Хүчгүй төр

2017 оны 12-р сарын 01 өдөр, 03 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ea912f878bf51a181e1eaf3be2783008

Өглөө 7 цаг: Сэрүүлэг яг цагтаа дуугарсан энгийн л нэг өглөө. Хэсэг хэвтсэний дараа хөнжилөө хуу татан орноосоо босоход гэр их хүйтэн байна. Аль болох өөрийгөө дааруулахгүй гэж хурдан хурдан хөдөлсөөр хувцасаа өмсөж, ороо  хураалаа. Цоргонд хоносон усаар нүүрээ угаах нь яг л хэдэн зуун жижиг мөсөөр арьсаа зүсэх шиг санагдана. Уг нь аав бидэнд ханандаа халаалттай, халуун хүйтэн устай, ая тухтай амьдаруулна гэж байнга л амалдаг. Гэвч бахь байдгаараа л байна.

Өглөө 7 цаг 15 минут: Гэрийнхэн маань бүгд эхнээсээ босгоож, ээж галаа түлж, дүү нар өөр өөрийн цэцэрлэг сургуульдаа явахаар бэлдэцгээж байна. Манай гэрийн өглөөний хамгийн том даваа бол аавыг сэрээх ажилд нь явуулах. Энд тэндээс нь татна, зуурна, зулгаана, дуудна. Аав уурлана, унтана, урагш хойш харж толгой дээгүүрээ хөнжилөө бүтээнэ. Миний аавыг Төр гэдэг.

Өглөө 7 цаг 40 минут: Хэн ч аавыг сэрээж чадсангүй. Бүр ээж хүртэл дийлсэнгүй. Аав цагтаа ээжийг эхнэрээ болгох гэж их л сайхан залуу шиг дүр эсгэж, аз жаргалтай, амьдрал амлаж уйлж, дуулж, урд, хойно н ь ч гарч гүйсээр олон залуусын дундаас сонгогдсон ч хуримын маргаашнаас л хүнээ байсан юм гэнэлээ. Бид ч ажил сургуульдаа гарцгаалаа. Харин ээж аавыг сэрээхээр үлдлээ. Магадгүй аав үд өнгөрч байхад сэрэх байх. Тэгээд хамаг ажлаа алдаад манайх гэдэг айл ахиад л хүйтэн гэрт, хоолгүй хонох нь дээ.

Гэрээс гарч, хэдэн дүү нараа хөтлөөд явж гарлаа. Яг бидэнтэй адил олон хүмүүүс нүүр амаа битүү ороож баглаад, цан хүүрэг татуулан яг л өвлийн өвгөн цасан охин гэлтэй алхална. Утаанаас өөрийгөө хамгаалах гэж ийнхүү баглаж дээ. Гудамжаар алхах хүмүүс цаанаасаа л гунигтай харагдана. Айлуудын ил асгасан угаадас гудамжаар нэг хөлдөж, дүрсгүй жаалууд гулсаж тоглоод хальтирч унана. Хосууд хоёр биенээ дулаацуулан эрхэлдэх ч хоосон хэтэвчээ тэмтэрч бүрхэг ирээдүй рүү гудамж метрлэнэ. Хажуу айлын Цэцэгээ багш тэмцлийн лоозон, барьсаар тэртээ алхаж одно. Аав одоо ч сэрээгүй л байгаа байх. Гэхдээ гадаа аль  хэдийнээ амьдрал эхэлчихжээ.

Өглөө 7 цаг 50 минут: Миний дүү Хулан бие муутай хүүхэд учраас тусгай сургуульд сурдаг юм. Түүний сургууль дээр ойрд маш олон асуудал үүсээд байгаа. Багш нар нь дохионы хэл муу мэддэгээс үүссэн сурагчдын тэмцэл цаашлаад багш нар нь сурагчиддаа, бэлгийн дарамт үзүүлдэг, хүүхдүүд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байгааг илрүүлсэн юм. Энэ хохирогчдын нэг нь Хулан. Анх энэ мэдээг сонсоод манай гэрийнхэн их цочирдсон ч аав нэг  их ойшоогоогүй юм. Тэгэх ингэс хийгээд хоёр, гурван багштай уулзсан. Тэгээд л хэрэг намжсан. Үр хүүхдээ хамгаалж чаддаггүй хүчгүй аавтай бид азгүй ч юм шиг. Хулан одоо ч сургуульдаа явах дургүй л байна.

Өглөө 8 цаг 30 минут: Бага дүү Эрхэсээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр очтол ангийнхан нь бүх хүүхдүүд ханиад хүрчихжээ. Эрхэс ч бас энэ ханиадыг хүрсэн. Ээж түүнээс болж хэдэдн өдөр эмнэлгийн кордорт хоносондоо. Цэцэрлэгийн нэг ангид хэт олон хүүхэд байгаа учраас Эрхэсийг ээж гэртээ хараад ажлаасаа гарна гэж ярьж байсан. Ахиад л нэг орлогын эх үүсвэр тасрах нь дээ. Аав босч ажилдаа явчихвал асуудлууд ч шийдэгдэх гээд л байна.

Өглөө 9 цаг 00 минут: Уг нь манай гэр их олон дүрэм журамтай. Өглөө эрт босох, гэрт тамхи татахгүй, архи хэтрүүлэн хэрэглэхгүй, бүгд өөр өөрийн үүргээ биелүүлэх гэх мэт. Аав байнга л шинэ дүрэм гаргадаг юм. Гэвч ихэнхи дүрэм дээд тал нь гурван хоног л үйлчилнэ. Тэгээд л мартагдана. Аав өөрөө ч мартаж дүрмээ зөрчинө. Ямар дүрэм гаргаснаа ч өөрөө санахгүй байх жишээтэй. Энэ тухай бодол автобусанд түгжирч өнгөрөөх их цагийг минь хуваалцлаа.

Өглөө 10 цаг 00 минут: Энэ түгжрэл яг л манай гэр бүлийн амьдрал шиг. Бүгд ирээдүйрүү тэмүүлж байгаа хэдий ч гацчихсан. Өглөө бүр би энэ зам дээр түгжирч зогсохдоо өөрийнхөө, амьдралыг эргэцүүлдэг юм. Гэр бүлээ аз жаргалгүй байлгадаг, аавдаа гомддог. Хүчгүй аав уу ? хүсэлгүй аав уу? Гэдгийг би мэдэхгүй юм. Амласан амлалт бүрээ биелүүлдэг бол амьдрал арай сайхан байх байсан юм шиг санагдана.

Монгол улс бол гэр бүл юм. Бид “Төр” гэгч аавтай, ээж, хүүхэд гэгч иргэдтэй. Бидний дунд сайн, муу олон л хүн бий. Гэвч сайныг нь сайшааж, дэмжих, мууг нь хатуу шийтгэж зэмлэх ухаалаг, хүчирхэг аавгүй гэр бүл юм. Хүүхдүүд нь хүчирхийлэлд өртөж, өөр хоорондоо тэмцэлдэж, ажилгүй гэртээ бүгж, архи тамхинд живж байхад аав нь хараад л сууж байгаа эмгэнэлт гэр бүл болжээ бид.

Монгол оронд өглөө болж байна. Одоо л сэрэхгүй бол үд өнгөрөх нь ааваа !

Нийтэл бичсэн : Сэтгүүлчийн 4-р курсын оюутан Т.Анударь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх