/1919-1989/
Д.Жигжид нь 1919 онд Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сумын нутаг Зөөлингийн хүрээ хэмээх газар төрж өсчээ. Тэрээр Ринчинлхүмбэ сумын бага сургуульд суралцаж төгссөний дараа 1934 онд Улаанбаатар хотын багшийн сургуульд суралцаж байхад найман сурагчийг улсын кино зургийн хорооны мэдэлд шилжүүлсэн байна. Д.Жигжидийг анх Кино хороонд очиход нь Зөвлөлтөөс ирсэн оператор /зураглаач/ А.Лебедевийн сургалтанд Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Ганжуур, Д.Чулуунхүү нарын хамт зураглаачийн мэргэжлээр суралцуулсан бөгөөд Д.Жигжидийг мультипликац /зурмал кино/-ийн гэж тусгайлан мэргэжүүлж байсан тухай тэр үед Монгол кино үйлдвэрт сургагч байсан С.Гусев 1937 оны 10-р сарын 18-нд Зөвлөлт Улсаас Монгол улсад сууж байгаа Бүрэн Эрхт Төлөөлөгчийн Газарт бичсэн товч илтгэлдээ тодорхой бичсэн байдаг. Д.Жигжидийн муугүй зурдаг байсныг Багшийн сургуульд сурч байхад нь ангийн багш Цэвэгжав мэддэг байснаас Кино үйлдвэрт ажиллуулах хүн хайж явсан хүмүүстэй уулзуулж шалгуулснаар багш болох замаа орхиж киночин болох замаа олсон гэлтэй. Д.Жигжид зураглаачийн сургалтаа дуусгаж мэргэжлийн үнэмлэх авснаас хойш тэр үед хийсэн бараг бүх киноны тайлбар, танилцуулга, өргөмжилсэн нэрийг бичиж түүний зургуудийг авснаас гадна баримтат кинонд зураг авч мэдсэн, үзсэн зүйлийнхээ ид шидийг харуулах гэж чармайдаг нэгэн байжээ.1939 онд “Шинэ Улаанбаатар” /Шинэ хуучин Улаанбаатар С.Б/ баримтат киноны зураг авсанаа миний уран бүтээлийн эх болсон гэж өөрөө ярьдаг. 1940 онд “Анхдугаар хичээл” /Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэлийн хамт/, 1942 онд “Морин цэрэг танкист” уран сайхны киноны зураглаачаар, 1941 онд “Бүгд Найрамдах Монгол Улсын 20 жилийн ой” /Б.Дэмбэрэлтэй/, 1943 онд ”Монгол Улс” /Б.Дэмбэрэл, Д.Ганжуурын хамт/, 1945 онд “Маршал Чойбалсангийн 50 насны ой”, 1946 онд ”Тусгаар тогтносон Монгол Ард Улс” /Б.Дэмбэрэл, Д.Ганжуурын хамт/, Эх орны дайны үеэр Улаан армийн фронтод бэлэг хүргэсэн 1.2.3-р цувааны тухай,1945 оны Чөлөөлөх дайнд Долнуур, Жэхэ хүртэл фронтын кино сурвалжлагчаар явж түүхийн ховор баримтыг авч үлдээсэн юм. Д.Жигжид “Цогт тайж” уран сайхны киноны ерөнхий зураглаачаар /Б.Дэмбэрэл, Д.Ганжуурын оролцоотой / томилогдон ажиллаж 20 гаруйхан насандаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан юм. Д.Жигжид өөрийн бодол санаагаа шингээсэн уран сайхны сайн кино хийх юмсан гэсэн мөрөөдөлд хөтлөгдөн явсаар 1959 онд “Ардын элч” кинод найруулагчаар ажиллаж эхэлсэн. Д.Жигжид гуайн анхны найруулсан “Ардын элч” кино үнэхээр үзэгчдийн сэтгэлд хүрч 1959 онд Москва хотноо болсон Олон улсын кино наадмаас гол баатар Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин П.Цэвэлсүрэн эмэгтэй хүний дүрийг гаргуутай бүтээсэнд олгох мөнгөн медалийг хүртсэн нь Монголын киноны түүхэнд анхных юм. 20-р зууны монголын манлай кино найруулагч Д.Жигжид нь Монголын кино урлагт 50 гаруй жил тасралтгүй ажиллах хугацаандаа өөрийн олон шавь чавдарлаг боловсон хүчнүүдийг дагалдуулан сургаж өдгөө шавь нар нь кино урлагтаа хүчин зүтгэж багшийнхаа нэр алдрыг өндөрт өргөн явна. Д.Жигжидийн зураглаачаар ажилласан уран сайхны киноны жагсаалт.
1. Амьдралын дайсан – 1941 он
2. Морин цэрэг танкист – 1942 он
3. Цогт тайж 2 анги – 1945 он
4. Шинэ жил – 1954 он
5. Гэм нь урдаа – 1956 он
6. Манай аялгуу – 1956 он
7. Сэрэлт – 1957 он
Найруулагчаар ажилласан уран сайхны киноны жагсаалт:
1. Ардын элч – 1959 он
2. Улаанбаатарт байгаа миний аавд – 1961 он
3. Түмний нэг – 1962 он
4. Хүний мөр – 1965 он
5. Үер – 1966 он
6. Өглөө – 1968 он
7. Хүргэн хүү – 1970 он
8. Тэмцэл – 1971 он
9. Баян булгийнхан – 1973 он
10. Хөдөөгийн баясгалан – 1974 он
11. Хүний төлөө – 1976 он
12. Хөх ногооны униар – 1977 он
13. Газрын жигүүр – 1978 он
14. Өнөр бүл -1980 он
15. Жаргал даахгүйн зовлон – 1982 он
16. Ард Аюуш – 1984 он
17. Мандухай сэцэн хатан 4 ангит уран сайхны киноны зураг авалтыг эхлүүлсэн.