Р.Чойном: Ээжээс зүүдэнд ирсэн захидал

2014 оны 04-р сарын 10 өдөр, 02 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
456

Чойном агсан амьд ахуйдаа энэ “Ээжээс зүүдэнд ирсэн захидал” гэх сайхан шүлгийг уншиж байжээ. Эх хүний үрээ гэсэн сэтгэл, зэмлэл, хайрыг өгүүлэх энэхүү сайхан шүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Холын замд яваа хонгорхон хүү минь ээ
Амрах заяагүй тэнэсэн алагхан үр минь ээ
Умрын цэнхэр хангайд уйлж явна уу, дуулж явна уу
Улаанбаатарын шуугиан дунд унаж явна уу, сэхэж явна уу

 

Ирсэн захиаг чинь үзвэл ижийгээ зовно гээ юм уу
Бие сайн гэсэн байх юм, би уугаагүй ээ гэсэн байх юм
Ууж хөлчүүрч байгааг чинь зүүдээрээ би үзсээр байна
Унаж шартаж байгааг чинь зөнгөөрөө би мэдсээр байна

 

Уу л даа миний хүү уу
Улаанбаатарт биш энд
Уухдаа ээжийнхээ дэргэд уу
Унасан ч чамд амар шүү дээ үр минь

 

Согтоод ээжийгээ шахсан дугарааг чинь
Солгой гар дахь шилэндээ юүлсээр
Маргааш өглөө шарыг чинь тайлж
Махтай бантан хийж өгөхөд

 

Багадаа чихэр аваад инээдэг шигээ
Баярладаг биш үү миний хүү
Байтлаа одоо юунд зугатаагаав
Балгалаа гэж намайг зэмлэнэ гээ юу

 

Зохиолч гээд хүн бүхэн магтаж
Зоргонд нь согтоогоод шоолж байхад
Зовохдоо ээж нь зэмлэдэг юм
Зовлонг чинь би мэднээ

 

Анх чамайг бүүвэйлэхдээ би
Архиар биш хөхнийхөө сүүгээр
Амлуулаж байсан эхийн хувьд
Аашлах өдөр байлгүй л яахав

 

Тэгэхдээ би хүүгийхээ хүслийг
Тэмцүү дүүрэн байгаасай гэж
Нүгэл бүхэнтэй чинь эвлэрч
Нүдээ ч өгөхөөс буцахгүй шүү үр минь ээ

 

Ээждээ ир, бушуухан ир
Энд хот газраас дутах юмгүй
Эсэглэн ундаан, сайн хоол
Эрхэм сайн нөхөд ч байна

 

Хонгор хүү минь чи одоо болтол
Хорвоогийн хамаг сайн нөхөд
Хотод л би гэж бодож
Хотойж бодож явдаг юм биш биз

 

Шагналын чинь мөнгийн буухад
Шаазгай шиг шуугин цуглаад
Мөнгийг чинь дуусах сацуу
Мөндөр шиг арилж, солонго татдаг

 

Овоо гэгдээд мандаж явахад чинь
Орчлон дээр ганцхан чамайг л гэдэг
Осол гараад буурах үед чинь
Огт бид үерхэж яваагүй ээ гэлцдаг

 

Хаврын тэнгэр шиг тийм нөхөд
Хаанаас ч олдоно шүү дээ үр минь
Хань нөхөд бол мөнгө биш
Ханш өртөг гэж байх ёсгүй

 

Хөдөөнийхэн маань бол яахав дээ
Хөл хөөрцөг болж жүжиглэж чаддахгүй
Хөрвөл халдаггүй, халвал хөрдөггүй
Хөрслөг чанарлаг улс шүү дээ

 

Алагхан үр минь ир дээ, ир
Аагтайхан сархадаа уу даа, уу
Азай буурал ээжийгээ зовоохоор
Аль дураараа дургинхан дургин жаргаж үз дээ үр минь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх