Ажил олгогчийн анхаарал төвлөрөх хэдхэн секунд: нэг, хоёр, гурав… Энэхэн хугацаанд л таны энэ захиа болон CV-г анхааралтай унших үгүй нь шийдэгддэг. Таны материал бүхий электрон шууданг нээхэд ажил олгогчийн нүдэнд хамгийн түрүүнд тусдаг зүйл бол таны дагалдах захиа буюу “cover letter”, тэгэхээр энэ захиагаа эхнээс нь л зөв бичээгүй бол та эхний хэдэн секундэд л ялагдана гэсэн үг: таны CV–г нээж харах нь битгий хэл энэ богинохон захиаг чинь ч дуустал нь уншихгүй устгах магадлал өндөр!
Ихэнхи хүмүүс CV-гээ дангаар нь шахуу явуулсан байдаг, сайн л бол “би тийм хүн, тийм материал явууллаа” гэхээс цаашгүй дагалдах зурвастайгаар. Энэ бол тун буруу гэдгийг баттай хэлэх байна. Дагалдах захиагаа та CV–гээ жаахан дэлгэрүүлэх, тайлбарлах байдлаар, мөн хамгийн гол нь тус компанид ажиллахыг хүсч байгаа шалтгаанаа дурьдах ёстой, зүгээр ч нэг биш, сэтгэлийн хөдөлгөөн энэ тэрээ нэмж байгаад ажил олгогчийн зүрх сэтгэлд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй юм. Мөн, өөрийнхөө тухай эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд захиагаа бичихдээ дараахь хэдэн зүйлийг бодож бичээрэй:
1. Захианы чинь гарчигнаас ажил горилж буй нь шууд харагдах ёстой. Дараа нь ямар орон тооны тухай ярьж байгаагаа, орон тоо нээлттэй байгаа тухай хаанаас мэдсэнээ бичнэ.
2.Дагалдах захиа гэдэг бол өөрийн чинь намтар биш! Амьдрал, түүх намтраа бичих хэрэггүй. Ажил олгогчийн шаардлагад та хэр нийцэж байгаа вэ, тэр тал руу л гол утга нь чиглэсэн байх учиртай. “Би”, “Миний”, “Намайг” гэх үгсийг бага шиг хэрэглээрэй, харьцаагаа дөнгөж эхлэх гэж байж “би, би” гээд байх нь зохимжгүй.
3.Нөгөөтэйгүүр, хэтэрхий аяархнаар “би” гэх нь бас буруу. Ихэнхи хүмүүс гуйсан маягаар бичдэг “тэгэж өгнө үү?”, “тэгэхийг зөвшөөрнө үү” гэх зэргээр. Энэ нь таны өөртөө итгэлгүй, сул дорой, мэргэжилдээ гоц биш нэгэн гэж л харуулахаас гадна бусдаас огт ялгаруулж харагдуулахгүй гэсэн үг. Гуйсан, долгиносон өнгө аястай захиа ажил олгогчийн сонирхолыг нэг их төрүүлдэггүй. Тэгэхээр, “Танайд байгаа тийм орон тоонд горилж байгаа тул миний CV–г судлаад танайд ажиллах боломж олгож өгнө үү” гэхийн оронд “Танайд ажлын өндөр үр дүн үзүүлж чадах худалдааны төлөөлөгч хэрэгтэй байгаа юм байна. Энэ нь миний зорилгод яг тохирч байна: би энэ салбарт гурван жил ажиллаж чамгүй туршлага хуримтлуулсан учраас үүнийгээ ашиглан танай борлуулалтыг нэмэгдүүлж, ажлын амжилт, карьераа өсгөх сайхан боломж гэж харж байна” гэх маягаар бичвэл дээр.
4.Дагалдах зурвас гэдэг бол таны реклам. Энэ цөөн үг бүхий зурвас хөдөлмөрийн зах зээл дээр таныг мэргэжилтэн гэдэг утгаар чинь “борлуулах” зорилготой реклам. Тэгэхээр, яагаад чухам таныг ярилцлаганд урьж таны мэргэжлийн ур чадвартай нарийвчлан танилцах ёстой вэ гэдэг гол шалтгаануудыг дурьдаад өгөхөд буруутахгүй. Өөрийнхөө хүрсэн гол амжилтуудаасаа дурьдаад, тухайн орон тоонд тохирно гэдгээ баталсан хоёр гурван “зүйл анги” биччихвэл маш сайн. Жишээ нь, “харьцааны өндөр чадвартай” гэхийн оронд “Олон удаа олны өмнө гарч үг хэлж байсан… томоохон үйлчлүүлэгч нартай хэлэлцээр хийх арвин туршлагатай” гэж бичсэн нь дээр. Өөрөөр хэлбэл, “харилцааны соёлтой, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвар сайтай” гэх мэтийн улиг болсон загвар хэллэгүүдээс аль болох татгалзах хэрэгтэй: нэгдүгээрт, итгэхгүй, хоёрдугаарт – бүгд л тэгэж бичдэг учраас та бусдаас ялгарахгүй!
5.Олон юм нурших хэрэггүй. А4, 12 –ын хэмжээгээр бичихэд тал хуудсаас илүүгүй байх хэрэгтэй, урт захиа шууд л хогийн сав руу чулуудагдана: уншихаас төвөгшөөнө, хоёрт, мэргэшсэн биш хүн байна гэдэг нь шууд харагдах тул уншаад ч хэрэггүй гэж үзнэ. За ингээд бичсэн зүйл чинь тал хуудаснаас илүү гарчихаад байна уу? Чухал бус мэдээлэл оруулсан байна гэсэн үг! Унш, 1,2,3… унших тоолондоо тийм ч чухал биш зүйлийг хасаад бай. Зөвхөн, ажил олгогчид чухал мэдээллийг л үлдээ. Ажил олгогч үүнийг чинь үнэлнэ, бүү эргэлз: голыг нь оноод, эрэмблээд тавьчихаж чаддаг хүн хаана ч хэрэгтэй!
6.Ямар орон тоонд горилж байгаагаа дурьдахаа мартав! Таны захиаг унших хүний нөөцийн ажилтан хэд хэдэн орон тоонд горилж байгаа зуу зуун хүний CV болон захианд дарагдчихсан сууж байгаа гэдгийг бодож үзээрэй.
7.Таны ирээдүй – таны гарт гэдэгтэй адил, үйл явдлын цаашдын хөврөлийн санаачлагыг аль болох өөртөө авахыг хичээвэл зохино. “… хариу хүлээж байна… утасдана уу…” гэх мэтээр бичсэнээс “…гарч болох асуултуудад хариулах зорилгоор хэд хоногоос би холбоо барих болно…” гэж бичвэл дээр. Гэхдээ, өөрийнхөө нэр ус, утсыг захианыхаа төгсгөлд заавал бичих нь мэдээж.
8. Захиагаа найруулж дууссан бол одоо сайтар хянах техникийн ажиллагаа л үлдлээ. Маш анхааралтайгаар үг үсгийн алдаагаа хянаж засаарай, дүрмийн алдаагүй захиа явуулах – таныг тодорхойлох маш чухал зүйл!