Зохиолч, найруулагч Д.Бямбасүрэн болон Германы “Улсын телевиз”-ийн уран бүтээлчид Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд сургуульд айлчлан оюутан залуустай ярилцлаа.

2017 оны 09-р сарын 20 өдөр, 07 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-_MG_9465

Монголд төдийгүй дэлхийд “Ингэн нулимс” киногоороо танигдсан Кино Урлагийн Дээд сургуулийн төгсөгч, зохиолч, найруулагч Д.Бямбасүрэн болон түүний хамтрагч уран бүтээлчид болох найруулагч Lisa Eden Held, дууны найруулагч Silrio Rechenback Thenick, зураглаач Corts нар оюутнуудтай уулзаж сонирхсон асуултад нь хариулснаас гадна, өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Уулзалтын үеэр Германы урлагийн сургуулиудын онцлог, тэдгээрийн төгсөгчдийн уран бүтээл, дэлхий нийт одоо юуг илүү их үзэж, сонсохыг хүсч байгаа тухай, хэрхэн чанартай бөгөөд өвөрмөц кино, нэвтрүүлэг хийх талаар, мөн уран бүтээлч хүний аз жаргал, ямар хүндрэлтэй асуудал тулгардаг гээд 1 цагийн турш сонирхолтой, өгөөжтэй яриаг өрнүүлсэн юм.  Германы уран бүтээлчид оюутнуудад хандан “Техник технологи өдөр ирэх бүр хөгжиж байгаа энэ цаг үед хүссэн хэн ч утсаа гаргаад л нэвтрүүлэг, кино хийх боломжтой болчихсон. Тиймээс та бүхний оюун ухаан, бодол эргэцүүлэл л дэлхийд өрсөлдөж гарах хэрэгтэй” гэлээ. Зохиолч, найруулагч Д.Бямбасүрэн  “ Монголын залуусын уран бүтээл, ялангуяа баримтат киног хэрхэн дэлхийд гаргах тухай би та бүхэнд зөвлөгөө өгч, гадаадын зах зээлд уран бүтээлээ толилуулах гүүр нь болохыг маш их хүсч байна. Тиймээс би үүний төлөө ажиллах болно” гэдгээ оюутан залуучуудад хэллээ.
Тэд анх удаа Монгол орныг зорьж ирээгүй гэдгээ тодотгоод энэ удаад “Азийн нууцууд” хэмээх баримтат киноны зургийг авахаар 14 хоногийн хугацаатай ирээд буцаж байгаагаа уулзалт, ярилцлагын төгсгөлд онцлон, цугларсан оюутнуудтай  дурсгалын зургаа татуулсан юм.
Мэдээг бэлтгэсэн: Т.Анударь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх