- Шинэчлэгдсэн: 2018 оны 05 сарын 14
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 2 дугаар Улаанбаатар
Дугаар 46
Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д дор дурдсан агуулга бүхий 4.1.7 дахь заалт нэмсүгэй:
“4.1.7. бакалаврын хөтөлбөрт суралцагчийн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн байх.”
3.“Боловсролын зээлийн сан” байгуулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Боловсролын зээлийн сангийн дүрэм”-ийн 1.3. дахь заалтын “төсөв болон зээлийн хүүгийн орлогоос” гэснийг “төсвөөс” гэж; 5.2.3 дахь заалтын “зээлийг олгох оролцогч банк болон” гэснийг “зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулж” гэж тус тус өөрчлөн, мөн дүрмийн 4.1.2 дахь заалтын ”зээлийн хүүгийн орлого” гэснийг, 4.2 дахь заалтын “Сангийн үйл ажиллагааны зардал нь зээлийн хүүгийн орлогын 2 хувиас илүүгүй байна.” гэснийг, 5.1.4 дэх заалтын “оролцогч банк болон” гэснийг тус тус хассугай.
4.Оюутны хөгжлийн зээлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
5.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авсны үндсэн дээр оюутны хөгжлийн зээлийн зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд тогтмол бүртгүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
7.Энэ тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолын хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ,
ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэх)-ын оюутан, суралцагчид “Оюутны хөгжлийн зээл” (цаашид “зээл” гэх) олгох, эргэн төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчид сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.
1.3.Энэхүү журам нь сургуульд анх удаа бакалавр, магистр болон докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна.
1.4.Тухайн жил батлагдсан төсөв болон зээлийн санхүүжилтэд багтаан зээл авах оюутан, суралцагчийн (цаашид “зээлдэгч” гэх) хяналтын тоог боловсролын шатлал, хөтөлбөр, сургууль тус бүрээр төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг харгалзан боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тогтооно.
1.5.Зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог (цаашид “хяналтын тоо” гэх) тогтоохдоо тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэл болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзана.
Хоёр. Зээл олгох үйл ажиллагаа, эргэн төлөлт, санхүүжилт
2.1. Энэхүү журамд заасан шаардлагыг хангасан зээлд хамрагдах суралцагчтай Боловсролын зээлийн сан (цаашид “сан” гэх) зээлийн гэрээ байгуулна.
2.2.Сан, оюутан, суралцагчдын хооронд байгуулах оюутны зээлийн гэрээний болон сан, сургуулийн хамтран ажиллах гэрээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.3.Сан нь оюутан, суралцагчид хичээлийн жилийн тухайн улиралд сонгосон багц цагийн төлбөртэй тэнцэх хэмжээний зээлийг суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно.
2.4.Бакалаврын шатлалд суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантурт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгоно.
2.5.Зээл олгох нийт хугацаа тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд заасан хугацаанаас хэтрэхгүй байна. Зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байна. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зориулан дахин зээл олгохгүй.
2.6.Зээлдэгч чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн болон бусад шалтгаанаар зээлийн гэрээг сунгах боломжгүй болсон тохиолдолд энэхүү журмын 5.4.2-т заасан хугацаанд суралцаж байгаа сургуульдаа мэдэгдэнэ. Уг мэдээллийг уламжилсан сургуулийн албан ёсны саналыг үндэслэн сан санхүүжилтийг түр зогсооно. Зээлдэгч сургуулиас гарсан, эсхүл хасагдсан тохиолдолд зээлийг эргэн төлүүлнэ.
2.7.Зээлдэгч сургууль төгсч диплом авсан өдрөөс эхлэн 6 хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана.
2.8. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийг эргэн төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.
2.9.Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу Төрийн сан дахь Боловсролын зээлийн сангийн дансанд хийнэ.
2.10.Зээлийн гэрээнд зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлага, зээлийн хэмжээ, эргэн төлөх нөхцөлийг тодорхой тусгана.
Гурав. Сангийн эрхлэх үйл ажиллагаа
3.1.Сан нь зээл олгох, санхүүжүүлэх, эргэн төлүүлэх чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
3.1.1.эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалын байгууллага, зээл төлүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
3.1.2.хяналтын тоог батлагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хяналтын тооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээллэх;
3.1.3.хяналтын тоог батлагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор тухайн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан түүний биелэлтийг хангаж ажиллах;
3.1.4.зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэх;
3.1.5.сан нь зээлдэгч сургалтын хөтөлбөрийг зогсоосон талаар мэдээлэл авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зээлийн санхүүжилтийг түр зогсоох.
3.2.Нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас суралцах боломжгүй болсон зээлдэгчийн зээлийн гэрээг дуусгавар болгох, зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөх асуудлыг сан шийдвэрлэнэ.
Дөрөв. Сургуулийн эрхлэх үйл ажиллагаа, зээлдэгчийн сонгон шалгаруулалт
4.1.Сургууль зээл олгох ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
4.1.1.сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор оюутан, суралцагчид зээлийн нөхцөл, хяналтын тооны талаар мэдээлэх ажлыг зохион байгуулах;
4.1.2.зээлд хамрагдах оюутан, суралцагчийг сонгон шалгаруулах комиссыг оюутны төлөөллийг оролцуулан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах;
4.1.3.зээлийн 5 хувьтай тэнцэх хэмжээгээр “Зээлийн эрсдэлийн сан” бүрдүүлж, зээлийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэх;
4.1.4.зээлд хамрагдсан төгсөгчдөд оюутны үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан нэгжээр дамжуулан ажлын байр олоход дэмжлэг үзүүлэх;
4.1.5.сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангаж ажиллах.
4.2.Сонгон шалгаруулах комисс зээлийн шаардлага хангасан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн оюутан, суралцагчийг зээлд тэргүүн ээлжид хамруулах чиглэл баримтална.
4.3.Сонгон шалгаруулах комисс зээлд хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг шалгаруулахдаа энэхүү журмын 5.1-д заасан шалгуураас гадна тухайн оюутан, суралцагчийн боловсролын түвшинг үнэлэх бусад нэмэлт шалгуурыг харгалзан үзнэ.
4.4.Сургууль нь хяналтын тоонд багтаан зээлийн шаардлага хангасан оюутан, суралцагчдыг зээлд хамруулах саналаа захирлын тушаалаар баталгаажуулан холбогдох мэдээллийн хамт санд жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ.
4.5.Сургууль нь зээлдэгч сургуулиас гарах, шилжих, чөлөө авахаар өргөдөл гаргасан болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 болон түүнээс дээш хоног хичээл тасалсан тохиолдолд санд нэн даруй бичгээр хүргүүлж, мэдээллийн санд бүртгэн зээлийн үлдэгдлийг эргүүлэн шилжүүлэх арга хэмжээ авна.
4.6.Сургууль зээлдэгчийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн системд бүртгэснээс хойш ажлын 10 хоногийн дотор санд албан бичгээр хүргүүлнэ. Сургууль энэ тухай мэдэгдээгүй тохиолдолд тухайн зээлийг өөрөө бүрэн хариуцаж, зээлийг зээлийн эрсдэлийн сангаас санд буцаан төвлөрүүлнэ.
4.7.Сургууль нь энэхүү журмын 4.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн аливаа эрсдэлийг бүрэн хариуцна.
4.8.Зээлийн эрсдэлийн сангийн үйл ажиллагааны талаар сан болон сургуулийн хамтран ажиллах гэрээнд тодорхой тусгана.
Тав. Зээлдэгчид тавих шаардлага, эрх, үүрэг
5.1.Зээл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
5.1.1.элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх;
5.1.2.голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх;
5.1.3.голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх;
5.1.4.сангийн мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
5.2.Энэхүү журмын 5.1-д заасан шаардлагыг хангасан оюутан, суралцагч өөрийн суралцаж байгаа сургуулиараа дамжуулан зээл авах хүсэлтийг санд гаргана.
5.3.Зээл хүсэгч хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ:
5.3.1.иргэний үнэмлэхийн хуулбар;
5.3.2.зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл;
5.3.3.элсэлтийн ерөнхий шалгалтийн онооны хуудасны хуулбар;
5.3.4.сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;
5.3.5.төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;
5.3.6.тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт;
5.3.7.ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх).
5.4.Зээлдэгч дараах эрх, үүрэгтэй байна:
5.4.1.өөрийн талаарх үнэн зөв, бодит байдалд нийцсэн бүрэн мэдээлэл өгөх, хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нэн даруй сургуулийн сургалтын албанд мэдэгдэх;
5.4.2.эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн, хасагдсан, цаашид суралцах боломжгүй болсон тохиолдолд 14 хоногийн дотор сургуулийн сургалтын албанд мэдэгдэх;
5.4.3.Боловсролын тухай хуулийн 45.1.6-д заасны дагуу сургууль төгссөний дараа ажил эрхэлсний болон ирээдүйн бусад орлогоосоо зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцах;
5.4.4.зээлийн гэрээний хугацааг дуусах хүртэлх хугацаанд зээлээ төлөх, ажилд орсон, ажлаа өөрчилсөн тохиолдолд энэ талаарх мэдээллийг тухай бүр санд мэдэгдэх.
Зургаа. Бусад
6.1.Зээлийн сангийн хөрөнгийн эргэн төлөлт, зарцуулалт, тайлагналд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сангийн удирдах зөвлөл хяналт тавих бөгөөд зээлийн үйл ажиллагааны тайланг улирал бүр хүлээн авч дүгнэнэ.
6.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд зээлийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, ашиглалтад хяналт тавина.
6.3.Зээлдэгч энэхүү журам, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
6.4.Сургууль нь зээлдэгчийн асуудлаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, зээлдэгчийн мэдээллийг буруу гаргаж ирүүлсэн нь мэргэжлийн хяналтын байгууллагаар тогтоогдвол сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтан хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.