БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР ПРОФЕССОР СОДОВЫН БАЯСГАЛАН ТАНАА
Монгол Улсын боловсролын салбарт 60 жил үр бүтээлтэй ажиллаж, их дээд сургуулиудад багшлан Монголын үе үеийн олон мянган шилдэг боловсон хүчнийг бэлтгэлцсэн Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Содовын Баясгаланд хөдөлмөр алдраа тэмдэглэж, нэгэн жарны амжилт ололтоо тайлагнаж буй баярт мөчийг нь тохиолдуулан халуун баяр хүргэж, салбарын нийт ажилтан ажиллагсдаа төлөөлөн гүн талархал илэрхийлье.
Нэрт сурган хүмүүжүүлэгч С.Баясгалан нь 1935 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж, нийслэлийн үлгэр жишээ 1-р дунд сургууль, Москвагийн их сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны салбарыг тус тус дүүргэн, улмаар “Хүүхдийн ардын аман зохиол дахь гоо зүйн харилцаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1956 оноос хойш Улсын багшийн их сургуульд 20 гаруй жил ажилласны зэрэгцээ Намын дээд сургууль, МУИС, Кино урлагийн дээд сургууль, Соёл урлагийн их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Радио, телевизийн дээд сургууль, Утга зохиолын дээд сургууль, “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багшилж, 1976-1986 онуудад Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж бүхий л амьдралаа сурган хүмүүжүүлэх үйлсэд зориулж буй гавьяатан билээ.
Доктор С.Баясгалан нь 1960-аад оноос эхлэн сурган хүмүүжүүлэхүй ухаан, сэтгэл судлалын чиглэлээр “Сурган хүмүүжүүлэх ухаан (1980) ”, “Сэтгэл судлал (1960)”, “Гоо зүй”, “Сурган хүмүүжүүлэх өгүүллүүд” , “Цаг цагийн араншин” зэрэг мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага бичиж, эрдэмтэн судлаачийн хувьд өөрийн гэсэн орон зайгаа дархалж чадсан манай салбарын бахархал болсон хүмүүсийн нэг юм. Түүнээс гадна “Ричард III”, “Нохойн зүрх” , “Үдэш (2008)”, “Хөзөр (2008)”, “Цуст хурим”, “Нохой бөөс” зэрэг дэлхийд үнэлэгддэг олон арван бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж, “Зөвлөлтийн яруу найраг (1990) ”, “Оросын яруу найраг”(1990), “Орос найргийн гэгээ” (2011) нэртэй орчуулгын түүврүүдээ олон түмэндээ өргөн барьсан авьяаслаг орчуулагч, “Эрээн бараан”, “Алаг хорвоо”, “Харуусал”, “Эрэгцүүлэл”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Төрийн сүлд өршөө”, “Найм хагас”, “Монгол хүүхэд”, “Тусгаар тогтнол”, “Өрлөг жанжны өчил” зэрэг уран сайхны болон баримтат киноны зохиолыг бичсэн энэ цагийн шилдэг сайн уран бүтээлчдийн нэг гэдгийг дурдахад таатай байна.
Сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, утга зохиолын орчуулагч, нийтлэлч, зохиолч, судлаач зэрэг олон талт хөдөлмөрийг үр бүтээлтэй эрхэлж, нэгэн жарны хөдөлмөрөө Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, түүний дотор боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжлийн төлөө зориулсан эрхэм Танд урт наслаж, улам ихийг бүтээхийн өлзий билэгт ерөөл дэвшүүлж байна.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ж.БАТСУУРЬ