О.Мөнхбат: Бүх оюутан Монголын түүхийг судална

2014 оны 10-р сарын 15 өдөр, 03 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
p54

Бакалаврын хөтөлбөрт тавигдах шаардлага шинэчлэн батлагдсантай холбогдуулан түүхийг хичээлийг хасах тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбатаас тодрууллаа.

БШУ-ны сайдын тушаалаар бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг шинэчилж баталлаа. Хөтөлбөр шинэчлэгдснээр сургууль, сургалтанд ямар ахиц гарах вэ?
Нэгдүгээрт, Боловсролын яам их сургуулиудын сургалтын хөтөлбөрийг батладгаа больж байна. Хөтөлбөрийг яам биш тухайн сургуулийн эрдэмтэн профессорууд, хөтөлбөрийн хороогоор ямар агуулгатай, ямар багтаамжтай байвал илүү сайн боловсон хүчин бэлдэж, хөдөлмөрийн зах зээлд амжилттай өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх вэгэдгийг нь шийддэг болж байна. Ингэснээр сургалтын чанар дээшлэхийн зэрэгцээ их сургуулиудын бие даасан байдал баталгаажиж, улс төрөөс хамааралтай янз бүрийн хөндлөнгийн оролцоо буурч байгаа юм. Хоёрдугаарт, ерөнхий суурь хичээлийн кредитийг зааж өгсөн. Энэ бол маш чухал. Ерөнхий суурийн хичээлийг үзсний дүнд оюутан дээд боловсролын түгээмэл суурь мэдлэг ур чадварыг эзэмших бөгөөд түүндээ түшиглээд тодорхой хөтөлбөрөөр цаашаа дагнаад сурах боломжтой болно. Мөн ерөнхий суурь хичээл нь оюутаныг тал талын мэдлэгтэй, нийгэмшсэн иргэн болоход нь тусалдаг. Судалгаанаас үзэхэд хүн амьдралынхаа 60-аас дээш хувьд нь бусад нийгмийн гишүүд хүмүүстэй, хүрээлэн буй орчинтойгоо харилцах, харилцан үйлдэлд орох шаардлага гардаг бөгөөд Ерөнхий суурь хичээлүүд нь чухамхүү  эдгээр мэдлэг ур чадварыг суулгахад чиглэж байгаа юм. Дээд боловсролтой сэхээтэн хүн гэж зөвхөн нэг мэргэжил эзэмшсэн хүнийг бус харин тал талын мэдлэгтэй, аливаад нухацтай, үндэслэгээ нотолгоотой ханддаг, шийдвэр гаргахдаа бүтээлч шүүмжлэлтэй ханддаг хүнийг л хэлдэг шүү дээ. Тэгвэл ийм шинжийг бий болгоход Ерөнхий суурийн хичээлүүд зорьж байгаа юм. Түүнчлэн бас нэг асуудлыг шийдэхэд Ерөнхий суурь хичээлүүд гол үүрэгтэй. Монгол улсын дээд боловсрол бол бакалавр, магистр, доктор гэсэн шаталсан сургалттай. Гэтэл харамсалтай нь өнөөдрийг хүртэл ямар асуудал гарч байсан бэ гэхээр бакалаврын хөтөлбөртөө хэт нарийсан нэг мэргэжлийн маш олон хичээл, зарим нь үндэслэлгүй гэж болохуйц янз бүрийн хичээл их оруулчихдаг. Үүнээсээ болоод ахисан түвшний буюу магистр, докторын сургалт нь давхардсан шинж чанартай болоод эхэлсэн. Үүнийг л зөв зүг рүү нь оруулж өгсөн журам, тушаал батлагдлаа.

Яг яаж зөв зүглэж байна гэж?

Жишээ нь, бага ангийн хүүхдэд дунд ангийн юм уу ахлах ангийн мэдээлэл тулгаж өгөөдбайгаатай яг адилхан байсан. Бага ангийн хүүхэд дунд, ахлах ангийн хүүхдийн хичээлийг яаж ойлгох вэ дээ. Тэгэхээр дээд боловсролын шат бүр нь өөрийн гэсэн мэдлэг ур чадварын түвшин хангахад чиглэсэн байх боломжийг нийтлэг шаардлага хангаж өгч байна. Нөгөө нэг чухал зүйл болнийтлэг шаардлагаар Ерөнхий суурь хичээлийн бүрдэл хэсэг бүрээр оюутан олговол зохих мэдлэг ур чадварын доод түвшинг зааж өгөөд харин тухайн их сургууль ерөнхий суурь мэдлэгийн 30 кредит цаг дээр ямар хичээлүүд байхыг шийдэж, оюутнууд нь ямар хичээлийг сонгож судлах вэ гэдгээ өөрсдөө шийдэх боломжтой болж байгаа юм.

Түүхийг хичээлийг хассан тухай мэдээлэл цацагдаад байна. Оюутан өөрөө үзэх хичээлээ сонгодог болно гэхээр Монголын түүхийн хичээлийг үзэхгүй байж болно гэсэн үг үү? Тийм бол түүхийн хичээлийг хасчихсантай адил биш үү?

Бакалаврын хөтөлбөрт заавал үзэх хичээлүүд гэж байгаа. Тэр дунд Монголын түүх байгаа. Тэгэхээр бүх сургууль Монголын түүхийг орно, бүх оюутан Монголын түүхийг судална гэсэн үг. Харин оюутнуудад түүхийн мэргэжлийн професорууд нийтлэг журамд заасан шаардлага хангасан хэд хэдэн түүхийн хичээлүүдийг санал болгоно. Оюутан тэдгээрээс хүссэнээ өөрөө сонгоод үзэх эрхтэй болж байгаа. Тэгэхээр хүүхдүүд аль сайн багшийг нь л сонгоно гэсэн үг. Ингэснээр сургалтын чанар сайжирна. Мөн багш нарын хооронд эрүүл өрсөлдөөн бий болно гэсэн үг. Сонголт хийх эрх бол дээд боловсролын нэг шалгуур үзүүлэлт шүү дээ. Өнөөдөр бид нэг төрлийн бараа худалдаж авахдаа олон үйлдвэрлэгчийн олон бараа бүтээгдэхүүнээс ухаалаг үнэтэй, чанартай, өөрт таалагдаж байгаа өнгө зүстэйг нь авдаг шүү дээ. Гэтэл амьдралын баталгаа болсон боловсролоо сонгохдоо ийм эрхгүй, ганц тулгасан хичээлийг мухар сохроор дагаж болохгүй биз дээ. Ерөнхий боловсролын хичээлүүдээс сонгож судалдаг туршлага бол дэлхийн дээд боловсролд аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөөд хэрэглэгдээд явж байгаа зүйл шүү дээ. Хамгийн гол нь яамнаас тэр хичээлийг тэгж заа гэхээсээ илүү оюутан энэ бүлэг хичээлээс ийм мэдлэгийг зайлшгүй авсан байх ёстой гэдгийг л зааж өгч байна. Ерөнхий суурь мэдлэгийн хичээлээр оюутнуудад гол нь дээд боловсролын мэдлэг ур чадварын ерөнхий суурийг өгч байна. Энэ хичээлүүдээ үзснээр оюутнууд мэргэжлээ зөв сонгох боломжтой болж байна. Одоо бол хүүхдүүд ямар ч байсан нэг дээд сургуульд элсэх ёстой гээд ямар нэг мэргэжил сонгоод элсчихдэг. Гэтэл шууд мэргэжлийн хичээл үзээд эхлэхээр сонгосон мэргэжил нь таалагддаггүй. Тэгээд хичээлдээ сонирхолгүй болно. Удахгүй сургуулиа хаядаг. Эсвэл хэсэг хугацааны дараа ээж аавдаа очоод би өөр мэргэжилтэй болмоор байна. Намайг өөр ангид эсвэл өөр сургуульд оруулж өг гэдэг. Тэгээд цаг хугацаа алддаг. Үүнийг халахад энэ нийтлэг журам чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг шинэчилсэн тушаал гарсан. Үүний дараа сонинд “…хамгаалуулах зөвлөлийг самарчихлаа” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Яг юуг нь яаж шинэчилсэн юм бэ?

Доктор хамгаалуулах журамд тодорхой өөрчлөлт орсон. Түүний зэрэгцээ хуучин доктор хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийх нь бүрэн эрхт хугацаа дууссан.  Тэгээд зарим нэг хүмүүс солигдож оронд нь шинэ хүмүүс орж ирсэн. Мэдээж амьдрал үргэлжилж байна. Эрдэмтдийн үеүд өөрчлөгдөж байна. Яагаад “самарсан” гэж хэлсэнийг нь гайхаж байна. Хэрэв хэн нэгэн энэ зөвлөлд багтаагүйдээ ингэж хэлж байгаа бол тэр хүний өөрийнх нь асуудал. Ер нь Монголын тэргүүлэх их сургуулиуд дээр докторын зөвлөлийг түшиц сургууль болгож байгуулж байгаа. Жишээ нь МУИС дээр 10 орчим эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байна. ШУТИС, ЭМШУИС, МУБИС ч мөн адил. Ингэж том сургуулиудаа түшиглэж эрдмийн зөвлөл байгуулах нь маш зөв. Ингээд саяын зөвлөлийн бүрэлдэхүүнийг харж байхад Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын төлөөлөл, Шинжлэх ухааны академийн төлөөлөл, судалгааны нэр хүндтэй байгууллагуудын төлөөлөл хангалттай орсон байсан. Мэдээж хүн болгон энэ зөвлөлд орох боломжгүй, хүний тоо хязгаартай. Тэгэхээр хэн нэгэн энд миний нэр ороогүй бол энэ зөвлөл муу гэж хэлж байгаа бол тэр эрдэмтэн хүний үг биш л гэж бодож байна. Үүний зэрэгцээ энэ зөвлөлийн хэдэн хүн докторын зэрэг олгохыг шийддэггүй. Хамгаалж байгаа сэдэв, судалгаа, шинжлэх ухааны онцлогоос үүдээд хамгаалалт бүр дээр тухайн салбарын эрдэмтдээс дэд зөвлөл байгуулж хамтдаа хамгаалалтыг зохион явуулдаг. Тэгэхээр хэрвээ та тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн мөн л бол хамгаалалтанд оролцож саналаа өгөх эрхтэй шүү дээ. Аливаа зөвлөлд нэг хүнийг насан туршид хэвээр байлгаад байх бол шинжлэх ухаандаа, хамгаалуулж байгаа эрдэмтдийн чанартаа сөргөөр нөлөөлнө. Тиймээс бүрэлдэхүүн солигдох нь байдаг л зүйл.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх