ЭМГЭНЭЛ
ПҮРЭВИЙН ЦОГЗОЛ
(1934-2018)
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын киноны нэрт зураач Пүрэвийн Цогзол 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, шавь нар, кино дэлгэцийн урлагт хайртай мянга мянган үзэгчдэд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Пүрэвийн Цогзол нь 1934 онд Дорнод аймгийн Ар жаргалант буюу одоогийн Матад суманд төрж 1943 онд бага сургуульд орж суралцсанаар түүний эрдэм мэдлэгийн эхлэл тавигдаж улмаар 1950 онд Театр хөгжмийн дунд сургуульд элсэн оржээ. Улмаар 1956-1961 онд Москва хотод Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуульд суралцан төгсч ирснээсээ хойш 1961-1994 онуудад Монгол кино үйлдвэрт зураач, Ерөнхий зураачаар ажиллаж байлаа.
П.Цогзолыг сургуулиа төгсөж ирэхэд нь Д. Жигжидийн “Түмний нэг” кинонд зураачаар томилсон нь түүнд юу сурснаа харуулах сайхан эхлэл байлаа. Үүнээс хойш тэрээр “Тус биш ус”, “Хүний мөр”, “Нийслэл хүү”, “Тунгалаг тамир“, “Нар хиртсэн жил”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг 30 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кинонд Ерөнхий зураачаар ажиллажээ.
1979 онд “Бушхүүгийн үлгэр” киноны зохиолыг бичиж өөрөө найруулан мөн зураачийн ажилд оролцсон байдаг. “Бушхүүгийн үлгэр” кино нь оператор зураач хоёрын гайхамшигт нэгдэлд хийсэн сод бүтээл билээ. Уг киногоороо тэрээр 1981 онд Чехославакийн Карловарын Олон улсын кино наадамд амжилттай оролцож “Шүүгчдийн нэрэмжит тусгай байр”-ын шагнал хүртэж байсан билээ.
Цогзолын бүтээсэн киноны зургийн онцлог нь тухайн үйл явдлыг хурц үнэн дурслэх маш тодорхой өгүүлэмжтэй ахуйг түүхэн зүйн үүднээс дүрслэн үзүүлдэг өрөлт сайтай зураач юм. П.Цогзолын бүтээлцсэн “Төөрсөөр төрөлдөө”, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” зэрэг кино нь олон улсын наадамд шалгарч байлаа.
Түүний олон арван уран зургийн бутээлүүд нь манай улсын урлагийн ба Улаанбаатар хотын музейнүүдийн урын санд хадгалагдаж байдаг. 1977 онд Октябрын 60 жилийн ойн Улсын том бүтээлийн уралдаанд “Авто засварын завод” зургаар тэргүүн байр, 1984 онд Улс тунхагласны 60 жил, Hамын Их хурал хуралдсаны ойд зориулсан том бутээлийн уралдаанд “Ажлын жирийн өдөр” зургаар дэд тэргүүн байр, Энх тайвны сэдэвт зургийн уралдаанд “Энх цаг ирлээ” зургаар мөн тэргүүн байр тус тус шагнагдаж байсан. Түүнчлэн П.Цогзол нь Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд багшлаж ирээдүйн кино зураачид залгамж халаагаа бэлтгэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1990 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ.
Талийгаачийн итгэл сэтгэл, авьяас чадвар, алдар гавьяа, сурган хүмүүжүүлэх өндөр ур чадвар, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд үүрд мөнхрөн үлдэж, авьяас билэг нь Монголын кинонд өвлөгдөн мөнхөд үргэлжлэх болно.
МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ ТӨҮГ, КИНО
УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ