Кино урлагийн дээд сургуулийн босгыг алхан орж ирсэн цагаас хойш оюутны лекцийн танхимтай амьдрал минь холбогдсон юм. Эхний өдрийн хичээлийн хуваарийг харан зогсож байхдаа гоо зүй, урлагийн сэтгэл судлал, Доктор, профессор С.Баясгалан гэж бичигдсэн байхыг хараад урлагийн сэтгэлийг судалдаг л юм байхдаа гэж гайхаж байсан үеэ одоо бодоход хөгжилтэй ч юм шиг. Чухам энэ хичээлийг заах багш нь ямар хүн байдаг болох нь сонирхлыг минь ихэд татсан юм. Хүүхдүүдийн шуугилдах чимээ, тас тас хийтэл хөхрөлдөн инээлдэх охидууд, тааваараа гэгч нь таахалзан суусан хөвгүүд, хичээлийн хэнхэг болчихсон юмуу гэмээр хэрэндээ бичиж суугаа хэд хэдэн гүн ухаантнууд, тэдгээрийг ажиглан суух таг дуугүй даруухан оюутнууд. Тал талд л болж буй энэ үйл явдал сая нэг намдах үед би хаалга руу хараагаа бэлчээхэд намхан нуруутай, буурал толгойтой Баясгалан багш минь бага зэрэг инээмсэглэл тодруулан аядуу гэгч нь алхан орж ирлээ. Бодож байснаас минь өөр хүн байна шүү. Хичнээн цэгцтэй яриатай, уужим сэтгэлтэй эгэл бус хүн гэдгийг би анхны лекцийг нь сонсохдоо л мэдсэн юм. Багш гэдэг үг сэтгэл зүрхэнд нь сийлэгдсэндээ ч тэр юм уу хүүхдүүдийн дуу, хүмүүсийн шуугилдах чимээнд та бүтээл туурвилаа бичдэг байх. 1956 онд Москвагийн их сургуулийн сэтгэл судлалын ангийг төгсөж ирээд одоогоор бол хорьж болдоггүй 20 нас ёстой л галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй насан дээрээ багшийн гараагаа эхлэн өдий 60 жил багшлахдаа Содовын Баясгалан таны багшаас өөр мэргэжлээр би ажиллаж чадахгүй хэмээн ярьдгийн учир багш хүн гэдэг мэдлэгтэй дээ бус хүний мөстэй, хүүхдэд хайртай, хүний хувь заяаны утсан дээр зогсдог учраас л тийм буй за. Өөр ажил хийх байлаа ч цэцэрлэгийн хүмүүжүүлэгч болох байсан гэдэг нь хүртэл сурган хүмүүжүүлэх багштай л холбоотой. Морь унаж чадахгүй ээдээ чи мөн арчаагүй юун малчин болох хэмээн эцэгтээ зэмлүүлдэг байсан гэж та ярьж байсан даа. Аргагүй л хувь заяа нь багш руу л дуудаж дээ. Нэгэн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа бага балчир байхаас нь л аав нь их ном уншдаг байсан. Бичиг үсэг мэдэхээс минь өмнө л намайг номын хорхойтон болгосон нь аавын минь л ач. Нэг ёсондоо эхийн сүүнээс гараад л номонд орсондоо гэж хэлж билээ. Тэрээр хэнээтэй хүн биш ч ном бол хүний ухааныг задалж, өөрийг нь өөртэй нь яриулдаг, өөрт нь асар их сан хөмрөг өгдөг эрдэм гэдгийг хэтээсээ ойлгочихсон учраас л одоогийн залуусын ганц дутагдалтай чанарыг олж хараад ном уншихгүй байж болохгүй шүү гэж захиж байдаг сургаалийг нь бид үл мартах учиртай. Түүний хамгийн аз жаргалтай мөч бол хариуцлага гэж юу байдгийг мэдэхгүй үе болох бага нас. Эрх дураараа, ёстой л өнөөх чөлөөтэй нисэж буй эрвээхий шиг л байсан цаг үе юм даа. Одоо бол таныг хангарьд шувуутай зүйрлэмээр байна. Он цаг улиран одох тусам хүнд хариуцлага гэдэг зүйл аандаа л тулгарна. Хувийн амьдрал, гэр бүл, ажил хөдөлмөр, мэдлэг боловсрол гээд тэр дундаа хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх гэдэг томоохон хариуцлагыг үүрэн өдгөө монголын алдарт багш нарын багш явсан таны хүүхдийн төлөө цохилох зүрх хэзээ ч мохоогүй. Нас өтлөхийн хэрээр бие жижгэрч зан араншин хүртэл хүүхэд шиг болдог бол багш өдийд аль хэдийн хүүхэд болчихсон л байх. Бодь сэтгэлтэй, олон боть номтой таны нөр их хөдөлмөр үеийн үед ч бидэндээ уншигдсаар. Багш гэдэг энэ 4 үсгийг Баясгалан гэдэг нэртэй холбодог. МУСГЗ, шинжлэх ухааны доктор профессор, гоо зүйн шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, орчуулагч, редактор, сурган хүмүүжүүлэгч гэсэн цол хэргэм, мөн бүтээл туурвилууд тань олны хүртээл болчихсон байгаа нь, түүнээс илүүтэй мэргэжилдээ үнэнч, хүүхдүүдэд хайртай байдаг тань бидэнд үлгэр дуурайл болж байдаг. Чухам түүний лекцийг шимтэн сонсюу гэвэл хичээлийн 1 цаг 30 минут үл хүрнэ. Мөнхөд таныг дурсан ярих мянга мянган уншигчид, шавь нар байна гэдэг багшийн зүрх сэтгэлд хүрэх хамгийн сайхан өглөг байх бизээ. Ингээд л санан дурсаад баймаар энэхүү хөрөг найруулалдаа зохиогч би төгсгөл бичмээргүй санагдана.
Сэтгүүлчийн 3-р курсын оюутан О. Болортуяа