаар буцалж байгаагаа их далд нууж байх ёстой юм шиг санагддаг. Зарим хүмүүс буцалж байгаа үгүй нь мэдэгдэхгүй өнгөрдөг.

Зүгээр дотроо бужигнаад өнгөрч байгаагаа буцалж байна гэж эндүүрдэг. Яруу найрагч хүний хувьд буцална гэдэг чинь уран бүтээлтэй байхыг л хэлнэ шүү дээ. Тэр утгаараа би өнөөдөр ч яруу найрагчийнхаа хувьд тэтгэвэртээ гарчихаагүй байна.

-Залуу насны алдаа нь хүртэл хүнийг чимдэг байх. Таны залуу насны гэгэлгэн чимэг юу байв?

-Энэ хорвоо дээрх хамгийн сайхан зүйл бол сайхан сэтгэл. Энэ миний чимэг. Ямар ч сайхан хувцас өмсөөд сайхан харагддаггүй хүмүүс байдаг. Нас залуу байлаа гээд сайхан харагддаггүй хүмүүс ч их харамсалтай нь бас байдаг. Тэгэхээр юу үнэн бэ гэхээр, өнгөрсөн цаг үе, өнөөдөр надад байгаа бүхнээ харахад сайхан сэтгэл л намайг чимсээр ирсэн байна.

-Таны хувьд магтаал хэр үнэ цэнэтэй зүйл вэ. Зарим хүн хортой ч зүйрлэдэг?

-Яаж магтаалгүй байж болох юм бэ. Хүн юм бүхэнд цаддаг. Харин магтаалд л цаддаггүй шүү дээ. Магтаал дандаа хүнийг урагш түлхэж байдаг, уриалж дуудаж байдаг. Миний хувьд бол магтаал амьдралын минь нэг хэсэг. Магтаалгүй нэг өдрийг өнгөрөөнө гэдэг хэцүү. “Би алдар магтаалд дургүй″ гэж хүмүүс ярьдаг юм байна лээ.

Харин би бол магтаалд дуртай. Хүн өөрөө л тэр магтаалыг жаахан сэвшээ салхи юм уу, хүчтэй шуурга гэж үззж, түүндээ элэгдэхгүй ноён нуруутай байх ёстой шүү дээ. Тэрийг даах ёстой. Магтаалыг хүн өөрөө авдаг шигээ бусдад өгч чаддаг байх нь агуу их сэтгэл.

Тэгэхгүйгээр зөвхөн өөрийгөө магтуулаад л, өөрийгөө хүний дээд, ертөнцийн төв гэж бодчихоод, бусдын сайн сайхныг олж харахгүй амьдарна гэдэг бол бэртэгчний шинж.

-Тэгвэл нэр хүндийн тухай ярья. Нэр хүнд тухайн хүнд ирэхдээ зарим зүйлсийг авчирч, заримыг нь бүр мөсөн авч оддог байх. Таны хувьд олсон, алдсаныхаа дэнсийг тооцвол?

-Хувь заяатай тооцоо хийж би үнэхээр үзээгүй. Гэхдээ нэр төр гэдэг бол тийм амар хялбар олддог зүйл биш. Нэр төртэй байна гэдэг зөвхөн олны нүдэнд сайн сайхан явж харагдахыг хэлэхгүй шүү дээ. Нэр хүнд гэдэг чинь алгуурхан ирдэг атлаа алга болохдоо нэг л өдөр, нэг л хоромд хийсчихдэг эмзэгхэн эд учраас тийм мөнхийн зүйл ч биш.

Хүн өөрөө өөрийгөө л жигшихгүй амьдарна гэдэг агуу их нэр хүнд. Бусад хүн чамайг юу ч гэж харж болно. Чамайг ойлгохгүй байж болно. Ер нь хүний амьдралын 90 хувийг бусад хүн ойлгодоггүй. Ялангуяа яруу найрагч юмуу уран бүтээлч хүний амьдралыг бүр ч ойлгодоггүй. Хамгийн гол нь чи өөрөө өөртөө дургүй хүрэхгүйгээр амьдрах хэрэгтэй.

-Анхны “Гүнж аялгуу” номоо гаргаж байсан үеийн Хулан, өнөөдрийн Хулан хоёрын хооронд хэр их ялгаа байна?

-Он жил л өнгөрснөөс биш нэг их ялгаа байхгүй байх.

-”UBS” телевизээс зохион байгуулдаг “To be or not to be” нэвтрүүлэгт шүүгчээр ажилладаг. Ta оролцогч хүүхдүүдээс хамгийн түрүүнд юуг олж харахыг хүсч, хүлээдэг вэ?

-Тэр хүүхэд эвдрээгүй хүүхэд байгаасай л гэж хамгийн түрүүнд хардаг. Хүн ямар ч мундаг авьяастай байлаа гээд эвдрээгүй, хэт биеэ тоогоогүй, өөрийгөө доошоо үнэлээгүй, зожиг биш, хэт нийтэч биш, ноён нуруутай байх ёстой. Уран бүтээлч хүн болгон ноён нуруутай байх ёстой.

Яагаад гэхээр энд чинь уран бүтээлч шалгаруулах гэж байгаа шүү дээ. Мөн уран бүтээлч хүнд байх ёстой гол чанар бол хүнээс үг дуулж чаддаг, өөртөө хэт их омтгойрдоггүй байх. Иймэрхүү хүүхдийн эвдрээгүй чанар, үгээ хэлж байгаа байдал, биеэ авч яваа байдал, нүдний харц зэргийг түрүүлж анзаардаг даа.

-Таны ихэнх гоёл, хувцасны сонголтод улаан өнгө зонхилсон харагддаг. Их бадрангуй өнгө шүү дээ. Яагаад заавал энэ өнгөнд дурладаг юм бол?

-Хүмүүс тэр өнгөтэй их олж хараад байдаг байх. Улаан өнгө надад илүү зохидог.Түүнээс биш миний хувцасны шүүгээг нээгээд үзэх юм бол нил улаан биш, эрээн л харагдана.

Харин нэг онцлог нь маш хурц тод өнгөнүүд л байдаг. Язгуураасаа надад саарал, хүрэн бор өнгө ерөөсөө зохидоггүй. Тийм өнгийн хувцас өмсчихөөр нэг их гунигтай байгаа юм шиг, ямар нэг бүслэлтэд орчихсон юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг.

-Малгайны цуглуулга нь хэр арвижиж байна?

-Заримыг нь тарааж бэлэглээд л, заримыг нь хураагаад л байж байна. Манайх чинь шороотой, бороотой гээд малгай өмсөхөөр улирлуудтай шүү дээ. Жаахан нас яваад ирэхээр бүр илүү л өмсөх байх.

-Их ур орсон, хийц сайтай үндэсний дээлнүүдээр гоёдог. Ямар салоноор урлуулдаг вз?

-Олон жил дээл оёсон оёдолчии байдаг. Би өөрөө торго, эмжээр, бүсээ сонгоод, загвараа гаргаад өгчихдөг учраас миний өөрийн бүтээл гэж хэлж ч болно. Түүнээс биш тусдаа стилист, дизайнер гэж байхгүй. Хэрэв алд биеэ аятайхан аваад явахгүй юм бол ардын сайхан дээлээ хагас дутуу өмсч яах юм бэ.

-Найрагч Хулангийн номын фонд их арвин байх?

-Сүрхий нямбай хадгалаад байдаг байсан бол нэлээд олон ном байх байсан. Гэхдээ би номыг тоо биш чанараар нь, дотор нь байгаа үгээр нь, тэр үгсээс надад таарахыг нь илүү сонгож цуглуулдаг болсон. Би орд харшид амьдардаггүй. Бусдын л адил орон сууцанд амьдардаг болохоор зайнаасаа авахуулаад багталцахгүй хэцүү байна.

Чухамхүү хувь заяагаар холбогдсон номнуудаа бол байнга хажуудаа байлгана. Их олон ном цуглуулсан хэрнээ тэрийгээ огт уншдаггүй хүн их олон байдаг. Уг нь номыг өөрөөрөө дамжуулж уншаад, хамгийн үнэ цэнэтэй зүйлийг нь толгой дотроо авч үлдэх хэрэгтэй.

-Хамгийн анхны шүлэг нь “Намар” нэртэй санагдана?

-”Намар” шүлгээ 14 настайдаа бичиж байлаа. Харин сонирхуулж хэлэхэд олонхи дотоод чанадын, мэдрэмжийн шүлгээр гараагаа эхэлсэн яруу найрагчдын хувь заяа бас яг тэр шүлэг шигээ хөтлөгддөгийг би анзаарсан. Дэлхийн олонх алдар суутай, сайн яруу найрагчид өөрийгөө биш, өрөөлийг чагнасан мэдрэмжээс яруу найргаа эхэлсэн байдаг. Энийг хараад би “Овоо шүү дээ” гэж өөрийгөө дотроо тоож байсан.

-Ямар үед найрагчид сайхан мөртүүд орж ирдэг вэ. Ихэнх яруу найрагчид сэтгэл эмзэглэсэн, гуниглаж гэгэлзсэн үед сайхан мөртүүд гардаг гэж хэлсэн байдаг?

-Би онгодыг хүлээгээд, байж ядаад байдаггүй. Яг үнэнээ хэлэхэд би дуртай үедээ шүлгээ бичдэг. Сэтгэлд нэрэгдээд л, хөрөнгө шиг исээд байсан зүйлээ нэг л өдөр цаасан дээр буулгахад сайхан байдаг. Нөгөөтэйгүүр би бол онгодын харьяат гээд бусдыгаа хэтэрхий их хаячихсан, магадгүй тэнэмэл золбин амьдралаа яруу найрагчийн амьдрал гэж үздэг арчаагүй байдлаас би их ичдэг.

Яагаад гэхээр яруу найрагч хүн үгнийхээ төлөө, хүний өмнө хариуцлага хүлээж амьдрах ёстой. Өөрсдийн гэсэн тэмцдэг зүйлтэй, тэрийгээ хамгаалдаг, тэрнийхээ төлөө бахардаж бачимддаг, тэрнийхээ төлөө уужирч тавирдаг, уярч догдолдог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үзэл санааны яруу найраг. Энэ бол тэр туг өргөсөн яруу найраг биш юм шүү.

Яруу найрагч өөрөө үгээрээ, үзгээрээ тэмцэхгүйгээр, “Би бол онгодын харьяат, сэтгэл эмзэглэсэн үедээ бичлээ” гээд биеэ нөөгөөд байж болохгүй. Би энийг нэгэн цагт хэлж л байсан шүү дээ. “Насанд хүрээгүй хөвгүүд өөрсдийгеө илж таалж дур тавьж байгаатай ялгаагүй яруу найраг бичээд байна” гэж. Өнөөдөр ч энэ байдал хэвээр байгаа нь харамсалтай.

-”Ганцхан ээждээ унших шүлэг″-ээ өөрөө ээж болсныхоо дараа бичиж байв уу?

-Ээж болсон хойноо бичиж байсан. Хүмүүс эхний, сүүлийн мөрөнд их хайртай байдаг. Ээжүүд минь урт наслаад, тэднийгээ урт наслахын хэрээр бид өдрөөс өдөрт ухаажиж амьдарвал тэдний маань гол аз жаргал тэр.

-Дөнгөтийн Цоодолын охин болж төрснийхөө төлөө бусдын хайр хүндэтгэлийг илүү амсав уу, эсвэл аавын сүрэнд дарагдаад олноо танигдахад саад болж байв уу?

-Аль аль нь. Миний аав чинь намайг бодоход үг дуу цөөтэй, даруу хүн. Би бол гудамжинд зодоон хийж ч чадах л хүн шүү дээ. Өнөөдөр ч гэсэн би өөрийгөө томоожчихсон, ухаажчихсан гэж хэлэхгүй.

Яахав нэг чиг хандлага адилхан байдаг. Энэ бол Монголын яруу найрагт үнэнч, сонгодог уламжлалаас бид ухарч байгаагүй. Аав минь намайг тэнэж төөрөхгүйгээр, яруу найрагт хөтөлж оруулах тэр нөхцлийг бүрдүүлж өгсөн. Миний аавдаа зориулсан “Энэ ертөнцөд би гунигийг чинь хүртэл өвлөсөн” гэж нэг шүлэг байдаг шүү дээ.

-Аавынхаа ямар бүтээлд хамгийн их хайртай вэ?

-Ер нь бүгдэд нь л хайртай. Гэхдээ сүүлийн үед аав минь насаа мэдэхгүй олон цагаар ширээний ард сууж байна. Төрийн соёрхолт, зохиолч Б.Догмид манай аавтай тааралдаад “Чи нэг хэсэг орчуулагчдыг ажилгүй болгосон. Одоо үргэлжилсэн үгийнхнийг ажилгүй болгох гэж байна уу” гэж хэлсэн байсан. Тоглоом шоглоом ч гэлээ энэ бол үнэлгээ дүгнэлт.

Охин нь хэлж байгаа болохоор худлаа сонсогдох байх. Гэхдээ миний аавын сүүлийн үед гаргасан үргэлжилсэн үгийн зохиол, орчуулгын бүтээлийг ирээдүйн Монгол унших болно. Өнөөдөр хүмүүс аливаа номондоо реклам хийдэггүй миний муу аав шиг уран бүтээлчийн нимгэн хавтастай номыг олж харахгүй байж ч магадгүй.

Гэхдээ уншдаг хүмүүс нь уншаад, үгээ хэлчихсэн учраас би Монголын ирээдүйн гэгээтэй хүмүүст миний аавын тэр бүтээлүүд хүрэх байх гэж найддаг.

-Энэ жил “Хулангийн үдэш”-ээ хийх үү?

-Хийнэ. Ирэх тавдугаар сард хийнэ. Мэдээж төр түмэндээ баярласнаа илэрхийлж би толгой мэхийн хүндэтгэж, бүгдэд нь шүлгээ уншиж өгнө. Одоохондоо дотроо төсөөлөөд л явж байна даа. Өөрийгөө утга зохиолын шүүмжлэгч гэж боддог нэг хүн “Хулан өөрийгөө алдаршуулахын тулд “Хулангийн үдэш” хийдэг″ гэж бүхэл бүтэн номондоо оруулсан байна лээ.

Шүлгийн эргэн тойронд амьдардаг, шүлгээр хоолоо олж иддэг хүмүүс нэгийгээ ингэж харах дэндүү өрөвдмөөр. Яруу найргийн тэр гоё сайхан мэдрэмжээс ямар хол байнаа. Харин би нэг л зүйлийг хэлж чадна. Энэ бол алдаршихын төлөө биш. Миний уншигчид үнэхээр нуурын мандалд гараад ирсэн бадамлянхуа цэцэг шиг нарийн нандин мэдрэмжтэй, цэнгэг сэтгэлтэй. Тийм үзэгчиддээ зориулж би “Хулангийн үдэш”-ээ хийдэг.

-”Хүүхэлдэйн театр”-ын даргын ажлыг авснаасаа хойш багагүй хэл аманд өртлөө. Тэгсэн атлаа ямар ч тайлбар хийдэггүй?

-Өнөөдөр манай театр ямар үйл ажиллагаатай байна вэ гэдэг тодорхой харагдаж байна шүү дээ. Ажил, уран бүтэлүүд жигдэрч байна. Энэ бол миний тайлбар. Театр амь орохыг харах сайхан байна.

-”Шүлэг бодсоор явтал нас минь хэвийж Шүүдэр цуглуулж цай чанах худлаа боллоо, ээжээ” гэж таны сайхан шүлэг бий. Аав, ээждээ одоо ч эрх охин хэвээрээ юу. Тэдэндээ байнга очно биз?

-Тийм л байх даа. Уг нь би тийм айхтар эрх нь биш юм шүү дээ. Магадгүй би ээж аавыгаа өнгөрснөөс хойш “Би эрх байж дээ” гэдгээ илүү их мэдрэх байх. Одоо бол би байнга аав ээжийндээ гуйж очоод байдаггүй. Харин ч тэднийгээ зовоохгүйн тулд өөрийнхөө болж байгаа зүйлийг л чихэнд нь дуулгадаг болохоос биш болдоггүй зүйлийг тас нуугаад л өнгөрдөг, Олон жилийн дараа эргээд харахад эрхэлж явсан минь илүү их тодорч харагдах байх.

А.Халиун

Эх сурвалж:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх