Бууны сумыг буцааж болдоггүй…”Кино зохиолын хэсгээс”

2019 оны 10-р сарын 15 өдөр, 04 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dandar.-120705-1438444963

1932 онд маршал Чойбалсан нууц тогтоол гаргаж шилмэл омгийн адуун сүргээр цэргийн агтыг бүрдүүлж хэдэн зуу, мянгаар нь Хэрлэнгийн хөндий, Дарьгангын болон Дорнодын хээр талд шилжүүлж болзошгүй дайнд бэлэн байхыг тушаажээ. Алтан Дарьгангын хязгаар бол хэзээнээсээ Манж, Чин улсын дархан сүргийн бэлчээр байсан бөгөөд Цэрэнжав гүний зургаан хошууны нутаг билээ.

Тэр үед талын малчин монголчуудын тархи толгойд дайн тулааны тухай бодол байтугай сүүдэр ч тусаагүй байсан цаг. Гамин, Барон хоёроос өөр дайсны сураг сонсоогүй амар амгалан аж төрж байсан малчин ардууд юуны учир зүүн хязгаарт агт морьд бөөгнүүлэх болсныг төдийлөн сонирхсонгүй.

Бараг л найр, наадамтай холбон Сан бэйсийн уяачид, Сэцэн ханыхан хурдан морины торгон сүрэг бүрдүүлж Галшар, Хардал жанжин бээсийнхэнтэй өрсөлдөхүйц азарга, гүүний шинэ омог гаргаж авах гэж оролдож байгаа биз хэмээн дэл сул ярианы хачир болгоод өнгөрчээ. Гэтэл 1936 оны үеэс зүүн хязгаараас дайны сураг чимээ чих дэлсэн залуу бүсгүйчүүл хонь хурганы бэлчээрт “Танилцсан амрагаа бодохоор Тавхан жил ч гайгүй л байна” хэмээн дуулах болов.

Удалгүй дайчилгаа, зарлан дуудах хуудас айл бүхний хаалгыг дэлдэн цэрэг татлага эхэллээ. Улаанбаатар хотноо Шархадын эмнэлгийн зүүн өмнө орших Салдааз (солдат) хэмээх толгой дээр цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн өглөөнөөс орой болтол марш үлээж, хөгжмийн сэтгэл хөвсөлзүүлсэн тэрхүү аялгуунд цаламдуулсан залуу эрчүүл, хүрээ, хорооны хөөрхөн сайхнаараа алдаршсан охид хүүхнүүд үр хүүхдээ дайнд үдэж гаргахаар ирсэн эцэг эхчүүд садан төрлийн хүмүүс мөнөөхөн Салдааз толгойг хөл тавих газаргүй болтол өдөр бүр бүчин цуглардаг болов.

Арван тооны машинаар
Алтан булаг поехал
Таван тооны машинаар
Тамсаг булаг поехал гэсэн дуу ч гарав.

1939 онд, дайн эхлэхэд зургаан жилийн өмнө Дорнотын талд эхээс унасан унага нас, шүд гүйцэж цэргийн агт болжээ. Тамбовын морин цэргийн дунд сургууль төгссөн хорин гуравхан настай дэслэгч Лодонгийн Дандар хурандаа цолоор шагнуулж, хороо командлав.

Харах нүд байлаа ч цавчихыг мэдэхгүй
Халих амь байлаа ч үхэхийг мартсан
Ар халхын алаг морьтой баатар атак бүхний магнайд нөмрөг юугаа дэрвүүлэн мөндөр шиг сумны өөдөөс сэлэм эргүүлж мянган цэргийн цөсийг хөөргөн уухайлан дайрч байхад ногоон малгайтнууд түүнийг өөтүүлж гайтуулах өөш зангыг бэлдэж суулаа.

Дандарын баруун, зүүн хоёр талд нь дайсан нөхөр хоёр дагалдан давхиж явсныг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцсон гадаад явдлын яамны сайд асан комиссар Шагдарсүрэн гуайн ярианаас эрхэм үзэгч, уншигчид эрхбиш нэгийг ойлгосон биз ээ.

- Би архи уудаггүй байсан учраас Дандартай огт нийлдэггүй байсан. Тэрбээр огцом түргэн зантай, догшин ширүүн барьцгүй хүн байлаа. Монголын морин цэрэг дайсан руу дайрч ороод Япончуудын толгойг тас цавчиж байсан гэдэг цөм үлгэр. Ер нь монголын морин цэрэг дайны цагт нэг их гайхуулахаар тодорхой үүрэг гүйцэтгээгүй гэх маягийн маш хөндий хүйтэн юм ярьсан нь миний гайхшралыг төрүүлсэн юм.

Гарамгай баатар Дандарын дэргэд байсан комиссар хүний амнаас ийм үг сонссондоо би ихэд харамсан, хороон дарга нь энэ хүнийг тоодоггүй байж дээ гэж бодоод л өнгөрсөн. Манай улсын ахмад кино зураглаач Дэмбэрэл болон Оросуудын Халхын голд дайны галын шугаман дээрээс авсан киноноос Монголын морин цэрэг Япончуудтай болон 5000 хүнтэй Баргын морин хороотой хэрхэн яаж байлдсан нь яруу тод харагддаг.

Байлдааны даалгавар гүйцэтгэхэд богино хугацаанд маневр хийж байрлалаа сольж чаддаг амьд хүч бол морин цэрэг гэдэгсэн бус уу. Үндсэндээ 1936 оноос Япончууд томоохон хүчээр хил зөрчин өдөөн хатгалаг хийж эхэлсэн. Халх голын дайн харьцангуй богино хугацаанд дууссан ч аль аль талаасаа оролцсон цэрэг, техникийнх нь тоо болон хохирлыг нь харахад том дайн байсан нь хар аяндаа мэдрэгддэг. Хамгийн ойрын жишээ хэлэхэд Халх голын ганц өдрийн байлдаанд гэхэд л дэлхийн том дайнуудын түүхэнд үзэгдээгүй олон нисгэгч буюу дөрөв таван зуун онгоц хоёр талаас нэг зэрэг оролцсон баримт байдаг.

Зөвлөлтийн улаан армитай хүч хавсран дайснаа дарж дархан цолоо мандуулсан маршал Чойбалсан дайны дараа цэрэг дарга нараа цол, одон хоёроор хөхүүлэн шагнаж ахлах офицеруудыг буу зэвсэгтэй нь түр хугацаагаар чөлөө өгч Баянтүмэн, Өндөрхаан, Улаанбаатарт ялалтын ёслолын буудлага хийж хагацал зовлон амссан ард олныхоо сэтгэлийг түр боловч гэрэлтүүлж гийгүүлжээ.

Дайны талбарт ялалт байгуулан ид хаваа гайхуулж цол хэргэм, одон медалиар энгэрээ мялааж зүрх нь хөөрсөн цэрэг эрсийн зэвсэг техникийн цуваа Богдхан уулын зүүн сугаар улаан туг намируулан орж ирэхэд Улаанбаатар хот нам гүмхэн угтжээ. Уриа лоозон, дуу хөгжим, нөгөө уйлж дуулж үдсэн янаг ялдам бүсгүйчүүл хаачсаныг бүү мэд.

Эцэг эх, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн уулзсан цэрэг эрс хүрээ хороогоор зугаалан дайнаас амьд мэнд буцаж ирснээ анд найз нартайгаа тэмдэглэн архи дарс ууцгаан ам халах зуураа хотын хүн амын бараг талаас илүү хувийг эзэлж байсан хятадуудын ааш авир хувирч Япон ялаад Улаанбаатарт орж ирвэл хэрхэн яаж ая тал засан угтах, их наран улсын эр цэргийн өмнө ямар хүндэтгэл үзүүлэх тухай нууц сценарь буюу төлөвлөгөө зохиож мөнгө зоос хуримтлуулсан тухай явган яриа чих дэлсэв.

Сью Шү Жан тэргүүтэй гаминг хориод онд Монголд орж ирж Уушан дэнгийн эрээн баганыг босгоход зуу гаруй мянга байсан Хятадууд дайн эхлэж эх оронд аюул нүүрлэхийн цаг дор пүүс мухлагынхаа барааны үнийг нэг дахин нэмж хөнгөмсөг хөөрхөн охид хүүхнүүдийг эрээн мяраан зүйлээр цаламдан хар тамхи, халуун ханзны амтанд оруулж зуурдын зугаа болгох зуураа удахгүй Япончууд Монголд орж ирээд толгойтой бүхнийг бөхийлгөн тойгтой болгоныг сөхөргөнө.

Монголчуудыг хөгшин залуу, хөөрхөн муухай ялгаагүй бүгдийг нь золбин нохой мэт буудна. Иймд та бүхэн зөвхөн халуун амь, хар толгойгоо бодох цаг болсон хэмээн охид, хүүхнүүдийг ятган ор хөнжилдөө оруулжээ. Хайртай бүсгүйчүүлээ Хятадуудад бузарлуулсан цэргийн залуу дарга нар архи, дарс амссан үедээ ялсан цэргийн сүр хүчийг тэр харийн хар элэгтнүүдэд үзүүлж хүрээний Ши-яанз, өргөн чөлөө, архины мухлаг, зоогийн газруудад хэд хэдэн дотор хүнийг буудан хороосноос үүдэн хороо хүрээний иргэд түгшүүртэйхэн амьдрах болов.

Зэвсэггүй гар хоосон энгийн номхон иргэдийг хоморголон хөнөөсөн цэргийн дарга нарыг номхтгож, хатуу чангаар цээрлүүлж өгнө үү хэмээн Хятадууд маршал Чойбалсанд гомдол мэдүүлсэн өргөдөл өргөн барьжээ. Чойбалсан цэрэг цагдаа, дотоодыг хамгаалахынхныг нэгэн дор цуглуулаад “ Та нар гар хоосон зэвсэггүй Хятадуудыг битгий хамаагүй бууд” гэж хэлсэн гэнэ. Үүний хариуд цэрэг цагдаагийнхан Хятадуудыг өрөвдөх хэрэггүй.

Хэрвээ Япончууд Монгол орныг эзэлсэн бол энэ муусайн гамингийн үлдэгдлүүд бидний хүзүүн дээр зайдлах байсан юм. Та бидний ээж,эгч, эхнэр, охид хүүхнүүдийг Япончуудад худалдаж хүний ёсноос гадуур доромжлон бузарлах байсан юм. Эх оронд аюул нүүрлэж та биднийг зүүн хил дээр үхэх, сэхэхээ мэдэхгүй алалцаж байхад энэ муу сайн хятадууд гүн ар талд бидний хөл дор нүх ухаж байсныг бодохоос гар хөдөлгөхгүй байхын арга алга гэж офицерууд маршалын үгийг улаан цайм эсэргүүцсэн гэнэ хэмээсэн явган яриа хотоор нэг таржээ.

Багадаа Санбээсийн хүрээн дээр хийдэд шавилан сууж байсан маршал маань өөрийнхөө Дугар гэдэг нэрийг сольж, лам багшийнхаа хайрласан сахилын нэрийг авч Чойбалсан хэмээн алдаршсан хувилгаан хүн гэнэ. Тэрбээр удахгүй дахин дайн болно гэж айлдсан сурагтай гэсэн цуурхал гудамж, зээлээр ус мэтү урсав. Хил хязгаарын байдал түгшүүртэй болж цэргийн хугацааг таван жил болгон сунгаснаас хойш гэрлэж амжаагүй залуу хүүхнүүд хижээл эрчүүлтэй сууж ижий, эмээ нар зүүн зүг рүү цай сүүнийхээ дээжийг өргөдөг болжээ.

Дайн дуусч цэрэг халагдан ирснээс хойш Улаанбаатарт цэргийн дарга нарын авгай хүүхнүүдтэй орооцолдсон хужаа нар хотыг орхиж, хөрс шороо сайтай газар очиж амар жимэр амьдрахаар Сэлэнгэ, Зүүн хараа, Улиастай руу сэм дүрвэсэн гэдэг. Нөгөө Япончуудын зүрхэнд шар ус хуруулсан дайны бурхан гарамгай баатар хурандаа Дандар цэргийн идэшний хэдэн үхэр булаацалдсанаас үүдэн зөвлөлтийн баатар цолтой хурандааг буудаж алаад арай чүү амь өршөөгдөн шоронд оржээ.

Хан Хэнтийн нурууны хар модыг хөрөө, сүх хоёроор хиаруулан, хоригдол Япончуудтай хамт Туулын голоор сал урсгаж яваа гэнэ. Түүнийг хуулийн дээд хэмжээ авч яг буудуулах гэж байхад нь Жуков жанжин мэдэж болсон хэргийн тухай Сталинд утас цохижээ.

Дэлхийн цэрэг дайны түүхэнд бичигдэх гавьяа байгуулсан ганц гарамгай баатраа Монгол улс багтааж шингээж чадахгүй болсон бол манайд өгчих гэж Сталин хэлсэн юм гэсэн. Далан хэдэн онд Дорноговь аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны ажилтан, албан хаагчид Дандар гуайг Зүүнбаянгийн дивизийн орлогч даргаар ажиллаж байхад нь урьж уулзалт хийсэн юм.

Тэр уулзалт дээр Дандар гуайтай хилийн цэргийн домогт дарга нарын нэг БНМАУ-ын баатар Төмөрбаатар хамт ирж билээ. Үзэл суртал ноёрхсон социализмийн үед хүмүүс санаандаа орсон бүхнийг чөлөөтэй асуух түвэгтэй байсан ч Дандар гуайг ямар хэрэг хийгээд шоронд орсон тухай хэн нэгэн хүн бичгээр асуужээ. Дандар гуай намуухан яриатай, үг дуу цөөнтэй, даруухан дүр төрхтэй хүн байлаа.

- Дайнаасаа дажин гэж үг байдаг.Тэр үед хүн шоронд орох нь байтугай хийсэн хэрэггүй хэрнээ цаазлуулдаг байсан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй тийм цөвүүн цаг байлаа. Би хилийн цаана хэдэн сахилгагүй цэргүүдийг өмөөрөөд дээлээ толгой дээгүүрээ нөмөрсөн юм гэж Дандар гуайг өгүүлэхэд Төмөрбаатар жанжин дундуур нь орж:

- Цэргийн хүн буудсан сум, хэлсэн үгээ буцааж авдаггүй юм. Алдартай авьяастай хүнийг атаархал сүүдэр шиг дагаж явдаг. Тэр үед Японоос гадна манайхан дотор ч Дандарыг шоронд хийх нь байтугай шороонд булж, амь насыг нь бүрэлгэх бодолтой дайсан цөөнгүй байсан юм шүү. Цэргийн олон сайхан эх оронч дарга нар хэлмэгдэж дайны цагийн хуулиар хилсээр шийтгүүлэн баривчлагдаж, буудуулсан.

Тэр байтугай Мана уулын орчимд газар шорооныхоо төлөө дайсантай эцсийн дусал цусаа дуустал тулалдаж амь үрэгдсэн эрэлхэг дарга Бадарчийн хорооныхон болон Бага даргын сургуулийнхныг өнөөдөр хүртэл элдэв нэр хачир зүүн хардаж, алдар гавьяаг нь сэргээн цагаатгаагүй л байна.

Дайн эхлэхээс тэртээ өмнө 1932 оноос л манай хилийн цэргийнхэн Япончуудын гар хөл болсон хөлсний туршуулуудтай Булан дэрс, Адаг дулаан орчмоор муур хулгана болж хөөцөлдөж эхэлсэн юм. Хилчин хүнд сайн морь шиг хань нөхөр байдаггүй. Морь маш холын анир чимээг сонсож, дурангийн хараанаас дутуугүй алсын барааг хардаг. Мориныхоо нүд чих хоёрыг ажиглаж сурсан хилчин хүн их зүйлийг олж мэддэг. Адуу, хүн шиг ухаантай амьтан.

Тийм ч учраас морин цэрэг гарт барьсан ташуур ч үзэгдэмгүй тас харанхуй шөнө маш амжилттай маневарлаж ашигтай байрлал эзэлж чаддаг давуу талтай. Олон жилийн тэртээ бидний хэдэн цэрэг толгойн сэргийлэхэд гарч гол хүчнээсээ арваад мод газар түрүүлэн явж байлаа. Гэтэл Талын манханы дээгүүр дайсны хоёр онгоц гэнэт газар шүргэм доогуур гарч ирээд биднийг бөмбөгдлөө.

Найман цэрэг даргын командаар таран хэвтэхэд эмээлтэй морьд маань тэсрэлтийн гал утаанаас үргэн гөлмөө дэрвүүлэн давхин одоцгоолоо. Японы хоёр онгоц эргэж буцан биднийг хэдэнтээ бөмбөгдөөд бараа тасарсны дараа бид амьд үхсэнээ мэдэлцэн бие биенээ дуудвал бүгд эрүүл саруул, амьд сэрүүн босч ирцгээв. Орчныг ажиглахаар ойрын нэгэн элсэн манхан дээр гарч харвал хуягт машинаар хамгаалуулсан дайсны хоёр хайрцаг буюу зуу гаруй цэрэг холхон саахалтын тэртээ ирж яваа үзэгдэв.

Зуун хорин сумтай винтов, хоёр хоёр гар бөмбөгнөөс өөр зэвсэггүй явган хүмүүс зугтъя гэвч гарах газаргүй, нуугдъя гэвч толгой хорогдох эрэг гангагүй цагаан тал дээр хэдийхэн хол харайхсан билээ. Учир иймээс тангараг өргөсөн цэрэг эрийн ёсоор дайсантай эцсээ хүртэл тулалдаад газар шорооныхоо төлөө амь насаа өргөе гэж ярилцаад хориглон байлдахаар байраа эзэлтэл эмээлтэй морьд маань өөр хоорондоо хэлэлцсэн юм шиг тал талаасаа давхин ирэх нь тэр.

Ийм юм гэж бас байдаг аа гэж гайхах сацуу амь аврагдах унаатай болсондоо баярласан миний бие өөрийн эрхгүй нулимс унагаалаа. Нүдээр үзээгүй хүн үнэмшмээргүй ийм л сонин юм болсон. Тэр найман агт дотор хэвтэж, босохоос өөр сургуультай морь нэг ч байгаагүй ээ. Олонх нь адуунаас саяхан юүлж унасан ардаг догшин морьд байсан.

Адгуус байтлаа адис авмаар адуу гэдэг ухаантай, хайрламаар сайхан амьтан шүү. Энэ сонин учралын тухай тэр үеийн фронтын сонинд хүртэл бичсэн байсныг Дандар баатар ч үзэж сонссон байх. Түүнээс хойш би адууг өнөөдрийг хүртэл нүүрэндээ үстэй адгуус хэмээн бодохоо больж молор эрдэнэ толгойг нь овоонд залдгийн учрыг ухаарсан хэмээн Төмөрбаатар гуай яриагаа өндөрлөж билээ.

Намхан чийрэг морьдынхоо хур дэлнээ бөхийж
Наран шингэх зүгрүү суран бугуйл шидэж
Намтар түүхт Парижийн алтан ганжирыг цаламдан
Нааш цааш ганхуулан татаж явсан түүхтэй мориороо хувьсгал хийж, дайснаа дарж дархан цолоо мандуулсан Монгол эр хүн морин дээр өсч морин дээр өвгөрдөг тавилантай билээ.

Галтай цахиур асааж хатирсан
Гантай хэт шиг морь мину
Эмээлтэй л болохоос хулан гэмээр
Эргэж мөргөмөөр шүтээн мину
Харанхуй шөнө ч гэгээ татмаар
Хайрын дуу шиг морь мину
Хазаартай л болохоос бурхан гэмээр
Хадаг, сэтэртэй шүтээн мину …

Балжирын Догмид /Ардын уран зохиолч/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх