Авангард кино

2014 оны 02-р сарын 13 өдөр, 03 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a

Уламжлалаа дагасан буюу хавчигдмал, үхмэл кино урлагаас хөндийрөх хандлага нь тухайн улс орны кино урлагийн эрүүл энх байдлыг илтгэнэ.Төгс биш байж болно, гэхдээ эрх чөлөөт кино бидэнд үгүйлэгдэж байна.Одоо кино хийж байгаа ихэнх хүмүүст найдах итгэл надад алга.Залуу кино уран бүтээлчид л кино урлагийн баригдмал ойлголтоос чөлөөлөгдөж, хайрцагнаас гадуур сэтгэх анархи үйлдлийг хийж чадна.Хөлдүү, нэг хэвийн байдлыг эвдэх цор ганц арга зам бол гоо зүйн хувьд дээд түвшний, тэс өөр эрэлхийллийн кино хийх явдал юм.

– Йонас Мекас, 1959 оны 2 сарын 4
Урлагийг хүчтэй цасан шуурган дунд амь тэмцэн урагшилж буй гоо үзэсгэлэнт бүсгүй гэж төсөөлье.Цасан шуурга нь мэдээж нийгмийн олонхийн мэдлэг боловсрол дорой байдал, мухар сүсэг зэргийг хэмээн ойлгож болох.Гэвч хамгийн гол урлагийг үхэлд хүргэх гээд байгаа энэ цасан шуурга нь олонхи хүмүүс муу уран бүтээлүүдээр гоо зүйн хэрэгцээгээ хангаад түүндээ сэтгэл хангалуун яваад байдаг урлагийн мэдрэмж муу тэрхүү байдал мөнөөс мөн.Урлаг урагшлахад шинээр урлагийн цар хүрээг тэлэгч уран бүтээлчид хамгаас их тус дэм болдог.Өөрөөр хэлбэл тухайн цаг үедээ авангард хэмээн үнэлэгдэн хүндлэгдэх уран бүтээлчид.


Гэвч тэр болгон хүндэлж шүтээд байх нь юу л бол.Дэлхийн түүхнээ чингэсэн тохиолдол тун цөөн.Импрессионистуудыг анх яаж ад шоо үзэж байсныг эргэн саная.Албан ёсны Парисын Салонд бүтээл нь сонгогдож чадаагүй тухайн үедээ радикал хэсэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгээ тэд Гологдогсдын Салон (Salon des Refusés) хэмээн нэрийдээд өөрсдийн бүтээлээ тавиж байв.Тэнд нь ирсэн ихэнх хүмүүс зөвхөн шинэ төрлийн зургийг үзэж инээж шоолох гэж очдог байлаа.Гэвч Импрессионизм дараа дараачийн уран зураг дахь хувьсгалын манлай урсгал гэдгээрээ өдгөө алдартай.
1933 онд Адольф Гитлер Германы засгийн эрхэнд гарснаар Германы эксперименталь кино бүтээгчид, модернист уран зураачдыг бүгдийг хяхаж хавчих болсон.Үүний дунд гуравдугаар рейхсканцлерийн засаглалын үеийн урлаг өмхөрсөн түүхтэй.Нацист Германы урлаг бол шуурга сөрөх чадваргүйдээ өнхөрч үхээд цасанд дарагдсан тэрхүү бүсгүйн амьгүй цогцос байлаа.Өнөө үед Монголын урлагийн биеийн байдал хэр байгаа бол?


Авангард кино, эксперименталь киноны ялгаа юу вэ?Авангард кино нь эксперименталь киноноос арай өргөн хүрээний нэр томъёо.Өөрөөр хэлбэл бүх эксперименталь кино бол авангард кино.Гэвч бүх авангард кино бол эксперименталь кино биш. Тайлбарлавал авангард кино болгон киноны форм, хэллэгийг эвдэх шинэ туршилт байж чаддаггүй.

Мөн видео арт ба авангард кино нь зарчмын ялгаатай.Хэдий эксперименталь киног видео артыг бүтээхтэй адил дан ганц уран бүтээлч хийж болох авч видео артыг галерейд хэн хүн хэдийд ч ирээд үзэж болохоор үзэсгэлэн болгон тавьдаг тул авангард киноноос ялгаатай.Хэдий тийм ч авангард кино болон видео артын хооронд хийсвэр хил хязгаар зурах нь бас л боломжгүй зүйл.Нэг жишээ татахад Холлис Фрэмптон өөрийнНимбэг киногоо театрт үзүүлэх нэг хувилбар, галерейд давтагдах байдлаар тавих өөр нэг хувилбарыг бэлдэж байсан гэдэг.

Андерграунд кино гэх ойлголт нь Америкт 1960-аад онд үүссэн.Андерграунд кинонд олон нийтийг хамарсан арилжааны болон арт кино сүлжээнээс гадуур орших уран бүтээлчдийн бие даан бүтээсэн авангард, эксперименталь кинонуудыг багтааж болно.
Ер нь гэрэл сүүдрээр дамжуулах хөдөлгөөнт дүрслэлийн урлаг болох кино үүссэн цагаасаа л уран зохиол, тайзны урлагийн шинжийн дарлалд автагдсан билээ.Гэвч киноны бодит, цэвэр чанар болох хөдөлгөөнт форм, хэлбэрийг дээдэлсэн хүүрнэлт бус кино уран бүтээлийг 1910-аад оноос хийж эхэлсэн ч өнөө үед хүртэл авангард киног бас л “хоёрдугаар түвшний” мэт үзсээр байгаа нь шударга бус хэрэг билээ.Брэкижийн хэлснээр кино заавал бодит байдлыг дууриалган буулгах боол болж уягдах учиргүй юм.Тиймийн тул авангард уран бүтээлчид киног хэрхэн хүүрнэлийн мөлжлөгөөс чөлөөлж, мөнхүү цэвэр байдал руу нь эргэж аваачих оролдлогуудыг хийсээр ирсэн тухай сонирхоод үзье.
Итали: Футурист кино урлаг
1910-1920-иод онд Модернизмтай нэр холбогдоод байсан олон уран бүтээлчид кино урлагийг сонгож байлаа.Үүний учир нь кино хэмээх шинэ технологи нь уламжлалд баригдаагүй, урлагийн шинэ хэлбэрийг бий болгох ирээдүйтэй гэсэн бодол тэдний хүсэл тэмүүллийг жигүүрлэж байсан юм.Мөн өөрсдийн зурсан дүрслэлийг хөдөлгөөнд оруулах боломж нь шинийг эрэлхийлэгч уран бүтээлчдийн хорхойг хөдөлгөж байв.Италийн Футуристууд 1916 онд Футурист кино урлагийн боломжийн талаар дурдсан кино тунхаг хүртэл нийтэлж байжээ.Энэ үеийн ихэнх чухаг футурист кино хальснууд устсан гэдэг.Гэхдээ 1912 онд Бруно Коррагийн бичсэн нэгэн эссенд авангард хөдөлгөөнт зурагчлалын (хүүхэлдэйн кино) төрлийн киног нарийн дүрсэлсэн байдаг.Бруно Корра болон Арнальдо Жинна нар камераас татгалзан целлулойд хальсан дээр шууд зурах байдлаар кино уран бүтээлээ туурвиж байсан гэдэг. Гэвч тэдний гаргасан дэвшил хангалттай түмний анхааралд өртөж чадаагүй бөгөөд 20-иод жилийн дараа хальсан дээр зурах аргыг дахин “сэдэж олсон” байна

Герман: Абстракт кино урлагийн эхэн үе
1910-аад онд олон нийтийн дунд аль хэдий нь давамгайлаад байсан уран зохиолтой салшгүй холбоотой жүжигчилсэн драм, эсвэл дан ганц инээдмийн үзүүлбэрээр дүүрсэн кинонуудад ой гутсан уран бүтээлчид өдгөө домог болсон гайхалтай абстракт кинонуудыг урласан түүхтэй.Эдгээр Германы уран бүтээлчдийн бас нэг зорилго нь уран зургийг зотонгоос чөлөөлж, хөдөлгөж, дүүлэн нисгэх байлаа.
Германы абстракт кино урлагийн зонхилогч уран бүтээлчид бүгд зураачид байв.Тэдний киноны гол охь суурь ухагдахуун нь цаг хугацааны хэмжигдэхүүн дэх цэвэр форм болон гэрлийн шилжилт байсан бөгөөд энэ нь уран зураг, уран баримал зэрэг урлагийн төрлүүдэд хийх зүйл боломжгүй байлаа. Урлаг шүүмжлэгч, онолч Рудольф Курцийн 1920-иод онд эдгээр бүтээлийг абстракт гэхээсээ илүүтэй абсолют кино урлаг гэвэл зохистой хэмээжээ.
Германы алдарт найруулагч Вальтер Руттманн нэгэнтээ “Кино урлаг бол пластик урлагт (bildenden Künste) хамаарах учиртай.Кино урлагийн хууль нь уран зураг болон бүжигтэй юу юунаас илүү ойр” хэмээсэн нь юутай үнэн.

Франц: Дада, Сюрреализм ба Cinéma Pur
Дада болон Сюрреализмын үндсэн зорилгууд гэвэл байж боломгүй, далд ухамсар, шуугиан таримаар, иррационал… урлаг.20-р зууны хоёр дэлхийн дайны дунд цэцэглэн хөгжиж байсан Дада ба Сюрреализм нь хоорондоо ихээхэн ойрын холбоотой садангууд бөгөөд Дада нь Сюрреализмын өмнөтгөл үе байсан гэхэд үл хилсдэнэ.
Дадаизм нь соёл иргэншил гэж нэрийдээд байгаа энэхүү нийгэм урлагийг хэрхэн хүлээн авдаг тогтсон хэв маягийн эсрэг сөрж боссон энэ урлагийн хөдөлгөөн байсан юм.Сюрреализм өмнөх Дадаизмийн эсэргүү давшилтыг үргэлжлүүлсэн бөгөөд хүрээгээ тэлж “соёлтой боловсон” стандарт, рациональ сэтгэлгээ рүү дайрсан билээ.
Харин Cinéma Pur буюу Цэвэр кино урлаг нь 1920-иод оны сүүл 1930-аад оны эхэн үед Парист мэндэлсэн кино хөдөлгөөн юм.Анх Анри Шометтийн тодорхойлсон энэхүү цэвэр кино урлаг гэгч нь зураглалын цэвэр илэрхийлэмж, элементүүд болох форм, зохиомж, хөдөлгөөн, хэмнэл зэргийг чухалчлан тунхаглаж байв.Энэхүү хөдөлгөөнд хамрагдаж байсан феминист шүүмжлэгч, кино уран бүтээлч Жермен Дюлакийн зорилго нь “цэвэр” киног бүтээх байжээ.Тэр цэвэр кино нь ямар нэг уран зохиол, тайзны урлагийн нөлөөллөөс ангид, бүр бусад дүрслэлийн урлагаас ч ангижирсан байх ёстой хэмээж байв.Гэвч Жермен Дюлакийн “Далайн хясаа ба санваартан” богино хэмжээний киног Cinéma Pur хөдөлгөөнд хамруулах боломжгүй бөгөөд сонирхолтой нь кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны сюрреалист кино гэгддэг.

Зөвлөлт холбоот улс: Монтажны онол
Зөвлөлтийн 1920-иод оны хэд хэдэн нэр нөлөө бүхий онолч, кино уран бүтээлчид монтажийг зөвхөн кино урлагаас олж болох онцгой нэг тал нь гэж үзэв.Тэдгээр уран бүтээлчдийн монтажийг бүтээлчээр ашигласан нь урлагийн түүхэнд урьд хожид гараагүй нэгэн том үзэгдэл болсон юм. 1920-иод оны үзэл суртлын атлаа эксперименталь бүтээлийг туурвигчдад Октябрийн хувьсгалын өмнө хөгжөөд байсан Оросын уран зураг, яруу найраг, хөгжим хүчтэй нөлөөлсөн нь дамжиггүй. Сергей Эйзенштейний алдарт кинонуудаас гадна түүний онол кино урлагийн судалгаанд том хувь нэмэр оруулсан билээ.Жишээлбэл түүний “Монтаж бол бие даасан кадруудын хоорондын мөргөлдөөнөөс утга санаа гаргаж авах хэрэгсэл” зэргийн үзэл нь кино урлагийг ойлгох сэтгэлгээг үүрд өөрчилжээ.

Америкийн нэгдсэн улс: Авангард кино сэргэлтийн эхэн үе – Маяа Дерен, Кеннет Энгер, Стэн Брекиж
Кино урлаг асар өргөн цар хүрээний илэрхийлэмжтэй.Пластик урлагийн адил 2 хэмжээст гадаргуу дээр тодорхой зохиомжийг бүтээнэ, бүжигтэй адил хөдөлгөөний зохицоо кинонд чухал үүрэгтэй.Мөн театртай адил үйл явдал, өрнөлийн тодорхой дарааллаар хүчтэй сэтгэл хөдөлгөх чадалтай.Хөгжимтэй адил хэмнэл чухал үүрэгтэй, яруу найрагтай адил дүрсээр уяруулж, уран зохиолтой адил зөвхөн хэл ярианд л байж болох хийсвэрлэлээр хүүрнэдэг. – Маяа Дерен
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкт авангард киног хөгжүүлэхэд хамгийн анхны дорвитой хувь нэмрийг оруулсан хүн нь мэдээжээр Маяа Дерен ба Александр Хэммид нар юм.Холливүдад кино бүтэхэд зайлшгүй шаардлагатай тодорхой мэргэжилтнүүд, хөдөлмөрийн хуваарь, санхүүгийн дарамтаас салсан цагт л кино уран бүтээлч жинхэнэ бүтээлээ туурвих боломжтой хэмээн Маяа Дерен үзэж байв.Маяа Дерен өөрөө уран бүтээл хийхээс гадна тухайн үеийн залуу авъяаслаг уран бүтээлчдэд том нөлөө үзүүлсэн тул Америкийн авангард кино урлаг ихээхэн өндөр түвшинд хүрсэн түүхтэй.

Кеннет Энгер 1947 оноос хойш авангард кино хийж эхэлсэн.Түүний кинонууд Холливүдийг хурцаар шүүмжилж, хэрэглээнд донтогч (консюмерист) нийгмийн поп соёлыг оккультизмтэй холбосон байдгаараа онцлогтой.
Стэн Брэкиж бол дан ганц Америк гэлтгүй дэлхийн кино урлагт асар том байр суурь эзэлдэг.Тэрээр 1950-иад оноос эхлээд 50 гаруй жилийн турш уран бүтээлээ туурвихдаа 300 гаруй богино болон урт хэмжээний киног бүтээсэн юм.Түүний олон киног хөгжимлөг байдлаар хөврөх хөдөлгөөнт абстракт зургууд гэхүл тун тохиромжтой. Брэкижийн хальсан дээр зурах, хальсан дээр обьект наах, адреналин огшоом эвлүүлэг, эргэлдэн хуйларсан камерийн хөдөлгөөн, албаар фокусгүй авсан зураглал зэрэг нь түүнийг дэлхийн эксперименталь кино хөдөлгөөний толгойд зүй ёсоор тавихад хүргэдэг
Франц: Леттризм ба ситуационизм
Хар масст зориулсан кино гэгч нь дэндүү хөлжжээ.Бүр хэт таргалж.Өөрийн дээд хязгаартаа хүрсэн.Түүнийг өргөтгөх гэж оролдох л юм бол тарган гүзээ нь задрах болно.Энэхүү гахай нэг л өдөр өөрийн оршин тогтнох чихэлдсэн орчиндоо удахгүй дэлбэрэх болно. – Исидор Изу
Леттризм бол Францын авангард хөдөлгөөн.Румыны цагаач Исидор Изу 1940-өөд оны дундуур энэ хөдөлгөөнийг үндэслэсэн болно.Изугийн болон бусад Леттристүүдийн туурвисан зуу гаруй боть онолын бүтээлүүд урлаг болон соёлын ойлгоцод томоохон хувьслыг авчирчээ.Нэн ялангуяа леттрист үзэл баримтлал яруу найраг, кино, уран зураг, мөн улс төрийн онолд илүү хүчтэй нөлөөлсөн байдаг.
Леттристүүдийн киноны талбар дахь хоёр томоохон ололт нь гэвэл: 1. Дүрслэлийг сийлэхүй (la ciselure d’image) буюу кино уран бүтээлч дүрстэй хальсан дээрээ сараачих эсвэл зурах байдлаар киног туурвих 2. Зохицолгүй кино (le cinéma discrépant) буюу дүрс болон дуу хоёр тус тусдаа өөр өөрийн хүүрнэлээр, хоорондоо зохицолгүй абстракт замналыг дагах ёстой юм.
Леттрист кинонууд дундаа хүртэл хамгийн радикал нь болох Гил Уолманы Эсрэг ойлголт, Ги Деборийн Садын төлөөх гаслан хэмээх хоёр кино бүр нэгэн шат ахиж, дүрсийг бүрмөсөн орхисон байна.
Ситуационист Интернациональ (SI) нь Марксизм, Леттризмийг чигээ болгосон багахан хэмжээний олон улсын уран бүтээлчдийн нэгдэл байв.1957 онд үүсгэн байгуулагдсан Ситуационист Интернациональ нь 1960-аад онд Европт ихээхэн идэвхтэй ажиллаж нийгмийн болон улс төрийн шинэчлэлтийг хийхийг зорьж байлаа.Энэ хөдөлгөөний гол тэмүүлэл нь хэрэглээний донтолтод автаад буй нийгмийг худалдах, худалдан авах үйлээс нь салгаснаар хүнийг хүн болгож буй урлагийг амьдралын үнэт зүйлстэй нь холбож өгөх байв. Өөрөөр хэлбэл капиталист, эсхүл тоталитар дэглэмийн хараа хяналтаас гадуурх нөхцөл байдлыг (situation) бүрдүүлэх нь аяндаа урьдаас таамагламгүй уран сайхны болон нийгмийн солилцоог үүтгэх ёстой ажээ
Австри: Авангард кино болон Винер Акционисмус
1950-иад оны эхнээс хойш Австрид индепендент авангард кино урлаг хөгжсөөр иржээ.Петер КубелкагийнӨөрийн итгэлээр урласан шигтгэмэл (Mosaik im Vertrauen, 1955) кино нь Австрид бүтээгдсэн хамгийн анхны жинхэнэ авангард кино хэмээн тооцогддог.1950-иад оны төгсгөл гэхэд Кубелка өөрийн боловсруулсан метрийн киноны онолын дагуу урласан Адебар, Schwechater, Арнульф Райнер хэмээх кинонууд нь тун их алдартай.
1960-аад онд Веннийн хамгийн идэвхтэй авангард уран бүтээлчдийн бүлгэм нь Винер Акционистен (Wiener Aktionisten) байлаа.Тэдний “зан үйл” тухайн үеийн нийгмийг цочролд оруулж байв.Хүний биеийг авч үзэх тал дээр тогтсон нийгмийн цээр хориог албаар эвдэж бүлгээрээ нүцгэн шалдан амьдарч, санаанд орсон элдэв зүйлээ үйлддэг тэднийг хальснаа буулгасан хэд хэдэн андерграунд кино нь өнөө цагт ч хуучинсаг хүмүүсийг цус харвуулж мэднэ.Винер Акционисмус 1970-аад онд ач холбогдлоо алдаж эхлэхэд гол төлөөлөгчид нь болох Херманн Нитш, Отто Мюль нар тус тусдаа перформанс арт хийсээр иржээ.
АНУ: Авангард кино өсөн дэвжсээр – Мекас, Уорхол, Менкен
Йонас Мекас, дүү Адольфас Мекасын хамт 1944 онд эх Литви нутгаа орхин явах замдаа Нацистуудын хорих лагерт 8 сар зовж байсан түүхтэй.Йонас дайны дараа Германд гүн ухаан судалж байсаар 1949 онд дүү Адольфасын хамт Нью-Йорк руу нүүж ирсэн байна.Ирээд 2 долоо хоноод л тэд зээлсэн мөнгөөрөө 16 мм-ийн камер худалдаж аваад авангард кино хийж эхэлжээ.Йонас удалгүй Village Voice хэмээх сэтгүүлд Америкт эксперименталь киног хөгжүүлэх тэмүүллээ зорилго болгон нийтлэл бичих болсон байна. Шинэ Америкийн Кино Групп гэдгийг 23 бие даасан уран бүтээлчдийн хамт байгуулж өөрсдийн тунхагт нь кино хийхэд ихээхэн мөнгө хэрэгтэй гэсэн “санхүүгийн домог”-ийг бүрмөсөн хорих тухай заасан байдаг.
Өдгөө Йонас Мекасыг “Америкийн авангард киноны загалмайлсан эцэг” гэдэг нь ч учиртай.Учир нь тэрээр анх Энди Уорхолын кинонуудын дистрибьютороор ажиллаж байлаа.Энди Уорхол 1963-1968 оны хооронд асар үр бүтээлтэй ажиллаж шилдэг зургуудаа бүтээснээс гадна хамгийн чухаг кино уран бүтээлээ туурвисан юм.Уорхолын кинонууд Холливүдийн уламжлалт киноны хүрч үл зүрхлэх тэрхүү сэдвүүдийг радикал өнцгөөр хөндсөнөөрөө онцлогтой.
Мэри Менкен бол Америкийн авангард киноны хамгийн дутуу үнэлэгдсэн баатрын нэг.Кэннет Энгер, Стэн Брэкиж, Йонас Мекас, Энди Уорхол нарт зөвлөх багш нь, муза нь болж байсан энэхүү уран бүтээлч өөрөө ч гайхалтай үзэсгэлэнтэй эксперименталь кинонууд үлдээжээ. Түүний Ногучийн үзэгдэх хувьслууд (1945) нэрт киногоороо гар дээрээс авсан дүрслэлийг чухалчлан авч үзэн эксперименталь кино урлагт шинэ өнгө төрх нэмсэн түүхтэй
Структуралист кино
Төлөөллийн кинонуудад заримдаа дүрс өөрийгөө зүгээр л дүрс гэдгээ батлах тохиолдол гардаг.Гэвч ихэвчлэн энэхүү зураглалын нэгж буюу дүрс ямар нэг хүүрнэлийн хэрэглүүр болон хувирдаг.Уламжлалт авангард кино урлаг киног дүрс, ердөө хуурмаг төлөөлөл хэмээн тунхагладаг.Гэвч кино бодит зүйлийн дууриамал төлөөлөл биш хэдий ч өөрөө өөрийн шинж чанартай бие даасан бодит оршихуй юм.Кино амьдралын тухай бодордоггүй, гэхдээ уран бүтээлчийн оюун ухааны амьдралын бодит илэрхийлэл мөн.Кино бол санааг тээх дамжуулга биш.Кино өөрийн оршихуйгаас гадуурх сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хэрэгсэл биш.Кино бол дотоод цаг хугацааны тэнцвэрийн дагуу тодорхой өгөгдсөн орон зай дахь гэрлийн хувирамтгай эрчмийн урсгалаас бүрдэх хөдөлгөөн. – Эрни Гер
1966-1971 оны хооронд АНУ болон Канадын хамгийн бүтээлч бөгөөд шинэлэг кинонуудыг Тони Конрад, Майкл Сноү, Кен Жэкобс, Эрни Гер нар бүтээсэн бөгөөд эдгээр уран бүтээлчдийн нилээн хэдэн бүтээлийг нийтлэг талаар нь структуралист кино хэмээдэг.Структуралист кино нь нэг талаас кино урлагийг урлагийн харилцааны нэгэн хэрэгсэл гэдэг утгаар нь задалж шинжлэн, бодрох боловч нөгөө талаас ихэнх андерграунд кинонуудаас илүүтэй урлагийн минимализмтай илүүтэй жишиж үзвэл зохистой.
Структуралист кино найруулагчид киног бодит байдлын төлөөллийн урлаг гэдэг талаас нь хараагүй юм.Тиймээс тэд өөрсдийн шинжилгээний киноныхоо гол сэдвээр энэхүү төлөөллийн урлагийн асуудлыг хөндсөн байна.Структуралист кинонуудыг бусад киноноос өөрөөр үзэх учиртай.Эдгээр киног хар аяндаа бодит байдал гэж огт итгэлгүйгээр, үнэн баримт болох энгийн нэгэн хуурмаг дүрс гэдэг талаас нь ямагт санан байж үзэх хэрэгтэй юм.1971 оны байдлаар Эрни Гер бол хамгийн чухал структуралист кино уран бүтээлч болоод байв.
Олдмол материалын кино
Зарим уран бүтээлчид урьд хожид үзэгдээгүй дүрслэлийг хайж эрж уран бүтээлээ туурвидаг ч зарим тохиолдолд олдмол хуучин зүйлтэй ажиллаж, үр дүнд нь цоо шинийг бүтээх нь бий. – Харун Фароки
20-р зууны эхээс эхлээд 100 гаруй жилийн турш тодорхой эксперименталь уран бүтээлчийн сонирхлыг татах олдмол материал нь кино бүтээгчдээ урам онгод өгөхөөс гадна гоо сайхныг урлах түүхий эд нь болж байв.Зарим кино уран бүтээлчдийн хувьд олдмол материал тодорхой нэгэн нийгэм соёлын хэсэг гэдгээрээ тухайн дүрсний зэрэг дэв дээр саналаа илэрхийлэх, мөн киноны хэлийг деконструкцид оруулах боломжийг олгодог.Харин зарим уран бүтээлчдийн хувьд олдмол материал дүрснээс илүүтэй уран бүтээлчийн тэрхүү дүрснээс олж харсан форм, геометрийн зохиомж гэх мэт элементүүдийг тодосгож өгөх далимыг өгдөг аж.
Олдмол материалын киног архивын кинотой андуурч үл болно.Архивын кино нь түүхэн ач холбогдолтой гэж үзсэн дүрсийг хадгалах албан ёсны байгууллагын сан хөмрөгт хадгалагдах дүрс бол олдмол материалын кино урлаг нь уран бүтээлчийн өөрийн дуу хоолойг ихэвчлэн товойлгож, дүрсний агуулгад ач холбогдол өгөхгүй байх нь элбэг.
Флюксус кино
1960-аад оны эхээр цөөнгүй уран бүтээлчдийн түр зуурын хамтарсан уран бүтээлийн оргилуур байсан гэлтэй.Литвид төрсөн Америкийн уран бүтээлч Жорж Масиунас “буурь суурьтай” хэмээгдэх соёлыг эсэргүүцэх, ядаж егөөдөх зорилготойгоор үүсгэсэн кино хөдөлгөөн.Хоорондоо төсгүй олон уран бүтээлчдийн 41 киног Масиунас нэгтгэн Флюксус кинонууд хэмээн нэрийдэж Флюксусийн фестиваль болон олон төрлийн сувгаар цацаж байсан юм.Эдгээр кинонууд нь ихэвчлэн үйлдлийн урлаг (performance art) дээр суурилсан, нийгмийг ёгтолж егөөдсөн шинжтэй, бараан маягаар хошигносон, амьдрал болон урлагийн хил хязгаарыг бүрхэгдүүлсэн гэдгээрээ хоорондоо нийтлэг байв.

Фред Кампер – Авангард киноны 6 шалгуур

1. Киног нэг хүн эсхүл цөөн тооны хүмүүсээс бүрдсэн баг бүтээдэг. Ихэвчлэн өөрсдөө шаардлагатай гэсэн бага хэмжээний мөнгө гаргана.Олон нийтэд түгж, ашиг олно гэж найдалгүй зөвхөн кино урлагийн төлөөх хүсэл шуналынхаа төлөө киногоо туурвидаг.
2. Кино бүтээгч нь ихэвчлэн өөрөө киноныхоо продюсер, найруулагч, зохиолч, зураглаач, эвлүүлэгч, дууны найруулагч байх буюу ядаж эдгээр үүргийн талыг өөрөө гүйцэлдүүлдэг.
3. Олон нийтэд таашаагддаг арилжааны кинонуудтай адил шугаман хүүрнэлийг дагаж мөрдөхийг хичээдэггүй.
Гэхдээ үйл явдал нь шугаман хэдий ч Холлис Фрэмптоны Найраглаг шударга ёсбүтээлд хүүрнэлийг жүжигчид тоглохгүй бөгөөд ширээн дээр кино зохиолын хэсэг бүрийг дараалан тавих байдлаар өгүүлдэг.
4. Киноны арга ажиллагаа, элементүүдэд үзэгчдийн анхаарлыг хандуулна. Гэтэл реалист кинонд “эксперименталь” хэсгийг зүүд, мөрөөдлийг илэрхийлэх талаар хязгаарлаж орхидог.
Авангард, эксперименталь кино бүтээх арга ажиллагааны зарим жишээ:
a. хальсан дээр шууд маажих болон будах
b. эвлүүлэгт үзэгчдийн анхаарлыг хандуулахын тулд гэнэтийн эсхүл хурдацтай эвлүүлгийг ашиглах
c. фокусгүй зураглал
d. хэт түргэн хөдөлгөөнт зураг авалт нь дүрсийг танигдахгүй болгох
e. линзний гажуудал ашиглах
f. камерийн хэт налуу хөдөлгөөн
g. линзний өмнө обьектууд байрлуулан дүрсийг гажуудуулах
h. кино хальсан дээр шууд обьектуудыг коллаж байдлаар наах
i. дүрс давхардуулалт
j. оптик эффект хэрэглэх
k. дүрстэйгээ үл таарах дуу
l. хоорондоо холбоогүй дүрсийн эвлүүлэг нь ямар нэг хүүрнэл, амар тайлагдах бэлгэдлийн утга санааг илэрхийлдэггүй
m. энгийн хүүрнэлийг өгүүлэх, эсвэл мэдээлэл өгөхөөс өөр зорилгоор ашиглагдах үг, үсгүүд
Энэ бүгдийг ашиглаж чадсан ганц л найруулагч миний санаанд бууж байна – Стэн Брэкиж.
5. Авангард кино нь олон нийтийн соёлын үнэлэмжийн систем болон хэм хэмжээний эсрэг байр суурьтай байдаг. Олдмол материалын кино бүтээгчид гэхэд л эх материал нь хэдий олон нийтэд зориулсан дүрс байлаа ч өөрсдийн санааг шигтгэж, ур чадвараа шингээн авангард гэж хэлж болохуйц бүтээлүүд туурвидаг.Тиймдээ ч эцсийн үр дүн нь эх материалын хэлбэр хийц, санааг ихэд хувиргаж таардаг.
6. Авангард кино бүтээл нь тодорхой, нийтээр ойлгогдох санааг тээдэггүй. Арилжааны кинонуудаас эрс ялгаатай нь авангард кино хоёрдмол чанар, олон янзаар тайлбарлах боломжийг дэмнэж өгөх нь бий.Мөн зөрчилдөөнт агуулга, өвөрмөц арга барил нь үзэгчээс уг кинонд идэвхтэй байдлаар хандах шаардлагыг бий болгодог.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх