Хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай нээлтүүдийн нэгд интернэт зүй ёсоор орно. Америкт сурч байгаа найзтайгаа нүүр нүүрээ харж ярилцах, Бээжинд байгаа түнштэйгээ ажлын өрөөнөөсөө видео хурал хийх, шинэ гарсан брэнд цагийг үйлдвэрээс нь захиалж авах, сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг үзэж, унших боломжийг интернэт бидэнд олгосон. Интернэт үүссэн цагаас дэлхий хавтгай болж, улс хооронд хил хязгаар үгүй болов. Интернэтэд суурилсан үйлчилгээг цаг минуттай өрсөн бүтээцгээж байна. Интернэтгүй юм ч үгүй болов. Монголд ч тэр. Интернэтээр улсынхаа Ерөнхийлөгчтэй шууд харилцах, Засгийн газарт хов хүргэхээс авахуулаад тогны мөнгө, такси дуудлага, пицца захиалга, албан бичиг хөдөө явуулах зэрэг цаг барсан, хугацаа алдсан ажлаа гэрээсээ амжуулж болж байна. Саяхан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хотын дарга нар баталчихлаа. Интернэт, интернэтэд суурилсан хэрэглээ бусад улсын адилаар Монголд нэвтрээд байна. Улам ч дэлгэрнэ.
Тэгвэл интернэттэй болсноор бид юуг алдав. Олон нийтийн сүлжээ буюу сошиал нетворк амьд харилцааг үгүй болгож байна. Харин интернэт хэрэглэж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад аюулгүй байдал, нууц гэж үгүй боллоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах Батлан хамгаалах яамныхан маань хүртэл албан тушаалтнуудынхаа мэдээллийг интернэтээр алдчихаж байна шүү дээ. Энэ удаа интернэтийн аюул занал хэмээх хэтэрхий өргөн сэдвийг түр хойш тавья. Харин интернэт орчинд үйлдэж байгаа гэмт хэрэг бидэнд ямар аюул авчирч байгааг хөндөе.
Мэдээллийн технологи, шуудан харилцааны газраас гаргасан судалгаагаар 2007 онд 17 мянган хэрэглэгч компьютероос интернэт хэрэглэж байжээ. Энэ тоо 2013 онд 835 мянга болж өссөн байх юм. Харин 2013 онд 635 мянган хэрэглэгч 3G технологи ашиглан интернэт ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, манай улс 1.4 сая гаруй интернэт хэрэглэгчтэй. Нэг хэрэглэгч гэдэг нь нэг интернэт тоглоомын газар, нэг албан байгууллага, нэг өрх, нэг иргэнийг хэлсэн ойлголт. Тэгэхээр 1.4 сая хэрэглэгчийн цаана хэчнээн хүн интернэт ашиглаж байгаа нь тодорхойгүй. Цаашлаад интернэт ашиглаж байгаа хэдэн хүн хувийн мэдээллээ бусдад алдаж, ашиглуулж, эргээд гэмт хэргийн золиос болж байгаа нь ч тодорхойгүй байна гэсэн үг юм. Манай улсад компьютер, интернэт, мэдээллийн орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх хоёр бүтэц бий. Нэг нь, ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар, нөгөө нь ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг. Цөөн алба хаагчтай энэ хоёр бүтэц 1.4 сая хэрэглэгчийг кибер гэмт хэргээс хамгаална гэвэл хүн хүчээс авахуулаад технологи, санхүү нь хүрэлцэхгүй. Дэлхийн аль ч улсад ийм боломж байхгүй. Ийм учраас иргэд өөрсдөө л гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал болоод байна. Бидний хайхрамжгүй, гэнэн, мэдлэггүй байдлыг далимдуулж мөнгө олох сонирхолтой хүн ертөнцөөр дүүрэн бий.
Бидний гар утсанд та их хэмжээний мөнгө хожлоо, хөрөнгө өвлөлөө, лотерейд хожлоо гэсэн мессежүүд ирдэг. Энэ нь смишинг буюу гар утасны залилангийн гэмт хэрэг юм. Сүүлийн үед энэ төрлийн хэргээс болж хохирсон иргэдийн тоо өсч мэдэхээр байна. Саяхан л гэхэд, Хөвсгөл аймгийн иргэн А ийм мессеж ирснээс болж 7500 гаруй ам.доллараа хэнийг нь ч мэдэхгүй гадаадын иргэн рүү шилжүүлсэн байна. А их хэмжээний мөнгө хожсон гэж хууртсанаасаа болж банкнаас цалингийн зээл аваад гадаадын иргэний дансан руу мөнгө хийсэн гэж байгаа. Өнөөх нь Их Британийн иргэн байсан бөгөөд Монголын ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан дээрх иргэний гомдлын дагуу мөнгийг нь олж өгөхөөр Интерполын шугамаар хөөцөлдөж байгаа гэнэ. Өнөөх нь манай иргэнтэй холбоо тогтоож итгэлийг нь олоод, эхлээд мөнгө хожсон хэмээн татварт 2000 ам.доллар, дараа нь аюулгүй хүргэж өгөх зардалд 5500 ам.доллар хуурч авсан байгаа юм. Энэ мэт 20 гаруй хэргийг ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрсөн онд илрүүлэн шалгаж байгаа аж. Харин он гарсаар 7-8 хэргийг шалгаж байгаа юм байна. “Google Translate”-ийг ашиглаж гадаадууд бичсэн захидлаа монгол хэл рүү хөрвүүлж бусдыг залилах нь их байдаг ажээ.
Үүнээс гадна гадаад худалдаа эрхлэгчдийг ч “молигодож” мөнгийг нь авдаг хэрэг гарах болжээ. Хэрэв та хэн нэгэн дотоод болоод гадаад улсын бизнесийн түнштэйгээ цахим шуудан ашиглан холбогддог. Тэдэнтэй төлбөрийн болон банкны мэдээллээ солилцдог бол интернэт луйврын гэмт хэргийн төрөл болох “fishing”-ийн /загасчлах/ золиос болох эрсдэл Монголд байгааг анхаарах цаг болжээ. Манай улсын томоохон гадаад худалдаа эрхлэгч нэг байгууллага яг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болон шалгагдаж байна. Цагдаагийнхан шалгахад, гэмт этгээдүүд эхлээд түншийнх нь албан ёсны цахим шууданг дуурайлган хийсэн байжээ. Дараа нь түншийнх нь өмнөөс холбогдож “Төлбөр хүлээн авах банк, данс өөрчлөгдлөө” гэх зэргээр мөнгийг нь өөрсдийнхөө дансанд хийлгэсэн байна. Гэхдээ үүнээс сэргийлж болох байжээ. Жишээ нь, таны гадаад түнш Биллээс ээлжит нэг шуудан ирлээ гэж бодъё. Билл нь bill@microsoft.com гэсэн албан ёсны хаягтай бөгөөд танд яг тэр хаягнаас л мэйл ирүүлдэг. Үүнийг үнэн худлыг мэдэхийн тулд “Reply” буюу хариу бичих товчийг дарахад нөгөө bill@microsoft.com гэсэн хаяг чинь таньд bill@yahoo.com юм уу өөр бусад дээрх хаягийн ард нуун илгээсэн гэмт этгээдийн хаяг харагдах болно. Үүнийг анзаарах эсвэл түнштэйгээ утсаар холбогдож асуух нь энэхүү гэмт хэргийн золиос болохоос сэргийлнэ гэж цагдаагийнхан хэлж байна. Ингэж чадахгүй бол хэн нэгэн гэмт этгээд та хоёрын дундаас “мөнгө цохих” боломж байна.
Албаны хүмүүсийн санаа зовоож байгаа өөр нэг хэрэг бол секс сүрдүүлэг. 2013 онд секс сүрдүүлгийн 28 удаагийн тохиолдол ЭЦГ-т бүртгэгдээд байна. Энэхүү гэмт хэргийг онлайн хэлбэрээр үйлддэг бөгөөд үйлдэгч этгээд нь гадаад улс орноос байгаа нь уг гэмт хэргийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага оногдуулах ажилд хүндрэл учруулдаг ажээ. Иймд энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө хамгаалж, урьдчилан сэргийлэхэд хувь хүн өөрөө тодорхой мэдээлэлтэй байх шаардлага гарч байна. Фэйсбүүк ашиглан танилцаж, Скайф мессенжэр ашиглан онлайн секс хийдэг нь энэ төрлийн гэмт хэргийн тогтсон хэлбэр ажээ. Гэмт этгээдүүд нь ихэвчлэн хуурамч бичлэгийг ашиглаж манай улсын иргэдтэй хийсэн онлайн сексийн бичлэгээ найз нөхөд, гэр бүлийнхэнд нь тараана, “Youtube”-д байршуулна гэх мэтээр дарамталж мөнгө нэхдэг байна. Нөгөөтэйгүүр, гар утсандаа өөрийн болон гэр бүлийн хүнийхээ нүцгэн зураг, бичлэгийг хадгалах нь тун ч аюултайг цагдаагийнхан хэлж байна. Утсаа хулгайд алдсан, гээсэн тохиолдолд олсон хүн нь эзнийх нь хувийн зураг, бичлэгийг дэлгэх аюултай. Монголын зарим сайтад олны танил хүмүүсийн хувийн зураг, бичлэг дэлгэгдэж байжээ. Тэд зураг, бичлэгийн эзнээс 500-10 мянган ам.доллар нэхсэн баримт цагдаагийнханд байдаг ажээ.
Дээрх мэдээллийг бэлтгэх явцад албаныхан нэг зүйлийг зориуд бичиж өгөхийг хүссэн. Энэ бол өсвөр насныхны интернэт хэрэглээ. Өнөөдөр интернэтэд орохгүй утастай бол хичээлдээ явахгүй гэж уйлдаг хүүхэд олон болсон. Албан бус судалгаанаас үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн 38 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээ сайтуудад нийтэлдэг бол, 10-17 насны хүүхдүүдийн 46 хувь нь хэн нэгэн этгээдэд өөрсдөө мэдэлгүй хувийн мэдээллээ өгч байдаг. Харин 16-17 насны хүүхдүүдийн 56 хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг байна. Нийгмийн сүлжээ сайтууд хүмүүсийн хувийн мэдээллийн байнга шаарддагаас гадна хүүхдүүд бусдад их найз нөхөдтэй харагдахын тулд бодит амьдрал дээрээ таньж мэдэхгүй хүмүүсийг найзын жагсаалтандаа оруулдаг нь бас нэг том эрсдэл юм. Тэд интернэт орчинд бичсэн зүйлсийг буцаах боломжгүй, тэднийг найз нөхдөөс нь гадна гэмт этгээдүүд харж байгааг мэддэггүй учраас мэдээллээ нийтэлдэг. Үүгээр нь далимдуулж таны 13 настай охиныг хуурамч мэхэлж хүчиндэх, барьцаалах хэрэг гарч болзошгүйг цагдаагийнхан сэрэмжлүүлж байна. Учир нь, таны охины интернэт дэх 13 настай найз хөвгүүний цаана дүрээ нуусан гаж донтон байх боломжтой. Ийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ “facebook”, “myspace” зэрэг сошиал медиа сайтуудад хэнтэй нөхөрлөөд юу ярилцаж байгаад байнгын хяналт тавьж, үе үе найзуудынх нь жагсаалтыг шалгахад гэмгүй болов уу. Бодит амьдрал дээр 20 хүрэхгүй найзтай хүүхэд интернэт орчинд 2000 найзтай байдаг. Энэ л эрсдэл юм. Интернэтэд хулгай, дээрэм хийхээс авахуулаад хүнийг яаж тарчлаан зовоох, тэсрэх бөмбөг яаж бүтээх гээд бүхий л мэдээлэл бий. Ийм учраас бид хүүхдээ хүн төрөлхтөний суут бүтээлүүдийн нэг интернэт дэх аюулаас хамгаалах хамгийн чухал болоод байна.