КУДС-ийг 2018 онд Сэтгүүлчээр төгссөн Б.Мөнх-Ундралын МУГЖ М.Бадамгаравын хүү П.Батчимэгтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

2019 оны 09-р сарын 26 өдөр, 07 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Dh9iuKzUEAAmOiw

П.Батчимэг: Миний ээжийг “Аман хуур” киноны Дарийн дүрээр төсөөлж болно

Завхан аймгийн Алдархаан сумын Хаахалзуур хэмээх газар 1919 онд малчин ард Мятавын гэрт нэгэн охин мэндэлсэн нь хожим Монголын ард түмний зүрх сэтгэлд олон сайхан ээжийн дүрээр мөнхрөх хувь тавилантай, алдарт жүжигчин Бадамгарав байжээ. Тэрээр ах Бадамбазарыгаа даган хотод ирж, Сувилагчийн сургуульд суралцсан ч багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж “Бөмбөгөр ногоон” театрт шалгуулснаар дагалдан жүжигчнээр ажиллах болсон байна. 1942 онд Дундговь аймгийн театрын найруулагчаар томилогдон ажилласнаар урлагийн ажилтны гараагаа эхэлжээ. Улмаар Төв театрт жүжигчин, Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдаачаар ажиллаж байсан юм. Мөн “Монгол кино” үйлдвэрийн анхны дуу орчуулагчдын нэг бөгөөд орчуулгын 200 гаруй кинонд ажилласан байдаг.

М.Бадамгарав тайз дэлгэцийн олон арван бүтээлд тоглосны дотор “Аман хуур” киноны Дарь, “Өглөө”киноны “сэлэм” Тогмидын ээж Бадам, “Өнөр бүл”-ийн үйлдвэрийн даргын эхнэр зэрэг дүрээр үзэгч түмнийхээ зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Үүднээс гадна дотоод, гадаадын олон арван жүжигт гол болон туслах дүр бүтээсний учир 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгожээ. Энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ой ирэх оны эхээр тохиохтой холбогдуулан түүний хүү П.БАТЧИМЭГТЭЙ ярилцлаа.

-Таны ээж ард түмэн, хамт олондоо хүндлэгдсэн авьяаслаг жүжигчин байсныг монголчууд мэддэг. Харин хувь хүн, ээжийн тухайд ямар эмэггэй байв. Энэ талаар эхлээд дурсана уу?

-Би айлын дөрвөн хүухдийн том нь л доо. Ээж, аав хоёр маань ажил ихтэй болохоор биднийг асруулах гэж нэг хятад иргэнийг хөлсөлж ажиллуулдаг байлаа. Гэхдээ гэр орондоо ая тухтай байлгах бүх боломж, нөхцөлийг хангаж, надад гэхэд л цаас харандаа бэлдээд өгчихнө. Би зураг зурах дуртай байсан хэрэг. Мөн гитар зэрэг хөгжмийн зэмсэг авч өгдөг байж билээ. Түүний хүчинд “Инээмсэглэл” хамтлагийн гитарчин байлаа шүү дээ. Миний ээж их цэвэрч нямбай хүн байсан. Бага байхдаа бөмбөг тоглож байгаад газар уначихад л гар, хөлийг минь спирттэй хөвөнгөөр арчиж байсныг мартдаггүй юм. Намайг есөн настай байхад Пионерийн ордон (одоогийн Хүүхдийн урлан бүтээх төв)-д  дагуулж очоод Ардын зураач О.Цэвэгмид гуайд шавь оруулж байж билээ. “Урлаг, түүний дотор хөгжим гэдэг хүнийг сонсголтой болгоод зогсохгүй аливаа юманд мэдрэмжтэй болгодог юм” гэж хэлдэгсэн. Гэхдээ биднийг хэзээ ч өөрийнхөөрөө шахаж шаардаж байгаагүй. Дуртай юмаа хийж, бусдыг ойлгож мэдрэх ухааныг л зааж өгсөн гэж боддог. Ээж минь байгальд их дуртай. Намар болохоор биднийг дагуулан салхинд гарч, жимс түүдэг байснаар бид байгаль дэлхийдээ ойрхон өссөн гэж ярилцдаг л юм.

olloo_mn_1538366641_amanhuur

-Бүтээсэн дүрийг өөртэй нь харьцуулахын арга байхгүй лдээ. Гэхдээ нэлээд ширүүн дориун зантай байсан уу, үгүй юү ?

-Ёстой тийм юм байхгүй. Хэдийгээр цаг зав багатай ч бидний төлөө байнга анхаарч, урлаг уран сайхан, ургамал, амьтанд хайртай, дуртай болгож хүмүүжүүлсэн. Харин хэлье гэснээ хаана ч, хэнд ч хэлчихдэг, шударга үгтэй хүн байлаа. Энэ талаараа “Аман хуур”-ын Дарь авгай шиг гээд төсөөлчихөд болно (инээв). Бид ээжийнхээ хийсэн бүтээснээр нь бахархдаг. 1959 онд Соёлын яамны шийдвэрээр Улсын ардын дуу бүжгийн чуулгын даргаар томилогдон ажиллахдаа энэ байгууллагыг хөл дээр нь босгосон гэж манай ахмадууд ярьдаг. Мөн үндэсний хөгжмийн үйлдвэрийг үүсгэн байгуулж, чуулгаа хөгжмийн зэмсгээр бүрэн хангасан юм билээ. Бас намын үүрийн дарга, тэргүүлэгч гээд одоогийнхоор нийгмийн идэвх сайтай, зохион байгуулагч, манлайлагч байсан гэдэг.

-Урлагийн хүний гэр бүл байх амаргүй гэж ярьдаг. Таны аав энэ бүхнийг хэрхэн даван туулж байсан бол?

-Аав маань өөрөө урлагт дуртай, Гадаад хэргийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан Пунцаг гэж хүн байлаа. Тухайн үеийн Төв театрт жүжиг үзэж яваад ээжтэй танилцсан гэх сонирхолтой түүх байдаг юм. Аав гар бөмбөг сайхан тоглодог байсан. Ажил албаа дагаад ч тэр үү, аав минь их буурь суурьтай, барагтай юманд үг унагаад байхгүй. Нэг дуугарвал жинтэй үг хэлдэг, тийм л хүн байсан.

-Та ярианыхаа эхэнд “Инээмсэглэл” хамтлагт гитарчин байсан гэж цухас өгүүлсэн. Тэр талаараа арай дэлгэрэнгүй ярьж болох уу?

-1970 оноос Москвад нэг жил хэлний бэлтгэл хийгээд гурилын үйлдвэрийн инженер технологичоор суралцах хуваарь авсан ч “дургүйд хүчгүй” гэгчээр хоёр жил суугаад орхисон. Монголдоо нийтийн хоолны чиглэлээр сургууль дүүргэж, Худалдаа бэлтгэлийн яам (хуучнаар)-д ардчилсан хувьсгал хүртэл ажиллаж байлаа. Энэ хугацаанд (1978 он) “Инээмсэглэл”-ийн хөгжимчин Долгион надад санал тавьж, чөлөөт цагаараа хамтран ажилласан юм. Тэр үед Монголын улс төрийн дууны анхны фестиваль болоход манай хамтлаг шалгарч, Германд зохион байгуулсан олон улсын наадамд зохион байгуулсан олон улсын наадамд оролцож л явлаа. Сүүлд манай хамтлагийнхан 30 жилийн ойгоороо цуглахдаа, тоглолтоо хийж, анхны СD-гээ гаргасныг та бүхэн мэдэх байх.

-Таны ээж, Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн агуу жүжигчний мэндэлсний 100 насны ой ирэх оны эхээр тохиох юм билээ. Энэ тэмдэглэлт ойтой холбогдуулан та болон танай гэр бүл, холбогдох газраас ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Бүтэн жилийн турш зохиох ёслол, арга хэмжээ, хийх ажлаа бид төлөвлөсөөн. Түүний дотор нэг том ажил нь ээжийнхээ дурсгалын хөшөөг босгох явдал юм. Хөшөөний зураг эскизийг Төрийн соёрхолт, уран барималч Цэгмид гуай гаргаж байгаа. Өртөг нь 100-гаад сая төгрөг болох юм шиг байна. “Аман хуур” кинонд Соном өвгөнтэйгөө шинэ орон сууцанд орчихоод толгойг нь илж энхрийлж зогсдог нэг хэсэг бий дзэ. Яг тэр дүрслэлээр хөшөөг бүтээх юм. Багагүй хөөцөлдсөний эцэст Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг байрлуулах зөвшөөрөл авсан. Харин улсын төсвөөс хөрөнгө гаргах боломжгүй гэсэн болохоор хөшөөг босгох хандив мөнгө цуглуулах том ажил байна. Өөрийн нь төрсөн нутаг Завхан аймаг болон Алдархаан сумын ЗДТГ-т хандсан. Ирэх оны төсөвт тодорхой хөрөнгө суулгана гэж амлаад байгаа. Бас ажиллаж байсан “Монгол кино” нэгтгэл, Драмын театр, Үндэсний урлагийн их театр болон Монголын урлагийн ажилтнуудын холбоонд албан ёсоор хандаж, бичиг хүсэлтээ хүргүүлсэн. Нааштайгаар шийднэ байх гэж найдаж байна. Би ээжийнхээ ажил, амьдралын замналыг өгүүлэх нэг ном бичээд эхэлсэн. Завхан аймгийн төвд байдаг Алдартнуудын музейд ээжийнхээ буланг байгуулах, Алдархаан сумын соёлын төвийг нэрэмжит болгуулах гээд санаж төлөвлөсөн ажил цөөнгүй байна. Түүнийг мэдэж гадарлах урлаг соёлын алдартан ахмадууд, СУИС, КУДС-ийнхантай хамтран түүний уран бүтээлийг олонд дурсгаж танилцуулах эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар ярилцаж байгаа. Энэ бүх ажилд Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлч, судлаач шүүмжлэгчид болон урлагт хайртай нийт хүнийг өргөнөөр оролцохыг хүсч, уриалж байна.

Ярилцсан : Б.Мөнх-Ундрал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх