Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу, одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Хөшгийн цагаан толгой гэдэг газар 1912 онд мэндэлж, 20 нас хүртлээ мал маллаж, айлд зарагдан улаа нэхэх ажлыг хийж яваад 1932-1934 онд сумын анхны хоршоонд галч,манаач, хамтралын жинчин, мал туугч зэрэг ажлыг хийж явахдаа 1932 оны зэвсэгт бослогын үеэр эвлэлийн ажилтан байснаас эсэргүү нарт баригдаж явжээ. Д.Чимэд-Осор 1934 онд Ардын цэргийн албанд явж Зэвсгийн төв газарт зарлага, жагсаалын даргаар 2 жил албаа хаагаад 1936 онд Улсын Төв Театрт орж, тэнд хоёрдахь удаагаа байгуулагдсан театрын түр сургуульд суралцан В.Борейшогоор жүжигчний уран чадварын хичээл заалгаж Ч.Долгорсүрэн, С.Гэндэн, Ө.Рэнцэнноров нарын хамт төгсчээ. Д.Чимэд-Осор театрт олон арван дүрийг бүтээсэн бол 1939 онд “Сүрэг чоно” кинонд анх тоглосноос хойш кино хэмээх дэлгэцийн урлагт авьяас билэг, уран чадварлаг тоглолт, үнэмшилтэй олон сайхан дүрээрээ ард олны сэтгэл зүрхэнд хоногшсон юм. 1945 онд “Цогт тайж” кинонд хятадын шүлэгчин, эрдэмтэн, Цогт тайжийн орчуулагч, цэцэрлэгч өвгөн Ли Син Саны дүрийг уран чадварлаг, аядуу эвсэг, бусдыг элгэмсүү зөөлөн дууны өнгөөрөө ямагт татаж чаддаг үнэмшилтэй сайхан бүтээсэн. Улаан малгайттай хөөрөлдөж байсан эрдэм номын суутан, зан сайт цэцэрлэгч өвгөн “Миний цэцгүүдийг…” гээд үгээ хэлж дуусгалгүй дайсны сэлмэнд цавчигддаг дүр олны зүрхэнд үүрт хадагдсан юм. 1942 онд “Сүхбаатар” кинонд Богд хаан, хатантайгаа заларч явааг харуулсан олны хэсэгт Сүхбаатарыг Гамингууд эрж баривчлах гэтэл сүсэгтэн олны бужигнаан дунд ишиг тэвэрсэн гуйлгачин содон харагддаг.Энэ бол Д.Чимэд-Осор.Дүрийг том,жижиг гэж голж шилдэггүй, ямарч дүрийг амьлуулж чаддаг, тэр дундаа жижиг дүрийн мастер байсныг түүний тоглосон олон киноноос харж болно.Тэрээр 1939 онд “Сүрэг чоно”, 1940 онд ”Анхдугаар хичээл”, 1942 онд ” Сүхбаатар”, 1945 онд “Цогт тайж”, 1956 онд ”Бидэнд юу саад болж байна”, 1958 онд “Гурван найз”, 1959 онд Морьтой ч болоосой”, ”Ардын элч”, 1961 онд ”Үүрээр”, 1966 онд “Төөрсөөр төрөлдөө”, 1968 онд “Өндөр ээж”, ”Өглөө”, 1973 онд Тунгалаг тамир”, ”Тэмцэл”, 1975 онд “Эх бүрдийн домог”, 1976 онд Хонины найр”, 1977 онд “Давааны цаана даваа”, 1980 онд ”Хүний сайхан сэтгэл”, 1981 онд ”Хатанбаатар”, 1983 онд “Сахиус уу сахиул уу”, 1987 онд “Мандах нарны туяа”, зэрэг кинонуудын гол ба туслах дүрүүдэд тоглосон.“Өглөө” кинонд Хиагтын гудамжинд Богдын ч төлөө, Бароны ч төлөө, Ардын засгийн ч төлөө буулаа хэмээн төвчигнөдөг, өөрийгөө төрд хэрэгтэй хэмээн үнэлдэг Дүйнхэр, “Төөрсөөр төрөлдөө” кинонд дээрэмчинд тонуулсан бачимдлаа, хошууны ноёноосоо оргон хээрээр тэнүүчилж яваа Балтад гаргачихаад, тонуулсан зүйлийг нь дээрэмчдээс булаагаад авчирч өгөхөд нь танихгүй самгардаж, эргээд давхихад нь Хөөе! хөөе! хүлээ Балт уу даа! гэж сандран гүйснээ ” …Баригдана даа, баригдана” гэж харамсал бахархал хослуулан хэлдэг анчин Цэдэв, “Өндөр ээж “ кинонд амь үрэгдсэн хүүгийнхээ зургийг салганан аваад, өмөлзөх уруулаар үг хэлэхийг оролдсоноо, үрчлээ суусан нүүрээ буруулсхийн нулимс унагаж суугаа малчин Дамиран, ”Ардын элч” киноны урвагч Дүлзэнд “Хүүхнээ алдсан…” гэж хөхрөн дайжигнаж, Ариунааг хүүтэй нь хооллуулахдаа “Ид ид, их өлсч дээ” гэж энэрэлтэй зөөлөн сэтгэлээр хандаж, ширээн дор нуугдуулж байгаад гаргахад нь Дүлзэнгийн эвийг олж саатуулдаг хятад иргэн, ”Тунгалаг тамир” кинонд хэт хувьсгалч, нүүдэлчин өвгөн, эсэргүү бослогын толгойлогч гэсэн гурван өөр сонин дүр, ”Хүний сайхан сэтгэл” кинонд төрөх үхэхийн алинд ч хүрч мэдэх эгзэгтэй мөчид, хүн чанараа гаргаж үерлэж байгаа мөрнийг завиар туулж, гэж дуншиж байгаа эхийг эмнэлэгт хүргэх гэж тээж яваа усч өвгөн Дэнзэн зэрэг дүрүүдээс түүний алдарт жүжигчин болохыг төвөггүйхэн мэдэрнэ. Д.Чимэд-Осор алдартай жүжигчин байсан төдийгүй,1943-1948 онд Урлагийн сургуульд жүжигчний ангийн багшаар ажиллан Лха.Долгор, Н.Дугарсанжаа, С.Цэрэндаш, Д.Лхасүрэн, С.Галсанжав, Б.Пүрэв, Д.Байдий нарт багшилж байжээ. Тэр театрт, киноны түүхэнд үлдэх олон бүтээлийг найруулснаас 1962 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд ”Нүгэл буян”,1965 онд “Зэрэг нэмэхийн өмнө” 1974 онд ”Тамирын охин” /Өөрөө зохиолыг нь бичсэн/, 1976 онд Хонины найр” киноны ерөнхий найруулагчаар ажилласны дээр ”Морьтой ч болоосой”, “Салхины амт”, ”Үүрээр”, ”Өндөр ээж”, ”Талын цуурай”, ”Тунгалаг тамир” /3-р анги/ кинонуудад зөвлөх, 2-р найруулагчаар ажилласан. Д.Чимэд-Осор 1947 онд Монголкино үйлдвэр хамгийн анх ЗХУ-ын “Тангараг” хэмээх уран сайхны киног хөрвүүлэх үеэс эхлэн 1987 он хүртэл 40 жилийн хугацаанд 70 шахам уран сайхны кинонд 80 шахам дүрийн дууг тоглож оруулсны дотор “Торгон цэргийн дууль” киноны Кутузов, ”Берлины уналт” киноны Гитлер, Калинин,”Цэргийн эцэг” киноны Георгий Махарашвилийн дүрүүд багтдаг билээ. Д.Чимэд-Осор орчуулгын кинонд дуу оруулж тоглохоос гадна “Альпийн дуулал”, ”Чапаев”, ”Санчирын төгсгөл”, ”Илд бамбай” киноны 3-р анги зэрэг олон киноны орчуулгын найруулагчаар ажилласнаас хамгийн төвөг бэрхшээлтэй нь “Альпийн дуулал” кино байсан гэж дурсдаг. Нийтийн дайсан Герман, Японыг эсэргүүцсэн дайны үед уран сайхны ажилд онцын идэвх зүтгэлтэйгээр амжилт гаргасан учир БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор шагнасан бол 1972 онд “Алтан гадас” одон, 1981 онд “Ардын жүжигчин” цолоор тус тус шагнасны дээр 1943 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.
Монгол Улсын Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осор /Жүжигчин, найруулагч/ /1912-1988 он/
2018 оны 10-р сарын 31 өдөр, 07 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )