ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГЭР БҮЛЭЭС СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ
ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Өмчийн бүх хэлбэрийн их сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд төрийн албан хаагчийн гэр бүлээс өдрийн ангид элсэн суралцаж байгаа нэг хүүхэд /цаашид оюутан гэнэ/-ийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2.Төрийн албан хаагчийн гэр бүл гэж Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангилал, төрлийг үндэслэн Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалыг хашиж байгаа эцэг, эх /цаашид “төрийн албан хаагч” гэнэ/-ийг хэлнэ.
3.Төрийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн зөвхөн нэг оюутны сургалтын төлбөрийг төрөөс олгоно. Төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтийг зээлийн буюу бусад хэлбэрт шилжүүлнэ.
4.Оюутан дипломын шатлалд суралцах бол 90 кредит цагийн, бакалаврын шатлалд суралцах бол 120 кредит цагийн сургалтын төлбөрийг төр хариуцан санхүүжүүлнэ.
5.Оюутан нь их сургууль, коллежид элсэн суралцах эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу авсан байна.
Хоёр. Оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэхэд
төрийн албан хаагчийн бүрдүүлэх
материал
6.Төрийн албан хаагч нь ажиллаж буй төсөвт байгууллагадаа доорхи материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:
а/оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэхийг хүссэн өргөдөл;
б/өөрийн хүүхдийг их сургууль, коллежид оюутан элсүүлэх журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн хуулбар;
в/эцэг, эх нь хоёулаа төсөвт байгууллагад ажилладаг бол нөгөө байгууллагад ажилладаг эцэг /эх/-ийн ажлын газраас оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлээгүй тухай байгууллагын тодорхойлолт;
г/оюутны сургуулиас ирүүлсэн сургалтын төлбөрийн нэхэмжлэл;
д/оюутан нь улиралд 12-оос доошгүй кредит цагийн ачаалалтай, улирлын голч дүн нь 2-оос дээш байгаа нөхцөлд гэрээг сунгана.
7.Төрийн албан хаагч хүүхдээ их сургууль, коллежид элсэн суралцсан эхний жилд энэ журмын 6 дугаар заалтын а,б,г,д-д заасны дагуу материалаа бүрдүүлнэ.
8.Төрийн албан хаагч хүүхдээ их сургууль, коллежид үргэлжлүүлэн суралцах үед энэ журмын 6 дугаар заалтын а,б,в,г,д-д заасны дагуу материал бүрдүүлнэ.
Гурав. Сургалтын төлбөрийг төрөөс
санхүүжүүлэх
9.Төрийн албан хаагч хүүхдээ их сургууль, коллежид элссэнээс хойш нэг сарын дотор энэ журмын 6 дугаар заалтад заасан материалыг ажиллаж буй байгууллагадаа бүрдүүлэн өгч, сургалтын төлбөрийн гэрээг тухайн төсөвт байгууллагатайгаа байгуулж, нотариатаар баталгаажуулна. Уг гэрээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
10.Төрийн албан хаагчийн ажиллаж буй төсөвт байгууллага нь энэ журмын 6 дугаар заалтад заасан материалыг хянан үзэж, төлбөрийн гэрээг үндэслэн оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх тухай тушаал гаргаж, дор дурдсан байгууллагад хүргүүлнэ:
а.орон нутгийн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллага нь жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор аймаг, дүүргийн Засаг даргад;
б.төвлөрсөн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллага нь жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор Сургалтын төрийн санд.
11.Аймаг, дүүргийн Засаг дарга нь төсөвт байгууллагаас ирүүлсэн тушаалуудыг нэгтгэж захирамж гарган холбогдох материалын хамт жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор Сургалтын төрийн санд ирүүлнэ.
12.Сургалтын төрийн сан нь төсөвт байгууллагын тушаалыг үндэслэн, сургалтын төлбөрийг эхний хагас жилийн хичээлийн жил эхэлснээс хойш нэг сарын дотор, сүүлийн хагас жилийн сургалтын төлбөрийг хичээлийн жилийн II улирал эхэлснээс хойш нэг сарын дотор тус тус тухайн сургуулийн дансанд шилжүүлнэ.
13.Давтан үзэх хичээлийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна. Тухайн хичээлийн жилд цуглуулвал зохих кредитээс илүү гаргаж сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна.
14.Их сургууль, коллежид суралцаж байгаа оюутны төлбөрийг санхүүжүүлэхдээ дотоодын төрийн өмчийн их сургууль, коллежийн адилтгах мэргэжлийн дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийн зардлын хэмжээг баримтална.
15.Оюутан нь Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их сургууль, коллежид суралцсан тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ журмын 9 дүгээр заалтад заасан гэрээнд “Сургалтын төлбөрийг төр хариуцсан” гэсэн тэмдэглэгээ хийж, сургалтын төлбөрийн гэрээг дуусгавар болсонд тооцно.
16.Төрийн албан хаагч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрөө төлсөн тохиолдолд энэ журмын 6 дугаар заалтад заасан материал, мөнгө тушаасан баримтыг үндэслэн ажиллаж буй байгууллагаар нь дамжуулан Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийг нөхөн олгоно.
17.Оюутан зохих журмын дагуу чөлөөтэй байсан хугацааны сургалтын төлбөрийн санхүүжилтийг түр түдгэлзүүлэх бөгөөд үргэлжлүүлэн суралцах үед нь сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлнэ.
Дөрөв. Бусад асуудал
18.Оюутан сургалтын төлбөрийн талаар хуурамч материал бүрдүүлсэн, сургуулиас хасагдсаныг нуун дарагдуулсан, төлбөрийг нь давхардуулан авсан, илүү олгосон зэрэг зөрчил гаргасан тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын төсөвт байгууллага болон аймаг, дүүргийн засаг дарга Сургалтын төрийн сангийн холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэнэ.
19.Хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүссэн тохиолдолд энэхүү журам үйлчлэхгүй.
20.Оюутны сургалтын төлбөрийн санхүүжилттэй холбоотой талуудын хооронд гарсан маргааныг боловсролын хяналт эрхэлсэн байгууллага гомдлыг нь хүлээн авсанаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
21.Их сургууль, коллежид төрийн зардлаар суралцаж байгаа оюутан сургуулиас хасагдсан, өөр сургуульд шилжин суралцсан тохиолдолд төрийн албан хаагчийн бусад хүүхдэд сургалтын төлбөрийг шилжүүлж олгохгүй.