Дэлхийн урлагийн ертөнцөд содон өнгө, сонирхолтой уран бүтээлүүдээрээ алдаршсан зураач Фрида Кало 1907 онд Мехико хотноо Гулермо болон Матильда Кало нарын гурав дахь охин болж мэндэлжээ. Түүний эцэг Герман гаралтай еврей үндэстэн бөгөөд зурагчин байсан ажээ. Харин ээж нь Америкт төрсөн испани эмэгтэй юм.Ах нь Фридаг төрөхөөс өмнөхөн энджээ
Магадгүй түүнээс ч болсон уу ээж нь охиноо хүү байгаасай гэж хүсдэг байсан гэнэ. Тэрбээр Фридад хүүгийнхээ хувцсыг өмсгөж, хөвгүүдийн тоглоомоор тоглуулдаг байв. Охин ч үеийнхнээсээ огт өөр хүүхэд байсан бөгөөд даашинз өмсөх дургүй, тоглоомон цэргээр нааддаг байжээ Охин зургаан настайдаа халдварт саа өвчнөөр өвдсөний улмаас баруун хөл нь доголон болжээ. Дугуй унаад явахад нь “Модон хөлт Фрида” хэмээн үеийнхэн нь шоолдог байв. Харин тэрбээр үл тоомсорлон усанд сэлж, хөвгүүдтэй тоглон бүр боксоор хичээллэдэг байжээ. Эрүүл хөлтэй харагдахын тулд хөлдөө гурваас дөрвөн татуурга зүүдэг байсан аж. 1925 оны есдүгээр сарын 17-ны бороотой үдэш зураач бүсгүйн сууж явсан автобус нь трамвайтай мөргөлдөж осолд оров. Хүчтэй мөргөлдсөний улмаас хамт явсан залуу нь газар шидэгдэж, азаар хөнгөн гэмтэл авсан тул түргэн эдгэсэн байна. Харин трамвайн гүйдэл хүлээн авагчийн хугархай төмөр Фридагийн гэдэс рүү нь шигдэж улмаар цавь руу нь нэвтэрч орсноор гуяны яс нь хүнд гэмтжээ. Мөн нурууныхаа гурван хэсэгт бэртэл авч, хоёр хөлөө хугалжээ. Эмч нар 18-хан настай бүсгүйн амийг аварна гэдэгтээ итгэлгүй байлаа.Гэхдээ зураач бүсгүй энэ бүхнийг даван туулсан ч олон сарын турш хэвтрийн дэглэм барьсан байна.Тэр үед Фрида эцгээсээ бийр будаг авч өгөхийг хүсчээ. Охиндоо хэвтэж байхдаа зурахад эвтэйхэн байхаар тусгай жааз хийж өгөв. Мөн орных нь дээр толь суурилуулж өгснөөр өөрийгөө харах боломжтой болжээ. Өөрөө өөрийгөө зурах нь Фридагийн уран бүтээлийн гол чиглэл болсон байна.
Би өөрийгөө зурж байна. Уртаас урт хугацааг ганцаардал дунд өнгөрүүлж байгаа учир бүхнээс илүү мэддэг тэр сэдэв нь би өөрөө болчихоод байна. Фрида Кало 22 насандаа Мексикийн хамгийн алдартай институтэд элсэн оров. Мянган оюутнаас ердөө 35 бүсгүйг шалгаруулан авсан байна. Тэнд Фрида ирээдүйн нөхөр болох дөнгөж Францаас ирээд байсан зураач Диего Ривератай учирчээ. Гоц гойд авьяасаараа бусдаас ялгарч байсан нь Риверагийн анхаарлыг татсан байна. Тухайн үед нөхөр нь 43 настай байжээ. Хуримынхаа дараа хос хоёр шинэхэн байрандаа оров. Олон жилийн турш амьдарсан тэрхүү байшин нь Мехико хотын Койаокан дүүргийн Лондрес гудамжин дахь “цэнхэр байшин” хэмээн алдаршжээ. Гэр бүлийн амьдрал дур тачаалаар оргилон буцалж байлаа. Тэд үргэлж хамт байж чаддаггүй байсан ч сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг байжээ. Хос хоёрыг зөвхөн урлаг бус коммунист үзэл баримтлал нь нэгтгэдэг байв.
Гэвч 1934 онд Диего Ривера эхнэрээ араар нь тавьж, охин дүү Кристинатай нь Фридаг хууран мэхэлжээ. Авааль эхнэрээ доромжилж байгаагаа мэдэрсэн хэрнээ харьцаагаа муутгахыг хүсээгүй байна. Фрида хүнд цохилтод орлоо. Бардам зангаасаа болоод хэнтэй ч уй гашуугаа хуваалцаагүй байна. Гэвч энэ бүхнээ уран бүтээлдээ шингээжээ. Биедээ дүүрэн шархтай цусандаа хутгалдан хэвтэж буй нүцгэн эмэгтэйг дүрсэлсэн зураг магадгүй түүний бүтээлүүдээс хамгийн эмгэнэлтэй нь болов уу. Хажууд нь бүсгүйн биеийг хутгаар шархдуулсан нэгэн эр зогсоно. “Хэдхэн шалбархай” хэмээн Фрида зургаа нэрлэжээ. Нөхөр нь хуурсны дараа надад ч гэсэн хэн нэгэнтэй амраглах эрх байгаа хэмээн зураач бүсгүй шийдэв. Харин энэ бүхэн Риверагийн бухимдлыг төрүүлжээ. Алдарт зураач нөхөр нь сэтгэцийн эмгэгтэй мэт хартай байсан тул Фридагийн энэ байдлыг тэвчиж чадсангүй. Нэгэн удаа эхнэрээ Америкийн уран барималч Исаму Ногучитай байхыг нь хараад золтой л буудчихаагүй байна. Фрида Калод ЗХУ-ын хувьсгалчдын лидер Троцкий хүртэл дурлаж байсан гэх зүйлс яригддаг ажээ. Мексик зураач бүсгүй Троцкийг ЗХУ-аас хөөгдсөнд нь ихэд өрөвдөж байсан ч Диего Риверагийн ачаар Мехикод тухтай суух болсонд нь баярлаж байв. 1937 оны нэгдүгээр сард Лев Троцкий эхнэр Наталья Седовагийн хамт Мексикийн Тампико боомт дээр иржээ. Тэднийг Фрида тосож аваад гэртээ авч ирэв. Харин энэ үеэр Диего эмнэлэгт хэвтэж байсан аж. Хэдхэн минут ярилцаад л хараа булаам сайхан бас сонирхол татам Фрида зочиддоо ихэд таалагджээ. Жар шахаж яваа хувьсгалч эр хүртэл бүсгүйг хөвгүүн шиг сонирхож эхэлсэн гэдэг. Тэрбээр зураач бүсгүйтэй энхрий зөөлөн харьцаж байлаа. Нэг бол санамсаргүй мэт гарт хүрч эсвэл ширээн доогуур хөлд нь хүрэх мэтээр сээтгэнэнэ. Мөн дурлалын үгтэй захидал бичээд номынх нь завсар хийгээд эхнэрийнхээ болон Риверагийн нүдэн дээр дамжуулж өгнө. Наталья Седова энэ талаар сэжиг авсан бол Диего ердөө ч анзаараагүй гэлцдэг. Энэ явдлын талаар бас өөр нэгэн хувилбар бий. Тэднийг Мехикогоос 130-аад километрийн зайтай орших Сан-Мигель Регла хэмээх газар нууцаар уулздаг байсан гэлцдэг. Харин Седова нөхрийнхөө явдлыг мэдсэнээр удалгүй Троцкий эхнэрээсээ уучлалт хүсээд богино настай “хайрын романсдаа” цэг тавин Риверагийн гэрээс явсан байна. Гэхдээ энэ бол цуу яриа. Фрида амьдралд хайртай байлаа. Энэ бүхэн нь хүмүүсийг түүн рүү соронзон шиг татдаг байжээ. Бие махбодийн хувьд шаналж зовж байсан ч тэрбээр хошин шогийн мэдрэмжтэй, инээж хөхөрч, чин сэтгэлээсээ хүнтэй ярилцаж чаддаг байжээ. Харин бийр барихаараа сэтгэлийн гүндээ нэгэн зүйлээс болж шаналдаг байв. Тэрбээр хүүхэдтэй болохыг насан туршдаа мөрөөддөг байсан ч хүнд гэмтлээсээ болоод хүүхэд төрүүлэх боломжгүй болжээ. Гурвантаа жирэмсэлсэн ч үргэлж эмгэнэлтэйгээр төгсдөг байв. Тиймээс зургандаа хүүхдүүд дүрслэх болжээ. Ихэвчлэн түүний зурганд гэрэл гэгээ, нар салхи дүрслэгддэг ч үе үе эндсэн хүүхэд зурна…Фрида зовж шаналсан үедээ уух дуртай байлаа. Тэрбээр согтохоороо элдэв янзын хараалын үг урсгаж, тамхи татан, ёс бус үг хэллэгтэй дуу дуулдаг байв. Мөн хошигнох дуртай байсан бөгөөд “Инээд хөөрөөс үнэтэй зүйл хаана ч байхгүй. Түүний ачаар өөрөөсөө холдож, жингүйдэлд ордог юм ” хэмээн ярих дуртай байжээ. Тэрбээр коммунист үзэлтэн байлаа. 1928 онд Мексикийн коммунист намд элссэн боловч жилийн дараа нөхрөө дагаад намаасаа гарлаа. Харин арван жилийн дараа дахин намдаа элсчээ. Түүний номын сангаас анатоми, физиологи болон сэтгэлзүйч Зигмунд Фрейдийн бүтээлүүдээс гадна Маркс, Ленин, Сталин, 1943 онд Мехикод хэвлэгдсэн Зиновьев, Дэлхийн хоёрдугаар дайнд зориулсан Гроссманы нийтлэл зэрэг төрөл бүрийн ном ботиудыг олж харах боломжтой байв. Унтлаганых нь өрөөнд орных нь толгойд марксизм ленизмийг үндэслэгчид болон тэдний үзэл бодлыг баримтлагчдын зураг өлгөөтэй байжээ. Тухайлбал, гоёмсог модон жаазанд Мао Зедун болон Сталины хөрөг, Ленины Улаан талбайн индрээс үг хэлж буй зураг зочдын нүдэнд тусна. Гэмтэлтэй нуруунаасаа болоод Фрида Кало байнга эмнэлэгт хэвтдэг байв. 1950 онд нуруундаа долоон удаагийн хагалгаа хийлгэжээ. Эмнэлгийн оронд дээр есөн сарыг өнгөрөөсний дараа Фрида тэргэнцэр дээр суух болжээ. Хоёр жилийн дараа түүнд дахин уй гашуу тохиолдов. Өвчний улмаас баруун хөлөө тайруулсан байна. Зовлон шаналалд автсанаасаа болоод хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон ч 1953 онд анхныхаа үзэсгэлэнг гаргасан нь сэтгэлийнх нь цорын ганц тайтгарал болж байв. Фрида жаргалтай байлаа. Тэрбээр урьдын адил нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Тэрбээр нөхөр Риверагаас дутахгүй алдаршжээ. Унтлаганы жижигхэн өрөөнийхөө таазанд зурсан тод өнгөтэй эрвээхийнүүдээ харж тайвшран багахан ч атугай нүднийхээ хорыг гаргачихаад дахин бийрээ барина. Өөрийнхөө нэг ч хөрөг зурган дээр Фрида инээмсэглэдэггүй. Гүн бодолд автсан, гунигтай төрх, хоорондоо нийлсэн өтгөн хар хөмсөг нь нүдэнд тусна.
Зургандаа ихэвчлэн өөрийгөө дүрсэлсэн байдаг нь түүний уран бүтээлийн гол онцлог. Урлаг судлаачид зураач бүсгүйн бүтээлүүд индиан омгийн түүх домогтой нягт холбоотой гэж үздэг. Алдарт зураач төрсөн нутгийнхаа түүхийг сайн мэддэг байжээ. Диего, Фрида хоёрын насан туршдаа цуглуулсан эртний соёлын дурсгалууд “цэнхэр байшингийн” цэцэрлэгт одоо ч гэсэн хадгалаастай байдаг аж. Амьтны дүрстэй чулуун үзмэрүүд олноороо хадгалаастай байдгаас гадна индиан маягийн баг өмсгөлүүд олж харах боломжтой. Мөн ямар ч түүх угсаатны зүйн музейгээс ховор олдох нэгэн зүйл бол бөмбөгөөр тоглох зориулалттай цагирагтай чулуун хавтан юм байна. Мексикийн эртний индианчууд тэрхүү цагираг руу бөмбөг шидэж тоглодог байсан бөгөөд хожигдсон багийн ахлагчаар бурханд тахил өргөдөг байсан гэлцдэг. Ийнхүү гоц авьяас билгээрээ дэлхий дахинаа алдаршсан зураач эмэгтэй 47 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэснээс долоо хоногийн дараа буюу 1954 оны долоодугаар сарын 13-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг их хэмжээний нойрсуулах эм уусан гэдэг ч нөгөөтээгүүр уушги нь устсан гэлцдэг. Дараагийн өдөр нь ойр дотнынхон нь түүний хамгийн ихээр зүүх дуртай байсан эртний хийцтэй, далайн дунгаар хийсэн энгийн хэрнээ гоёмсог төрөл бүрийн зүүлт чимэглэлийг нь цуглуулан хамт нутаглуулжээ. Түүний шарилыг урт хар даавуугаар бүтээжээ. Фрида Калотой адил хувьсгалын үзэл баримтлалтай ангийнх нь анд Артуро Гарсиа Бустос голдоо цагаан таван хошуутай хадуур алхтай улаан тэмдэг шарилд нь хийж үлдээжээ. Гэвч түүнээс үүдэн маргаан дэгдэж, тэмдгийг буцаан хураасан байна. Эцсийн замд нь үдэх мөчид нь нөхөр Диего Ривератай зэрэгцээд Мексикийн ерөнхийлөгч асан Ласаро Карденас болон Сикейрос, Эмма Уртадо, Виктор Мануэль Вильясеньор зэрэг алдарт зураачид мөн хүндэтгэл үзүүлсэн. Амьд ахуй үед нь түүний бүтээлүүдийг Луврын музейд хүртэл тавьж байсан бөгөөд өдгөө хэдэн сая доллараар хэмжигдэх үнэтэй аж. Мөн түүнийг Холливүдийн уран бүтээлчид дэлгэцнээ мөнхөлж, гол дүрд алдарт жүжигчин Сальма Хайек тоглосон байна. Фрида Калогийн амьдрал уран бүтээлийнх нь талаар олон судалгаа хийгдсэн байдаг бөгөөд дэлхийн олон оронд Фридагийн хүүхэлдэйнүүд худалдаалагддаг ажээ.