Оюунлаг ард түмэн, хэдэн сэхээтэн, багш эрдэмтэдээ хэн ч биш үзсэнээс хойш мал сүргийн хэмжээ нилээд өсчээ. Ингээд бодохоор төр засаг минь аргагүй л цэцэн юм даа. Номхон далай, Атлантын далай, тэгээд Хойд ба Өмнөд Америк тивийн уулзвар цэг “Панамын суваг”. Номхон дөлгөөн, аядуу тайван, ухаант зөөлөн, эрдэмтэн мэргэд аливаа нийгмийнхээ “Панамын суваг” байдаг юм. Хэн бүхэн үл ойшоодог хэрнээ хэрэгтэй бүх зүйлсээ асууж, сураглаад, ойлгож мэдсэнийхээ дараа, хэзээ ч байгаагүй мэтээр орхиод явдаг магадгүй хүн төрөлхтний төрөлхийн араншин байх. Багш та хүүхэд шуугисан их өргөөний эзэн билээ гэж магтан дуулчихаад маргааш нь танихгүй шахам дайраад гарвал та битгий гомдоорой. Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа ард түмэн билээ. Үе үеийн эрдэмтэн мэргэд багшийг ийнхүү үзэж байжээ. И.Г.Пасталоццийн хувьд багш бол “Хүүхдийн цэцэрлэгч” , Ж.Ж.Руссогийн хувьд “Муу нөлөөнөөс хүүхдийг хамгаалагч манаач”, П.П.Блонскийн хувьд “Хүн судлалын инжинер байх ёстой” гэж үзэж байсан бол “Я.А.Коменский “Өндөр болосврол, ёс суртахуунтай, өөрийн үйлсэд үнэнч шударга, ажил хэрэгч, хүүхдэд эцэг ёсоор хайртай зөвхөн тийм л хүн багш байж болох юм” гэдгийг өөрийн бүтээлүүддээ тэмдэглэж байжээ. Ингээд бодохоор энэрэнгүй бас дээр нь өндөр мэдрэмжтэй ер нь төгс хүн л байш байх ёстой гэж бүх хүмүүс үздэг бололтой юм. Авдаг цалин нь аль нэг барилгын инженерээс хамаагүй бага, нийгэм дэхь байр суурь нь шинэхэн залуу поп одоос хамаагүй доогуур байдаг хэрнээ монголын ирээдүй, боловсон хүчин зөвхөн тэдгээр хүмүүстэй холбоотой болохоор яалтачгүй торонд орсон шувуухай мэт мэддэг чаддагаа заагаад мэлзэж ярих эрхээ хасуулаад олон жил чимээгүй яваа тэднийг зарим хүмүүс дотороо над шиг бодож явдаг биз. Эрт дээр үеэс л багшийг хүндэлж цагаан сараар хамгийн түрүүнд золгож хоймор өөдөө залдаг байсан ч шинэ зууны глобалчлагдсан нийгэмд тийм ёсыг бурангуй үзэл суртал мэтээр залуу үе нь боддог болжээ. Монголчууд яалтачгүй оюунлаг ард түмэн. Түүхийн хуудаснаас харахад түмэн зовлон дайрахад, төвдийн шашинд уусаж, манжийн дарлалд байхдаа ч мэргэн цэцэн хэвээр л байсан юм. Үүнийг тухайн үеийнхээ эрдэмтэн яруу найрагчидтай холбож үзэж болно. Үзэл суртал ухаан цараагаа шүлгийн мөртүүд дээр сийрүүлж зэлэн дэх унаганы янцгаах дуу мэт Монголын минь тал нутгаар тарааж, унтаа байсан ард түмнийг үргэлж сэрээж ирсэн. Тэдгээр хүмүүс бол тухайн үеийнхээ багш нар бөгөөд эрдэм мэдлэгийг хүүгүй хугацаагүй зээлүүлдэг байсан явдаг “Банк”-ууд юм. Одоогийн явдаг банк-ууд маань дампуурлын ирмэг дээр аль хэдийнээ ирчээд байгааг миний монголын мэргэн ард түмэн ойлгох бизээ. Гараа сунгаад ойлгож ярилцаад төр засаг нь хараандаа авчихвал аштай юу даа.
Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Д.Эрдэнэ