Архигүй амьдрал аз жаргалтай гэр бүл

2017 оны 12-р сарын 23 өдөр, 03 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бор дарсанд хөлчүүрч болох ч болчимгүй явдал бүү гарга

Болсон болоогүй амьдарч байхаар бодож тунгаан боломжийг хай

Хэдий хүн алдаж болох ч архинд орж болохгүй, ууж болох ч ухаангүй байж болохгүй. Согтууруулах ундаа бидний амьдралд ямар хор уршиг учруулдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ үргэлж энэ асуудлаа яриад байвал хэзээ ч өөрчлөлт гарахгүй. Аливаа зүйлд заавал гарах гарц байдаг болохоор аргыг нь олж чадвал боломж үүдээ нээгээд л өгнө. Тиймээс ч энэхүү эссэгээ өөдрөг өнцгөөс нь харж бичлээ.

Өнгөрсөн цаг дээр ярилцъя. Түүхээс авч үзвэл Чингис хааны есөн өрлөгтэй, өнчин хүүгийн цэцэлсэн шастир дээр Чингисийн есөн өрлөг сархад уун хоорондоо ярилцан сархад уух сайхан, хүний сэтгэлийн үгийг гаргадаг гэлцэж байхад зарим нь архи бол аманд орохдоо алтан шумуул шиг амнаас гарахдаа арслан заан мэт байдгийм гэх зэргээр маргаж байхад үүдэнд сууж байсан өнчин хөвгүүн цэцдийн маргаанд орж чин сэтгэлийн үгээ хэлэхийг хүсэхэд бусад өрлөгүүд хүүг тохуурхах үед Эзэн Чингис түүнийг хэлэх зүйлээ хэл үгийг чинь сонсъё гэхэд архийг тааруулж уувал сайхан юм, хэтрүүлж уувал галзуу солиотой болгодог юм гэсэн утгатай үгийг хэлдэг. Түүний үгийг нэг цэцэн эсэргүүцдэг боловч Чингис хаан ихэд сайшаан өвөр дээрээ авч суун хүндлэл үзүүлдэг. Үүнээс харахад бяцхан хүү хүртэл сархадын тухай мэдэж байгаагаас гадна цэцэн мэргэн хүмүүст үнэн үгийг хэлж тэдэнд ухаарал хайрлаж байгаа нь цаашдаа хэрхэн хэрэглэх ёстойг бодуулсан байж болох юм.

Харин одоо цаг буюу хорин нэгдүгээр зуун. Энэ бол таны тухай. Улс орон ихээр хөгжиж хүмүүс нийгмээ даган өөрчлөгдөж даяаршиж байна. Хотоор дүүрэн баар, паб, лаунж, зочид буудлууд олширч хөгшин залуугүй согтууруулах ундаа хэрэглэж байна. Ялангуяа залуучууд маань эцэг эхийнхээ ч өөрийнхөө ч зовж олсон мөнгөөр зовлон худалдаж авч байгаа гэдгээ ухаардаггүй ганц хоёр хоногийн зугаа болгож байдаг. Чингис одоо хаан биш Чингис одоо архи болсон, шингэн зүйл болоод шилэн лангуун тавцанд, 13-р зуунд дэлхийг бут цохисон агуу үндэстэн архин шалбаагт живэх гэж үү гэх монгол реппэр Жий-гийн дуунд хэлсэн үгс  юутай үнэн бөгөөд том цохилт болох дуу юм. Идээний дээж архи, баяр ёслол болгонд ширээн дээр архи сөгнөх ёстой гэх мэт ийм сайхан нэр зүүсэн хирнээ савнаасаа бусдыг ялах чадвартай гэгдэх айхтар зүйлийг бид яагаад ялж болохгүй гэж. Энгийн нүдээр харахад хүн болгон ухамсартай байхад л болох юм шүү дээ.

Ирээдүй цагт. Энэ бол таны хойч үе, залгамж халаа үр хүүхдүүдтэй чинь шууд хамааралтай. та бол тэдний үлгэр дуурайлал. Та гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахын тулд мөн тэднийхээ ирээдүйг бодож байвал юу хийх ёстойгоо мэднэ.

Сэтгүүлчийн 4 О. Болортуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх