Цагийн ажил хийж, ойр зуурын хэрэглээний мөнгөө олох сонирхолтой оюутан олон байдаг. Гэсэн ч тэднийг цагийн ажилд зуучлах хөдөлмөрийн бирж манайд байдаггүй. Тэгвэл оюутан залуучуудыг аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх, мөн гадаадад сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд Монгол дахь ажлын байрны мэдээллээр хангах, зуучлах, мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Монголын залуучуудын холбооны дэргэдэх энэ төсөлд хамрагдсанаар оюутан, залуучууд ажлын байрны дадлага туршлага хуримтлуулах, дадлага хийх байгууллагаа олох, их, дээд сургуулиа төгсөөд ажлын байрны талаарх мэдээллээ авах зэрэг асуудлыг хялбархан аргаар шийдэх боломжтой юм байна.
“ЦАГИЙН АЖИЛ”-Д ХАМРАГДСАН ОЮУТНУУД 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ЦАЛИН АВАХ БОЛОМЖТОЙ
Одоо удахгүй оюутан, залуусын зуны амралт эхэлнэ. Оюутнуудын зарим нь хотод ажиллахаар үлддэг ч тэдний олонхи нь зуны амралтаа хийж, бүтээсэн зүйлгүй өнгөрөөдөг. Тиймээс оюутан, залуусыг одооноос хот, хөдөөд явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцуулах, аливаа ажилд дадлага, туршлага суулгах зорилгоор “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс ажил хайгч оюутан, залуучууд юуны түрүүнд Монголын залуучуудын холбоонд хандан ямар ажлын байранд хэдий хугацаагаар ажиллах тухайгаа ярилцах юм байна.
Монголын залуучуудын холбоо тухайн оюутнуудаас сонгон шалгаруулж, Хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн системээр холбогдсон залуучуудын ажлын байрны саналд тулгуурлан ажлын байранд зуучлах юм байна. Оюутнуудыг түр ажлын байраар хангах ажилд Хөдөлмөрийн яамнаас нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон, цалин хөлсний тухайд, “Ажлын гараа”, “Сумын залуус” төслийн хүрээнд ажиллаж буй оюутнуудад сарын 500 мянган төгрөг өгнө, харин цагийн ажил хийх оюутнууд тухайн компанитайгаа хэдэн өдөр, хэдэн цагаар ямар ажил хийхээ тохирсноор цалингаа тогтоно гэдгийг албаныхан хэлж байсан.
ХААНА, ХЭНД БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Оюутнуудын хувьд цагийн ажил олох гэдэг араасаа олон асуудал дагуулдаг. Тухайлбал, зарим байгууллага туршилтаар ажилуулж байгаа нэрийн дор ямар ч цалин өгөхгүй ажиллуулах, эсвэл цалин хөлсөө цаг тухайд нь өгөхгүй байх зэрэг асуудал тулгардаг. Тэгвэл дээрх байгууллагуудаас зохион байгуулж байгаа энэ ажил буух эзэнтэй, буцах хаягтай, харьцангуй найдвартай гэдгийг төсөлд хамрагдсан оюутнууд хэлж байсан.
Иймд та “Цагийн ажил” төсөлд хамрагдаж, ажилтай, орлоготой болохыг хүсвэл Монголын залуучуудын холбооны төв байрны 103 тоотод бүртгүүлэх, мөн Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн “Цагийн ажил” төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэгтэй уулзаж болох нь. Дэлгэрэнгүй мэдээллийг 321814 дугаарын утсаар асууж болно гэдгийг албаны хүн хэлж байна. Та түр ажлын байраар хангагдах боломжийг бүү алдаарай.