Чихэнд чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ.”
Б.Ринчин
Монгол үг хэдийд, яахаараа сонсогчийн сэтгэл зүрхэнд “сум” шиг тусаж, баяр талархал буюу уур хилэн, түгшүүр, гуниглал төрүүлдэг вэ? гэж нэг залуу надаас санамсаргүй асуулаа. Энэ чинь харин сонин бөгөөд авсаар хариулахын аргагүй асуулт байна гэж бодогдоод:
- За хүү минь чи надаас сүрхий асуулт асуулаа. Энэ чинь үг зүй, түүний бүтэц, гарал үүслийн тухай биш гэж би ойлгож байна. Дэлгэцийн уран бүтээлчид бид үзэл бодлоо олондоо хүргэхдээ үг хэллэгийг гол болгон түшдэгийг бүхнээрээ мэднэ. Ялангуяа баримтат кино бүтээл, телевизийн төрөл жанарын бүтээлүүдийн тайлбар, хөтлөх, радио нэвтрүүлгийн урлагийн олон хэлбэрт хэллэг анхаарууштай гажигууд газар авсаар байна
Нийтлэг нэгэн дутагдал бол тооны орон зайг тодорхойлох нэр томъёог буруу хэлэх явдал юм. Жишээ нь: -Саявтар нэгэн нэвтрүүлэгт нэг тэрбум хоёр зуун тавин долоон сая найман зуун мянгыг, нэг мянга хоёр зуун тавин долоон сая, арваны найм гэж уншив. Ер нь эх тооны орон зайн хэллэгийг ёсоор нь хэлэхийн оронд /арваны тэд…/ гэж уул хэмжигдэхүүний утгыг бүдгэрүүлэн шууд ойлголтыг түвэгтэй болгож, эртний уламжлалт тооны нэрийг гажигтай хэрэглэх явдалд дэлгэцээс нэмэр болдогийг болиуштай санагдана.
Тоо газар авч буй харамсалтай гажигуудын тоонд “тус” гэдэг нөхцөл бас нэгэн байртай боллоо. Энэ үгийг “тус улс”, “тус байгууллага” гэж 3 дугаар биед хэрэглэхээс бус 1-р, 2-р биед үл хэрэглэгдэх билээ. Гэтэл зарим нэгэн нэвтрүүлэгт “тус асуулт”, “тус хүн” гэх мэт гудамжны хэллэгүүд дэлгэцэнд нэвтрэх боллоо. Мөн “олон тамирчид” гэхийг “их тамирчид”, алдагдал гэхийг алдалт, алданги, Хятадын шинжилгээтэй гурил гэх зэргээр унших нь олон тохиолдол боллоо. Монгол хэллэгийн онцлогийг нандигнах нь зүй бол уу. Ер нь өвөгчүүлийн хүүрнэлдэх нь ичмээр урвуу утгын хэллэг, хаяг гарчигууд олширсоор байна. Жишээ нь: /Аймаар гоё, яамайшдээ, гайгүй байлгүй, эмэгтэй үсчин, эрэгтэй үсчин, хүнсний бараа/ зэрэг олон гажигууд нэвтэрсээр байна.
Одоо манайд эдийн засгийн шилжилтийн эгзэгтэй үед засаг төрийн бодлого, түүний үйл явцыг олондоо хүргэн, зөв ойлгуулахад радио, телевизийн нэвтрүүлгийн чанар үлэмж ач холбогдолтой болсоор байгаа билээ. Зарим нэвтрүүлэгчид хэтэрхий “дуржигнуулан, пулемётоор галлаж байгаа” юм шиг уншиж байна. Энэ нь цөөн мөчид олон үг шидэж амжих “сайн” талтай боловч сонсогч, үзэгчдэд тусгалаа олох, ойлгогдох үгийн хүчин чадлыг бодолцох нь зүй бол уу. Нэвтрүүлэгчид хэллэгтээ урт эгшиг, хос эгшгийн ялгааг гаргахгүй байна. Заримдаа “сүлжээ” гэхийг “шүлжээ”, “цаашаа” гэхийг “чаашаа” гэх зэргээр уншиж байна. Урьхан сайхан дуу хоолойтой… Чимгээ, Ичинхорлоо, Б.Уранчимэг нар хэт дуржигнуулан уншдагийгаа анхаармаар, Л.Цоодол аятайхан унших, хэлэх боловч сүүлийн үед мөн дуржигнуулах хандлагатай болж байгаагаас гадна нутгийн аялгуу /баруун аймгийн бололтой/-гаар хэлэх нь нэлээд тод, үүнд буруу үгүй боловч тодотгол сайнтай хэлэхийг хичээх нь чухал бол уу. Ялангуяа гадаад үгийг тод, цэвэр хэлэх нь ойлгомжинд нөлөөтэй. Манай туршлагатай нэвтрүүлэгч… Бямба, эмэгтэй хүний цээжний хилэнгээр зөөлөн өнгөөр ярих нь таатай. Ялангуяа шүлэг, өгүүллэг, утга зохиолын шилдэг төрлийн бүтээлүүдийг сонсогчдын сэтгэл оюунд хоногшуулан хэлж чаддаг нь баярлууштай. Гэхдээ улс төрийн мэдээллийн төрлийг арай хуурай өнгөөр унших юм гэж бодогддог. Манай соёлтой сайн нэвтрүүлэгч … Нарантуяа, хэзээний болбосон төрхтэй дэлгэцэнд харагдна. Гэхдээ дан нэг өнгийг барьж ярих нь харамсалтайг тэмдэглүүштэй. Дээрх тооны орон зайн тодотголыг алдаж хэлснийг дурдууштай.
Манай радио, тедевизийн нэвтрүүлэгчид, хөтлөгчид, дуу хоолой, бие байдлаараа дэлгэцэнд харагдаж, олонтойгоо нүүр учран харьцахдаа, нүдний харц, мимика, дохио зангалт ч дүрийг тодосгох ач холбогдолтой, хэллэгтээ “…юм байна”, “…юм гэнэ”, “…гэж байна” зэрэг уул утгыг нь хаацайлах үгсээс зайлсхийх нь зүйтэй юм.
Өгүүлбэрийн гишүүн үгээс “болор шил” шиг тод цэвэр тунгалаг байж, сая хоногшилтой, өгөөжтэй, “Нандин эрдэнэ” болох юм.
Тайлбарын үг зөвхөн дэлгэцэнд харагдах дүрсний тайлбар биш, түүний цаана байгаа утгыг нээх учиртай билээ. Тиймээс нэвтрүүлэгч хэлж буй үгнийхээ бүрэн эзэн нь мөн учраас бусдын зохион бичсэнийг уншиж, “тоть шувуу”-ны үүргийг гүйцэтгэгч биш. Нэвтрүүлэгч дэлгэцэнд харагдах дүрсийн үйл явцад оролцогч, түүнийг нэвтэрхий мэдэгч гэдэг утгыг ямагт өвөрлөж явах нь зүй бол уу. Нэвтрүүлэгчийг өндөр мэргэшлийн багштай зүйрлэмээр, багш танхимтайгаа ойлголцдогийн адил нэвтрүүлэгч олонтойгоо нэвтэрхий ойлголцдог.
Өнө эрт цагт хүн үг хэлж сураагүй байхдаа, нэгэн авиа цууриатуулдаг байж, түүнийг тасалгаажуулан үг дуугарч сурахад 30-40 мянган жилийн хугацаа өнгөрчээ гэж эрдэмтэд тооцоолон судалж байна. Хүний үг, Монгол үг соёлын цэнгэг их далай билээ. Түүнийг ариун цэврээр нь хэрэглэх, амсан хөгжүүлэх нь чухал бол уу. Тэгвэл хүний сэтгэлд “сум” шиг туссаар байх болно.
Монгол өгүүлбэрийн аль хэсэгт нь зөөлөн, ширүүн өнгөөр хэлэх, ярих, гоцлон тодотгох, хэдийд нь амьсгаа авах, баяр хөөртэй хэлэх, гуниг эмгэнэл оруулах нь урьдаас товлогдох учиртай. Хэллэгт нугачааны хэлбэлзэл, аяс, өгөөдөлт, хошигнол /өөрөө инээхгүй/ зэрэг жаяг байдал ч ач холбогдолтой гэж асуусан залууд хариу хэлмээр байна.
Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Монголын кино найруулагч Ц.Зандраа
1996.12.11
/Энэхүү нийтлэлийг Ц.Зандраагийн хүү З.Алтаны зөвшөөрлөөр нийтлэв/