Долоон өөр сэтгэмж УДЭТ-ын тайзнаа тавигдана

2014 оны 04-р сарын 07 өдөр, 01 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-mini-naranbaatar

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2010 оны хавар В.Красногоровын долоон жүжгийг өөр өөр найруулагчийн тавилтаар олны хүртээл болгож байсан. Энэ жил долоон найруулагчийн ур ухаан шингэсэн долоон жүжгийг энэ сараас үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Эдгээр жүжигт цөөн жүжигчид тоглодог учраас нүсэр биш, мөн өгүүлэх утга санаа нь сонирхолтой учраас үзэгчдийн анхаарлыг татаж чадна хэмээн уран бүтээлчид үзэж буй.

Энэ сарын 9-нд А.Вампиловын “Хэрээт төгөл” жүжиг үзэгчдийн хүртээл болно. Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан энэ жүжгийг 10-13-нд өдөр бүр 19.00 цагт тоглох юм билээ. Түүний дараа энэ сарын 23-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг тавина. Энэ жүжгийг 24-27-нд үргэлжлэн тоглох юм. Дөрөвдүгээр сарын 30-нд Ч.Түвшингийн найруулсан “Уучлаарай, та дугаар андуурч” жүжиг үзэгчдийн хүртээл болно. Америкийн зохиолч Люсиль Флетчерийн энэ жүжиг орчин үеийн залуусын анхаарлыг татах сонирхолтой тавилттай гэнэ.

Долоон найруулагчийн бүтээлийг танилцуулах энэ төслийн үргэлжлэлд Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Найдандорж “Чөлөөт хос”, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Баатар, залуу найруулагч Э.Ёндоншарав нар “Буруугүй буруутан”, Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар “Өчигдөр” жүжгээрээ оролцож буй. Түүнчлэн тус театрын үүд хаалга энэ сарын турш нээлттэй байж, үзэгчдээ угтах нь ээ. Маргааш, нөгөөдөр болон энэ сарын 20-нд Ч.Түвшингийн найруулсан “Норовын намтар” хүүхдийн жүжиг тоглох бол Софоклийн “Эдип хаан”, У.Шекспирийн “Гамлет”, Г.Ибсений “Нора” жүжгийг хуваарийн дагуу тоглох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх