Кино дүрслэлийн урлаг болох нь
Ихэнх хүн киног тодорхой шугаман болон шугаман бус хүүрнэл, түүхгүйгээр төсөөлж чаддаггүй. Ийм ч учраас киног шуудхан уран зохиол эсвэл тайзны урлагтай холбон ойлгодог. Орчин үеийн кино бизнесийн салбарт шугаман хүүрнэлтэй кино давамгайлж байгаа болохоор энэ нь ч аргагүй. Гэхдээ кино урлаг гэж юу вэ гэдгийг илүү нарийвчлан тодорхойлохын тулд анх үүсэн буй болсон тэр үе рүү ухарцгаая. Кино урлагийн үүсэл нь гэрэл зурагтай, гэрэл зургийн үүсэл уран зурагтай шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл кино урлаг нь үгэн урлаг, түүнээс гаралтай тайзны урлагаас илүүтэйгээр дүрслэх урлагийн үргэлжлэл юм.
Кино урлагийг film (герман хэлнээс гаралтай хальс гэсэн үгнээс гаралтай. Энэ тохиолдолд дүрсийг буулгаж буй хальсыг зааж байна), movie (moving picture гэсэн үгийн товчлол буюу хөдөлгөөнт зураг), motion picture (өмнөхтэй утга нэгтэй) гэх зэргээр нэрлэдэг нь энэ урлагийн амин сүнс нь үг, өгүүлэмж бус дүрсэнд оршиж буйг илтгэнэ.
Өнөөдрийн бидний үзэж заншсан дүр, харилцан яриа, зохиолоос бүрдсэн кино нь олны харцыг булаахын тулд гоёлын даашинз өмсөж, зүүсгэл чимэг зүүсэн бүсгүйтэй л адил юм. Хэрвээ энэ бүсгүйг нүцгэлж, кино урлагийг элдэв зүүсгэл чимгээс нь ангижруулж орхивол тэнд цаг хугацаа ба дүрс л үлдэнэ. Энэ бол киноны амин сүнс. Хөдөлгөөнд орж амилсан абстракт уран зургууд мэт эсвэл зураг авалт хийлгүйгээр зөвхөн архивын дүрс бичлэгийг ашиглан кино бүтээдэг эксперименталь кино найруулагчид олон бий. Ийм хандлага зөвхөн эксперименталь кинонд л оршиж байгаа ч юм биш. Ямар нэгэн кино зохиолгүйгээр зураг авалтаа эхлүүлж, зохиолоо зураг авалтын үеэр нөхөж бичих эсвэл эхлээд зураг авалтаа хийж гүйцэтгээд дараа нь эвлүүлгийн явцад хүүрнэлээ буй болгох зэрэг аргууд ч кино урлагт ашиглагдсаар байна.
Гэхдээ энэ нь кино урлагт зохиол огтоос хэрэггүй гэсэн үг биш. Асгар Фархади эсвэл Эдвард Янгийн кинонуудыг үзэх бүртээ би нарийн нягт бичсэн зохиол, үг бүрээс нь утга цацрах харилцан яриаг нь биширдэг. Гэхдээ зохиол нь жүжигчин эсвэл хөгжим гэдэгтэй адил найруулагчийн бүтээлээ илүү төгөлдөржүүлэхийн тулд ашиглаж болох бас орхиж ч болох багаж зэвсгүүдийн ердөө нэг нь болохоос хамгийн гол эсвэл суурь багаж нь биш. Энэ зэвсгийг ашиглах эсэх нь зөвхөн найруулагчийн дур бөгөөд энэхүү сонголт нь бүтээлийн чанарт нөлөө үзүүлэхгүй. Суурь багаж нь зөвхөн найруулагчийн уран чадвар бөгөөд бүтээлийн чанар зөвхөн үүнээс л шалтгаална.
Кино өөрийн хэлтэй болох нь
Кино нэгэнт дүрслэлийн урлаг тул үгээр бус дүрсэнд суурилсан өөрийн гэсэн илэрхийллийн хэлтэй. Зохиолыг хэт шүтэх үзэл нь энэхүү кино хэлийг орхигдуулж буй явдал юм. Мөн нэгэнт кино өөрийн гэсэн хэлтэй, дүрслэлд суурилсан урлаг тул кино зохиолыг зөвхөн зохиол бүтээл туурвих авьяасад дулдуйдан ч бичих боломжгүй. Өөрөөр хэлбэл кино зохиол бичихэд уран зохиолын ур дүйгээс илүү кино урлагийн талаарх мэдлэг, туршлага шаардагддаг. Ийм ч учраас ихэнх найруулагчид аль нэг зохиолчид найдлага тавихаас илүүтэй өөрийн гараар зохиолоо бичихийг илүүд үздэг биз ээ. Энэ тухайд дараагийн хэсэгт өгүүлнэ.
Кино найруулагчийн бүтээл болох нь
Кино бол нийлмэл урлаг. Үүн дотроос зөвхөн нэг орц (гарцаагүй биш) болох зохиолыг дээдлэн үзэх нь бүтээл дэх найруулагчийн үүргийг хэт дорд үзсэн хэрэг юм. Манай кино урлагийн салбарынханд найруулагчийн үүрэг зөвхөн найруулах, харин зохиол бичих гэх мэт бусад үүргийг тухайлсан мэргэшсэн субъект хийх ёстой гэсэн хандлага түгээмэл байна. Кино арилжааны салбарт ийм схем ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ урлагийн үүднээс авч үзвэл шүлгийн эзэн нь яруу найрагч, хөгжмийн бүтээлийн эзэн нь хөгжмийн зохиолч байдаг шиг кино нь бүхэлдээ зөвхөн найруулагчийн бүтээл юм. Ийм ч учраас домог болсон найруулагчдын дийлэнх нь кино зохиол бичих эсхүл тухайлсан нэг зохиолыг дэлгэцийн бүтээлийн зохиол болгон хувиргах чадвартай байсан.
Ингмар Бергман, Акира Куросава, Стэнли Кубрик зэрэг домгуудаас эхлээд энэ үеийн шилмэл найруулагчид ч ийм л журмаар ажиллаж байсан, ажиллаж байна. Бидний сайн мэдэх Акира Куросава “Рашомон” киногоо Рюноскэ Акутагавагийн хоёр өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн. Гэхдээ эдгээр өгүүллэгүүдийг кино зохиол болгон хувиргах ажлыг урт удаан хугацааны хамтрагч Шинобү Хашимототой хамтран гүйцэтгэсэн байдаг. “2001: Сансрын Одиссей” ч зөгнөлт зохиолч Артур Кларкийн богино өгүүллэгээс санаа авсан ч мөн л кино зохиол болгох ажлыг нь Кубрик өөрөө гардан хийсэн. Мэдээж би зөвхөн олонд танигдсан гурван домгоор л жишээ авсныг уншигч та болгооно биз ээ. Хэрэв ийм жишээнүүдийг дурдвал нэг нийтлэл байтугай нэг ном ч багадах буй за.
Үүнээс гадна Такеши Китано, Пол Томас Андерсон, Вес Андерсон гээд кино зохиолоо өөрөө бичиж найруулдаг найруулагчид ч түүнээс дутуугүй олныг дурдаж болно. Ихэнх найруулагчдын намтар дээрээс кино найруулагч ба кино зохиолч гэсэн тодотголыг олж харж болно. Ийм хандлага зөвхөн артхаус кино ертөнцөд давамгайлдаг юм биш. Кристофер Нолан, Питер Жексон, Вачовскийн ах дүүс гээд энэ үеийн арилжааны кино салбарын толгой найруулагчид ч өөрсдийн гараар зохиолоо бичдэг. Энэ нь найруулагч нарт цэвэр өөрийн дуу хоолойг хүргэх илүү давуу эрхийг олгодог нь мэдээж.
Тэгэхээр манай кино урлагт байгаа том саад нь кино зохиолгүй, кино зохиолчидгүй явдал биш зөвхөн одоог хүртэл төлөвшсөн энэ хандлага л юм.