Их эзэн Чингисийн минь өлгий нутаг
Их Монгол улсын минь зүүн хойд хязгаар
Энэ л биеийг минь өлгийдөн авсан Өндөр-хаан хот
Энэ л нутагтаа би хүүхэд насаа өнгөрүүлсэн
Нутгийн минь уулс цэнхэрдэн харагдаж өндөр хөх огторгуй улам бүр алслан алслан цэлийж өглөөний улаан наран ээлтэй туяагаа тусган байдагсан. Би зуны амралтаараа намайг өсгөж өдий зэрэгт хүргэсэн хамгийн эрхэм хүмүүс болох эмээ өвөө дээрээ очиж хэд хоноод өөрөө дурлаад хонинд явдаг. Учир нь бага нас минь санаанд ороод сайхан санагддаг юм. Өсөxөөс сурсан ажил гэдэг сайхан шүү. Тэгэх тусмаа хөдөөгийн ажлаас хөндийрч удсан хүнд хонь хариулж, төрж өссөн нутгийнхаа мөнгөн шүүдрийг унагаж явна гэдэг юутай ч зүйрлэшгүй таатай байдаг. Багадаа эмээгээ дагаж аргал түүдэг байсан эмээ минь намайг аргалд дагуулж явах их дуртай миний охин чинь аргалд нүдтэй гээд л эмээгийнхээ өмнө ороод аргал зааж гүйнэ. “Аргал түүнэ гэдэг чинь бодол түүнээ” гэсэн үг гэж эмээ минь ярина. Ингээд л аяаар тогтуун явж аргаа дүүргэдэг юмсан. Хүүхэд байхдаа хонинд явахаас их л дургүй байдаг ” Хонь шиг амгалан амьтан ” хаа байна. Тэнгэр тогтуун бэлчээр соргог бол гэрийн гаднаас налайгаад бэлччихнэ. Нар дагаж налайсаар байгаад хотондоо ороод ирнэ. Тиймээс л хүүхдийг багаас нь хонь хариулж сургана гэдэг чинь сэтгэл санааг нь тогтоож өгнө гэсэн байж гэж би одоо хэрнээ боддог оо. Эмээгийнхээ энэ сургаалаар багаасаа аргалж түүж хөдөөгийн ажил хийж хонь хариулж өссөн маань надад лав муу юм болоогүй. Эмээ өвөө хоёр минь нэг хэсэг нэгдлийн үнээ сааж мөн зам ангид өгдөг байлаа. Манайх хэдэн жил Чулуутийн гол дээр зусч билээ ёстой л сарлагын сүү сав дүүрч зусдагсан. Намаршаад ирэхээр сарлагаа хурааж ирэх гэж бөөн ажил болно уулын ар цармаар тархсан алаг тарлан сарлаг үхрүүдээ би чулуутийнхаа чулуугаар л хурааж явлаа. Заримдаа ганцxан чулуугаар хүний өөрийн нийлсэн олон сарлаг үхрийг буулгаж явсан балчир бага насны минь тус нэмэр намайг алхам алхмаар амьдралд сургадаг байждээ. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход зүүд зэрэглээ шиг л санагдана. Эмээгээ хормойдон аргалд хамт явж аруул хийдэг байсан балчир бага нас минь чи хаана байна. Эргэж хэрвээ ирдэгсэн бол ёстой уйдхаа мэдэхгүй тоглож уйтгарлахаа мэдэхгүй дуулахсан. Өвөө минь малдаа хайртай хоньчин хүн бий. Эмээ минь нутаг уулсдаа ээлтэй дотно ханддаг хүн бий. Эмээ өвөөгийн минь хайрлаж явдаг бүхэн миний нүдэн тодхон дусдаг. Энэ их цэнхэрхэн алсад миний гэр бүл бүгд шингэнэ. Үүнээс хойш их олон ч жил өнгөрчдээ.
Ай миний чулуутийн гол
Цэцгэн дундуур аяар аяархан
Аргадаж урсана
Цээжин дунд минь зөөлөн урсана….Аргагүй л манай нутгийн дуу мөндөө. Найрын хойморт суугаа буянт буурлуудийн барьсан сархадын толионоос үдийн нарны гэрэл солонгорон ойж, нүүр нүдийг баясгах агаад халигах цалигах тоолонд царай нь тодорч харагдана. Гэрийн хоймор эзлэн суусан буурлуудийн тэргүүнд эмээ өвөө минь харагдана. Хэн нэгний цээл хоолой ялгаран цойлхыг анзаарваас Жавзан эгчий минь дуу мөн дөө. Ийнхүү найрын дууны аялгуу ар араасаа уянгалан эгшиглэнэ. Тойрон сайн ажвал гэр дүүрэн танил дотно царай гэрийн зүүн талд суугаа сайхан буурлуудийн дунд миний ээж аав хамт найрлан сууж байна. Ингэж энэ л өдөр бий том бүсгүй болсоноо ойлгож билээ…
Кино Урлагийн Дээд Сургууль
Сэтгүүл зүйн 3-р күрсийн оюутан Ж.Дуламсүрэн