- Үүсэл
Киноны түүх XIX зуунаас эхэлнэ. Хэдийгээр хөдөлгөөнгүй дүрс буулгадаг гэрэл зураг XIX зууны эхний хагаст бий болсон ч хөдөлгөөнд оруулахын тулд богино хугацааны барилттай зураг авалт шаардлагатай байжээ. 1870-аад оны үед энэ шаардлагыг хангасан фото эмульс бий болсон ч кино хараахан бий болоогүй юм. Өнөөдөр бидний хувьд мэдээжийн зүйлийг тухайн үеийн зохион бүтээгчид, кино урлагийн анхдагчид шууд ойлгоогүй бололтой. Бичлэгийн системийг бий болгож, хөдөлгөөнт дүрс авах олон арван оролдлого хийж байжээ. Алдарт зохион бүтээгч Эдиссон хүртэл ийм туршилт хийж байсан ч түүний систем ганцхан хүн үзэж болохоор хийгдсэн тул олигтой амжилтад хүрээгүй юм.
Эцсийн эцэст Францын ах дүү Луи болон Огюст Люмьерийн бүтээлийг зохион бүтээгчид хүлээн зөвшөөрчээ. Тэдний аппарат маш энгийн, түүний тусламжтай зураг авалтыг хялбархан хийж, том дэлгэцэн дээр гаргах боломжтой болсон нь амжилтад хүргэсэн байна. Люмьерүүд зохион бүтээсэн төхөөрөмжөө “кинематограф” гэж нэрлэсэн аж.
1895 оны гуравдугаар сард Парист хамгийн анх олны өмнө кино үзүүлжээ. Гэхдээ киноны албан ёсны төрсөн өдрийг 1895 оны арванхоёрдугаар сарын 28 гэж үздэг. Чухам энэ өдөр Капуцино цэцэрлэгт гудамжны “Гранд кафе” цайны газрын доод хонгилд анх удаа төлбөртэйгөөр кино үзүүлсэн аж. Ах дүү Люмьерүүд үзэгчдэд хэд хэдэн богино хэмжээний (ердөө л 50 секунд үргэлжилдэг) бичлэг үзүүлсний нэг нь “Үйлдвэрээс гарч буй ажилчид” байжээ. Гэхдээ эдгээрээс хамгийн алдартай нь “Ирж буй галт тэрэг” бичлэг болсон юм. Дэлгэцэн дээрх галт тэрэг яг л үзэгчдийн танхим руу хөдөлж байгаа мэт маш үнэмшилтэй харагдсан нь үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ.
- Киноны хөгжлийн эхэн үе
Люмьерүүдийн гайхамшигтай бүтээлийн дараа богино хэмжээний дүрс бичлэгүүд гарч байсан ч кино жинхэнэ утгаараа шууд бий болоогүй юм. Кино урлагийн анхдагчид кинематографийг ашиглаж болох бүх боломжийг олж харж чадаагүй аж. Люмьерүүд өөрсдийн бүтээлийн гол үүргийг бичлэг хийгээд түүнийгээ хойч үедээ хадгалж үлдээх гэж үзэж байжээ. Зарим хүмүүс хөдөлгөөнт дүрс үзэхийг зүгээр л нэг зугаа маягаар хүлээн авч байв. Утга агуулгатай, өгүүлэмжтэй кино байхгүй байсан ч кинематограф маш хурдан олны хүртээл болсон юм. Оросын хаан зэрэг нөлөө бүхий хүмүүс, төрийн тэргүүнүүдийн дүрс бичлэг дэлхий даяар кинематограф түгэн тархахад ихээхэн нөлөөлсөн байна.
Удалгүй кино урлагийнхныг Парисын нэгэн театрын захирал Жорж Мельес сонирхож эхэлжээ. Тэрээр кино урлагийн бодит боломжийг харж чадсан бөгөөд анх удаа зохиолоор кино зураг авч, элдэв трюк, тусгай эффект ашигласнаар киног бие даасан урлагийн төрөл болох үндсийг тавигч болсон юм. Мельесийн хамгийн алдартай бүтээл нь “Сар руу аялласан нь” (1902 он) кино аж.
XX зууны эхний арван жилд киноны үргэлжлэх хугацаа болон төрөл зогсолтгүйгээр өсөн нэмэгдэж байв. Нийгмийн зүгээс кинонд хандах хандлагад ч өөрчлөлт орж, киног зугаа цэнгэл төдий зүйл биш урлагийн төрөл гэдэг утгаар нь үзэх болсон байна. 1908 он гэхэд Францад “фильм д’ар” буюу “уран сайхны кино” гэсэн ойлголт бий болжээ.
1910 онд нийт киноны 70 гаруй хувь нь Францад бүтээгдэж байсан юм. Мөн АНУ, Их Британи, Герман зэрэг бусад улсууд ч дэлхийн киноны хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулаад эхэлжээ. XX зууны эхэн үед ихэнх киноны үргэлжлэх хугацаа 10 минут байсан бол 1910 онд нэг цаг хүртэл үргэлжилдэг цөөнгүй кино гарч байв. Харин Гриффит гэгч америк эр 1915 онд бүхэл бүтэн гурван цаг үргэлжилдэг “Үндэстний үүсэл” (АНУ-ын иргэний дайны сэдэвтэй) киног бүтээжээ. Арьс өнгөний үзэл нэвт шингэсэн утга агуулгаас нь болж АНУ-д олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдээж байсан ч энэ кино ихээхэн амжилт олж(100 сая орчим хүн үзжээ), бүтээгчиддээ асар их орлого авчирсан юм.
1920-иод оны үед АНУ-д кино компаниуд үүсч эхэлсэн бөгөөд дэлгэцийн бүтээлүүд шил шилээ даран гарах болжээ. Үүнтэй зэрэгцэн кинонд гол үүрэг гүйцэтгэдэг байсан найруулагчдыг продюссерууд шахаж эхэлсэн байна. Холливудын өнөөгийн стандарт хэв маяг чухам тэр үед л бүрэлдэж эхэлсэн юм. Продюссер кино зохиолыг сонгож, худалдан авна. Мөн тэр найруулагчийг урьж, кинонд тоглох жүжигчдийг сонгоно. Тухайн үед Америкийн кино урлагт инээдмийн, ялангуяа Чарли Чаплины оролцон тоглосон кино ихээхэн амжилт олж байжээ.
Гэсэн хэдий ч дэлхийн кино урлагийн хөгжилд Европийн кино голлох байр суурь эзэлсэн хэвээр байсан юм. Германы кино урлагт “экспрессионизм”, харин Францад “авангард” гэх шинэ урсгалууд үүсчээ. Европийн найруулагчид бүтээлээ сайжруулахын тулд улам их эрэл хайгуул хийж, төрөл бүрийн арга барил ашиглах болсон байна.
- Дуутай киноны хөгжил
1927 онд кино ерөнхийдөө дуугүй байжээ. Хориод оны эхээр анхны дуу бичлэгийн төхөөрөмжүүд бүтээгдсэн ч кино үйлдвэрлэгчид санхүүгийн асуудлаас болж кино урлагт ашиглахаас болгоомжилж байв. Хамгийн анх 1927 онд Амреикийн “Уорнер Бразерс” компани “Жаазын дуучин” нэртэй баатрууд дэлгэцэн дээр ярьдаг дуут кино бүтээсэн юм. Кино дуу орж эхэлснээр бие, нүүрний хөдөлгөөнөөр бүгдийг илэрхийлдэг байсан хуучны арга барил хоцрогдож эхэлжээ. Зарим алдартай найруулагч, жүжигчид (Чарли Чаплин гэх мэт) кинонд дуу оруулахын эсрэг тэмцэж байсан ч 1930-аад он гэхэд бараг ихэнх кино дуутай болсон байна.
Дайны дараа (1940-оны сүүл, 1950-иад оны эхээр) дэлхийн киноны хөгжилд Итали (неореализм), Японы (ялангуяа Акиро Куросавагийн кинонууд) кино урлаг ихээхэн хувь нэмрээ оруулсан юм.
- Өнгөт киноны хөгжил
Кино өнгөтэй болох үйл явц дуу орохоос илүү удаан явагдсан. Өнгөт кино бүтээх техникийн боломж бүр 1930-аад онд бий болж, 1939 онд АНУ-д анхны өнгөт кино бүтээгдсэн нь асар их амжилт олсон “Салхинд туугдагсад” байжээ. Гэхдээ дөнгөж 60-70-аад оны үед л өнгөт кино хар-цагаан киноны байр суурийг баттайгаар эзэлж чадсан юм. Хальсны чанар улам сайжирч, гэрлийн мэдрэмж нь улам нэмэгдсэнээр илүү хүнд нөхцөллд зураг авах боломжтой болжээ.
- Сүүлийн үеийн кино урлагийн хөгжил
Сүүлийн үед кино урлагт компьютер график хүч түрэн орж ирлээ. Түүний тусламжтайгаар бодит байдал дээр боломжгүй зүйлийг ч хийх болсон байна. Үүний анхдагчдын нэг болох “Матрикс” гайхамшигтай эффект, дүрслэлийнхээ ачаар асар их амжилт олсон юм. Кино урлагийн ирээдүй компьютер графиктай салшгүй холбоотой болжээ.