ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасны дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг (цаашид “тэтгэлэг” гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Үндэсний тэтгэлэг
2.1. Суралцагчид тэтгэлэг олгох дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх;
2.1.2. нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх;
2.1.3. төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх;
2.1.4. оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх;
2.1.5. удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
2.1.6. сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх.
2.2. Дараах шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
2.2.1. элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх;
2.2.2. хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;
2.2.3 Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 3.0-аас доошгүй үнэлэгдсэн байх. /ЗГ-ын 2014-7-4-ний өдрийн 214, ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/
2.3. Дараах шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
2.3.1. магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 3.2-оос доошгүй байх; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2.3.2. докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.5-аас доошгүй байх; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2.3.3. хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
2.4. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.
3. Урамшууллын тэтгэлэг
3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.
3.2. Тусгай шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно.
3.3. Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан олгоно.
3.4. Дараах тусгай шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:
3.4.1. энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.4.2. 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн;
3.4.3. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн.
3.5. Дараах тусгай шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:
3.5.1. 3.8-аас дээш голч дүнтэй суралцсан өдрийн ангийн магистрант, докторантад 75 хувийн; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.5.2. хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн магистрант, докторантад 100 хувийн;
3.6. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
4. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал
4.1. Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно:
4.1.1. бүтэн өнчин суралцагч;
4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
4.1.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
4.1.4. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.1.5 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь;
4.1.6. нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор нэмсэн/
4.1.7. бакалаврын хөтөлбөрт суралцагчийн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн байх. /ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор нэмсэн бөгөөд энэ заалтыг 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.2. Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно:
4.2.1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн;
4.2.2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.2.3 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал.
4.3. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
4.4. Боловсролын зээлийн сан нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал авах суралцагчтай гэрээ байгуулна. Энэхүү гэрээний загварыг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/
5. Бүрдүүлэх бичиг баримт
5.1.Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад өгнө:
5.1.1. элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);
5.1.2. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг;
5.1.3. энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;
5.1.4. энэхүү журмын 4.2.1, 4.2.2. дахь хэсэгт заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр.
6. Санхүүжилт
6.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах шаардлага хангасан суралцагчийн голч дүн, баримт бичгийг хянаж, тухайн сургуулийн оюутны байгууллагатай зөвшилцөн, тэтгэлэг олгох тухай хүсэлтээ улирал бүр Боловсролын зээлийн санд хүргүүлнэ. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/
6.2. Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн тэтгэлэг олгох тухай мэдээллийг хянан магадласны үндсэн дээр үндэсний болон урамшууллын тэтгэлгийг сар бүр тооцож, улирал тутам суралцагчийн дансанд шилжүүлнэ. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/
6.3. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
6.4. Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс үндэсний болон урамшууллын тэтгэлгийг нь зогсоосон суралцагч дараагийн улиралд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
6.5. Энэхүү журмын 4.2.1 дэх хэсэгт заасан суралцагчийн амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгоно. Дипломат төлөөлөгчийн газар нь өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэний сурлагын дүнгийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Боловсролын зээлийн санд хүргүүлнэ. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/
6.6. Энэхүү журмын 4.1.4, 4.2.2 дахь хэсэгт заасан суралцагчид сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тухайн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу олгоно:
6.6.1. суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээг холбогдох хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр тогтооно;
6.6.2. дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийн голч дүн, хичээлийн ирц, дотоод дүрэм журмын шаардлагыг хангасан тухай мэдээллийг хичээлийн жилийн улирал бүр Боловсролын зээлийн санд хүргүүлнэ; /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/
6.6.3. Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянан магадласны үндсэн дээр сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг суралцаж байгаа сургалтын байгууллагад нь шилжүүлнэ. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/
7. Бусад
7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсгийн заалтыг ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчилсөн/
7.2. Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй.
7.3. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.