ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2018 оны 02-р сарын 21 өдөр, 08 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хятад, ӨМӨЗО, Турк, Чех, ОХУ зэрэг улсад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, төлөөлөгч байгууллагууд зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтын зарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох Элчин Сайдын яам, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Бусад орнуудад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран буюу бие даан зохион байгуулдаг болно.

Засгийн газар хоорондын тэтгэлгээр оюутан суралцуулах тухай мэдээллийг сонгон шалгаруулалт эхлэхээс 14 хоногийн өмнө яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Мэдээлэлд оюутан суралцуулах мэргэжлийн чиглэл, тэтгэлгийн тоо, тавигдах шаардлага, бүртгэлийн хугацаа, байрлал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, сонгон шалгаруулалтын шалгалтын хуваарь, дүн гаргах хугацаа зэрэг мэдээллийг оруулна.
Засгийн газар хоорондын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд бүртгүүлэх боломжтой бөгөөд өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд тухайн зард дурдсан хугацаанд бүртгүүлнэ. Магистр, докторын сонгон шалгаруулалтад  бакалавр/магистрын зэрэгтэй, голч дүн нь 3,0 ба түүнээс дээш иргэн хамрагдах боломжтой бөгөөд тухайн зарын дагуу бүртгэл явагдах газарт дурдсан хугацаанд, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлэх боломжтой.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тухайн улсад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд хүлээн авч суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана.

Румын, Латви, Беларус, Хорват, Армен, Иран, Камбодж, БНАСАУ, Франц зэрэг улсуудад Монгол Улсаас оюутан сургах, оюутан солилцох хүсэлтийг тус яамнаас тавиад байгаа бөгөөд энэ чиглэлээр гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Гэрээ байгуулагдсаны дараа оюутан сургах ажлыг зохион байгуулна.

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮРЭЭНД

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистр, докторт суралцуулах арга хэмжээг 1997 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1600 гаруй хүн энэхүү зээлд хамрагдсан байна.

Бакалаврын сургалт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр оюутан суралцуулах хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд зөвхөн сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгодог. Амьжиргааны зардал болон байрны төлбөр зэрэг бусад төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.   Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

2015-2016 оны дэлхийн шилдэг их, дээд сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалтын мэдээллийг http://www.meds.gov.mn/top2015 холбоосоор үзэж танилцана уу.

Магистр, докторын сургалт:  
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуульд магистр, докторт суралцуулах сонгон шалгаруулалтыг тус яам Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Журам батлах тухай” 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны “Журам батлах тухай” 11 дүгээр тушаалаар батлагдсан “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн зохион байгуулдаг.

Жич: Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцах сонгон шалгаруулалтад тэнцэж, суралцах эрх авсан бакалавр, магистр, докторын оюутнууд Сургалтын төрийн сантай зээлээр суралцах гэрээ байгуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sts.meds.gov.mn/index.php/mn/  холбоосоор үзэж танилцана уу.

ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэлхийн шилдэг их сургуульд манай улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр оюутан сургах талаар АНУ, ХБНГУ-ын сургалтын тэтгэлэг олгодог байгууллага болох Фулбрайтын сан, Германы эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын тэтгэлэг болох Чевнингийн хөтөлбөртэй хамтран 2014 оноос тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.

Эдгээр тэтгэлэгт нийт 110 оюутан (АНУ-д 36, ХБНГУ-д 67,  ИБУИНВУ-д 7) хамрагдаад байна.   Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг тус улсуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамд зохион байгуулдаг. Тэтгэлгийн зарыг Элчин сайдын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээллийг http://1.usa.gov/1LF06nz; http://www.chevening.org/;  http://bit.ly/1zefb70 холбоосуудаас үзэж сонирхоно уу.

Жил бүр гадаадад суралцуулах, тэтгэлэгт хамруулах талаарх  мэдээллийг тухай бүрт нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудасны гадаадад суралцах цэсэнд байршуулах тул тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид цахим хуудсыг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам бусад гадаадын орнуудын нээлттэй зарласан тэтгэлгийн мэдээллийг нийтэд хүргэх зорилгоор өөрийн цахим хуудсанд мөн байршуулдаг болно.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх