Энэ удаагийн ярилцлагын буландаа сүүлийн үед олон нийтээс ихээхэн сайшаал хүртээд буй залуу жүжигчин У.Цогтбаяртай уулзан түүний тоглосон киноны талаар ярилцлаа. Тэрбээр анх удаагаа киноны гол дүр бүтээж байгаа бөгөөд “Параллель ертөнц” нэртэй инээдмийн уран сайхны кино нь гуравдугаар сарын 30-нд нээлтээ хийх юм.
-Ярилцлагаа таны гол дүрд нь тоглосон “Параллель ертөнц” киноноос эхэлье гэж бодож байна?
-Би олон киноны саналаас татгалзаж “Параллель ертөнц” киног сонгож гол дүрд нь тоглосон. Яагаад гэхээр “F” студын хамт олон өмнө нь “Single ladies 2, 3” “Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “Зүрхний хилэн” зэрэг Монголын бүх л хит киног бүтээж байсан. Тийм болохоор нэр хүндтэй студи намайг гол дүрд тоглох санал тавихад их нухацтай бодож үзсэн. Хоёрт тухайн надад оногдсон дүрийн хувьд их фантази дүр буюу хөгжилтэй сүнсний дүр байсан. Тийм болохоор миний жужигчний эрх чөлөөг харуулсан уран бүтээл байх болов уу гэж бодоод их дурлаж “Параллель ертөнц” кинонд тоглох болсон. Шижигнэсэн хөдөлмөрч залуучуудтай хамтран ажиллаж богино хугацаанд, кино зураг авалтаа дуусгалаа.
- Кинонд тоглох саналыг хэн таньд тавьсан бэ?
-“F” студын Амири буюу Амартүвшин ах, “Фантастик” продакшны Ганчо буюу Ганчулуун ах, Одбаяр найз, Барсаа ахтай анх студи дээр уулзахад надад санал тавьсан. Ингээд зохиолтойгоо уншиж танилцаж байлаа.
-“Параллель ертөнц” киногоор дамжуулж үзэгчдэд хүргэх гол санааг дурьдвал?
- Кино зохиолыг хүний зүрхний утсыг хөндөж чадсан маш сайн зохиол гэж дүгнэж байгаа. Учир нь амьдрал дээрхи нөхөрлөл, амьдралын үнэ цэнэ, эцэг эх, ханийн хайр зэрэг амьдралын нандин бүхнийг манай киноноос харж болно.
-Таны хүүхэд насны талаар сонирхъё гэж бодлоо. Хүүхэд насны мөрөөдөл юу байв?
-Би 3-р ангиасаа л жүжигчин болно гэж боддог байсан. Тухайн үед “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэг оройн мэдээний дараа шөнийн яг 11 цагт гардаг байлаа. “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгт 5 юмуу 10 минутын богино хэмжээний хошин номерууд гардаг байсан юм. Тэр богинохон хэсгийг үзчихээд үхтэлээ инээгээд унтдаг байсан. Үүнээс болоод хүмүүст орой болгон аз жаргал бэлэглэсэн, хүний сэтгэл хөдлөлийг хамгийн дээд цэгт нь хүргэдэг жүжигчний мэргэжлийг сонгосон юм. Удалгүй жүжгийн дугуйланд хамрагдаж хошин урлагийн жүжиг зэрэгт их сонирхолтой идэвхитэй оролцдог хүүхэд байлаа.
-Тэгвэл таны оюутан ахуй цаг хэрхэн өнгөрч байв? Оюутан насны дурсамжаасаа хуваалцаач?
-Оюутны дурсамж маш их. Би Дархан хотоос Улаанбаатар хотод ирж кино урлагийн дээд сургуульд орохдоо жүжгийн дугуйлангийн багын найз “Фантастик” продакшны жүжигчин Одбаяртай хамт нэг ангид орж байлаа. Бидний оюутан нас адал явдал, хөгжилтэй зүйлсээр дүүрэн байсан. Гэхдээ хамгийн эвгүй санаанаас гардаггүй нэг явдал нь бид хоёр нэг удаа сонгодог жүжгийн уралдаанд Ромео, Жулетаг гомо болгож хийж байсан юм. Би гайгүй эрэгтэй Ромеогийн дүрд тоглосон, Жулетад манай Одбаяр тоглосон. Тухайн үед бид хоёр жүжгээ шөнөжингөө нойргүй бэлдэж байснаа санадаг юм. Маргааш нь уралдаан ч болж хүмүүс бидний жүжгийг уйлж үзэх ёстойгоор төсөөлж байлаа л даа. Гэтэл бид хоёрыг дөнгөж гарч ирээд жүжиглээд эхэлтэл үзэгчид тэр чигээрээ савж унаад бид хоёрын уянгын хэсэг тоглох үзэгдэл маань ч эвгүй байдалд орж гүрийсээр байгаад л дуусгасан даа. Тухайн үедээ эвгүй байсан ч одоо бодоход нандин дурсамж болж үлдсэн санагддаг юм.
Жүжиг тавихын өмнөх орой нь “Би сургуулийнхаа тайзан дээр тааз ширтэн хэвтэж байхдаа шилдэг эрэгтэй дүрийг нь би авна, шилдэг эмэгтэй дүрийг нь түүхэндээ анх удаа миний найз Одбаяр авна, энэ бол байж боломгүй гайхамшигтай үйл явдал болно гэж бодоод л хөөрчихсөн нойргүй хонож байснаа тод санаж байна. /Инээв/
-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-Сургуулиа хэдийн төгсчихсөн байдаг. Ажил олддоггүй “Ёстой нэг хог шиг л” санагдаж байлаа. Гудамж метрлээд лааз өшиглөөд л явж байсан. Оюутан байхдаа зөөгч хийдэг байсан юм. Энэ ажлаа хэсэг үргэлжлүүлж хийсэн. Харин Жижгээ ах нэг өдөр намайг “Маск” продакшнд оруулна гэж дуудаад очтол тэр үед “Маск” намайг аваагүй.
Шалтгаан нь “Маск” продакшн залуу жүжигчин авах боломжгүй гэсэн учир би хасагдсан. Түүнээс хойш ажил ч олдохгүй нэг үе хэцүүхэн л байсан. Дараа нь “Эко” телевизд киноны дуу оруулагчаар сар дагалдан хийж ажилд орсон. Хүүхэд насны дурсамж агуулсан, өөрийнхөө үзэх дуртай олон кинонд дуу оруулж байлаа. Энэ мэргэжилдээ дурлаж, закадрын жүжигчний мэргэжлийн гоё сайхныг ойлгож байтал орон тооны цомхотголд орж ажлаасаа халагдсан юм.
Үүний дараа дахиад л миний амьдрал нурсан. Тухайн үед би дотуур байранд л амьдардаг байлаа. Харин ямар нэгэн аз тохиолоор “Эмоци” продакшн байуулагдаж тэнд ажиллах боломж олдсон. “Эмоци” продакшнд орсноор миний цаашдын уран бүтээлийн гараа эхэлсэн. Тэндээс би ах эгч нараасаа их зүйлийг сурч мэдэж авсан. Одоо хүртэл суралцсаар байна. Улирлын тоглолтууддаа идэвхитэй оролцдог. 21 аймгаар гурван удаа тойрсон, гадагшаа аялан тоглолтоор ч их явна даа. Ер нь жүжигчин хүн байнгын толгой сийрэг, юманд сэргэг хандахгүй л бол болдоггүй. Тийм учир энэ салбар жүжигчин хүнээс маш их зүйл шаарддаг.
-Ярилцлагын төгсгөлд таны анхны гол дүрийг бүтээсэн кино буюу “Параллель ертөнц” кинонд тоглосон сэтгэгдлээ хуваалцаач
-“Параллель ертөнц” кинонд тоглоход хүчтэй нөлөөлсөн нэг зүйл бол “Маш нууц-1” кино. Анх энэ киног үзчихээд гол дүрд нь тоглосон найзаараа бахархсан, нөгөө талаар шоконд орсон. Үүнээс хойш Одбаяртайгаа хамт кинонд тоглох юмсан гэж боддог байлаа. Харин өнөөдөр ямар нэгэн хувь тохиолоор хар багын найз Одбаяртайгаа энэхүү “Паралель ертөнц” кинонд тоглосон. Мөн намайг хурцалж өгсөн нэг дүр бол “Зүрхний хилэн” киноны эсрэг дүр болох Барсаа ахын дүр. Энэ дүр надад их сонирхолтой санагдаж, ямар мундаг жүжигчин бэ хэмээн бодогдож Барсаа ахыгаа битүүхэн шүтэж байлаа. Энэ хүнтэй хамтраад гол дүр бүтээнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Одоо бол киногоо үзэхийг тэсэн ядан хүлээж байна даа.
Их ажлын хажуугаар ярилцлага өгсөн танд баярлалаа
Ярилцсан: СЭТГҮҮЛЧИЙН 3-Р КУРСЫН ОЮУТАН: С.Түвшинбулаг, Ч.Уянга