Аргын тооллын нэгэн мянга есөн зуун наян ес дүгээр оны зуны эхэн сарын эхээр албан томилолт өвөртлөн Архангай аймгын “Тамир” пионерийн зусланд ажиллаж байхдаа эгэл жирийн л нэгэн монголжингоо бүсгүйтэй танилцсан юмсан. Тэрээр зуслангын ахлах тогоочоор ажиллах агаад хуучнаар бол Лу гүний хүрээ буюу эдүгээ цагынхаар Арын сайхан хангайн Батцэнгэл сумын харъяат нэгэн байсан ажгуу.
Бригад ахалж яваагын хувьд зуслангын захиргаатай сайтар ярилцаж, ажил албаа тохирохоос гадна хамгийн гол нь бага үнээр хооллохоор тохирч чадвал томилолтын мөнгө болох өдрийн 13 төгрөгөө хэмнэж чадваас өөрийн халаасанд цалингаас гадна сул мөнгө ороод ирэхийн учир ахлах тогоочтой нь эхлээд сэм хуйвалдаж, нам эвсэх шаардлагатай болохоор л тэр нэгэн бүсгүйтэй ойртож танилцсан бөгөөд тэгэхэд ёстой санаанд багтамгүй үнээр өдөрт гурван удаа хооллохоор тохиролцоо хийж чадсандаа одоо хир нь нэг л итгэж өгдөггүй юм.
Мэдээжийн хэрэг захирал, ахлах тогооч хоёрт “хотын боов” амсуулж жаал, жуул чихэрхэн, ганц ганц гожин юм атгуулсан минь хэргээ гаргаж ердөө л өдрийн ганцхан төгрөгөөр гурван удаа зуслангын амрагч хүүхдүүдтэй хамт хооллохоор тохирчихсон хэрэг л дээ. Бодоод үз дээ, эрхэмсэг уншигч авхай нар минь. Соц нийгмийн сүүлчийн шат үе, гэрэлт соц нийгмийн төгсгөл ирж байсан тэрээхэн цаг үед манай ажлын нэг ажилчин сардаа гурван төгрөгний хорин дөрвөн ширхэг хоолны талоны нормтой байсан ба түүний 50%- ыг нь манай энхрийн хайрт нам, засаг маань төлөх агаад үлдсэнийг нь хувь хүн би төлдөг байсан ажгуу. Тэр гурван төгрөгний талоноор “хагас порц”- оор хоёр дугаар \дийзнээс арай томхон бага гарын таваг гэх юм уу даа\ хоол болон мөн л хагас порцоор нэг дүгээр хоол буюу дунд гарын шаазангаар \250гр\ шөлтэй хоол аваад бор ходоодоо өлмөн цөлмөн ч болгочихдог байсан гээд бодвол өдрийн ганцхан төгрөгөөр бүр гурвын гурван удаа хооллоно гээд нэг бодоод үз дээ. Ядаж байхад “А тогооч”- ыг нь сайхан найрч чадсаных нөгөө пионерын зуслангын хүүхдүүдээс илүү порцолж өгөхийг нь яанаа, бурхан зүг орой доо, нүгэл нөгөө талаар нь өнгөрөөсэй л гэж залбирахаас даа. Тэр үед манай СЭХШУҮН \Сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, захирал маань академич Б.Чадраа гуай\ -ийнхэн хөдөө орон нутагт томилолтоор их ажилладаг байсан бөгөөд үүнээс өмнөх дээд амжилт нь өдрийн гурван төгрөгөөр гурван удаа хооллох байсан юм. Ёстой л улсын юм гэж хэний ч юм бишийн учир, миний ч юм биш, чиний ч юм биш, зүгээр л хүний л юм байдаг болохоор хооллож байгаа нь ч, хооллуулж байгаа нь ч адилдаа адил, годилдоо годил толгойнууд байсан болохоор сайхан таарч байсан хэрэг л дээ. Энэ нь ерөөсөө тэр л цаг үеийн манайхны сэтгэлгээ тийм л ядуухан байсны илрэл болохоос биш Баагий гээд хувь хүний ашиг хонжооч зан ч биш, тэр Арын сайхан хангайн А тогооч хүүхэн, бас зуслангын захирлын авилгалч \Үхсэн баасных нь авилгал байх вэ дээ, ганц кг танзуур, бас ганц кг долоо дөч, арван нэг хорийн чихэр хольсон хотын боовхон, ганц шил гожинтой гээд бодоод үз дээ! Гэхдээ л хэргээ гаргачихсан л юм даа, тэрхэн үедээ гэж…\ зан биш тэр л цаг үе маань иймхэн, ядруухан сэтгэлгээтэй байсан цаг үе байж дээ, хөөрхий гэж.
Очсон өдрөө сайхан амарч хоноод маргааш өглөө нь ажилдаа гарах гэтэл хамгийн гол эд, гагнуурынхаа электродыг мартаад ирчихсэн болж таардаг юм. Мэдээж зуслан дээр байсангүй, тэр ч бүү хэл Цэцэрлэг хотод ч байсангүй. Яг тэр цаг үе бол социализмын задрал ерөнхийдөө эхэлж байсан цаг үе агаад бензин шатахуунаас эхлүүлээд өөр юу, юу ч билээ хомсдолд ороод эхэлчихсэн цаг байсан бөгөөд нэгэнтээ л өөр арга байхгүйн учир шууд хотруу нисэн ажлаасаа электрод аван маргаашын онгоцоор нь буцаж ирсэн юмдаг. Онгоцны литр талдаа 150 төгрөг ч ямар өөрийн халааснаас гарч байгаа биш өөрийн нэр дээр нээлгэчихсэн 3400 төгрөгийн акартив байгаа болохоор улсын мөнгөөр гангарч байгаа нь тэр л дээ. За тэгээд ажлаараа орсон биш намар найман сард Батцэнгэлд халуун усны объект байгааг мэдэж аваад, дарга нартай уулзаж өөрийнхөө бригадад тавиулж өгсөнөөр нөгөө ахлах тогооч хүүхний аав, нүгэлт хар гөрөөчин буюу улсын анчин Нямжав гуайтай танилцах аз завшаан тохиолдсон билээ.
Нүгэлт хар гөрөөчин гэхийн учир нь ерөөд оны үед гарсан баримтат киноны нэр бөгөөд уг кинонд Нямжав гуайн тухай өгүүлэх агаад тарваганы дошин дээр суучихсан манай хүн хээв нэг тамхилж суух агаад ердөө цаахан талд нь, үүдэн хоймрын хирийн зайд тарвага хошгорч байгаа нь нэгэнтээ дэлгэцэнд мөнхлөгдөн үлдсэн нь одоо ч сэтгэлд дурайж байнаа.
Хэдийвээр наймдугаар сард гэж төлөвлөгдсөн ч ердөө наадам өнгрөөгөөд л бригадаа аваад Батцэнгэл сум руу гараад өглөө. Нарны халуун ус барих 4-5 хүнтэй бригадын 14 хоногын ажил боловч өглөө үүрээр гарч орой харанхуй болтол 5-6 өдөр туушиндаад л ажлынхаа 90%-ыг нь нугалж аваад үлдсэн хугацаанд нь амралтын байдалтай, айраг цагаа, ан ав хөөцөлдсөн шиг байж байгаад л төлөвлөсөн хугацаандаа дуусгаад л ирдэг байсан юм. Гар сэтгэл нийлсэн, шижигнэсэн залуус ч өөрөөр яах ч билээ дээ. Очсон өдрөө нөгөө танил хүүхнээ сурвал Тамир зуслан дээр ажиллаж байгаа, гэхдээ өнөөдөр ирчихсэн яваа харагдсан гэснээр гэрийг нь заалгаж аваад тууж хүрлээ. Аав нь гээд тавь нилээн гарсан, нар салхинд онгож гандсан, хүрэл шиг хүрэн бор царайтай, шавилхан биетэй, хөнгөн шингэн гэж жигтэйхэн, жижигхэн гялалзуур өвгөн байлаа. Сургуульд жижүүр хийх бөгөөд манаатай үедээ сургуулийн дээвэр дээр тамхиа татаад л ийш тийш дурандаад л сууж байх. Хожим нь баруун зүгт замд гарвал яаж ийгээд л Лу гүний хүрээгээр хальт ч болтугай дайраад гарах маршруттай болохын гол шалтгаан нь ердөө л тэр шавилхан биетэй нутгийн хөх өвгөн байсан ажгуу.
За ингээд олныг үл нуршин хүн сонсоод итгэмээргүй ч үнэхээр үлгэр, домог шиг сонин агаад яалт ч үгүй өөрийн хоёр алаг нүдээрээ бүлтийлгэн байж үзсэн, харсанаа эрхэмсэг уншигч авхай нарт хүргэсүү. За энэ нөхөр ч даваадуулж байна даа, сайхан …аадаг гар уу энэ чинь гэх эсэх нь та бүхний л хэрэг. Гагцхүү би өөрийн нүдээр өнгөтөөр нь, бүр амплагед- 3D-ээр нь үзэж харсанаа л өгүүлье дээ.
ЗАГАС ХАРИУЛДАГ ХҮН
Эхлээд цаг нартай уралдан ажлаа туушинддагаараа туушиндаад гол ажлаа нугалж аваад амралтын байдалтай алжаалаа тайлдаг аз жаргалант өдрүүд маань эхэлсэнээр улсын анчин Нямжав гуайтай ойртон танилцах завшаант өдрүүд эхлэв ээ. Уг нь ч очсон өдрөөс эхлээд хөдөөгийн эгэл жирийн л монгол айлын зочломтгой зангаар Одноогын \нөгөө тогооч бүсгүй\ дүү хүү нь өдөртөө цайны сүү, айраг цагаахан болон болсон болоогүй загасны мах авчирч өгөөд л байдаг байсан ч ажил, ажил гэж АСК-даад тун ч нэг завгүй байсан болохоор тэднийх рүү ер очоогүй хэрэг л дээ. За тэгээд гол ажлаа нугалчихсан болохоор сожоомонд байсан ганц гожин юмаа өвөртлөөд тэднийх рүү алхаж хүрлээ. Нямжав гуай ч тэр өдөр жижүүрээсээ бууж ирж таараад ганц юмаа гарган өөрөө уудаггүй ч \1987-1993 он хүртэл хүний урманд ганц ч дусал архи амсалгүй тэсч өнгрөөсөн дөө, бас ч гэж мундаг шүү хөөрхий гэж…\ хань болон өвгөний халахыг сонссон шиг “Хм, ёстой авч өгдөг эр үү” гэсэн шүү юм бодон суутал гэнэт зарлага ирэн Нямжав гуайг сумын захиргаан дээр дуудсанаар тэр аугаа их анчин өвгийг өөрийн эрхгүй шүтэн бишрэх болсон минь бас ч гэж их хувь завшаан байсан ажгуу.
Нямжав гуай нөгөөх зарлага эрээс “Шар толгойт уу, хар толгойт юм уу?” хэмээн асуух нь жирийн л нэг өдөр тутмын ажил нь бололтой. “Хүү чи хамт явах уу?” гэхэд нь мэдээжийн хэрэг би юу боллоо гэж татгалзах билээ. Нямжав гуай гадаа гараад тэнгэр лүү нэгэнтэй харсанаа “Ав даа \Аав даа\ сэрээ аваад өг дөө, яаралгүй горьгүй нь. Чи хө цаад шар толгойтоо аваад аль болох түргэн сургуулийн цохионы доод цүнхээлд аваад очоорой” гэсээр морио эмээллээд намайг нөгөө зарлагатай хамт яв гэснээр сумын даргын УАЗ-469 хөлөглөн гарч өглөө. Би юугаа ч мэдэх вэ, арын суудалд суун гэрийнхээ үүдээр хальт дайраад \Сумын зочид буудалд байрлаж байлаа\ люкс өрөөнөөс нэгэн шар толгойт даргын суудалд суулгаж, сумын дарга өөрөө надтай зэрэгцэн мест бууран сууж аваад замдаа гарлаа. Ямар ч байсан хуучны соц улсуудын нэгний л хүн байсан бөгөөд хальт мулт орос хэлээр сумын даргатай хэл нэвтрэх гэж үзэж тарах аваад муу ч сайн ч орос школтойгоороо би өөрийн эрхгүй хэлмэрчилж энэ, тэр хальт од болдог юм.
Явсаар сумын зүүн урдхан байх “Сургууль толгой” \Одоо нэрийг нь мартаж орхижээ. “Сургуулийн цохио” ч билүү, тэр хошуу одоо хир нь нүдэнд харагдаж байгаа ч нэр нь орж ирдэггүй. Ямар боловч хавар хонхны баяраар сумын сургуулийн төгсөгчид ирж зураг хөрөгөө патиардуулан, зугаалан цэнгэдэг хошуу байдаг юм\ -н урд талын хоёр цүнхээлийн зааг гарман дээр иртэл манай өвгөн эмээл дээрээ зогсон саравчлан харан зогсох агаад жолооч ч хурдаа хасан ойрхон саахалтын хир зогсоход өнөөх шар толгойт ойрт гэхэд болохгүйгээ учирлан зогслоо. Хэрвээ ойртож хармаар бол явгаар яв, эрэгт ойртож болохгүй шүү гэж анхааруулсанаар шар толгойт бид хоёр буун явгаллаа. Шар толгойт “Зенит”- ээ бэлдэн дөхөж явтал өвгөн гэнэт унав уу гэмээр доош шуртхийн эмээл дээрээ суун тустал сурцтай номхон морь нь ч ухасхийн ердөө л 5-6 хан секунд бужигнаад л нэг ланжгар амьтан сэрээдээд гаргаад ирдэг юм даа. Харамсалтай нь шар толгойт тэр торгон агшиныг патиардаж чадаагүй юм даг.
Жич: Нетээр хэсч яваад санаандгүй олсон энэ гурван фото тэгэхэд авагдсан зураг агаад өнөө шар толгойт гийчний хүсэлтээр дараа нь зохиомлоор авсан зургууд билээ. Яг тэр сэрээдэж байгаа гэхэд л яаж ч бодсон зүгээр л зохиомол байгаа биз. Түүнээс биш яг сэрээдэх агшинд бол бөөн усан бужигнаан, сүр сар, пир пар шүү дээ. Сэрээдэх гээд морин дээрээ зогсож байгаа зураг гэхэд л цаана нь морьтой хүмүүс хөлхөж байгаа нь ч зохиомол гэдгийг батлаад байгаа хэдий ч үүнээс хэдхэн хормын өмнө оргиороо ингээд зогсож байгаад гэнэт ухасхийн загас авалхыг нь нүдээр үзсэн минь ч үнэн түүх бөгөөд тэгээд ч энэхүү хөрөг найруулал бичихийн эх үүсвэр болсон ажгуу.
Өвгөнийг дахиад нэг сэрээдээч гэхэд “Цаг нь өнгөрсөөн хө, одоо бол чадахгүй, боломжгүй. Маргааш өдийгөөс арай өмнө ирвэл болно. Гэхдээ маргааш тэнгэр хангай ийм боломж өгөхгүй юм шиг байна” гээд тэнгэрийн хаяа руу заасныг чадан ядан оросчилж хэл дамжуулсанаа бодохуй аль хэдийнээ хорин хэдэн жил өнгөрчээ. Нямжав гуайн заасан зүгт харах нь ээ бөөн бөөн борооны үүл нүүгэлтэн айсуй байсансан. Сэрээдэж гаргаж ирсэн загасыг хэмжвэл 120см “Улаан сүүлт” хэмээх загас байлаа. Өвгөн ирсэн гийчний урмыг хугалахыг хүссэнгүй, “Загас сэрээдэж агнах нь ердөө л цэлмэг өдрийн, жин үдийн “Төмрийн эцэг насан болсон” \Уг нь манай өвгөний аав дархан хүн байсан гэх бөгөөд хүүгээ дархан болгох мөрөөдөл байсан ч хүү нь өөр замаар явчихсан гэх юм билээ. Төмрийн эцэг насан болсон гэдэг хэлц үг нь жин үд дээр дархан хүн төмөр улайсгаж дарх хийдэггүйг хэлдэг юм гэсэн\ цөөхөн хэдхэн мөч байдаг, тэрүүхэн тэр үед л амжуулж сэрээддэг юм” хэмээн учирлаад өврөөсөө сатурк гаргаж ирээд жолоочын багажыг нээлгэн багажны хайрцаган дотроос нь 75мм-ын хадаас олоод галд улайсган дэгээ хийгээд, нусны алчуурандаа хомоол боон “чучла” \ийнхүү гараараа дэгээ, мануухай хийдэг нь ч ирсэн зочиндоо ид шидээ үзүүлж гайхуулан алмайруулж байгаа хэрэг л дээ\ хийж гараараа дүүгүүрдэн загасчилсаар дахиад гурван ч загас барьсанаар тэр өдрийн ав дууссан юм. Уг нь чучла буюу хулгана дуурайлгаж хийсэн мануухайгаар шөнө л загасчилдагыг мэдэх ч гэгээн цагаан өдрөөр загасчлахыг анх удаагаа л үзсэн бөгөөд хожим нь буцаж яван явтлаа өвгөнийг дуурайж мянгантаа чучла шидээд ганцыг ч гогдож чадаагүй л юмдаг. Шар толгойт бүү хэл би ч алмайран гайхширсанаа нуух юун. Тийнхүү уургагүйгээр загасчлахыг “Гар дэгээ” гэх агаад ер нь Ар болон Өвөрхангайнхан ийнхүү гар дэгээгээр загасчлах юм билээ. Уг нь би аяны богцондоо сунадаг уурга, ролька болон хэд, хэдэн янзын халбага авч явсанаа ажил, ажил гэж АСК-даад тэр өдрийг хүртэл гаргаж амжаагүй байсан бөгөөд хожим нь хэдэн халбагаа бүгдийг нь Нямжав гуайд өгч билээ. Нямжав гуайд дандаа сумны хонгиогоор хийсэн гар хийцний халбаганууд байсан бөгөөд дурсгал болгон авч үлдсэн нэгийн зэрэг халбага одоо ч гэрт минь цуглуулганд минь байгаа бөлгөө. Голын эрэг дээр галлан загасаа шарах үедээ манай өвгөн шар толгойтын бэлгэлсэн “Арарат” хэмээх шарзнаас татангаа сумын даргадаа “Өнөө шөнөөс эхлэн юу юугүй хурших нь дээ. Доошоо явж хэдэн ланжгар хөөж ирж энэ хэдэн цүнхээлдээ хийхээс. Юу, юугүй шар толгойтууд цувдаг цаг эхэллээ дээ. Ер нь тэгээд амралтаа авалгүй горьгүй нь” хэмээн хуучилхад анхныхыгаа бодвол тоомжиргүй хандах минь багассан ч бас л нэг л үнэмшиж өгдөггүй. Хүний сониуч агаад үзээгүйгээ үзэх их хүсэл нь хүнийг юунд ч дагуулж магадгүй бөгөөд тэр л зангаараа би гээч хүн лав л 3-4 жил унаа моринд мордоогүй байсан ч нутгийн хөх өвгөнийг даган далдаганаад хоёр цавь, хонгоо холготол гурван өдөр махаа идээд ирсэндээ одоо хир нь огт харамсдаггүй юм. Уг нь ч тэр өдөртөө л өөрөө өөрийгөө харааж тэнэг мангараараа өөрийгөө дуудан зүхэж, усан бороонд шалба нүдүүлэн хараалаа баран, баран явсан ч нэгэнт л буцах газаргүйгээр замд гарчихсаны учир \Өөрөө ганцаараа буцаж болох ч буцахаасаа эсэн юм болж, төөрч будилж мэдэхээр алсарчихсан байсан болохоороо гүрийхээс өөр аргагүй л болсон юмсан\ шүд зуун тэвчиж явсанаар жинхэнэ анчин хүн гэж зүгээр ч нэг алуурчин байдаггүйг мэдэж авсан минь бас ч гэж их хувь завшаан л байсан ажгуу.
Хоёул явсаар тэр л өдөртөө \Өдөртөө ч юу байх вэ, хоногтоо л тэр. Өвгөн л харанхуйд хараад заагаад яриад байгаа болохоос биш харалган Баагий нь юугаа ч харах вэ дээ, тэр тас харанхуйд\ Төвхөн хийдээс арай дээгүүр \Нямжав гуай “Тэр харагдаж байгаа онь дээгүүр гарвал цаад дээр нь Зана гэгээний Төвхөн хийд байгаа” гэж ярьж байсан юм. Одоо хир нь би Төвхөн хийдийг үзэж амжаагүй яваа л даа. Харихын цагт заавал үзэх ёстой гэж боддог юм\ даван Орхон түшээ гүний хөндий рүү орж ирлээ. Дашрамд түүх өгүүлэхэд Монгол орныг элгээр нь мөлхүүлж цусаар уйлуулсан тэртээх он жилүүдэд гамин цэргүүдийг гатлуулалгүй үерлэн үйсэндээ YIII Богд Жавзандамба хутагтаас түшээ гүн цол өргөмжлөгдсөн гэх домогтой, жил бүрий түшээ гүнгийн цалин болох тавин лангын мөнгөн ембүүг Улаан цутгаланд ардын хувьсгаал ялж, алуурчин засаглал \гурван түм гаран идэрхэн эрчүүлээ ямар ч өчиггүйгээр буудан алж хороон геноцид үйлдсэн коммунистуудыг ингээд хэлчихэд нэг их хатуудахгүй л болов уу\ тогттол өргөдөг байсан хэмээн Нямжав гуай явах замдаа хуучилж билээ.
Явуулын хүмүүс явуулын л байдаг болохоор үд өнгөрөөгөөд л замд гарсан болохоор усан борооноор хатируулахдаа хатируулж, шогшуулахдаа шогшуулж, алхуулахдаа алхуулсаар шөнө хагаслан Өвөрхөнгайн Бат-Өлзийт сумын нутаг, Үүртийн тохойруу орж ирэх үеэр нэгэнтээ бороо зогсож тэнгэр цэлмээд, гал түлэн нэвт норсон хувцасаа хатаах зуурт өвгөн ч гар дэгээгээ гарган ердөө л хоёрхон шидээд нэгийн зэрэг тохой хирийн зэвэг бариад ил галд шарсанаар тэр үдшийн \үдшийн ч гэж дээ, үүрийнх гэвэл зохих ч юм уу\ зоог бэлэн. Орги хээрийн хоол болоод ч тэр үү, аль өчигдрийн үд дээр идсэн нөгөөх шар толгойтын хишиг загаснаас хойш ходоод хоосон, хонгирцог оргиж явсаных ч тэр үү, үнэхээр амт гэж одоо ч амтагдаж ходоодны шүлс асгаж байх чинь вэ. За тэгээд хээрийн задгай галын дэргэд одот тэнгэр ширтэн өвгөний хуучилхыг сонссон шиг хэвтсэнээ өвгөний дуу цаашлан, цаашилсаар “Хүүхээ босоорой хө, явалгүй горьгүй нь” –ээр солигдсоноор шинэ өдөр эхлэн дахиад л замдаа гарваа. Өвгөн “За энэ удаадаа эндээс хөөчихөд болохоор байна. Уг нь жаахан дээгүүр орж ирсэн бол хэрэг л юмсан. Дараагын их бороо хүртэл үүгээрээ аргалчихаас даа” гэсэн нь одоо бодох нь ээ, би гээч туучий л бөгс хонгоо эмээлэндээ холгуулчихаад явж ядан хамаг цагийг нь үрчихсэн санагддаг юм. Цэврүүтэж хагараад, улаан нялга болчихсон бөгстэй хүн чинь эмээл дээрээ босоо явмар аядаж яваад, дээрээс нь хоёр цавиа ч авах юмгүй болгочихсон ч шүд зуугаад явахаас өөр аргагүй л байсан юм. За тэгээд урьдчилж өөрөө түүж, надаар түүлгэн өвөртлүүлсэн чулуунуудаар зэвсэглэн буцах замдаа орвоо. Орхон түшээ гүн улаанаараа эргэлдэн, үерийн их ус зарим газартаа захгүй мэт цэлийн байсан ч манай өвгөн үе үе гэнэт ухасхийн голруу хар хурдаараа морьтойгоо дайран орж хүүе, хаая хашгиран загасаа үргээж, үе үехэн суран дүүгүүрээр чулуугаа дүүгүүрдэн голын нөгөө эрэг хавьцаа усанд унаган “Золиг гэж, нэгийг буцаагаад алдчихлаа шүү, миний загас биш л юм байж дээ” хэмээн цаанаа л нэг “Адтай золиг хуухай” гэсэн шинжтэй инээмсэглэн явсан нь яг өчигдөр мэт сэтгэлд илхэн байх чинь вэ. Өвгөн өөрөө л хараад хариулаад явсан болохоос биш би гээч харалган туучий нэгийн зэрэг ч загас олж хараагүй л юмдаг. Ийнхүү Орхон түшээ гүн уруудан Орхон, Тамирын билчэрт хүрээд нөгөө хэдэн үл үзэгдэх \Миний хувьд шүү дээ\ ланжигараа дээшээ Тамир өгсүүлэн хариулсаар гурав дахь хоног дээрээ Лу гүний хүрээний урдах хэдэн цүнхээлд хувиарлан хувааж хийснээр манай өвгөний хагас сарын хар, шар толгойтуутад үзүүлэх үзүүлэн бэлэн болж билээ. Яалт ч үгүй өөрийн биеэр хамт явж, хоёр цавь, хонгоо холгон холгон гурав хоног махаа идэн хамт явсан болохоороо л үзэж мэдсэн болохоос биш өөр хүний амнаас сонссон бол үнэхээр итгэмээргүй үлгэр мэт түүх энэ билээ.
Би гээч хүн дандаа загасчилаад байхгүй ч зундаа явуулын далиманд энд, тэндэхийн гол горхиноос ганц хоёр загас барьж байгаль ээжийн хишиг хүртээд л байдаг юм. Тэгэхэд Дунд Тамирын хэд, хэдэн цүнхээлд уурга дэгээгээ шидээд, шидээд ер юм олж барьж чадахгүй байгаагаа хэлэхэд манай өвгөн “Маргааш үүрээр гүүрний доод цүнхээлд шидээд нэг үзээрэй, хоёрыг л барих болов уу даа” хэмээгээд доогтой гээч нь жуумганаж билээ. Нээрээ л хэлсэнээр нь тэр гүүрний доод цүнхээлээс яг л хоёр \Нэг нь 75см, 5,3кг улаан сүүлт нөгөө нь түүнээс арай бага зэвэг байсан юм. Ер нь миний амьдралдаа барьж үзсэн хамгийн том загас тэр болж билээ. Харин өвгөний дээд амжилт гээд миний өндрийн хирийн тулын тулмалж өвчөөд хатаасан арьс байсан бөгөөд 25,7кг жин татаж байсан, амаар нь шургуулж сүүлээр нь гаргасан модныхоо урттай тэнцүү байсан, хатаад агшаад ийм болчихсон юмаа гэснийг нь сониучирхан хэмжиж үзэхэд 221см байсан даа\ загас барьсан бөгөөд буцаж ирэн иртлээ өдөр болгон, тэр ч бүү хэл шөнө болгон мянгантаа гар дэгээ шидээд ч дахиад ганц ч болтугай жараахай ч бариагүй гээд бодохоор ёстой л “ЗАГАС ХАРИУЛДАГ ХҮН” гэхээс өөрөөр юу ч гэж хэлэх билээ дээ.
ДАЛЛАХАД УЧИР БИЙ
Маргааш томилолтын сүүлчийн өдөр. Ажил аль хэдийнээ цэгцэрчихсэн, хийх ажлаа нэгэнтээ хийгээд дуусчихсаны учир үе тэнгийн гурван залуу маань өчигдөр орой замын унаанд дайгдан Тамир пионерийн зуслан, Шивэртийн рашаан сувилал руу бүжиг бүжиж, танц танцалхаар \хорин хэдтэй гал халуун насандаа яваа залуус чухамхүү ямар танц танцалхаар явсаныг хэн ч гэсэн ойлгох буйзаа. Гэвч харамсалтай нь манай “Гурван морьгүй баатар” Шивэртийн индиануудад ямьпарцаг болтлоо пойлдуулаад ямбийгаад ирж билээ\ арилаад өгсөн, манай бригадын хамгийн ахмад нь болох гагнуурчин Сахалт ах бид хоёр өглөөгүүр сумын холбоо орон хоттой холбогдон ажилруугаа утсаар яриад унаа тэргээ захиалчихаад сумын их дэлгүүр \Ха ха ха, ихэд өргөмжлөв дөө. Тэгэхдээ л хүнс бараа нь холилдсон холимог барааны цорын ганц дэлгүүрийг нь үүнээс өөрөөр нэрлэхээс ч өөр аргагүй л\ орон хоёр ч лонх “Тамир” ганзай, танзуур боов, энээ тэрээхэнтэй аван нутгийн хөх өвгөнийх рүү цохиж хүрсэн нь ганцхан зорилготой. Арав гаран хоног өвгөний хишиг лусын амьтанаар голдуу дагнаад хооллочихсон, ямар учиртайг бүү мэд, нэг удаа сумын их дэлгүүрт зарагдсан адууны мах чанаж идсэнийг эс тооцвол дөрвөн хөлтийн мах ер идээгүй байсных ч, ерөөсөө хангай газарт хаа сайгүй хошгорч байдаг хулгар шарын мах амсаад буцмаар байсных ийнхүү өвгөнийхийг зорьсон билээ. Харин өвгөн зөвшөөрөх болов уу, яах бол?
Ямар ч байсан өвгөнийд очин Сахалт ах өвгөн хоёр нэг юмаа мулталаад ам нь ид халчихсан үед нь гол ирсэн зорилгоо хэлбэл өвгөн гэрийн хойморт өлгөөтэй хуанлийн хуудас руу нэг эргэж харсанаа “Уг нь ч ангийн хорио тавигдахад арван гурван өдөр дутуу байна, гэхдээ яах вэ, өдийд арьс хөрс нь гүйцчихсэн болохоор ганц арьс ч гэсэн тоо нэмж байг дээ. Энэ жил 1800 арьсны гэрээтэй” гэхэд нь боодог идчих хүсэл минь талаар нэг болсон ч ямар ч л байсан хулгарын мах зооглох нь дээ гэснээр гурвуулаа хоёр морьтой замд гарваа. Сахалт ах бид хоёр номхон борд нь сундлан өвгөн дээрхи зурган дээрхи хээр морио унаад гол уруудаад гарч өгөв. Замдаа элдвийг хуучлан явсан бөгөөд “Та хэдийнээс ан ав хийж эхэлсэн юм бэ?” гэсэн сониучхан асуултад “Хэн мэдэх вэ дээ, хэнээсээ хэзээ ч сурчихсан юм бүү мэд, ухаан орохын л зурам бозлогхонд урхи тавиад сурчихсан л байсан юм. Дөрөв, тавтай л байсан юм болов уу даа. Ямар боловч сургуульд орохоосоо л өмнө юмдаг, бозлог боогоод идчихдэг болчихсон байсан юм даа” хэмээн хуучилж явсанаа “Хүү буугаад ав даа \аав даа\ тэр төмөр утас аваад өг дөө” гэснээр шувууны бага нь жиргэдэг болохоор би буун зам дээр хэвтэх пресний төмөр утас аваад өвгөн рүү сарвайвал “Ганзагалчихаа хүүхээ, очоод тарвагаа наадахаар чинь бооно” гэхэд нь учрыг нь нэг л ойлгосонгүй. Түрүүхэн ганц арьс ч гэсэн тоо нэмж байг гэсэн мөртлөө одоо болохоор боох юм яриад байдаг, эсвэл бодлоо өөрчилсөн юм болов уу даа гэсэн шүү юм бодон явтал өвгөн унаанаасаа буун надад цулбуураа өгөнгөө “Та хоёр тэр тохой дээр очоод галлаж бай” гээд ойрхон саахалт хирийн зайг заагаад буугаа бариад явж одлоо. Ах бид хоёр ч морьдоо хөтлөн замаараа галлах гишүү, аргал хомоолхон түүгээд явж байтал Сахалт ахын унасан бор морь гэнэт амаа аван нэг баруун тийш, нэг зүүн тийш холхин шогшиж, угын унаанд муу хотын хоёр хоёул гайхан сандарч бажгадуулсан нь ердөө л ажлаа мэддэг анч хүлгийн сурсан зан нь байж билээ. Хожим нь Нямжав гуай агнасан тарвагаа янзалж байхдаа хуучилсанаар өвгөн тарвагачилахдаа унадаг морь байсан агаад хулгар шарын бараанаар сурцаараа тийнхүү “даллаад” явчихсаныг ах бид хоёр мэдээгүй хэрэг л дээ. Бид хоёр явсаар заасан газарт нь иртэл өвгөн ч хоттой хониноосоо бариад ирэх мэт нэг ланжигар бурхи бариад урдаас гараад ирдэг юм даа. Гайхсан гэж. Гайхах ч үүгээр дуусаагүй байсныг тэрхэн үедээ мэдээгүй хэрэг л дээ. Тэгээд л ах бид хоёрыг галаа түлэхээр мунгинаж ядаж байх зуур хэдхэн минутанд аль хэдийнээ нөгөө хулгараа битүү тулмалж өвчөөд арьсыг нь эвхэж аван ганзаглаад “Хүү ав даа, нөгөө төмөр утсаа өг дөө” гэхээр нь очоод авах гэтэл аль хэдийнээ гээгдэж хоцорчээ. “Өө гээгдчихжээ” гэвэл өвгөн “За,за яах вэ” гэснээ мориныхоо сүүлнээс хэдэн хялгас тасдаж аваад аль хэдийнээ эвдэж бэлдсэн махандаа улайссан чулуугаа хийгээд, амыг нь нөгөө хялгасаараа боогоод ил галд шараад л “Шар маханд нь боосон боодог” хэмээх үгээр хэлэхийн аргагүй тансаг амттан бэлэн болох нь тэрээ! Түүнээс өмнө ч, хойно ч одоо хир нь тэгж шар маханд нь боосон боодог идэж үзээгүй яваа бөгөөд өөр хүн тэгж боож чаддаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд шүү дээ.
Үлдсэн ганц ганзайгаа ах өвгөн хоёр шимсэн шиг хууч хөөрөн, ах нь ярьдаг дүү нь сонсдог, ах хүний өмнүүр ам хөндөлсдөггүй тэр л зангаар хоёр ахмадын хуучилхыг сонссон шиг суулаа. Өвгөний хуучлах нь:
-Тарвага даллана гэдэг бол үнэхээр урлаг. Тэр тарваганы дош байгаа орчин тойронд ямар ан амьтан байна, яг л тэднийг нь дуурайж даллана. Жишээ нь, элээ шувуутай газарт элээ шувууг дуурайж дэвэн дэвэн далладаг бол үнэг хярстай газарт үнэг хярс шиг гүйн, гүйн босон суун даллах зэргээр л даллана шүү дээ… гэж байсан нь яг л өчигдөрхөн мэт. Өвгөн хууч халан, уусан юмандаа улаа бутран сууснаа миний хөлрүү хараа тавин ширтэн сууснаа:
-Хүүгийн шаахай нэг л нүдэнд тусаад байх чинь вэ, ав даа зарчихаач хүүхээ… гэхэд нь хэдийвээр арай хийж арын хаалгаар олж авсан эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд, жинхэнэ орги хорин таван төгрөгний “Шанхай” шаахайгаа өвгөнд зөв харж инээн, буруу харан уйлан байж өгсөндөө одоо хир нь харамсдаггүй л юм. Тарваганд гүйхэд хөлд хөнгөн, эвтэйхэн бас дуу чимээ гарахааргүй эд байна хэмээн шүүрс алданхан суусансан. Анх танилцсан жилийн ан ав нэг иймэрхүү.
Дараа жилийнх нь зун урьд жилийнхээсээ туршлага аван Архангайн Хангай сумын объектыг найман сард тавиулаад явах замаараа тэднийхээр дайрч хоног тааруулаад цаашаа явж ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгаад хотруу унаа захиалчихаад замын унаанд дайгдан ганцаараа Лу гүний хүрээнд тууж хүрлээ. Ёстой л сайн хүн санаагаараа гэгчээр захиалсан унаа маань ирдэггүй, гурвыгаа замын унаагаар аймаг оруулж, тэндээс нь нисгэчихээд, нэг маань Хангай сумандаа багаж хэрэгсэл энээ тэрээгээ харж үлдсэн нь ёстой хоншоортой хэрэг болдог юм. Би хотоос ирэх унаагаараа эргэж Хангай ороод багаж хэрэгсэлээ аваад албан томилолтоо хаалгаад буцах байсан ч машин ирэлгүй хоёр долоо хоног намайг өвгөнийд жаалуулчихаж билээ. Жаалах гэхээс ч өөр яах вэ, хэдийвээр ажлаа дуусчихсан ч ажлын өдрүүд явж байгаа болохоор цалингаа ч аваад, дээр нь томилолтын хоногын 13 төгрөгөө ч цохиод хоёр долоо хоног айраг цагаа, тарвага загсан дээр сайхан амарчихсан хэрэг шүү дээ.
Өвгөний хашаанд ямар нэгэн том тэрэгний рам төмөр газраас тохой хирийн өндөрт хөндийлөөд тавьчихсан, дээр нь зуугын, хоёр зуугын арав гаран төмөр торх эгнүүлээд тавьчихсан байх. Ангийн хорио тавигдангуут өдөр өдөрт морин тэргээр дүүрэн хулгар шар авчраад авгай хүүхдүүд нь хэдхэн хормын дотор өвчөөд л махыг нь дээрхи торхнуудад хийгээд хаячих. Айл аймгын хүмүүс ирж хулгар аваастай, гэртээ аваачаад арьсыг нь өвчиж аваад махыг нь идээстэй, мэдээж арьс нь буцаж ирж өвгөний гэрээний тоонд орох ёстой.
Өвгөний тогооны хүн болон Одноо хоёр хэд хэдэн удаагын өвчилтийн улсын аваргууд. Тэр үед ажил мэргэжлийн улсын аварга шалгаруулах уралдаан гэж болдог байлаа. Одоо мартаж орхижээ, яг хэдэн минут, секунд гэдгийг нь. Ердөө л минут гаран хунацаанд байсан байх шүү.
За тэгээд өвгөнтэй тарваганд хэд, хэдэн удаа явсан. Өвгөн буугаа үүрээд түрүүлээд гарна, араас нь би хүүтэй нь морин тэргийг нь хөллөж аваад гараад өгнө дөө. Өвгөн ч тэр өдрийн точкалсан аль нэгэн хөндий ч юм уу, ам өгсөөд гүйгээд явчихна. Нэг баруун тийш гүйгээд, нэг зүүн тийш гүйгээд л, ерөөсөө хоёр тийшээгээ ээлжилж буудаад л гүйгээд явчихна. Байлдаантай кино ч юм шиг, хэрвээ калибрь том буу шиг дуугардаг бол ч ёстой нэг тас тас, фүн фүн гээд л хөндий дүүрэн нүргэлээд л явчих байлгүй дээ. Ингээд өвгөний араас барааны газарт дагаж, буудаж унагасан хулгаруудыг нь морин тэргэндээ ачиж явсаар 2-3 цагийн дотор ганцхан оройн гараагаар л гэхэд өлхөөн 30-40 хулгар шар ачаад ирнэ шүү дээ. Өвгөний бууг үүрч, нөгөө анч бор морийг нь унаад ганц нэг оройн гараагаар хорхойгоо дарах гэж яваад хөхүүл тарч унагаж ирээд золтой л толгойгоо тасдуулчихаагүй гэж байгаа. Тэр намар өвгөн 2000 арьсны гэрээтэй байсан бөгөөд хотоос унаа ирдэгийн урд өдөр тоо нь гүйцээд өнөө олон төмөр торхнуудад хийгээд хаячихсан тэр олон өмхийрч муудсан махнуудынхаа доороос гал түлэн хайлуулаад л мөн л тодорхой хэмжээний гэрээтэй орги техникийн тос бэлэн болсоноор нэгэн намрынх нь ангийн гэрээ дуусах юм билээ.
Хамгийн сүүлд 1997 оны намар Лу гүний хүрээгээр дайрахад мөн л доошоо Орхон, Тамирын билчэр лүү загасаа хариулахаар явчихсан эзгүй байж таарсанаас хойш ер уулзалдаагүй яваа бөгөөд уг нь их л хөнгөн шингэн хүн болохоор өдийд дал нилээд гарчихсан азай буурал байгаа байхаа. Ийнхүү эрхэмсэг уншигч авхай нарт эгэл жирийн л нутгийн хөх өвгөн, алдарт улсын анчин Нямжав гуайн тухай өөрийн нүдээр үзэж харсанаа хөрөглөн найруулсан минь энэ болой.