Амжилтыг юугаар хэмжиж байгаагаас олон зүйл шалтгаална л даа. Лав л энд өгүүлэх гэж байгаа амжилттай хүнийг олон хүний амьдралд эерэг нөлөө үзүүлсэн, биелүүлэх ёстой чин хүслээ олж, түүнийхээ төлөө өдөр бүрийг зориулан өсч дэвжиж яваа эсэхээр нь хэмжсэн юм. Тэгэхээр амжилттай гэхээсээ илүү “мөрөөдөлтэй” гэвэл тохиромжтой байж ч мэднэ л дээ. Албаны дарга, аав ээж, арван жилийн найз чинь, эсвэл чи өөрөө ч үүний жишээ байж болно
Зарим хүн цаг үргэлж шатнаас шат ахиж, хийж байгаа зүйл нь урагш тасралтгүй хөдөлж байхад зарим нь нэг газраа л гацчихсан юм шиг “хөлдүү”, уйтгартай мэдрэмжтэйгээр өдөр хоногийг өнгөрүүлдэг. Тэдний ялгаа нь үгийн сонголтоос нь болж үүсч байгаа юм. Чиний хэрэглэдэг үг амьдралд хандах хандлага, бодол сэтгэлийг чинь шууд тодорхойлдог. Мөрөөдлөө өөртөө батлан биелүүлмээр байвал дараах үгсийг өөртөө хэвшүүлээрэй. Гэхдээ чин сэтгэлээсээ хэлдэг болохыг шүү.
1. Ямар ч боломжгүй!
Мөрөөдөлтэй хүмүүсийн ДНК-д энэ үг зүгээр л байдаггүй. Ямар ч асуудалд гарц, шийдэл байдаг гэдгийг тэд сайн мэддэг. Зарим шийдлийг олоход зүгээр л жаахан бүтээлч сэтгэлгээ шаардагддаг болохоос биш боломжгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй юм. Тавьсан зорилго нь дэндүү том санагдаад сүрдсэн ч гэсэн мөрөөдөлтэй хүмүүс жижиг алхмуудад хуваагаад хэрэгжүүлж эхэлдэг.
2. Надад хамаагүй!
Шинийг санаачлагчид хэзээ ч “Би ажлаа үзэн ядаж байна”, “Надад хамаагүй” гэж хэлдэггүй. Тэд ажлынхаа амжилттай болох жижиг ч хамаагүй детальд хариуцлага хүлээж, алдааг нь хүлээн авахад бэлэн байдаг. Тулгарч байгаа саад бэрхшээл, сорилтуудыг давахад үргэлж бэлтгэлтэй байж эрсдэл гаргахаас ч айдаггүй.
3. Асуулт асуухаа боль!
“Тэнэг асуулт” гэж үгүй гэдгийг ухаалаг хүн бүр мэднэ. Сониуч зан ундрахаа больж, хүмүүс асуулт асуухаа болих л юм бол санаачлага эцэс болно гэдгийг ч бас тэд сайн мэддэг. Стив Жобс (Apple), Жеймс Дайсон (Dyson) зэрэг олонд танигдсан лидерүүд баг хамт олноо хийх ёстой зүйлийнхээ тухай сайтар лавлаж асууж, сонирхож байхыг уриалдаг байсан. Тэдний хамгийн дуртай асуултууд харин “Яагаад?”, “Яагаад үгүй гэж?”, “Хэрвээ?”
4. Би яагаад энийг хийх ёстой гэж?
Ямар ч, нэн ялангуяа өсч дээшилж яваа бизнест хүн бүр янз янзын малгай өмсөх хэрэгтэй болдог. Гэхдээ малгайнаас малгай хоорондох зайг олж анзаараад, сайн дураар түүнийг нөхөх санаачлага гаргаж эхэлсэн хүний үүрэх хариуцлага өсөхийн хэрээр эрх мэдэл нь дагаж нэмэгдэн, баг нь ч өдөр ирэх тусам сайжирдаг. “Гэхдээ энэ чинь миний дааж авсан ажил биш ш дээ” гэдэг гомдлын үг мөрөөдөлдөө үнэнч хүмүүсийн амнаас гарахыг бид хэзээ ч сонсохгүй.
5. Одооны арга барилаа өөрчлөх шаардлагагүй гэж бодож байна.
Мөрөөдөлтэй хүмүүс аливааг хийх арга барилдаа үргэлж шинэчлэл хийж, өөрсдийгөө сорих дуртай. Илүү хурдан, илүү үр дүнтэй сайн аргын эрэл хайгуулд гарч, илүү зөв стратегийг баримтлахын тулд бодож бясалгахад цагаа харамгүй зарцуулдаг. Тэд багаа хөгжүүлэхийн тулд чаддаггүй, огт мэддэггүй талбар луугаа ч орж үзэхийг өөрсдөөсөө шаардаж чадна. Өөрчлөлт бол зайлшгүй зүйл гэдгийг ойлгодог бөгөөд үргэлжилсэн их амжилт руу хүрэх замд нэг газраа удаан зогсох зогсолт огт хэрэггүй байдаг гэдгийг мөрөөдөгчид сайн мэднэ.
6. Баярлалаа, гэхдээ надад чиний юу гэж бодох хамаагүй.
Жинхэнэ амжилтыг бүтээхийн тулд хүн шинэ туршлага, шинэ санаа, шинэ алсын хараанд нээлттэйгээр ханддаг байх хэрэгтэй. Бусдын хэлж байгаа санаа бодлыг сонсохоосоо хэзээ ч цааргалж болохгүй. Чиний удирдлагын арга барил, ирээдүйн зорилгодоо хэр дөхсөн алхмуудыг хийж байгаа талаархи хөндлөнгийн хүмүүсийн үгсийг эрдэнэ л гэж ойлго. Өрөөлийн саналыг анхааран сонсдог хүмүүс хамтран ажиллагсдынхаа хүндлэлийг хүлээгээд зогсохгүй, өөрийгөө бусдын нүдээр харах ховор боломжийг ашиглаж чаддаг.
Хэн ч төгс биш гэдэг бол нотлогдсон зүйл. Оновчтой бөгөөд хатуу шүүмжлэлүүд биднийг өсөн сайжрахад тусалдаг хэрэгсэл юм. Гэхдээ нөгөө талаас эргэн тойрны чинь бүх хүн чамд өөрийн юу гэж бодож байгаагаа хэлэх бөгөөд тэднийг бүгдийг нь хүлээж авбал өөрийгөө мартах аюултай. Өөрчлөхийг хүсэхгүй байгаа зүйлсээ хэвээр нь үлдээж, өөрөөрөө л байхыг эцсийн эцэст сонгоорой.
7. Бүтэлгүйтвэл яах юм?
Бүтэлгүйтэл бол бизнесийн салшгүй нэг хэсэг билээ. Бүтэлгүйтэхгүй байвал тэр ажил бүр урагшлах ч үгүй байна гэсэн үг юм. Жеймс Дайсон өөрийнхөө алдарт тоос сорогчийг бүтээхээсээ өмнө 5126 удаа амжилтгүй оролдлого хийсэн. Томас Эдисон гэрлийн чийдэнг зохион бүтээхээсээ өмнө 10 мянган бүтэлгүй аргыг оролдож үзсэн. Тэдний хувьд бүтэлгүйтэл бол уулга алдам шинэ газрыг нээхийн өмнө гишгэх ёстой нойтон чулуу төдий л, гайхширч, сэтгэл санаагаар унахаар ач холбогдолтой зүйл биш байсан юм. Тууштай байгаа цагт амжилтанд хүрэх нь зөвхөн цаг хугацааны асуудал гэдгийг мэддэг байсан учраас тэд өмнө нь оролдож үзээгүй зүйлээ туршиж үзэхээс хэзээ ч буцдаггүй байсан.
8. Би чамаас илүү сайн мэднэ!
Ганцаараа “айл” болсон удирдагч гэж хаана ч байхгүй шүү. Мөрөөдлөө биелүүлсэн хүн бүрийн ард ухаалаг, бат найдвартай баг байдаг. Амжилт бол багийн спорт л гэсэн үг. Ижил зорилготой хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэдэг өөрийгөө бүхнийг мэддэггүй, чаддаггүй гэдгийг хүлээн зөвшөөрч, мэдлэг, туршлага, чадварынхаа хоосон зайнуудыг тэдний тусламжтайгаар нөхөхийг хэлнэ. Тиймээс мөрөөдлөө биелүүлмээр байвал хамтдаа онцгой зүйлийн түүхийг бүтээлцэх хүмүүсийг ол.
9. Энэ чинь хэтэрхий хэцүү юм байна.
Амьдралдаа санасан зорьсон зүйлсийнхээ ихэнхийг гүйцэлдүүлсэн хүмүүс чухал шийдвэр гаргахдаа хэзээ ч биеийн амрыг бодож байгаагүй гэдэг нь аль ч замналаас харагддаг. Тэд зориг, хатуу няцашгүй зангаараа шинэ замыг өөрсдийн мөрөөр зурах тэсвэр хатуужлаа бий болгодог юм. Хэний ч гишгэж үзээгүй, магадгүй аюултай ч байж мэдэх газарт анхны мөрөө гаргах хүн байх нь тийм ч амархан зүйл биш. Бас заримдаа үнэхээр бусдын алдаан дээрээс суралцаж, ямар нэг зүйлээс зайлсхийх хэрэгтэй тохиолдол ч байдаг. Гэхдээ л эцсийн эцэст хувь заяаг нь тодорхойлохуйц шийдвэрлэх мөч ирэхэд мөрөөдөлтэй хүмүүс урд байгаа салаа замынхаа аль эсэргүүцэл, аюул, осол багатайг нь харж сонгодоггүй юм шүү.