Айн Ренд – Миний худалдаж авсан нөхөр (2 хэсэг)

2014 оны 04-р сарын 01 өдөр, 06 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58

2-р хэсэг.

.. Дараагийнх өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгvй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янзан бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярьсаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюлд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүхнээр нь сонсож билээ: Гэнри бүүр сүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогvй, маш олон хүнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ… Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй бүгд нь шалбаагт унасан юм.
Түүний компани сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнри-г өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнри-г хүндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж… эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ…
Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангvй. “Гэнри тэр Иринэ Вилмэрын юунд нь болдог байнаа.” гэж Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью-маниа нийгмийн тэргvvн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлvvлэх гурван охинтой) надад “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нүүрээ будангаа хажуугаас нь “Тэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдана…
Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгүй болгож уу үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргvй сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгvй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгvй айн чичирсэн. Би түүнийгээ бараг л таньсангүй: ширээн дээр сууж байгаа чулуун нүүр хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандалных нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг нь үл мэдэг чичэрнэ.
Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгvй. Би түүн рүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод “Гэртээ харь Ирэнэ.” Гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргүй юм гэж үү? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгvй шивнэв.
“Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү? ”гэж хэлэхэд түүний дуунаас нь; зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм: энэ бүгд түүний хэлсэн үнэн байх ямар ч учир байхгүй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнри-г булаах гэнээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дүүрэн инээдээр… Хэрвээ чиний бүхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чинь зөвхөн мөнгөгvй болсных нь төлөө орхи гэвэл инээд чинь хvрэхгүй гэж үү?
Тэр маань намайг сонсохыг хүсээгүй ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр үгүйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн өнгөөр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би түүний нүдэнд нь байсан асар хүчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгүйгээр амьдарч чадахгvй шүү дээ…чадахгүй” гээд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт залаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм: тэр гэнэт намайг тэвэрч нүүрийг минь нулимс үнсэлт 2оороо будаад “Тэгнээ… Ирэнэ.. тэгнэ” гэж хэлээд чичирч билээ. Түүний их хайр нь бүгдийг нь дуусашгvй их сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа.
Манай бяцхан хотынхны гайхшрал Гэнригийн дампууралаар дууссангүй: тэд бид хоёр ын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хэн ч итгэсэнгүй. Итгэх ч аргагүй байсан юм чинь… Тэд бүгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв… Гэхдээ үнээн би хайрандаа галзуурчихсан байсан юм… Хатагтай Хью хүртэл над дээр гүйж ирээд “Чи чинь галзуураа юу? Чи түүнтэй гэрлэж болохгүй, Ирэнэ… Энэ чинь тэнэг хэрэг… тэнэг…” гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бүүр хэлэх үгээ ч олохгүй байв. Түүний найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй Ноён Броган хүртэл “Наадах чинь солиорчихож” гэж хэлж байсан юм даг
Ноён Дэвис- манай эцэг эх 2ын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож үзэхийг хүсэв. Би өөрийнхөө ирээдүйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч үгүй үлдэж хамраараа газар хатгана гэнэ. ха ха ха. Би үүнийг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгvй. Би дэндүү их жаргалтай байлаа.
Хамгийн холын хараатай үгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нүдээр удаан ширтэж амьдрал таньснийх нь ул мөр болж үлдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлэээр мишээж “Чамайг дандаа ийм их баяртай байхгүй л болов уу гэж би айж байна, Ирэнэ… Ийм их хүсэл мөрөөдөл, дэврүүн тэмүүлэл сайн юм авчирдаггүй юм шүү!” гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр Гэнри руу эргэж “Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа…” гэж хүйтэн өнгөөр хэллээ. “Надад тэгж хэлэх тань илүүц биз дээ!” гэж Стаффорд түүнээс дутахгүй хүйтэн өнгөөр хариулсан юм.
Ингээд бид гэрлэлээ. Зарим хүмүүс төгс аз жаргал хэзээ ч байдаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна… Би Гэнригийн эхнэр нь боллоо… Би одоо Ирэнэ Вилмэр биш Ирэнэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яаж байснаа санадаггүй юм. Ер нь юу ч санадаггүй юм. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яаж байсан ямар байсныг маань асуувал би ганцхан л үг хэлж чадна: “Гэнри”. Тэр үргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бүхнийгээ зарж түүний өрийг дарж нэг ёсондоо түүнийг аварлаа. Бид одоо зөвхөн хоёр биенийхээ төлөө амьдрах л үлдлээ: өөр хэн ч биднийг ядраахгvй, зөвхөн бид хоёр… хоёр хүн хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал.
Гэхдээ нэг их удалгүй ирээдүйнхээ тухай бодохоос өөр аргагүй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг үрж, миний байшин сав, үнэт эдлэлийг бүгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх үүсвэр олох шаардлагатай болов. Гэнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. Хэдий нэг их сүртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагүй түүнд дажгүй л эхлэл байлаа.
Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Түүнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө байдаг хамаг хүчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хүчээ хуваарилаж чаддагүй учир, би түүний ажилд нь ч хүртрэл туслаж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь түүний хувьд байнга тохиолддог байв. Гэсэн ч би түүний ажлыг нь хийлгэх аргуудыг үргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илүү амжилттай ажилласаар байлаа.
Би түүний энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувьрахгүйг хичээж байв. Би түүний эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихүүн байдлыг бий болгоcoн нь намайг түүнээс үл мэдэг холдуулж, түүний сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бүх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагүй. Би түүний хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагүй гэж би итгэл дүүрэн хэлнэ. Бид асар хүчтэй сэтгэлээр жигүүрлэсэн амрагууд байлаа… Тэгээд л болоо…
Би түүний амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бүрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.
“Чам шиг бүсгүйг бүтээх гэж хэн бодож олдог байна аа, Иринэ.” гэж тэр маань заримдаа хэлдэг байв. “Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ” гэж хэлээд миний мөр хүзүүг маань гал халуун үнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгүй. Би ер нь түүнд хэзээ ч сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагүй юм. Эр хүн өөрийгөө бүсгүй хүний бүх амьдрал гэдгийг мэдээд хэрэггүй байдаг юм. Гэхдээ л Гэнри үүнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг үл ойшоосон өнгөөр угтсан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардалаас өөр зүйлгvй байсан эхний хэдэн жилүүдэд би ганцаарахнаа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилүүдэд түүнд надаас өөр хэн ч хэрээгvй байсан гэдгийгээ би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр “Ирэнэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол яах вэ?” гэж асуусан юм. Би хамаг хүчээ гарган байж “Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггүй дэндүү муухай байдаг юм” гэж хэлж билээ. Цаг хугацаа урссаар… гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бүр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хөдөлгөөн, үйл хөдлөл бүхнийг уншиж чаддаг болсон байв. Түүний ажлын өрөөний камин зуухны өмнө бид 2 үдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа түүний толгойг өвдөг дээрээ тавиад дүрэлзэх галын элчинд удаан гэгч нь үнсэлцдэгсэн. “2 хүн яаж ингэж нэг нэгтээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юмаа, Ирэнэ” гэж тэр заримдаа хэлнэ.
Бид ингэж 4 жил амьдарсан юм. Бүтэн 4 жил төгс аз жаргал, ухаангүй дурлал. Тийм их аз жаргал хvн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгүй. Тэгээд бодохноо одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггүй юмаа. Би амьдралд асар өндөр үнэ төлсөн нь үнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггүй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх….
Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хүмүүс бид 2ын жигтэй дурлалыг үзээд магадгүй урьдынхаасаа илүүтэйгээр хүндэлж харьцдаг байсан байх. Гэнри-г хүн болгон л хүндэлж байдаг, хаа сайгvй урьж залдаг болов. Түүний ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерүүдийн тоонд зүй ёсоор багтдаг болсон байлаа. Түүн шиг хөгжилтэй сонирхолтой хүнийг зөвхөн мөнгө төгрөггүйгээс нь болоод нийгэм түлхдэггvй юм билээ.
Ийнхүү өдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм… Энэ бүхнийг би амьдарч туулсан юм чинь бичиж чадах зориг надаас гарнаа…
Манай хотод нэгэн шинэ бүсгүй үзэгдэх болов. Түүний нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан Нью-Йорк-д амьдардаг нэгэн байсан бөгөөд Европ-с буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа түүнийг бүжгийн үдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бүсгүй байж билээ. Хав хар үсээ голуур нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагүй зүүсэн байлаа. Түүний уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгүй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдаж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч үнэлэмгүй өвөрмөц байлаа… Тэр үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм. Манай хотынхон нөгөө бүсгүйн хөлд гайхал бахархалаа харамгүй шидэлцгээж байв. Аргагүй дээ, бид үнэхээр түүн шиг бүсгүйг урьд хожид харж байсангүй. Тэр бүх хүмүүстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нүүрэн дээрх хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хүндлэлд хэдийнээ дасч бүүр залхах болсныг нь бэлхэнээ харуулна.
Гэнри түүн рүү харав… удаан гэгч нь тогтууханаар… Урьд нь түүнээс гарч байгаагүй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бүрийг ажиглах түүний харцнаас нь тодхон байсан юм… Тэр 2 хэдэн удаа бүжиглэв.
Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яаран сандралдан түүн рүү очив. “За байз би сонгоноо” гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд түүний шинэ фенүүдийн нэг нь “Байгаа бүх хүнээс сонго” гэж хашхирав.
“Байгаа бүх хүнээс ээ?” гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ:
“Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо.” гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хүргэж өгье гэж хэлээгүй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш… Ноён Барнс намайг гэрт хүргэж ирэв.

Би Гэнри-г буцаж ирэхэд нь Клэйр-н тухай юу бодож байгааг нь асуулаа Тэр товч бөгөөд тодорхойгоор “Харин тийм. Сонирхолтой л юм” гэж хариулав. Би түүнийг энэ хариултнаас хамаагүй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгүй.
Дараагийн удаа бид үдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хүсэлгvй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм.
“Ээ, Гэнри явъя л даа. Биднийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна Харвингс-нхан, Хатагтай Хью, хатагтай Брүүкс, Клэйр, Ноён Барнс гээд л” гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж
“Ерөөсөө явъя” гэв.
Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илүүтэйгээр бүжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үе үе хүрээд байгааг ажиглаж байв. Гэнригийн нүд рүү ямар ч саадгүй ширтэх тэр хар сормууст нүд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хүртэл тэр 2ыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахийг хүссэн нь тэр байлаа.
Үүний дараагаар Гэнри Клэйр-н очсон нэг ч үдэшлэгийг алгассангүй. Тэр түүнийг машинаар дагуулан явж, түүний амьдардаг хамаатных руу нь хүртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагүй тэр Клэйр-н театрт очих орой бүр тэнд очиж амждаг байлаа. Түүний нүдэнд нь догдлолоор дүүрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггүй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв.
Би бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд үхтлээ гайхсанаас биш янзан бүрийн сэжиг төрж байсангүй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгүй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйр-с хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хүсэхээ байж , бүх урилгануудыг үгүйсгэдэг байв. Тэр гэртээ бүрзийн суух болов… харин тэр бүрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа. Айдас.
Тэгэхэд л би бүгдийг ойлгосон юм. Түүний өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад үнэндээ ямар ч хамаагүй байлаа. Харин түүний барьц алдаж байгаа байдал нь… Тэр байдал л надад бүгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхүү юмс хэзээ ч нэг дор болдоггүй… Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзэл… Энэ эргэлзэлийг үгүй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгүй. Yүний дараагаар түүнийг анхааралтай ажиглаж эхэлсэн. Тэгээд л… Тэгээд л… Явдал учрийг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйр-д хайртай болсон байлаа…

Үргэлжлэл бий …

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх