Хелен Келлерийн Түүх

2014 оны 04-р сарын 16 өдөр, 05 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Тэд миний нүдийг авч явсан,

Гэвч би Диваажинг санадаг юм.

Тэд миний сонсголыг авч явсан,

Бетховен ирж миний нулимсыг арчсан.

Тэд миний хэлийг авч явсан,

Харин би багадаа Бурхантай ярьсан.

Тэр миний сэтгэлийг авч явахыг зөвшөөрөөгүй,

Бие сэтгэл нэг байхад үүрд мөнх оршино.”

Хелен Келлер


Нэгэн жижигхэн тосгоны нэгэн энгийн худаг дээр хорвоо дэлхийн гайхамшиг бий болж байлаа. 1887 оны сайхан хаврын өдөр хөх тэнгэр дээр сэвсгэр үүлс нүүж, шувууд хаврын улирлыг угтан мод, цэцэгсийн дунд бужигналдан жиргэх аж. Гэтэл энэ бүгдийг долоон настай бяцхан охин сонсож ч харж ч чадахгүй.

Хараагүй, сонсголгүй Хелен Келлерийн хажууд залуу эмэгтэй Анна Салливан зогсож байлаа. Анна охины нэг гар дээр нь бага багаар хүйтэн ус гойжуулж нөгөө гар дээр нь цагаан толгойн үсгээр хоёр үсэгтэй сигналуудыг эхлээд удаан, дараа нь хурдан товшиж байлаа. Хелен өөрийн түнэр харанхуй, анир чимээгүй орчлонгоосоо чөлөөлөгдтөл энэ үзэгдлийг давтжээ.


Гэнэт сигналуудыг Хелен ойлгож эхэллээ. “У-с” гэдэг нь өөрийх нь гаран дээр урсаад байгаа тэр хүйтэн зүйлийг хэлж байгааг мэджээ. Түүний орчлон дахь харанхуй нь тэрхүү нарлаг хаврын өдрийн цас шиг хайлж, урсаж байв. Хелен наагуур цаагуур гүйж янз бүрийн зүйлсийн утга учрыг асуухад Анна гар дээр нь үсэглэж өгчээ. Орой болоход Хелен 30 үг сурчихсан байв.

Хелен Адамс Келлер 1880 оны 6 сарын 27-нд Ахмад Артур, гэргий Кэйт нарт эрүүл саруул мэндэлжээ. Дөнгөж 19 сартай байхдаа аймшигт өвчин тусч хараагүй, сонсголгүй болсон байв. Хелен торонд хоригдсон шувуухай мэт гарах гарцгүй болжээ. Ийш тийшээ явахдаа ээжээсээ зуурч, хүмүүс юу хийж байгааг гарт нь хүрч мэддэг байв. Хелен хүмүүсийн нүүр эсхүл хувцасыг нь мэдэрч таньдаг байжээ. Тэр гэр бүлтэйгээ “ярих”-ын тулд дохио зангаа ашигладаг байв. Хэрэв талх идэхийг хүсвэл талх зүсэх хөдөлгөөн хийж, мөхөөлдөс идмээр санагдсан үедээ биеэ тэврэн чичирдэг байжээ. Ярьж чадахгүй байсан учир их ууртай, ааштай охин байсан бөгөөд бүх зүйлийг өөрийнхөөрөө хийнэ.


Худаг дээр болсон тэр гайхамшигт үйл явдлын дараа Хелен уурлахаа больж зургаан сарын дотор 625 үг сурчээ. 10 нас хүрэхдээ Брэйлийн цагаан толгой, гарын дохион цагаан толгойг гарамгай мэддэг болж бичгийн машин дээр бичиж сурсан байна. 16 настай байхдаа хангалттай сайн ярьж чаддаг болсон бөгөөд бэлтгэл сургууль, цаашид дээд сургуульд элсэн орж  1904 онд Радклифф Коллежийг төгсжээ. Коллежид байхдаа “Миний Амьдралын Түүх” номоо бичиж олсон мөнгөөрөө байшин худалдаж авчээ. Эдгээр он жилүүдэд Хелений багш Анна лекц, семинарт нь хамт сууж багш, анги хамт олных нь ярьсан зүйлсийг өөрт нь дамжуулж өгдөг байжээ.

Хелен Келлер хэмээх бяцхан охин дэлхийн түүхэн дэх хамгийн гайхалтай эмэгтэйчүүдийн нэг болж чадсан юм. Өөрийн бүхий л амьдралаа сохор, дүлий хүмүүсийн амьдралыг сайжруулахын төлөө зориулж, дэлхийн таван тивийн 25 гаруй оронд лекц уншсан билээ. Очсон газар болгондоо сая сая хараагүй хүмүүст итгэл найдварыг бэлэглэдэг байжээ.

Түүний багш Анне Сулливаныг “ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭГЧ” хэмээн нэрлэдэг. Харанхуйн ертөнцөд буй охиныг аврахад маш их зүтгэл, тэвчээр гаргаж, охиныг чин сэтгэлээсээ хайрладаг байсан учраас тэр.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх