Урлагийнхнаар чимэгдсэн өдөрлөг

2017 оны 04-р сарын 12 өдөр, 04 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17634324_1169699896474221_2157614949117694830_n

        Төрийн өмчийн менежмент ба хариуцлага -2017 сэдэвт өдөрлөг дөрөвдүгээр сарын 07-08-ны өдрүүдэд  “Тэнгэр плаза” төвд боллоо. Энэхүү өдөрлөгт нийт  төрийн өмчийн 84 байгууллага оролцлоо.  Нээлтийн үеэр Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ: “Уг арга хэмжээний гол зорилго нь төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг явуулахад оршиж байгаа юм” гэв. Үйл ажиллагаанд оролцсон бүх байгууллагууд өөрсдийн хийж бүтээсэн ажлыг тайлагнаж, өдөрлөгт оролцсон  иргэд, албан байгууллагад мэндчилгээ дэвшүүлсэн юм. Үүний нэгэн адилаар “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ өмнөх жилүүдэд хийж бүтээсэн ажлаа танилцуулж, Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80-н жилийн ойд зориулан бүтээсэн  “Бидний түүх Монголын түүх” киноны зурагт толийг хямдруулан худалдааллаа. Мөн  МУАЖ П.Цэрэндагва, Ё.Мэндбаяр, Ц.Төмөрбаатар,  МУГЖ Ё.Цог, Ш.Цэцэг, Д.Гүрсэд, Н.Батцэцэг, Б.Даваасүрэн зэрэг олны танил жүжигчдийг урин авчирч үзэсгэлэнд оролцсон ард  иргэдэд   хамт зураг татуулах, тэдний гарын үсэгтэй зургийг нь худалдаж авах боломжийг нээж өгсөн юм. Үүнээс гадна кино бүтээхэд ашигладаг хувцас хэрэглэл, гэрэл техник, жижиг хэрэгсэл, дарь ганга хийцийн  толгойны гоёл, эхнэр үс зэргийг нийтэд дэлгэн танилцууллаа. Хямдралтай номын худалдаанд Ардын уран зохиолч Б.Догмидын- “Улаан тарианы хүүхнүүд”, М.И.Ромм- “Кино телевизийн найруулга” Д.Цолмон-  “Монгол кино, Ё.Мэндбаяр- “Их хайрын өргөл” болон “Монгол киноны дуунууд” цомгийг худалдаалав. Мөн үнэ төлбөргүйгээр үндэсний хувцас өмсөж, нүүр хувиргагчаар будалт хийлгэн зургаа даруулах зэрэг үйл ажиллагааг өрнүүлэв.

      Харин “Тэнгэр плаза” төвийн гаднах талбайд үзэгчдийн киноноос л хардаг байсан хуучны машин, сүйх тэргийг байрлуулж, КУДС-ийн оюутнууд “Хүмүүн төрөлхтөн” бүжиглэж “Морьтой ч болоосой”, “Сүхбаатар” зэрэг киноны дүрүүдэд хувирч үзэгч олонд толилууллаа. Нээлтийн үеэр КУДС-ын багш гитарчин  А.Сага “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ыг  төлөөлөн  сэтгэлд хоногшсон монгол киноны дуунуудаас түүвэрлэн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэхүү өдөрлөг нь анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулахаар шийдвэрлэсэн юм.

Сэтгүүлч 3-р курсын оюутан Л.Энх-Амгалан

17799104_1169676136476597_834754367185008428_n 17796825_1169676213143256_7219186806468105996_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх