Өнөөгийн залуусын хөгжил

2018 оны 01-р сарын 11 өдөр, 05 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бидний маргаашын Монгол улс өнөөгийн залуус биднээс шууд хамааралтай. Тиймдээ ч залуу хүний хувь хүний хөгжил болон нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл, нөлөөг идэвхжүүлэх нь аль ч улс орны хувьд чухалд тооцогддог. Тиймдээ ч  залуучууд өмнөх үеийг бодвол өөрсдийн оюун ухаан, мэдлэг боловсролд маш сайн хөрөнгө оруулалт хийж байгаа нь үнэхээр баярлууштай мэдээ юм.

Иргэн төвтэй Ардчилсан нийгэмд залуучууд өөрсдийн эрхийг бүрэн утгаар нь эдлэж байгаа бөгөөд бидний хүсэл зорилго, тэмүүлэлийг зогсоох саад болох зүйл байхгүй нь маш олон боломжийг бидний амьдралд нээж өгч байгаа юм. Мөн эцэг эхийн үр хүүхдээ хоолтой л байвал болоо гэсэн хуучны сэтгэлгээ ч хэдийнээ өөрчлөгдөж, мэдлэг боловсролд нь хангалттай хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлж чадаж байна. Энэ бол бидний хүрээлэн байгаа орчин бөгөөд гол асуудал бидний хүсэл мөрөөдөл, зорилго, зорилт, эрмэлзлээс л хамаарна гэж би боддог. Өнөө үеийн залуусын хувьд мэдлэг боловсрол, мэргэжил эзэмших болоод мэргэшсэн байдал маш сайн боловч эх оронч үзэл суртал, бусдын төлөө гэсэн сэтгэл, бусдыг хүндэтгэн үзэх, соёлтой харилцаа учир дутагдалтай байна. Мэдлэг боловсрол эзэмшсэнийхээ хэрээр хүн даруу төлөв болдог байтал бүхнийг мэдэгч мэт аашилж, эрт дээр үеэс уламжлан ирсэн эцэг өвгөдийн сургааль, эцэг эх, эмээ өвөөгийнхөө үгийг умартаж байгаа нь үнэхээр эмзэглүүлмээр хэрэг. Хувь хүний сонирхол ур чадварыг хөгжүүлэх зорилготой олон клуб, сургалтын төв, секц, дугуйлан цаашлаад сайн дурынхны нийлэн байгуулсан холбоо зэрэг маш олон байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд залуучууд өөрийн цаг завдаа тохируулан чөлөөт цагаа өнгөрүүлж чадаж байна. Мэдээж сайны хажуугаар саар байдаг болохоор бидний дунд  шоучид хэмээх нэрийн доор залуу үеийнхний нэрийг гутааж байгаа архи мансууруулах бодист автсан, баар сав хэсэгчид бас байгаа. Гэхдээ бидний нийгэм маань өөрөө чадвартай нь дээш цойлон манлайлж, залхуу мунхаг бодолтой нь урууддаг учир асуудал бүрийг товойлгон ярьж бүгд болохгүй байгаа мэтээр авч хэлэлцэх нь шаардлагагүй гэж үзэж байгаа.

Монгол улсын минь ирээдүй бидний гарт байгаа гэдгийг залуу үеийнхэн минь бодож тооцоолж, өнөөдөр өнгөрөөж байгаа цагаа үр дүнтэй өнгөрөөж, эх орон, бусдын төлөө гэсэн сэтгэлийг өвлөн авч, байгаль орчин, эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон хүндэтгэлтэй харилцаж сурахад л миний Монголын ирээдүй босоо хийморьтой байж, дэлхийн талыг эзлэж явсан түүхийг даван, мэдлэг боловсрол, аж үйлдвэрийн салбар, техник технологи, урлаг уран сайхан, гээд бүхий л салбарт манлайлан гарч ирнэ гэж би итгэдэг.  Бид зөвхөн эх орноо өөрсдийн үед мандан бадруулахаас гадна өөрсдийн үр хүүхдүүддээ энэ бүгдийг зааж сургах үүрэг хүлээсэн өнөөгийн залуу үеийнхэн.

 О.Болортуяа сэтгүүлчийн 4-р курс

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх