Төрийн шагналт, зохиолч Чойжамцын Ойдовын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан гэр бүлийнхэн нь оюутнуудтай дурсамж яриа хийлээ

2017 оны 12-р сарын 02 өдөр, 08 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_7612

Энэ цагийн хүүхэд, залуус түүнийг “Цолмон”, “Солонго”, “Чөтгөртэй бууц”, “Далан худалч” бүтээлээр нь андахгүй. Харин театрын уран бүтээлчид Төрийн шагнал хүртсэн “Зам” жүжгийнх нь тухай одоо ч ярьдаг билээ. Тэртээ 1947 онд бичсэн тус жүжигтээ өнөөгийн Монгол Улсын хөгжлийг урьдчилан харсан нь суу билэгт зохиолчийн алсын хараа гэлтэй. Хэдий 46 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч зохиол бүтээлээрээ өнөөг хүртэл бидний дунд амьдарч буй эрхэм зохиолчийн охин О.Ариунаа болон гэр бүлийн гишүүд болон жүжгийн зохиолын мастер, бичгийн их хүмүүн зохиолч Ванганы эхнэр Пялзай нар дурсамж хүүрнэн, түүхийг сийрүүлэн оюутнуудтай ярилцлаа. Уулзалтын эхэнд зохиолч Ойдовын тухай бүтээсэн баримтат киног үзүүлсэн юм. Охин Ариунаа дурсамж яриа өрнүүлж байхдаа аав нь хүүхдүүдийнхээ нэрийг өөрийн зохиолын гол баатруудын нэрээр нэрлэсэн тухай сонирхолтой яриа дэлгэлээ. Түүнийг “Ардын элчийн Ариунаа” гэж өхөөрддөг байж. Учир нь 1957 онд төрсөн охиныхоо нэрээр 1959 онд бичсэн зохиолын баатраа нэрлэсэн юм.

Зохиолч Ч.Ойдовын бүтээлд хүүхдэд зориулсан бүтээл голлох байрыг эзэлдэг. Хамгийн том бүтээлийнх нь нэг болох “Далан худалч” жүжиг нь Монголын театрын түүхэнд шинэ үзэгдэл болсон гэж театрын түүхийн хуудаснаа бичээстэй бий. Үүнд  “Хошин шог үзэгдлийн анхны суурийг тавьсан” гэжээ. Тухайн үедээ төв театраас гадна орон нутгийн театруудын тайзнаа хамгийн олон удаа тоглосон бүтээлээр шалгарч байв. Үүнээс гадна 1958 онд бичсэн алдарт “Их жанжин Сүхбаатар танаа” зохиол нь 1959 онд “Ардын элч” кино болсон нь өнөөгийн бидний үзэх дуртай, сэтгэлд хоногшсон бүтээлийн нэгээр зүй ёсоор нэрлэнэ. Зохиолч Б.Ойдов 1947 онд “Зам” жүжгээрээ Төрийн соёрхол хүртсэн юм.

IMG_7574

IMG_7621

IMG_7585

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх