Х.Батсайхан: Баар, ресторанд зөөгч хийхийг оюутны хөдөлмөр эрхлэлт гэж хэлж болохгүй

2014 оны 04-р сарын 10 өдөр, 02 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01796476e15f95a986b1374af78e6ee3

-Монголын оюутны холбоо боловсролыг шинэчлэх үйл явцад ямар байдлаар оролцож байгаа вэ?

Идэвхтэй оролцох зорилт тавиад ажиллаж байна. Төрийн өмчийн сургуулиуд дээр бүтцийн өөрчлөлт хийгдэж буй нөхцөлд найман их сургуулийн удирдах зөвлөлд ажилладаг төлөөллөөрөө дамжуулж шинэчлэлийн явцад оюутнуудын эрх ашгийг хохироохгүй байх талаас нь анхаарч байна. Миний хувьд МУИС-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

Шинэчлэлээр гэхээр оюутнууд хоёр асуудлыг гол болгож ярьдаг. Нэгдүгээрт сонгон сурж буй мэргэжил өөрчлөгдөхгүй байх. Хоёрдугаарт сургуулийн бүтцийн өөрчлөлт болон багшаас шалтгаалж оюутны хичээл доголдохгүй, ямар нэг байдлаар эрх ашиг нь хохирохгүй байх.

- Дээрх асуудлын талаар тодруулж ярихгүй юу?

Жишээлбэл сургуулийн бүтцэд өөрчлөлт орсноор давхар мэргэжил эзэмшихээр сурч буй оюутнуудыг зөвхөн нэг мэргэжлээрээ сур гэж шахсан тохиолдлууд гарсан. Түүнчлэн кредитийн асуудал байна. Ялангуяа нэг сургуулиас нөгөөд шилжиж буй оюутнуудад уг асуудал тулгардаг. Учир нь сургуулиудын сургалтын систем адилгүй. Манай их, дээд сургуулиуд нэгдсэн нэг системд шилжиж чадаагүй. Угтаа бүгдээрээ сургалтын хөтөлбөрөө нэгдсэн стандартаар магадлан итгэмжлүүлсэн тохиолдолд оюутан аль нэг сургуулийг сонгоод сурахад хүндрэл гарах учиргүй.

Манай улс Засгийн хоорондын гэрээгээр 16 оронд оюутан сургадаг.

Хэдийгээр бэлэн стандартыг нь бэлдээд өгсөн ч түүнийг нь хэрэгжүүлэхгүй, бүхнийг мөнгөтэй холбож авч үзээд байна. Сургуулиуд нэг  нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг олгоход зарим сургуулийн үнэлгээний систем өөр байдаг учраас тухайн оюутан тэтгэлэг авч чадалгүй хохирдог. Бүх сургууль сургалтын хөтөлбөр болон сургалтын байгууллагаа нэгдсэн магадлан итгэмжлэлийн тогтолцоонд түргэн шилжүүлэх зайлшгүй шаардлага бий.

МОХ-ны зүгээс сургалтын төлбөр нэмж болохгүй гэсэн зүйл яриагүй. Харин оюутан төлсөн төлбөртөө таарсан сургалтыг авч чадаж байна уу гэдэг нь чухал.

Сүүлийн жилүүдэд зарим сургуулиуд зөвхөн ашгаа бодож гоё нэртэй мэргэжлүүдээр далимдуулж оюутнуудыг татдаг болсон. Харин энэ жилээс хөтөлбөрөөр сургах шийдвэр гарсан нь сайн хэрэг. Хөтөлбөрөөр сурахын давуу тал нь оюутан эхний нэг хоёр жилдээ мэргэжлийн чиг баримжаагаа олж цаашдаа хөдөлмөрийн зах зээлд яг ямар хөдөлмөр эрхлэхээ шийдэх боломжийг өгдөг. Тодруулбал инженер болох оюутан чухам юуны инженер болохоо хоёр жилийн дараа сонгоно гэсэн үг.

Өмнө нь эмх замбараагүй 800 орчим хөтөлбөрөөс хувийн сургуулиуд хамгийн чанартайг нь сонгож аваад өөрийн сурталчилгаа болгодог байсан.

- Мэргэжлийн чиг баримжааг дунд сургуулийн ахлах ангиас олгож эхлэх ёстой гэж зарим судлаачид үздэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

Одоогийн нөхцөлд сурагчид ерөнхий шалгалтандаа анхаарч буй болохоос биш оюутны ширээнд очоод юу хэрэгтэй тухай бодох сөхөө алга. Харин их, дээд сургуулиуд хичээл эхлэхээс өмнө оюутнуудыг чиглүүлж, ерөнхий ойлголт өгөх хэрэгтэй. Ийм практик байхгүйгээс болж шинэ оюутнууд сургуультай байгуулсан гэрээ нь ямар учиртай, төлбөрөө юунд зарцуулах, кредит нь яаж задрах зэргийг мэдэхгүй олон алдаа гаргадаг.

2012-2013 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторант нийлсэн 175 591 суралцагч байв.

Угтаа их сургуульд элсэгч мэргэжлийн чиг баримжаагаа олчихсон байх ёстой. Хоёр, гуравдугаар курст орсон хойноо буруу мэргэжил сонгосноо ойлгодог тохиолдол цөөнгүй. Манай холбоо 15 аймгаар явж ажиллахад элсэгчид МУИС-д яаж орох вэ, СУИС-д хэрхэн элсэх гэдгийг л асууж байгаа болохоос дуртай мэргэжлээ яаж эзэмших тухай огт сонирхохгүй байна. Бид тэргүүлэх 40 мэргэжлийн талаар нэлээд таниулга хийсэн.

Монголын оюутны холбоо их, дээд сургуулиудыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Чингисийн талбай дээр гаргаж мэргэжлүүдээ сурталчилах ажлыг хийлгэнэ. Сурагчдад тухайн мэдлэгийг эзэмшсэнээр юунд хүрэх нь чухал болохоос ямар сургууль хаана, яаж магадлан итгэмжлэгдсэн нь гол биш.

- Оюутны хөдөлмөр эрхлэлт ямар байдалтай байна вэ?

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон төсөл хэрэгждэг. Гэхдээ нэг буруу хандлага бий. Зарим төрийн байгууллага оюутнуудыг хөдөлмөр эрхлүүлж буй нэрээр халтуурддаг. Нийтээр нь нэг удаа ажил хийлгэснээр оюутнуудыг дэмжиж чадахгүй. Бид хууль эрх зүйн орчныг нь бий болгоод өгөөд гэж олон удаа хүссэн ч үр дүн гараагүй. Тиймээс ажил олгогчид оюутны цагийн ажлыг үнэлдэггүй. Сурч буй мэргэжлээрээ цагийн ажил хийж буй оюутныг л хөдөлмөр эрхэлдэг гэж үзнэ. Харин баар, ресторанд зөөгч хийх нь хөдөлмөр эрхлэлт биш. Халамжийн бодлогоос татгалзаж бүтээлч оюутнуудаа урамшуулдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Халамжийн бодлогоос татгалзаж бүтээлч оюутнуудаа урамшуулдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй.

“Оюутны хөдөлмөр эрхлэх төв”-ийг бид найман сургууль дээр байгуулсан. Гэхдээ хангалтгүй байна. Санхүү, эдийн засгийн дээд сургууль дээрх төв хамгийн үр дүнтэй ажилладаг. Цагийн болон түр хугацааны ажилтан хайсан компаниуд тус төвтэй холбогдоход сургууль нь тохирох оюутныг гаргаад өгдөг. Ажил олгогч, сургууль, оюутан гэсэн гурван талын харилцааг бусад сургуулиудад хөгжүүлэх хэрэгтэй.

Сайн дурын болон цагийн ажил хийсэн оюутнуудад тусгай паспорт талаар бид ярьж байгаа. Энэ нь ажил олгогч дээр очиход бэлээхэн амжилтын түүх болох ёстой.

Эх сурвалж: Vip76.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх